| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2022/0127/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/128 |
| Огноо | 2022-12-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Г.Алтанцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Алтанцэцэгт холбогдох 2232002000147 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1967 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар баг, Дэрстэй гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ өндөр насны тэтгэвэрт байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Рааш овогт Гочоогийн Алтанцэцэг. /РД:ЦЕ67042000/
Шүүгдэгч Г.Алтанцэцэг нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вест хүнсний бөөний худалдааны төв дотор хүнсний барааны лангуун дээр тавьсан байсан худалдагч Н.Урангоогийн эзэмшлийн Самсунг-А9 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Н.Урангоод 350000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Алтанцэцэгийн өгсөн …. ... 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн орчимд ээж Бүжинлхамын хамт Баянгол сумын төвд байрлах хүнсний бөөний төвийн дэлгүүрээс гурил авах гэж орсон. Тэгээд явж байтал хүнсний бараан дээр хүний гар утас байхаар нь аваад хармаандаа хийгээд гэртээ харьсан. Тэгээд удалгүй 30 минутын дараа манай гэрт цагдаа нар ирсэн. Гэм буруугаа ойлгож байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Н.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед вест худалдааны төвд лангуун дээр бараануудаа өрөөд байж байсан юм. Тэгтэл утсан мессеж ирээд тэрийгээ уншчихаад бараа өрж байсан лангуун дээрээ түр тавиад бараануудаа өрж дуусчихаад утсаа авах гэтэл байхгүй байсан юм. Тэгээд цагдаад хандсан. Миний утас цэнхэр өнгийн Самсунг-А9 про загварын гар утас юм. Би тус гар утсыг 2020 оны 12 дугаар сард Мандал сумын гар утасны худалдааны төвөөс 600000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би гар утсаа ашигласан хугацааг харгалзаад 500000 төгрөгөөр үнэлнэ. Камерын бичлэгт нэг хөгшин эгч миний гар утсыг авч байгаа бичлэг байсан..... Би өөрийн хулгайд алдсан гар утсыг олоод авчихсан. Тиймээс надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 17-18 дугаар хуудас/
Гэрч О.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би дэлгүүр ороогүй гадаа нь машиндаа сууж байсан. Тэр хоёр дэлгүүр ороод удалгүй хадам ээж гарч ирээд Алтанцэцэг тийшээ явчихлаа харъя гэсэн. Тэгээд Вест дэлгүүрийн цаад талаас Алтанцэцэгийг аваад гэр лүү явсан. Тэгээд гэрт байж байтал цэнхэр өнгийн дэлгэцтэй гар утас гаргаж ирсэн. Ямар утсыг нь асуутал дэлгүүрт лангуун дээр байхаар нь авчихсан , надаас өөр хүн байсан ч авна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд гар утсыг унтраачихсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/
Самсунг А9 про загварын гар утсыг 350000 төгрөгөөр үнэлсэн Арвижих Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /Хх-н 25 дугаар хуудас/
Г.Алтанцэцэг нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 42 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Алтанцэцэгийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 43 дугаар хуудас/
Яллагдагч Г.Алтанцэцэгийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа ойлгож байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 53 дугаар хуудас/
Хохирогч Н.Урангоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гар утсаа олж авсан тул ямар нэгэн гомдол саналгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 55 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Алтанцэцэг нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вест хүнсний бөөний худалдааны төв дотор хүнсний барааны лангуун дээр тавьсан байсан худалдагч Н.Урангоогийн эзэмшлийн Самсунг-А9 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Н.Урангоод 350000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Г.Алтанцэцэгийн хохирогч Н.Урангоогийн Самсунг А9 про загварын гар утсыг Вест хүнсний бөөний төвөөс хүнсний зүйл худалдан авах явцдаа хулгайлсан үйлдэл нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол
хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Алтанцэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх, албадлагын арга хэмжээнд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Алтанцэцэг нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Алтанцэцэг нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч Н.Урангоо нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт нь үлдээх, Г.Алтанцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Рааш овогт Гочоогийн Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаас 350000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Г.Алтанцэцэгийг 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тогтоосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт нь үлдээх, Г.Алтанцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Алтанцэцэг нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Алтанцэцэг нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-д зааснаар Г.Алтанцэцэгт оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Алтанцэцэгт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.