Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0539

 

 

 

 

 

2021 08 19 128/ШШ2021/0539

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н******* ХХК /РД:50******/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын хайгуулын XV-10*** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Н******* ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, түүний өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Н******* ХХК нь ХV-****56 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Х аймгийн Х, Б сумын нутагт орших талбай дээр эрдэс баялгийн нөөц тогтоолгох эрэл хайгуулын ажлыг гүйцэтгэж ирсэн.

Уг ажиллагаанд орон нутгийн байгаль хамгаалах санд 2011-2016 онд 380,000,0000 төгрөгийг төвлөрүүлж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрт 61,000,000 төгрөг төлж ажилласан.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахын тулд хууль журмаар тавигдах шаардлагыг ханган жил бүрийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг хугацаанд нь төлсөн, хайгуулын ажлын төлөвлөгөөг Мэргэжлийн хяналтын газраар хянуулж Ашигт малтмал, газрын тосны газраар батлуулж ажилласан. Мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс шинжээч томилуулж дүгнэлт гаргуулан Мэргэжлийн Зөвлөлийн хуралдаанаар тайланг хэлэлцүүлж тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийсэн хайгуулыг эрдсийн нөөцийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр шийдвэрлэсэн. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдааны дүгнэлт болон нөөцийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр шийдвэрлэсэн. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдааны дүгнэлт болон нөөцийг улсын бүртгэлд бүртгэх тухай Ашигт малтмал, газрын тосны газрын даргын шийдвэр 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 11/49 тоот нөөц хүлээн авах тухай тушаалаар албажин гарсан. Хууль журмын дагуу Х аймгийн Х сумын Засаг даргын 118 тоот албан бичиг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн гарсан. Байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргаж өгсөн. Н******* ХХК-ийн тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл авсан газраа эрдэс баялгийн хайгуулын ажлыг хийх явцад Цагаан чулуутын талбайд монацит 182.69 тн, U 0.46 хувиар 0.82тн, Th203 7.4 хувиар 13.48 тн, Се203-27.2 хувиар 49.66 тн, Хар бургастайн хэсэг талбайд монацит 62.28 тн, U 0.46 хувиар 0.28 тн, Th203 7.4 хувиар 4.6 тн, Ce203-27.2 хувиар 16.92 тн, Хар бургастайн доод хэсэг талбайд монацит 274.55 тн, U 0.46 хувиар 1.24 тн, Th203 7.4 хувиар 20.27 тн, Ce203-27.2 хувиар 74.62 тн тус бүр нөөцтэй болохыг тогтоолгосон.

Н******* ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн бүрэн үндэслэл байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани уг хайгуулын тусгай зөвшөөрлийг 2011 оноос хойш эзэмшиж байгаа. 2016 он хүртэл хайгуул, судалгааны ажлыг хийж, цаг тухайд нь зөвшөөрлийн төлбөрийг төлж, хайгуулын ажлын төлөвлөгөө, бусад холбогдох материалыг Ашигт малтмал, газрын тосны газар болон бусад мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж, батлуулсаар ирсэн. Энэ хугацаанд нийт гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татаж энэ ажлыг явуулсан. Ингээд 2017 оны 7 дугаар сард шинжээч томилуулж, Монгол Улсын Зөвлөх геологичоор ахлуулсан баг хийсэн ажлын үр дүнгийн тайланг бичиж дуусаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасны үндсэн дээр ашигт малтмалын газрын дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар өөрсдийн тогтоосон эрдсээ хуралдуулах тайланг бэлдэж өгсөн. Энэ хурал нь 2017 оноос хойш хуралдахгүй байсаар байгаад 2018 оны 3 сард хурлаа хийсэн. Эрдэс баялгийн зөвлөл манай тайланг авч хэлэлцэн, Ашигт малтмалын газрын даргын тушаал гарч Эрдэс баялгийн зөвлөлийн улсын эрдсийн нөөцийн санд бүртгэсэн. Үүний дагуу зөвшөөрөл авах гэж зохих бичиг баримтыг бүрдүүлж авах гэж Ашигт малтмалын газар хандахад танай лиценз дуусгавар болсон учир өргөдлийг хүлээж авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Энэ байдлаас үүдэн компанийн үүсгэн байгуулагчид болон хөрөнгө оруулагчдын дунд байнга эд хөрөнгийн маргаан үүсэж байна. Энэ асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд захиргааны шүүхэд хандаж байгаа. Үүнийг нэхэмжлэлдээ заасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Төрийн албан бичгүүд гэдэг он цаг, хугацаатай дарааллаараа явдаг учир 2018 оны 3 дугаар сараас Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардагдах бүхий л бичиг баримтуудыг цуглуулсаар байгаад бүрэн болгож Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандахад танай хугацаа дуусгавар болсон учир энэ өргөдлийг шийдвэрлэж боломжгүй гэсэн хариуг өгсөн. Удаа дараа манай хугацаа дуусахаас өмнө Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичгээр хандаж байсан. Эрдэс баялгийн зөвлөл хуралдахгүйгээс болж манайд ийм байдал үүсэх гэж байна шүү гэж анхааруулах, хамтран ажиллах бичгүүд өгч байсан. Бүгд хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас ч гэсэн нэхэмжлэгч компанийн зүгээс тухайн асуудал дээр холбогдуулан өргөдөл гаргаж байсан гэдгийг ямар нэгэн байдлаар үгүйсгэхгүй байна. Гол нь 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэдэг хариулт өгдөг. Манай талаас Ашигт малтмалын газарт хэдэн удаа хүсэлт гаргаж байсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурал хойшлогдоод байна энэ асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тул хугацааг цуцлахгүй байхыг хүсье гэх өргөдлийг зохих журмын дагуу албан тоотоор өгч байсан. 2018 оны 5 дугаар сараас эхлээд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурал хуралдаад дүгнэлтийг хүлээж аваад дараа дараагийн ажиллагаа явсаар байгаад өнөөдрийг хүрсэн асуудал байгаа. Хариуцагч талаас ч хэлсэн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр албан ёсоор дуусгавар болж байгаа хэдий ч 2019 оны 9 дүгээр сар хүртэл бүртгэл хэвээр байж байгаад 2019 оны 9 дүгээр сараас бүртгэлээс хасагдсан. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон баримт байхгүй гэдгийг шүүх харж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан бүх материалаа бүрүүлж өгөхөд хүлээж авахгүй байгаа нь хууль бус юм. Иймд энэ асуудлыг шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг шүүх шийдвэр гаргахдаа онцолж үзнэ үү гэв.

ХОЁР. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х аймгийн Х, Б сумдын нутаг Ц******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-10*** дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэр/-ын 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 898 дугаар шийдвэрээр М******* ХХК-д олгож 2011 оны 6 дугаар 14-ний 584 дүгээр шийдвэрээр Н******* ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу хайгуулын XV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж заажээ.

Гэтэл Н******* ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-11*** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж байгаа. Гол зүйл нь хүчин төгөлдөр хугацаандаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй учир Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмалын хайгуулын XV-10*** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтөгөлдөр хугацааг дусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Н******* ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгуулах гэж тодруулсан байна.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

Маргаан бүхий тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2005 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр анх олгосон бөгөөд нэхэмжлэгч нь шилжүүлэн авснаар эрх үүссэн, улмаар энэхүү тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болох байсан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй болно.

Харин тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн үйл баримттай холбогдуулан маргасан, нэхэмжлэгчээс 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ашигт малтмалын нөөц тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэст гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст нөөцийн тайлан Эрдэс баялгын зөвлөлөөр хэлэлцэгдэхээр шинжээч томилогдон ажиллаж, ээлжит хурлын товыг хүлээж байгаа тул XB-10*** дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох асуудлыг түр хүлээлгэх тухай хүсэлтийг гаргаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гарч, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар нөөцийг хүлээн авч бүртгэсэн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс XB-10*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө хайгуулын судалгааг бүрэн гүйцэт хийж, шинжээч томилуулах хүсэлтээ захиргааны байгууллагад гаргасан, Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг шаарддаг. Бидний зүгээс шинжээч томилуулах ажиллагаа удааширч байгаа тул тусгай зөвшөөрлийн дуусгавар болох хугацааг түдгэлзүүлж өгөөч гэсэн хүсэлтийг Кадастрын хэлтэст гаргаж байсан гэж хариуцагчаас Н******* ХХК нь ашигтмалтмалын хайгуулын XB-10*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай дээрээ хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааны дотор Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.8-д заасан шаардлага хангасан баримтуудыг бүрдүүлж, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын хэлтэст гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчинтөгөлдөр байх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон гэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон бол хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болно гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсэгт хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргана гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана гэж заасан үүргээ биелүүлээгүй, харин Н******* ХХК нь мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл 8 дугаар сарын 08-ны өдөр дуусах байсан энэ хугацаа дуусахаас өмнө захиргааны байгууллагад нөөц тогтоолгохоор хандсан гэж гомдлын үндэслэлээ тайлбарлаж байгаа бөгөөд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шинжээч томилж, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарч, Ашигт малтмал, газрын томны газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар нөөцийг хүлээн авч бүртгэх тухай тушаал гаргасан атлаа нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө хүсэлтээ гаргаагүй гэж буруутгаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Мөн Н******* ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-10*** тоот тусгай зөвшөөрлийг 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ ам.доллараар худалдан авсан, 2011-2016 онуудад хайгуулын зардалд болон орон нутгийн байгаль хамгаалах санд гурван зуун наян сая төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөрт жаран нэгэн сая төгрөг зарцуулсан байх бөгөөд эдийн засгийн болон цаг хугацааны хувьд асар их хохирол учирсан гэх тайлбарыг дурьдах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан Х аймгийн болон Б сумын Засаг дарга нарын 2018 оны албан бичгүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ерөнхий үнэлгээний дүгнэлт, Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас зэрэг баримтуудаас үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.8-т заасан шаардлага хангасан баримтуудыг бүрдүүлж хүргүүлэхэд захиргааны байгууллага захиргааны акт гаргахаас удаа дараа татгалзсан хариу өгсөн болох нь тогтоогдож байх тул захиргааны байгууллагын энэхүү эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул шаардлагатай захиргааны акт гаргахыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон нөхцөл байдлын хувьд хуульд заасан үндэслэлээр дуусгавар болж байгаа хэдий ч захиргааны байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхээ алдсан гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж, харин шүүхээс Н******* ХХК-д ашигт малтмал ашиглалтыг тусгай зөвшөөрөл олгохыг шууд даалгах нь захиргааны байгууллагын бүрэн эрхэд халдаж байгаа тул хариуцагчид нэхэмжлэгчийн гаргасан ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хавсралт материалыг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1.5, 48 дугаар зүйлийн 48.3, 48.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын хайгуулын XV-10*** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтөгөлдөр хугацааг дусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Н******* ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ