Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0369/З |
Дугаар | 221/МА2024/0653 |
Огноо | 2024-10-08 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2024/0653
““Ш у” ХХК” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,
Нэхэмжлэгч: ““Ш у” ХХК” ХХК
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Н.Э
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 455 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Э.Г, Б.М, хариуцагч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Ч.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 128/2023/0369/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ““Ш у” ХХК” ХХК-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Эад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Эын DNP23013100001973ХХХ дугаартай нэхэмжлэхийн 7 дугаарт бичигдсэн улсын бүртгэлийн Ү-22030101ХХХY-2203040176 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд 62,717,709.30 төгрөгийн татвар ногдуулсан хэсэг нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх эрх үүссэн болохыг тогтоолгох””-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0455 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч "Ш у" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн DNP23013100001973ХХХ дугаартай нэхэмжлэхийн 7 дугаарт бичигдсэн улсын бүртгэлийн Ү-22030101ХХ, Ү-22030401ХХ дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд 62,717,709.30 төгрөгийн татвар ногдуулсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгчийн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх эрх үүссэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 10, 11-д Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн Y-22030401ХХ, Y-2203040176 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр орж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг үндэслэн албан татвараас чөлөөлөгдөхөөр байна гэж дүгнэн шийдвэрлэсэн байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль нь 2000 онд батлагдсан ба хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан татвараас чөлөөлөх "орон сууц" гэх ойлголт нь өөрийн амьдран суух, анхдагч хэрэгцээг хангах зориулалт бүхий тодорхой тооны орон сууцыг татвараас чөлөөлөх зорилготой, төрөөс иргэдээ орон сууцаар дэмжих агуулгатай байсан. Энэ нь "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлал болон Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцсэн тэмдэглэл, холбогдох бусад баримтаар нотлогдож хэрэгт авагдсан.
3.2. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 18-д Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд 7 дугаар зуйлийн 7.1.2 дахь заалт нэмэлт өөрчлөлтөөр орж, уг заалтыг дагаж мөрдөх хугацаа эхлэхээс өмнөх нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвартай холбоотой асуудлыг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудаар шийдвэрлэсэн байх тул шийдвэрүүд нь энэ хэргийн үйл баримттай хамааралгүй бөгөөд уг асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн.
Гэвч нэхэмжлэгчийн дээрх 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан нь үндсэн агуулга, үзэл баримтлалаараа ижил төрлийн, цаг хугацааны хувьд үргэлжилсэн хоорондоо холбоотой маргаан юм. Учир нь 3 шатны шүүхээс "орон сууц" гэсэн үгийн утгаар бус Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн анхны үзэл баримтлалыг үндэслэн татвар төлөх нь зүйтэй гэж дүгнэн шийдвэрлэсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд анх батлагдсанаас хойш шинээр дахин батлагдаагүй бөгөөд хууль батлан гаргах болсон анхны үзэл баримтлал нь 2022 оноос хэрэгжиж эхэлсэн нэмэлт өөрчлөлтийн дараах өнөөдрийн байдлаар ч хэвээр хадгалагдаж байгаа болно. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөд анхаарах хуулийн анхны үзэл баримтлал, чөлөөлөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалт болон Орон сууцны тухай хуульд заасан үндсэн шаардлагыг хангаж байгаа эсэхийг үл харгалзан хуульд тусгагдсан үгийн шууд утгаар маргааныг шийдвэрлэсэн нь нэг талыг барьсан, нотлох баримт дутуу үнэлсэн, хууль бус шийдвэр болсон.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0455 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, "Ш у " ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ““Ш у” ХХК” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Эад холбогдуулан “улсын байцаагч Н.Эын DNP23013100001973ХХХ дугаартай нэхэмжлэхийн 7 дугаарт бичигдсэн улсын бүртгэлийн Ү-22030101ХХХY-2203040176 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд 62,717,709.30 төгрөгийн татвар ногдуулсан хэсэг нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх эрх үүссэн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Эын DNP23013100001973ХХХ дугаартай нэхэмжлэхийн 7 дугаарт бичигдсэн улсын бүртгэлийн Ү-22030101ХХ, Ү-22030401ХХ дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд 62,717,709.30 төгрөгийн татвар ногдуулсан хэсэг нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Маргаан бүхий DNP23013100001973ХХХ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын нэхэмжлэхийн жагсаалтын 7-д 62,717,709.30 төгрөгийн татварыг нэхэмжлэгч ““Ш у” ХХК” ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-22030101ХХ, Ү-22030401ХХ дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн 2022 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт ногдуулжээ.
3.2. Нэхэмжлэгчээс “...2000 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хөрөнгийг тодорхойлохдоо “орон сууц” хэмээн тодорхойлсон байсныг УИХ-аас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, “иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, сум дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууц” гэж өөрчлөн найруулсан. Хуулийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цахим татварын систем болох etax.mta.mn дээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын чөлөөлөлтөд хамруулах өөрийн өмчлөлийн хоёр орон сууцны мэдээлэл бүхий хүсэлтээ илгээсэн, ...татварын байцаагчаас нэхэмжлэх ирүүлэхдээ дээрх хоёр сууцанд татвар ногдуулан нэхэмжилсэн нь нэхэмжлэгчийн татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх эрхийг зөрчиж байна” гэж, хариуцагчаас “...хуульд заасан нийтийн болон амины орон сууцны байшин бус харин ашиг олох зорилгоор ашигладаг, нэхэмжлэгчийн татвар ногдох орлогыг бүрдүүлдэг орон сууц болохын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй, ...нэхэмжлэхээр хүргүүлсэн Ү-22030401ХХ, Ү-22030401ХХдугаартай үл хөдлөх эд хөрөнгөд ногдсон албан татварын өр нь өмнө шүүхээр төлүүлэхээр шийдвэрлэсэн өмнөх оны өр бөгөөд тус өр нь 2023 оны 01 дүгээр улиралд төлөгдсөн болно. Гэтэл 2021 онд төлөгдөөгүй байсан үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өрийг шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлэхээр татвар төлөгчид хүргүүлсэн нэхэмжлэхийг хүчингүй болгуулахаар дахин шүүхэд гомдол гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлан маргасан.
3.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн /142хх/ Олимпын гудамж Х байр, 31-р давхар А тоот хаягт байршилтай 375.28 м.кв талбайтай, долоон өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ““Ш у” ХХК” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-22030401ХХ дугаарт бүртгэж, 0006949ХХдугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон, мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн /142хх/ Олимпын гудамж 19с байр, 33-р давхар А тоот хаягт байршилтай 375.28 м.кв талбайтай, долоон өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ““Ш у” ХХК” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-22030401хх дугаарт бүртгэж, 0006949хх дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус олгосон байна.
3.4. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дараахь үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө” гээд, 7.1.2-т “иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, сум, нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот дахь орон сууц, нийслэл, нийслэлийн харьяа хот дахь хоёр орон сууц” гэснийг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг “иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууц” гэж өөрчилсөн байх бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дээрх хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасны дагуу дээрх хуулийн өөрчлөлт нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөхөөр байна.
3.5. Анхан шатны шүүхээс дээрх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж “...нэхэмжлэгч ““Ш у” ХХК” ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22030401ХХ, Ү-22030401ХХ дугааруудад бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүд нь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд байх хуулийн өөрчлөлтийн дагуу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байна. ...Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт нэмэлт өөрчлөлтөөр орж, уг заалтын дагаж мөрдөгдөх хугацаа эхлэхээс өмнөх нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвартай холбоотой асуудлыг өмнө нь 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн байх тул уг шүүхийн шийдвэрүүд нь энэ хэргийн үйл баримттай хамааралгүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.
Иймд хариуцагчийн “...3 шатны шүүхээс "орон сууц" гэсэн үгийн утгаар бус Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн анхны үзэл баримтлалыг үндэслэн татвар төлөх нь зүйтэй гэж дүгнэн шийдвэрлэсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд анх батлагдсанаас хойш шинээр дахин батлагдаагүй бөгөөд хууль батлан гаргах болсон анхны үзэл баримтлал нь 2022 оноос хэрэгжиж эхэлсэн нэмэлт өөрчлөлтийн дараах өнөөдрийн байдлаар ч хэвээр хадгалагдаж байгаа болно” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
4. Харин “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх эрх үүссэн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Татварын улсын байцаагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийг үл харгалзан, нэхэмжлэгчийн өмчлөлийн хоёр орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх эрхийг зөрчсөн” гэж тайлбарлан маргасан. Нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Эын DNP23013100001973ХХХ дугаартай нэхэмжлэхийн 7 дугаарт бичигдсэн улсын бүртгэлийн Ү-22030101ХХ, Ү-22030401ХХ дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд 62,717,709.30 төгрөгийн татвар ногдуулсан хэсэг нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн энэ тохиолдолд өмчлөлийн 2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх эрх үүссэн болохыг тогтоолгох нь ойлгомжгүй байна. Учир нь шүүх хариуцагчийн DNP23013100001973ХХХ дугаартай нэхэмжлэхийн 7 дугаарт бичигдсэн улсын бүртгэлийн Ү-22030101ХХ, Ү-22030401ХХ дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд 62,717,709.30 төгрөгийн татвар ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх, түүнийг хууль бус болохыг тогтоох эсэхийг хянан шийдвэрлэж байхад тусдаа “өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх эрх үүссэн болохыг тогтоолгох” шаардлага гаргах боломжгүй.
4.2. Тодруулбал, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байхаас гадна анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлцэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-ээс 106.3.11-т тусгайлан заасан шийдвэрийг гаргах бөгөөд 106.3.5-т “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэж заасан.
4.3. Шүүхээс маргаан бүхий актын холбогдох хэсэг хуульд нийцсэн эсэх болон нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлүүлэх эрхтэй эсэхэд дүгнэлт өгч, DNP23013100001973ХХХ дугаартай нэхэмжлэхийн 7 дугаарт бичигдсэн улсын бүртгэлийн Ү-22030101ХХ, Ү-22030401ХХ дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд 62,717,709.30 төгрөгийн татвар ногдуулсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл бүрэн хангагдсан гэж үзэхээр байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”; гэж зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх эрх үүссэн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0455 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “...хүчингүй болгож” гэснийг “...хүчингүй болгосугай” гэж өөрчилж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх эрх үүссэн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 гэж, ...“47.2”-т гэснийг “47.1-т” гэж, ...70200 төгрөгийн тавин хувь болох 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж” гэснийг “...70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг нөхөн төлүүлж” гэж тус тус өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээн, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН