Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
Хэргийн индекс | 166/2022/0347/Э |
Дугаар | 2022/ШЦТ/363 |
Огноо | 2022-11-09 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2022/0347/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч С.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сандагийн Батбаярт холбогдох эрүүгийн 2218002850390 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 16 дугаар баг, 5-14 тоотод оршин суух хаягтай, урьд:
-Сэлэнгэ аймгийн Сум дундын Шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 04-ний 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.2 дах хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 02 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж 07 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 21- ний өдрийн 242 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 24- ний өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1-д зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Батбаярт оногдуулсан 03 жил 06 сарын хорих ял дээр 02 жилийн хорих ялын заримыг буюу 01 жилийг нзмж нэгтгэн 04 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын баривчлах ял шийтгэгдэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 04 жил 03 сар 24 хоногийн ялыг нэмж нэгтгэн 04 жил 04 сао 24 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, Боржигон овогт Сандагийн Батбаяр /Регистрийн дугаар МЭ77062177/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Батбаяр нь 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 5-14 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Долгоржавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Архи уугаад эхнэртэйгээ маргасан, гэм буруугаа ойлгож ухаарч байна.” гэв.
Эрүүгийн 2218000000392 дугаартай хэргээс:
Хохирогч Ж.Долгоржавын өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 04- ний өдөр манай хамтран амьдрагч С.Батбаяр халамцуу орж ирээд учир зүггүй гэрийн аяга хагалаад агсан согтуу тавиад миний үснээс зулгаагаад миний хоёр нүд рүү гараа хийгээд татаад миний нүүр толгой руу нэлээд хэдэн удаа цохиж зодсон. Тэгээд намайг зодож цохиод байхаар нь би цагдаа дуудлаа шүү гэж хэлээд гэрийнхээ хаалгыг онгойлгоод доошоо шатаар гүйгээд зугтахад миний араас гарч ирээд орцны хаалгаар гараад зугтчихсан.” гэх мэдүүлэг /хх 7/,
Гэрч Д.Мөнхтуяагийн өгсөн: “...найз Долгоржавын гэрт хамт ирээд байж байхад гаднаас танихгүй залуу согтуу орж ирсэн. Тэгээд тэр залууг Долгоржав “чи яагаад архи уучихсан юм бэ” гэж асуухад шууд манай найзыг үсдэж аваад зодоод газар унагаад нүд рүү нь цохиод байхаар нь би болиоч гэхэд намайг түлхэж холдуулсан. Тэгээд орилоод байхаар нь цагдаа дуудна шүү гэтэл гараад зугтаасан.” гэх мэдүүлэг /хх 11/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 591 дугаартай шинжээчийн дүгнэлт:
- ******* биед тархи доргилт, нүүр, цээжний зүүн өмнө, зүүн гуянд цус хуралт, нүдний алимны доргилтын гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
- Ж.Долгоржавын биед тогтоогдсон дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
- Ж.Долгоржавын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай түргэн тусламжийн хуудас. /хх 17-18/,
Шүүгдэгч С.Батбаярын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 25-31/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх 33-34/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч С.Батбаяр нь согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 5-14 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Долгоржавыг шалтаг шалтгаангүйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож тархи доргилт, нүүр цээжний зүүн өмнө, зүүн гуянд цус хуралт, нүдний алимны доргилтын гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Батбаяр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ж.Долгоржавын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч ******* өгсөн: “...хамтран амьдрагч С.Батбаяр халамцуу орж ирээд учир зүггүй гэрийн аяга хагалаад агсан согтуу тавиад миний үснээс зулгаагаад миний хоёр нүд рүү гараа хийгээд татаад миний нүүр толгой руу нэлээд хэдэн удаа цохиж зодсон.” гэх мэдүүлэг /хх 7/, гэрч Д.Мөнхтуяагийн өгсөн: “...тэр залууг Долгоржав “чи яагаад архи уучихсан юм бэ” гэж асуухад шууд манай найзыг үсдэж аваад зодоод газар унагаад нүд рүү нь цохиод байхаар нь би болиоч гэхэд намайг түлхэж холдуулсан.” гэх мэдүүлэг /хх 11/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 591 дугаартай шинжээчийн дүгнэлт: ******* биед тархи доргилт, нүүр, цээжний зүүн өмнө, зүүн гуянд цус хуралт, нүдний алимны доргилтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ж.Долгоржавын биед тогтоогдсон дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ж.Долгоржавын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай түргэн тусламжийн хуудас. /хх 17-18/, гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.
“Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон байна.
Шүүгдэгч С.Батбаяр нь хамтран амьдрагч Ж.Долгоржавыг шалтгаангүйгээр зодож хүч хэрэглэсэн үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.
Иймд шүүгдэгч С.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Ж.Долгоржав нь “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тайлбар /хх 71/-ыг өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч урьд нь 5 удаагийн ял шийтгэлтэй боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хууоиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Иймд шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, шүүгдэгч чин санаанаас гэмшсэн, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэнн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хуульзүйн үр дагаврыг ойлгосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батбаярыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Батбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Сандагийн Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батбаярыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батбаярт оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батбаяр нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ