Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1533

 

 

    2022        10        24                                 2022/ШЦТ/1533

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Г.Чанцалдулам,

шүүгдэгч Ш.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202 00218 2811 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Увс аймаг Өндөр хангай суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, орчуулагч, нарийн бичиг мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Бурхантын 2 дугаар гудамжны 4-198б тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш.С

Холбогдсон хэргийн талаар:

Ш.С нь Монгол Улсын их сургуулийн D200204036 дугаарын бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж бусдаас худалдан авч улмаар ашиглаж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 110 дугаар сургуульд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан буюу Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Яллагдагч Ш.Сийн Монголын Үйлдвэрчний соёлын ордоны хажууд уулзаж D200204036 дугаартай Монгол Улсын их сургуулийн Гадаад харилцааны ажилтан мэргэжлийн дипломыг 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нийслэлийн ерөнхий боловсролын 110 дугаар сургуульд ажилд орох гэтэл Улсын сургууль учраас заавал дээд боловсролын диплом шаардлагатай гэхээр нь тухайн дипломыг үзүүлж ажилд орсон юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110 дахь тал/,

Гэрч О.Мөнхчимэгийн “Намайг сургуульд сургалтын менежерээр ажиллаж эхлэх үед манай сургуульд Англи хэлний багш ерөөсөө байгаагүй учраас би фэйсбүүкийн Монголын сайхан багш нар нэртэй группэд англи хэлний багш ажилд авна гэсэн зар оруулсны дараа Саранчимэг гэдэг хүн 2021 оны 10 дугаар сарын эхээр надтай утсаар холбогдоод би ажлынхаа орчин нөхцөлийг танилцуулахад Саранчимэг нь ажилд оръё, очиж уулзъя гэж хэлсэн. ...Тухайн үед манай байгууллагад хүний нөөц хариуцсан мэргэжилтэн, захирлын туслах байхгүй байсан учраас би Саранчимэгээс 3 үеийн намтар төрийн алба хаагчийн анкет, боловсролын үнэмлэх, багшлах эрхийн үнэмлэх зэргийг хуулбарлан авч материалыг бүрдүүлээд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр захирлын тушаал гарч Саранчимэг нь манай байгууллагад Англи хэлний багшаар ажиллаж эхэлсэн. Тэгтэл 2022 оны 04 дүгээр сарын эхээр манай байгууллага дээр Нийслэлийн мэргэжлийн хяналтаас захилгат шалгалт ирэхэд Саранчимэгийн Монгол Улсын Их сургуулийн диплом нь хуурамч гэдэг нь мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Гэрч Б.Тамирын “Намайг ажиллаж байх хугацаанд Мөнхчимэг гэх эмэгтэй багшийн албан тушаалаас сургалтын менежерийн албан тушаалд томилогдон ажилласан. Би тухайн эмэгтэйн авч ирсэн материалыг танилцахад өмнө нь багшийн албан тушаалд ажиллаж байсан ба Мөнхчимэг надад хэлэхдээ хувийн сургуульд ажиллаж байсан туршлагатай гэж хэлж байсан. Саранчимэг гэх эмэгтэйн бүрдүүлж ирсэн материалыг танилцахад Монгол Улсын их сургуулийн дипломтой, багшлах эрхийн үнэмлэхтэй байсан учраас Мөнхчимэгт хандаж шаардлага хангаж байгаа бол ажилд ав гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тушаал гаргаж Саранчимэг гэх эмэгтэйг ажилд авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

Гэрч Х.Сувд-Эрдэнийн “Манай сургуульд 2021 оны 10 дугаар сараас Саранчимэг гэх эмэгтэй Англи хэлний багшаар ажиллаж эхэлсэн. Гэхдээ Саранчимэг гэдэг хүнийг ямар журмаар хэрхэн авсныг би сайн мэдэхгүй байна. ...журмын үндсэн шалгуур бол Их, Дээд сургууль төгссөн, бакалавр зэрэгтэй багшлах эрхтэй хүнийг шалгаруулж авдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн 2002 оны төгсөгчид гэх баримт /хавтаст хэргийн 43-46 дахь тал/,

Төрийн албан хаагчийн анкет, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 49-61 дэх тал/,

Нийгмийн даатгал төлөлтийн талаар тодорхойлолт /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2473 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 2002.6.14-ний огноотой D200204036 сери дугаартай Монгол Улсын их сургууль, Бакалаврын диплом гэсэн хуурамч. Шинжилгээнд ирүүлсэн 2002.6.14-ний огноотой Дипломын хавсралт гэсэн баримт хуурамч, Шинжилгээнд ирүүлсэн 2003.12.11-ний огноотой 2003333 дугаартай Багшлах эрхийн үнэмлэх гэсэн баримтыг ердийн хэрэглээний өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75-79 дэх тал/, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүхийн шатанд гаргаж өгсөн цалингийн карт, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт бүхий 2 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Ш.С нь Монгол Улсын их сургуулийн D200204036 дугаарын бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж бусдаас худалдан авч улмаар ашиглаж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 110 дугаар сургуульд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан буюу Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэгт гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч Ш.С, гэрч О.Мөнхчимэг, Б.Тамир, Х.Сувд-Эрдэнэ нарын мэдүүлэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын албан бичиг, Төрийн албан хаагчийн анкет, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал төлөлтийн талаарх лавлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, цалингийн карт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Ш.Сийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ш.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул Ш.Сийг “Хуурамч баримт бичгийг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон  хөрөнгө, орлогыг ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Сээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.950.729 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.Сийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Ш.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Шүүгдэгч Ш.С нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Ш.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Ш.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ш.Сийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан D200204036 дугаартай бакальврын диплом, хавсралт 1 хуудасыг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Ш.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичгийг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Ст 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Ш.Ст оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.950.729 төгрөгийг Ш.Сээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан D200204036 дугаартай бакальврын диплом, хавсралт 1 хуудасыг хэрэгт хавсарган хадгалсугай.

         7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ш.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ