| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2022/0333/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/359 |
| Огноо | 2022-11-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2022/0333/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Батсүх,
Хохирогч Б.Болд,
Шүүгдэгч Ч.Эрдэнэмөнх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт Чулууны Эрдэнэмөнхөд холбогдох эрүүгийн 2218000000360 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Хишиг Арвин ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Барилгачид 5-46 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хотгойд овогт Чулууны Эрдэнэмөнх /РД: ТА67020212 /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р баг, барилгачид 5-р гудамжны 46 тоотод Б.Болдтой маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Эрдэнэмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажлаасаа буугаад маргааш орой нь Улаанбаатараас гэртээ ирсэн. Нэг шил архины талыг нь воганд уусан байсан. 06-ны өдрийн орой 4,5 болж байхад Болд ирсэн. Болд цаг алга болчихлоо гээд байсан. Би чи цаггүй орж ирсэн биз дээ гээд жаахан маргалдсан. Гар гээд гаргасан. Буцаж орж ирээд янз янз болоод байхаар нь манай хүн Болдын эхнэрийг дуудсан. Ийм л зүйл болсон.” гэв.
Хохирогч Б.Болдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр миний төрсөн өдөр байсан. Оюунчимэг ажилтай байсан. Хүргэж өгчхөөд наашаа явахад нь гуйсан алхаад харья, нэг шил архины мөнгө өгчих гэж хэлсэн. Замдаа архиндаа муудаад Эрдэнэмөнхийнд очсон. Архины шилээр намайг цохисон. Одоо цаг авсан гэсэн асуудал яриад байна. Би нэг хэсэг цохиулаад манарсан байсан. Гэтэл эхнэр нь хивсэн дээр асгарсан цусыг арчиж байсан. Хоолойноос татаад хаалга руу чирч гаргаад цохисон. Нэг хэсэг ухаан алдсан, сэрэхэд дэвсэж байсан, яах аргагүй ууц нуруу руу чамайг ер нь алсан байхад яах вэ гээд өшиглөж байсан. Авгай хүүхэд нь намайг яав ийв ч гэж асуугаагүй. Намайг гадаа цустайгаа сууж байхад авгай Наранцэцэг нь манай эхнэрийг дуудсан байсан. Тэгээд манай эхнэр ирээд эмнэлэг явсан. Гэтэл эд нар гэртээ зурагтаа үзээд сууж байсан гэсэн. Арай ч дээ та хэд гээд манай хүнийг хэлэхэд Болдтой чинь цуг ална шүү гэсэн байсан.” гэв.
Эрүүгийн 2218000000360 дугаартай хэргээс:
Гэрч М.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ажлаа тараад гэртээ иртэл манай нөхөр хөдөө ажлаасаа ирчихсэн гэрт байсан. Мөн болдоо нэлээн согтчихсон манай нөхөртэй муудалцаад “хулгайч минь тэр цаг аваад ир, миний цаг алга” гээд хэрэлдээд байж байсан. ...удалгүй орлилдоод эхлэхээр нь би гараад харахад Болдын нүүр битүү цус болчихсон, өөрөө газар хэвтчихээд цусаа нүүрэндээ нялаад байсан.” гэх мэдүүлэг /хх 9/,
Гэрч П.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Болдоо, Эрдэнээ хоёр зодолдоод байна гэхээр нь би ажлаасаа гараад шууд гэрт нь очтол манай нөхөр Болд хашаан дотор сандал дээр суучихсан, нүүр нь их цус болчихсон, толгой хагарсан байсан.” гэх мэдүүлэг /хх 11/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 884 дугаартай “... Б.Болдын биед духанд шарх, тархи доргилт, нүүр болон нуруунд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Болдын биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Болдын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх 16-17/,
Шүүгдэгч Ч.Эрдэнэмөнхийн хувийн байдлыг тогтоосон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 34-39/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд /хх 48-54/ зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Ч.Эрдэнэмөнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р баг, барилгачид 5-р гудамжны 46 тоотод хохирогч Б.Болдтой маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Эрдэнэмөнхийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.Болд нь эмчилгээний зардалд 1500000 төгрөг нэхэмжилж байгаа ба толгой, тархины MRI хийлгэх, замын зардал зэргээр 1,328,000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримттай буюу эмийн зардал 172000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь уг төлбөрийг төлж барагдуулан холбогдох баримтыг ирүүлсэн байна.
Хохирогч Б.Болд нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ч.Эрдэнэмөнхийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 11 хоногийн 1 хоногийг 15,000 төгрөгөөр тооцож, 165,000 төгрөгийг эдлэх ялд нь оруулан тооцож нийт эдлэх торгох ялын хэмжээг 535,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хотгойд овогт Чулууны Эрдэнэмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэмөнхийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэмөнхийн энэ хэрэгт цагдан хоригдсон 11 хоногийн 1 хоногийг 15,000 төгрөгөөр тооцож, 165,000 төгрөгийг эдлэх ялд нь оруулан тооцож нийт эдлэх торгох ялын хэмжээг 535,000 төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэмөнхөд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 178,333 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэмөнх нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Хохирогч Б.Болд нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эрдэнэмөнхөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Эрдэнэмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ