Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2024/0633

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Х.К гийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С

Нэхэмжлэгч: Х.К

Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Ж.А

Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Тарийн аудитын газрын аудитор Ж.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” ************* дугаартай актыг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С

Хариуцагч Ж.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 110/2024/0036/З

ТОДОРХОЙЛОХ нь:        

 

        1.  Нэхэмжлэгч Х.К  нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, аудитор нарт холбогдуулан “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” ************* дугаартай актыг хүчингүй болгуулах ”-аар маргасан байна.

 

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар шийдвэрээр: “Боловсролын тухай хууль /2002 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.1.7, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль /2009 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.К гийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай ************** дугаартай актыг хүчингүй болгох шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Маргаан бүхий актад Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолыг үндэслэл болгосон байдаг. Уг тогтоолын 11-т “... багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно гэжээ. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Х.К Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил үйлдвэрлэлийн сургалтын төвд нийт 19 жил тасралтгүй, тогтвор суурьшилтай ажилласан, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тэтгэмж авснаас хойш 2023 оны 04 дүгээр сар хүртэл Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил үйлдвэрлэлийн сургалтын төвд 71 сар буюу 5 жил, 11 сар ажилласан нөхцөл байдал тогтоогдож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...4/Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 111 дэх хэсэгт “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж тус тус заасан байна.

 

3.2. Гэтэл шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ “тасралтгүй ажилласан” гэснийг албан ёсоор тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолыг хэрэглэхгүйгээр Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар тол(1966 он)-ийг хэрэглэсэн явдал нь шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

 

3.3. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил үйлдвэрлэлийн сургалтын төвийн 2023 оны санхүүгийн тайлангийн аудит хийсэн байдаг. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “шалгагдагч этгээд” гэж төсвийн байгууллага тусгай сан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг; гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Шалгагдагч этгээд төсөв, санхүү. нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж тус тус заасан байна.

 

3.4. Маргаан бүхий акт дээрх журмын Хавсралт №1 Төлбөрийн акт, албан шаардлага бэлтгэх загварын дагуу үйлдэгдээгүй байдаг Тодруулбал, тус загварын “ТОГТООХ нь гэсний 1-т: Хариуцагч байгууллагын нэр, төлбөрийн гүйлгээний утга, үнийн дүн төгрөгөөр/ төгрөгийг Үндэсний аудитын газрын Төрийн сан банкин дахь Аудитын шалгалтын орлогын *******  /аймаг, нийслэл дэх төрийн аудитын газар холбогдох дансаа бичнэ/ тоот дансанд төвлөрүүлэх” гэжээ. Энэ тохиолдолд Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил үйлдвэрлэлийн сургалтын төвийн 2023 оны санхүүгийн тайлангийн аудит хийсэн, өөрөөр хэлбэл шалгуулагч этгээд МСҮТөв атал Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан шалгуулагч этгээд биш нэхэмжлэгч Х.К-д төлбөрийн акт тавьсан нь холбогдох хууль журамд нийцээгүй байна.

 

3.5. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд захиргаа эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлох, хуульд заасны дагуу эрх, үүргийг нь тайлбарлаж өгөх тайлбар гаргах боломжит хугацаа олгох гэх мэт үүрэг хүлээсэн. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил үйлдвэрлэлийн сургалтын төвийн захирал Н, нягтлан бодогч А нарт төлбөрийн акт тогтоосон талаар 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн нөхцөл байдал харагдаж байна. Түүнчлэн, хавтаст хэрэгт цугларсан сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаас үзэхэд маргаан бүхий акт гарч, захиргаанаас уг маргаан бүхий актыг шалгуулагч этгээдэд 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 18:42 цагт танилцуулсан гэж үзэхээр байна. Үүнээс үзвэл хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг маш ноцтой зөрчсөн байна.

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 

2. Шүүх, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

2.1. Нэхэмжлэгч Х.К гээс Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, аудитор нарт холбогдуулан “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” ************* дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.2. Боловсролын тухай хууль /2002 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Багш нийгмийн дараах баталгаагаар хангагдана” гээд 43.1.7-д “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох” гэж, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль /2009 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно” гэж,

 Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолын 11-д “Мөн зүйлийн 43.1.7-д заасан мөнгөн тэтгэмжийг тухайн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт ажилласан эсэхээс үл хамааран сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно” гэж тухайлан заасан.

 

2.3. Анхан шатны шүүх  “…Нэхэмжлэгчээс эмчилгээ хийлгэхээр цалингүй чөлөө авсан тул уг хугацааг ажил завсардсан гэж үзэхгүй гэж маргасан боловч түүнд эмчийн магадалгааны үндсэн дээр биш, харин хүсэлтийн дагуу цалингүй чөлөө олгосон болох нь өөрийнх нь хүсэлт, сургуулийн захирлын тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа, үүнээс гадна тэрээр цалингүй чөлөөтэй байсан 1 жил 8 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж аваагүй нь тогтоогдож байгаа ба уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг төр болон ажил олгогч байгууллагад нь үүсэхгүй тул дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд түүний цалингүй чөлөөтэй байсан хугацааг тасралтгүй ажилласан жилд хамааруулан үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2.4. Тодруулбал, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “...Х.К  нь 2015 оны сүүлийн 3 сар, 2016 онд 12 сар, 2017 онд 12 сар, 2018 онд 8 сар бүтэн, 1 сар хагас ажиллаж 10, 11, 12 сар болон 2019 оны 1-3 дугаар саруудад сайн дурын даатгал төлсөн байх бөгөөд мөн оны 9-11 дүгээр саруудад ажиллаж, 12 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл ажиллаагүй, 2021 онд 12 сар бүтэн, 2022 онд 7 сар, 2023 онд 1 сар ажилласан” болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Х.К гийн цалингүй чөлөө хүссэн өргөдлүүд болон Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Жилийн чөлөө олгох тухай” Б/71, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Чөлөө олгох тухай” Б/87 дугаар тушаал зэргээр нотлогдож байх тул түүнийг тасралтгүй 5 жил ажилласан байх шалгуурыг хангаагүй байхад ийнхүү тэтгэмж олгосон нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзэж хариуцагчаас маргаан бүхий Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” ************* дугаартай актаар “Хууль тогтоомж зөрчиж олгосон 8,959,450 төгрөгийн тэтгэмжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

  

2.5. Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны “Боловсролын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын 11-д ...мөнгөн тэтгэмжийг ...багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно гэж тайлбарласан бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь цалингүй чөлөө авч, улмаар түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасалдсан байх тул тасралтгүй ажилласан гэж үзэх боломжгүй төдийгүй энэ нөхцөл байдал нь хөдөө орон нутагт тасралтгүй ажилласан багшийг урамшуулах, тэдний нийгмийн баталгааг хангах тухай дээрх хуулийн зорилгод нийцэхгүй юм.

 

2.6. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн “...нэхэмжлэгч Х.К  нь эмчийн магадалгаагаар биш өөрийн хүсэлтээр цалингүй чөлөө авч 1 жил 8 сарын хугацаанд ажиллаагүй, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж аваагүй, тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу тасралтгүй 5 жил ажилласан байх нөхцөлийг хангаагүй” гэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ “тасралтгүй ажилласан” гэснийг албан ёсоор тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолыг хэрэглэхгүйгээр Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толийг хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

2.7. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “шалгагдагч этгээд” гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг, 4.1.5-д “аудитад хамрагдагч” гэж шалгагдагч этгээдтэй санхүү, эдийн засгийн харилцаанд оролцсон этгээдийг ойлгоно гэж заасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...шалгуулагч этгээд МСҮТөв атал Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан шалгуулагч этгээд биш нэхэмжлэгч Х.К-д төлбөрийн акт тавьсан нь холбогдох хууль журамд нийцээгүй” гэх гомдол үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

 

2.8. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг маш ноцтой зөрчсөн” тухай дурдсан байх боловч энэ талаар хариуцагчаас “...маргаан бүхий актыг сонсох ажиллагаа хийсний дараа гаргасан, хуулийн хугацааг баримтлахын тулд огноо зөрүүтэй бичигдсэн” гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгчийн тухайд нэгэнт “тасралтгүй 5 жил ажилласан байх” нөхцөлийг хангаагүй учир маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байх тул гомдлыг хангах боломжгүй юм.

 

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С-ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           ц.сайхантуяа

 

 

ШҮҮГЧ                                                           Г.мөнхтулга

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА