Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
Хэргийн индекс | 05/2021/0019/Э/220/2021 |
Дугаар | 2022/ШЦТ/1474 |
Огноо | 2022-10-13 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Билгүүн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1474
2022 10 13 2022/ШЦТ/1474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Г.Билгүүн /томилолт/,
шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Уах овогт Хумарханы Дауренбект холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2895 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймаг Өлгий суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн 5 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймаг Өлгий сумын 8 дугаар баг Ах хус тау 22 дугаар гудамжны 14 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 11 дүгээр байрны 174 тоотод түр оршин суух хаягтай , урьд ял шийтгэлгүй, Х.Д
Холбогдсон хэргийн талаар:
Х.Д нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний орой Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 89 дүгээр байрны орчимд хохирогч Х.Еламантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид хохиролд 1.000.000 төгрөг, Улсын Эрүүл мэндийн даатгалын санд 161.000 төлсөн” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс
Яллагдагч Х.Дийн “Тэгээд гэртээ байж байтал 02 цагийн орчимд Ержан над руу залгаад гараад ир гэхээр нь гараад Еламантай маргалдаж зүүн талынх нь хөмсөг, нүд орчимд 1 удаа цохисон боловч надад гэмтэл учраагүй. Тэгээд бид хоёр салцгаасан. Би Еламаныг өмнө нь таньдаггүй байсан. Тухайн үед Ержаны найз Ержантай хамт ирээд маргаан үүссэн. Тэрнээс өөрөөр бид хоёрын хооронд өмнө маргаж муудсан, өс санасан гэдэг юм уу тийм асуудал огт байхгүй. Бид хоёр эрүүл байсан. Еламан бид хоёроос өөр хүн зодолдоогүй. Надад гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Еламантай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцсан, уг дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Би Еламаны биед гэмтэл учруулсан буруугаа ойлгож байна. Бид хоёр хоорондоо ойлголцож эвлэрсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Иргэн Х.Еламанаас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 04 цаг 20 минутад гаргасан “Бусдад зодуулсан” гэх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Хохирогч Х.Еламаны “Ержан залгаад байр түрээслэж байгаа залуучууд үгэнд орохгүй, байранд олон хүн авч ирээд хэл амаар доромжлоод байна гэхээр нь би байр түрэслэдэг залуу руу залгаад яагаад хэл амаар доромжлоод байна байгаа юм гэхэд хүрээд ир гэхээр нь би Ержантай хамт 11 дүгээр хороололд очиж Дауренбектай уулзахад түүнээс гадна 5 залуу байсан. ...машин холдуулж байх хооронд Дауренбек найзуудаа дагуулаад яваад өгсөн. Эргээд Дауренбекд түрээслэж байгаа байрны гадаа хүлээж байтал Дауренбек найзуудтайгаа ирсэн. Дауренбек машинаас бууж ирээд хэн надтай утсаар ярьсан вэ гэхэд нь Би залгаж ярьсан гэхэд Дауранбек та нар ингэж томордог болчихсон юм уу гэж хэлснээ Дауренбек миний нүүр нүд хэсэгт гараараа 2 удаа цохисон. Миний хөмсөгнөөс цус гарч эмнэлгийн байгууллагад хандахад Гэмт согог судлалын Үндэсний төв рүү яв гэсэн. Дауренбек намайг цохичихоод машинтайгаа зугатаад явсан. Хамт байсан залуучууд намайг цохисон зүйл байхгүй. Миний хөмсөг сэтэрч 3 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
Гэрч Б.Ержаны “ Би Дауренбек гэх залууд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо89 дүгээр байрны 35 тоот байрыг 2022 оны 08 дугаар сарын 05-наас түрээслэлж эхэлсэн. Гэтэл Дауренбек эхэндээ ганцаараа орно гэж хэлсэн боловч өөр хүмүүс авч ирээд хоноод байхаар нь наад хүмүүсээ явуул чи ганцаараа байна гэж хэлсэн. Би найзуудтайгаа хамт байж болохгүй юу гэж хэлээд надтай хэрэлдсэн. Би энэ талаар Еламанд хэлээд Дауренбектэй утсаар ярьж уулзахаар болсон. Бид 11 дүгээр хороололд очиж Дауренбектэй уулзаж байхад миний машины орчмоос нэг машин гарах гээд гарч чадахгүй байна гэхэд Еламан машиныг холдуулахаар явсан. Х.Дтай хам уулзаж байгаад машинаас гар утсаа авчихаад буцаад хүрч ирэхэд Дауренбек миний толгой руу гараараа нэг удаа цохиж, хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөж зодчихоод яваад өгсөн. ...Бид очоод хүлээж байтал Дауренбек найзуудтайгаа хамт ирээд надтай уулзаж байснаа Над руу утсаар ярьдаг чи хэн вэ? бацаан минь гэж хэлээд Еламаны нүүрийг нь гараараа 2 удаа алгадсан. Еламаны хөмсөг нь сэтэрч цус нь гарсан. Ингээд эмнэлгийн байгууллагад дуудлага өгөөд Гэмтэл согог судлалын Үндэсний төвд дагуулж очсон. Еламаны хөмсөгт оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11941 дугаартай “Х.Еламаны биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Х.Д нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний орой Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 89 дүгээр байрны орчимд хохирогч Х.Еламантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч Х.Д, хохирогч Х.Еламан, гэрч Б.Ержан нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Х.Дийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул Х.Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч А.Еламан нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тусгаж бичсэн мөрдөгчийн тэмдэглэлийг /хх-ийн 39 дүгээр тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, Х.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.Дийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Х.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Шүүгдэгч Х.Д нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Х.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Х.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Х.Дийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. У.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Дт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Х.Дт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ