Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/362

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс:166/2022/0346/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******т холбогдох эрүүгийн 2218000000392 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “********” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан*******,******* оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,******* /Регистрийн дугаар*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан*******ийн******* гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрыг зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Буруугаа ойлгож байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Маргах зүйл байхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2218000000392 дугаартай хэргээс:

 

Хохирогчын өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 16-наас 09 дүгээр сарын 17-нд шилжих шөнө 00 цагийн орчим манай нөхөр гэртээ буюу Дархан*******т байрлах 201 тоотод ирсэн. Ингээд тухайн үед манай нөхөр гэртээ согтуу орж ирсэн. Би нөхөртөө хандаж “Архи уугаад хүүхэн эргүүлээд явлаа гэж хэрүүл хийсэн Манай нөхөр над руу уурлаад хэрэлдээд байсан. Тэгээд би хэрэлдэж байгаад уурандаа өөрийнх нь гутлыг өөр рүү нь авч шидсэн. Энэ үйлдлээс болоод манай нөхөр над руу уурлаад миний үснээс зулгаагаад доошоо дарж унагаад толгой нүүр рүү олон удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх 6/,

 

Насанд хүрээгүй гэрчгийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 16-наас 17- нд шилжих шөнө 00 цагийн орчим манай аав гаднаас согтуу орж ирсэн. Ингээд би аавыг унтуулах гэж байтал манай ээж аавд хандаж архи уулаа гэж уурласан. Тэгээд аав бас уурлаад аав ээж хоёр хэрэлдээд эхэлсэн. Ингээд хэрэлдэж байх үед манай аав гарч явлаа гэж уурлаж босоод гарах гэж байхад манай ээж явуулахгүй гэж замыг нь хаагаад дахиж хэрэлдэж байгаад би хаяад өөрийнхөө өрөө рүү орсон. Ингээд удалгүй ээж орилоод байхаар нь гараад хартал аав ээжийн нүүр рүү цохиод ээжийн нүүр хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх 18/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 923 дугаартай шинжээчийн дүгнэлт:  

-******* биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, нүүр, зүүн өвдгөнд цус хуралт тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

-******* биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 22-23/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 36-41/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан*******ийн******* гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, нүүр, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогджээ гэж дүгнэлээ.

 

 

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч ******* өгсөн: “...би хэрэлдэж байгаад уурандаа өөрийнх нь гутлыг өөр рүү нь авч шидсэн. Энэ үйлдлээс болоод манай нөхөр над руу уурлаад миний үснээс зулгаагаад доошоо дарж унагаад толгой нүүр рүү олон удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх 6/, насанд хүрээгүй гэрчгийн өгсөн: “...хэрэлдэж байх үед манай аав гарч явлаа гэж уурлаж босоод гарах гэж байхад манай ээж явуулахгүй гэж замыг нь хаагаад дахиж хэрэлдэж байгаад би хаяад өөрийнхөө өрөө рүү орсон. Ингээд удалгүй ээж орилоод байхаар нь гараад хартал аав ээжийн нүүр рүү цохиод ээжийн нүүр хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх 18/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 923 дугаартай шинжээчийн дүгнэлт:ын биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, нүүр, зүүн өвдгөнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. /хх 22-23/ гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон байна.

 

Шүүгдэгч *******, хохирогч нар нь гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бүртгүүлсэн тул  хууль ёсны эх нөхөр байна. /хх 39/,

 

Шүүгдэгч ******* эхнэртай гэр бүлийн таарамжгүй харьцаа үүсгэн, хүч хэрэглэн зодсон үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч нь “...хохирол нөхөн төлбөр, гомдол санал байхгүй” гэх тайлбар /хх 65/-ыг өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч үйлдсэн гэмт  хэргээ хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ