Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2018/00057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Баянтэс сумын Бужир баг хаягаар оршин суудаг Боржигон овогт Э.Бийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Баянтэс сумын Засаг дарга С.Дд холбогдох “Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулж, бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхриймаа, нэхэмжлэгч Э.Б нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Э.Б нь Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад Завхан аймгийн Баянтэс сумын засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 дугаартай захирамжаар ажлаасаа халагдсан. Тэгээд Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаартай шийдвэрээр намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн боловч уг шийдвэрийг засаг дарга С.Д эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0709 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр засаг дарга захирамж гаргаж, намайг Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилсон. Би ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан буюу 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс ажилд томилсон буюу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд цалин аваагүй. Иймд энэ хугацааны цалингаа гаргуулж, мөн энэ хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар шүүхэд хандсан.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б нь Завхан аймгийн Баянтэс сумын засаг дарга С.Дд холбогдуулан “2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх 4 сарын хугацаанд ажилгүй байсны олговор гаргуулах, мөн дээрх 4 сарын хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Э.Б нь Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад Завхан аймгийн Баянтэс сумын засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 дугаартай захирамжаар ажлаасаа халагдсан байх ба Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаартай шийдвэрээр түүнийг Завхан аймгийн Баянтэс сумын засаг даргын тамгын газрын даргаар эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн боловч 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/79 дугаартай Завхан аймгийн Баянтэс сумын засаг даргын захирамжаар дээрх ажилд эгүүлэн томилсон байна.

Эдгээр байдлууд нь хэрэгт авагдсан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаартай шийдвэрийн хуулбар, Завхан аймгийн Баянтэс сумын засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/79 дугаартай захирамжийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Э.Э.Б нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх 4 сарын хугацаанд ажилгүй байсны олговор гаргуулах, мөн дээрх 4 сарын хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгүүлэх тухай Завхан аймгийн Баянтэс сумын засаг даргаас шаардах эрхтэй байна.

Хариуцагч Завхан аймгийн Баянтэс сумын засаг дарга С.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Батжаргалыг оролцуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б/09 дугаартай захирамж гарган шүүхэд ирүүлсний дагуу шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргалд нэхэмжлэлийн хувийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 14 хоногоор тогтоож өгсөн боловч хариу тайлбар огт ирүүлээгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт “Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол” гэж заасны дагуу Э.Э.Бт ажилгүй байсан 4 сарын хугацаанд нь түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг бодож олгох нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Э.Э.Б нь 2016 оны 12, 2017 оны 01, 02 дугаар саруудад тус бүр 878,451 төгрөгийн цалин хөлс авч байсан болох нь түүний 0204814 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар дахь бичилтүүдээр нотлогдож байна.

 Иймд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтын 7.а-д зааснаар ажлаас буруу халсан үеийн олговрыг Э.Э.Бийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс буюу 878,451 төгрөгийг ажилгүй байсан бүх хугацааны буюу 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх 4 сарын хугацаагаар бодож, нийт 3,513,804 төгрөгийг Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын тамгын газраас /Засаг дарга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байгаа хэдий ч хувь хүнийхээ тухайд биш албан тушаалтныхаа хувиар оролцож байгаа, нөгөө талаар Засаг даргын ажлын алба нь тамгын газар учир/ гаргуулан, Э.Бт олгох нь зүйтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт: “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж, 46.2 дахь хэсэгт: “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус зааснаас үзвэл 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх 4 сарын хугацаанд Э.Бийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, бичилт хийх хууль зүйн үндэслэлтэй тул Э.Бт олгохоор шийдвэрлэсэн 3,513,804 төгрөгөөс холбогдох шимтгэл, хураамжийг хасч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож бичилт хийхийг Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

Э.Э.Б нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нь хуулиар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй учир Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын тамгын газраас Э.Э.Бт олгох олговрын үнийн дүн буюу 3,513,804 төгрөгт бодогдох улсын тэмдэгтийн хураамж болох 71,171 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар  Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговорт 3,513,804 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Бт олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Э.Э.Бийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд зохих журмын дагуу, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 71,171 төгрөг гаргуулан, улсын орлогод оруулсугай.

5.  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6.  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.УРТНАСАН