Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:П.Цогзолмаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгч: Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д. А-д холбогдох эрүүгийн 2235000000148 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 11-нд Увс аймгийн .........суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн ......................багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Т овогт Д.А, /регистрийн дугаар: ........../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний орой 19 цагийн үед Увс аймгийн .............сумын 4 дүгээр багийн нутаг, Довцог гэх газарт улсын дугааргүй “Мустанг-5” загварын мотоцикль жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в болон 3.7.а заасан заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас ард нь сууж явсан зорчигч иргэн М.С унаж нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Д.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.А нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний орой 19 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох А ангиллын эрхийн үнэмлэхгүйгээр Увс аймгийн .............сумын 4 дүгээр багийн нутаг, Довцог гэх газарт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ард сууж явсан зорчигч иргэн М.С-гийн амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-08 дахь тал),

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 09-16 дахь тал),

3. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

4. Д.А-гийн согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг, (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-23 дахь тал),

6. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би талийгаач М.С-гийн төрсөн дүү бөгөөд М.С бид хоёр хоёулхнаа үлдсэн байсан. Талийгаач нь 10 гаруй жилийн өмнө эхнэрээ алдсан бөгөөд төрсөн охин нь зуурдаар нас барсан. Харин өргөж авсан охин Сэлэнгэ аймагт оршин суудаг. .... суманд талийгаачийн зээ нар байдаг байсан бөгөөд талийгаач нь гэртээ ганцаараа М гэх зээгийнхээ хажууд амьдардаг байсан. Ямар нэгэн мал хөрөнгө гэх зүйлгүй бөгөөд зээ нараа бараадаж байдаг байсан. Талийгаач нь зээ болон нутаг усныхаа хүнтэй хамт явж байгаад мотоциклиос унаж нас барсан талаар сонсож би Улаанбаатар хотоос ирсэн. Ажил явдал нь саяхан болж дууссан бөгөөд өндөр настай учир тодорхой хэмжээний зүйлийг бие нь дийлэхгүй байсаар байгаад өнгөрсөн байх. Өндөр настай хүн учраас хорвоогийн жамын дагуу өнгөрсөн гэж бодож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон төрсөн дүүгийн хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

7. Гэрч Ц.Ү-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчим Д над руу залгаад "С мотоциклоос уначихсан, ухаан алдчихсан байна" гэж хэлэхээр би хэргийн газар руу явж байхад эмч нар тараад С-гийн гэрийг асуухаар би дагуулаад хэргийн газар дээр ирсэн. Намайг хэргийн газар дээр ирэхэд дүү А, А хоёр байсан. Тэгээд эмч талийгаачийн биеийг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Эмч талийгаачийг нас барсныг хэлээд дуудлагатай байна гэж хэлээд явчихсан. Би ард нь үлдээд одоо сумын цагдаад мэдэгдэх хэрэгтэй гэж хэлээд хамаатан болон М руу залгаж болсон асуудлын талаар хэлээд та өөрийн биеэр хурдан ир гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),

8. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Х-ын  2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай "...Талийгаач М.Сгийн биед гэмтэл тогтоогдлоо. Суурь ясны дагзны нүхнээс чамархай хэсэг рүү чиглэсэн зөрөөтэй хугарал, баруун чамархайн дэлбэнгийн цус хуралт, толгойн орой хэсгийн хуйханд цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь өндрөөс уналтын үед үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна.Талийгаач М.С нь баруун, зүүн уушгины наалдац, элэгний хатуурал өвчтэй байсан байна. Дээрх өвчнүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Талийгаач М.С нь гавлын суурь ясны зөрөөтэй хугарлын улмаас баруун чамархай дэлбэн болон баруун чулуулаг дагзны нүхний хэсэгт цус хуралт үүсэж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан байна..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 73-76 дахь тал),

9. Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Мустанг-5 загварын мотоцикль жолоодож явсан Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 3.4.в-д заасан "мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн байх бөгөөд хохирогч талийгаач М.С нь мөн дүрмийн 6.1-б-д зааснаар мотоцикль, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, 6.2.а хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болох гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэж байна" гэх магадлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал),

10. Шүүгдэгч Д.А-гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна...С ахын гэрээс гараад холдоогүй 3-аас 4 км орчим газар явж байтал С ах миний өмсөж байсан саравчтай малгайг урагш болгохоор нь би баруун гараараа жолоо барьж зүүн гараараа малгайгаа янзалж байтал миний мотоцикль замын ховилд цохиулж тэнцвэр алдаж замын зүүн талд гарч газар унахад миний хөл мотоцикльд дарагдаж, харин С ах шидэгдэж мотоциклийн урд талд уначихсан.... Тухайн үед би С ахыг ухаан алдчихсан байна гэж бодсон бөгөөд удалгүй эмч ирээд С ахын биеийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд аав Д цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Иймд миний буруутай үйлдлээс болж хүний амь нас хохирсоныг би хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн буруутай үйлдлээс болж хүний амь нас хохироосондоо маш их гэмшиж, харамсаж байна. Би талийгаачийн ар гэрийг Улаанбаатар хотоос ирэх болон буцах зардлыг гаргаж талийгаачийн буяны ажилд гар бие оролцон гүйцэтгэж дуусгасан. Талийгаачийн ар гэрээс надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн бөгөөд миний буруутай үйлдлээс болж хүний амь нас хохирсон болохоор би гэмшиж, харамсан буяны ажилд гар бие оролцож дуусгасан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95-97 дахь тал) –зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна. 

Хууль зүйн дүгнэлт:

1.Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

2. “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцно.

3. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.

4. Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдлыг ойлгоно” гэж тодорхойлсонд энэ тохиолдол хамаарч байна.

5. Энэ хэргийн хувьд шүүгдэгч Д.А нь Увс аймгийн Б... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Довцог гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 24-ний орой 19 цагийн үед  мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явах үедээ Зам хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в-д заасан "мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 3.7.а-д заасан "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл болсон байна.

6. Шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний“...Талийгаач М.С-гийн биед гэмтэл тогтоогдлоо. Суурь ясны дагзны нүхнээс чамархай хэсэг рүү чиглэсэн зөрөөтэй хугарал, баруун чамархайн дэлбэнгийн цус хуралт, толгойн орой хэсгийн хуйханд цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь өндрөөс уналтын үед үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна.Талийгаач М.С нь баруун, зүүн уушгины наалдац, элэгний хатуурал өвчтэй байсан байна. Дээрх өвчнүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Талийгаач М.С нь гавлын суурь ясны зөрөөтэй хугарлын улмаас баруун чамархай дэлбэн болон баруун чулуулаг дагзны нүхний хэсэгт цус хуралт үүсэж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан байна.Талийгаач М.С нь дээрх хүнд зэргийн гэмтлүүдийн төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар улмаас нас барсан байна. Талийгаач нь нас барахдаа хүнд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 73-76 дахь тал)-ээр талийгаач М.С-гийн биед гэмтэл учирч, нас барсан болох нь тогтоогдож байна.

7. Шинжээч эмчийн шүүх химийн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 79 дугаартай “Талийгаач М.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Талийгаачийн цусанд 2,6% промилли спиртийн агууламж илэрч байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт, (хавтаст хэргийн 77-78 дахь тал)-ээр талийгаач М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, осолд өртөх үедээ согтуу байсан нь тогтоогджээ.

8. Хэдийгээр амь хохирогч М.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.1.6-д зааснаар мотоцикль, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, 6.2.а хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болох гэсэн заалтыг зөрчсөн байх боловч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в-д заасан "мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх" үүргийг жолооч хүлээдэг учраас амь хохирогчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгаан, нөхцөл болоогүй.

9. Харин шүүгдэгч Д.А нь улсын дугааргүй “Мустанг-5” загварын мотоцикль жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хүний амь нас хохирох хор уршигт хүргэсэн байх тул түүний үйлдлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзэх бөгөөд шүүгдэгч Д.А-гийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл нь хохирогчийн амь хохирсон үйл баримттай шууд шалтгаант холбоотой байна.

10. Иймд шүүгдэгч Д.А-гийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в, 3.7.а-д тус  тус заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас нэг хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

11.Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирлын талаар:

1.Энэ гэмт хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн түү Л.Б-ыг тогтоосон байх бөгөөд талийгаач М.С-гийн үрчилж авсан охин болох Л.Ц нь “Миний аав болох М.С-гийн төрсөн дүү болох Л.Б-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй ” гэх хүсэлтийг гаргасан байна.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт  бичгээр гаргаж ирүүлсэн хүсэлтдээ “...Миний ах М.С нь өндөр настай учир тодорхой хэмжээний зүйлийг бие нь дийлэхгүй байсаар байгаад өнгөрсөн байх. Өндөр настай хүн учраас хорвоогийн жамын дагуу өнгөрсөн гэж бодож байна. Д.А нь буяны ажилд сэтгэлээрээ дуустал нь оролцсон. Ийм учраас миний бие талийгаачийн төрсөн дүүгийн хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх тайлбарыг гаргаж, (хавтаст хэргийн 176 дахь тал) шүүгдэгч Д.А-гээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

3. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.А-гээс гаргуулах мөнгөн хэлбэрээр гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

1. Шүүгдэгч Д.А нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг  хүлээлгэх  үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Д.А урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 110 дахь тал)-аар, хувийн байдлын хувьд ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн Б... сумын 4 дүгээр багт амьдардаг болох нь түүний хувийн байдлын талаар хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

3. Шүүгдэгч Д.А нь урьд 2001 онд шүүхээр гэм буруутайд тооцогдон, хорих ял шийтгүүлж, ялаа эдэлж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

4. Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх хор уршиггүй зэрэг нөхцөл байдал түүний хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ад  оногдуулсан 1 /нэг/ жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Увс аймгийн Б... сумын 4 дүгээр багийн нутаг буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тухайн ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолохыг тус тус дурдах нь зүйтэй.

6. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн, улсын дугааргүй, LHPCL00B0208073 арлын дугаартай мотоциклийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 117 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклийг хууль ёсны өмчлөгч шүүгдэгч Д.А-д буцаан олгож шийдвэрлэв.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Жолооч Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хасаж, 1(нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.А-д  оногдуулсан 1 (нэг) жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Увс аймгийн Б... сумын 4 дүгээр багийн нутаг буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тухайн ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6.Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, “Мустанг-5” маркийн, улсын дугааргүй, LHPCL00B0208073 арлын дугаартай мотоциклийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 117 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклийг хууль ёсны өмчлөгч шүүгдэгч Д.А-д буцаан олгосугай.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА