| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0401/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1545 |
| Огноо | 2022-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1545
2022 10 24 2022/ШЦТ/1545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч М.Отгонжаргал,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2995 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Богд Харш ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Налайх дүүрэг 4 дүгээр хороо Нисэхийн 15 дугаар гудамжны 1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******-д
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны 116 дугаар байрны 16 тоотод насанд хүрээгүй хохирогч Ч.Баяржавхлангийн дүүгээ зодсон гэх шалтгаанаар утасны залгуураар цохиж түүний нуруу, зүүн бугалга, шуу, зүүн дал, цээж, хэвлий, баруун, зүүн гуя, өвдөгт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс
Яллагдагч *******ийн “Би шүүх эмнэлэгийн дүгнэлтэд заагдсан хүү Ч.Баяржавхлангийн биед учирсан гэмтлийг утасны цэнэглэгчээр ороолгож учруулсан нь үнэн болно. Миний хувьд уг асуудалдаа маш их харамсаж гэмшиж, хоорондоо учир зүйгээ олсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч Ч.Баяржавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан тэвш амьны орон сууцны 116 дугаар байрны 16 тоотод ээж О.Чанцалдулам, аав *******, дүү. А.Хатангоо нарын хамт оршин суудаг юм. Намайг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны орой гэртээ аав *******, дүү А.Хатангоо нарын хамт байхдаа унтахаар хувцсаа тайлаад орон дээр хэвтэж байхад аав ******* дахиж дүүгээ битгий зодоод байгаарай гэж хэлээд саарал өнгөтэй утасны залгуураар нуруу, хөл гар хэсэг рүү олон удаа цохиж өвтгөөд чи одоо унт гэж хэлэхэд унтсан. Тэгээд маргааш өглөө нь хичээлдээ явах гээд хувцсаа өмсөж байхдаа ээж О.Чанцалдуламд аав *******ийг утасны залгуураар зодсон талаар хэлсэн. Аав *******ийг утасны залгуураар нуруу, хөл, гар хэсэг рүү цохиж улаан болгон хөхрүүлсэн өвдөж байгаа. Намайг анх удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чанцалдуламын “Тэгээд маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 14-ний 07 цагийн орчимд хүү Ч.Баяржавхланг хичээлд нь хүргэж өгөхөөр хувцсыг нь өмсүүлэх гэхэд ээжээ энийг хараа гэж хэлэхээр яасан гэж биеийг нь харахад нуруу, гар хөл, гэдэс, дал хэсэгт нь улаан хүрэн хөх өнгийн нарийн сүүлийн толбо учирсан байхаар нь яасан талаар асуухад аав утасны залгуураар өчигдөр цохисон гэж хэлсэн. Тэгээд би сургуульд нь хүргэж өгчихөөд цагдаагийн байгууллагад хандах болсон. Нөхөр ******* нь хүү Баяржавхлан руу уурлахаараа утасны залгуур бариад далайдаг байсан боловч цохиж байгаагүй бөгөөд анх удаа ийм үйлдэл гаргаж байна. Харин зарим тохиолдолд няслаж харагддаг. Бид нарын хувьд хамгаалалтын байранд орох шаардлага байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1268 дугаартай шинжээчийн “Ч.Баяржавхлангийн биед нуруу, баруун, зүүн бугалга, шуу, зүүн дал, цээж, хэвлий, баруун, зүүн гуя, өвдөгт цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны 116 дугаар байрны 16 тоотод насанд хүрээгүй хохирогч Ч.Баяржавхлангийн дүүгээ зодсон гэх шалтгаанаар утасны залгуураар цохиж түүний нуруу, зүүн бугалга, шуу, зүүн дал, цээж, хэвлий, баруун, зүүн гуя, өвдөгт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч *******, насанд хүрээгүй хохирогч Ч.Баяржавхлан, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чанцалдулам нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
*******ийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн” гэм буруутайд тооцов.
Насанд хүрээгүй хохирогч Ч.Баяржавхлан, түүний хууль ёсны төлөөлөгч О.Чанцалдулам нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мөрдөгчийн хэргийн материал танилцуулсан баримтыг /хх-ийн 63 дугаар тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
*******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ