Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 00183

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Нарийн бичгийн дарга Г.Энхбат

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Б.Зориг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ариунаа

Гэрч Х.Цасчихэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

Шүүгдэгч Б.Эрдэнэхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эрдэнэхүүд холбогдох 201614000416 тоот хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                                      Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инжинер мэргэжилтэй, Эрдэнэт дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанид монтёр ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-49 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Нурдалай овгийн Батхүүгийн Эрдэнэхүү. /ФБ88051314/

                                                           Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Эрдэнэхүү нь 2016 оны 08 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүрэнбулаг худалдааны төвийн урд Б.Зориг, Ч.Ганчулуун нарын эд зүйлийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон Б.Зоригтын бугуйн цаг, үзгэн бал, 700 төгрөг, Ч.Ганчулууны 9 000 төгрөг зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь :

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

1. Шүүгдэгч Б.Эрдэнэхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 сарын 19-ний орой найз Дэлгэрийнхийг нүүлгэхээр 6-11 дүгээр байранд очсон. Тэгээд 2 л пиво  нэгийг уусан.  Гэртээ харих гэтэл такси олдохгүй болохоор нь урт цагаанаар алхаад явж  байсан. Гэтэл 2 хүүхэд явж байхаар нь  2 удаа дуудахад ирээгүй, зугтаах гэхээр нь би цамцнаас нь бариад ахдаа мөнгөө өгчих тамхи авах гэсэн юм гэж хэлэхэд нэг нь 700 төрөг өгөөд ахаа манай эмээгийн бие муу байгаа би Хабитат явна гэхээр нь 400 төгрөгийг нь буцааж өгсөн. Тэгээд хариад байж байтал Цасчихэр ахмад орж ирээд энэ 2 хүүхдийг таних уу? гэсэн танина гээд би эд зүйлийг нь хүлээлгэж өгсөн. Тэгээд заавал цагдаа дээр очно гээд авч явсан. Маргааш нь манай аав ээж 2 очиж цагдаагийн газраас авсан гэв.

2. Насанд хүрээгүй хохирогч Б.Зоригийн “...2016 оны 08 сарын 19-ний орой найз Ганчулууны хамт Уурхайчин багийн 3-8-р байрны гадна талын сагсан бөмбөгийн талбай дээр очиж тоглосон. 01 цаг болох гэж байхад тоглоомоо дуусгаад гэр гэр лүүгээ явах болсон. Манай найз Ганчулуун Шанд багт байдаг гэртээ харихаар 3-8-р байрны дундуур Баян худалдааны төв рүү явсан. Бид хоёрыг Баян худалдааны төвийн тэнд очиход Шанд баг руу явах унаа машин байгаагүй. Тэгэхээр нь Ганчулууныг манай гэрт хоночих гээд бид 2 эргээд явсан. Бид хоёрыг 3-17-р байрны автобусны буудал орчим явж байхад нэг ах зөрөөд явсан. Тэр ахтай зөрөөд явж байхад хойноос хэн нэгэн хүн хөөе гээд 2 удаа орилсон. Тэгэхээр нь бид 2 эргээд харсан чинь зөрөөд явсан ах байсан. Тэр ах бид хоёрт хандаж хүлээж чадахгүй байна уу? пиздануудаа гэж хэлээд бид хоёрын хажууд хүрээд ирсэн. Ирэнгүүтээ миний араас барьж аваад Ганчулууны цамцны зах руу хойд талаас нь гараа хийх гээд байсан. Ганчулууны цамцны зах руу гар нь орохгүй хоолойг нь боогоод байсан. Гэтэл Ганчулуун ахаа намайг боогоод байна шүү дээ гэхэд тэгвэл наад цамцныхаа захыг суллаач гэж хэлсэн. Үйлчилгээний төвийн баруун талд аваачаад та хоёр зодуулахаасаа өмнө халаасанд байгаа бэлэн мөнгө болон эд зүйлээ гаргаад ир гэсэн. Мөнгө байхгүй гэсэн чинь ална шүү та хоёрыг зодуулж байж гаргаж өгөх гээд байгаа юм уу гэж айлгаад миний өмдний баруун талын халаас руу гараа хийх үед Ганчулуун гар утсаа халааснаасаа гаргаад өмднийхөө ар тал руу буюу нуруу руугаа хийсэн. Миний өмдний халаас руу гараа хийх гээд багтахгүй байхаар нь би өөрөө эд зүйлээ гаргаад өгье гээд халаасанд байсан 700 төгрөг, хар өнгийн оосортой эрэгтэй бугуйн цаг, цэнхэр өнгөтэй үзгэн бал, гэрийн түлхүүр зэргийг гаргаж өгсөн. Ганчулууны халаасыг тэр ах өөрөө нэгжиж үзээд мөнгө авсан.  Зодуулаагүй байгаа дээрээ тонил хурдан явахгүй бол ална шүү гэсэн. Тэр ахыг салаад явахаар нь Ганчулуун гар утсаа гаргаж ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагаа авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/

Насанд хүрээгүй хохирогч Б.Зориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...найз Ч.Ганчулуун бид хоёрыг Уурхайчин багийн 3 дугаар хороололын 17 дугаар байрны хойд талын автобусны буудлын хажууд явж байхад бид хоёртой энэ ах муухай хараад зөрөөд өнгөрсөн. Тэгснээ араас хөөе гээд хоёр удаа орилсон. Тэгээд эргээд харсан чинь бид хоёртой зөрөөд өнгөрсөн ах бид хоёр луу хүлээж чадахгүй байна уу? пиздануудаа гээд бид хоёрын хажууд ирсэнээ  бид хоёрын хүзүүнээс барьж аваад дагаад яв гэсэн. Дагаад явахгүй бол ална шүү, цус нөжтэй чинь холино шүү гээд байхаар нь айгаад энэ ахад чирэгдээд үйлчилгээний төвийн баруун урд очсон. Тэгээд та хоёр зодуулахаасаа өмнө халаасандаа байгаа бэлэн мөнгө эд зүйлээ гаргаад ир гэсэн.Тэгэхээр нь бид хоёрт мөнгө байхгүй ахаа гэсэн чинь ална шүү, та хоёр заавал зодуулж байж гаргаж өгөх гээд байгаа юм уу гэж айлгаад миний өмдний халаасыг ухаад байх хооронд Ганчулуун гар утасаа халааснаасаа гаргаж өмднийхөө хойд тал руу хийсэн. Би айгаад гэрийн түлхүүр, бугуйн цаг, бутархай мөнгө, үзлэг зэргээ гаргаж өгсөн. Дараа нь Ганчулууны халаасыг нэгжээд 9 000 төгрөгийг нь авсан. Миний гэрийн түлхүүр үзэгийг буцааж өгсөн. Ахаа цагаа авъя гэсэн чинь чаддаг юм бол зодоод ав гэхээр нь бид хоёр явчих уу гэсэн зайл тонил гээд салаад явсан.Тэр ахыг салаад явахаар нь Ганчулууны утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд араас нь холоос хараад дагаад яваад байсан чинь 2-26-р байрны 2-р орцны 2 давхарын айл руу орсон. Цагдаа ирээд энэ ахаас цагийг минь авч өгөх үед эвдэрсэн байсан. Миний цаг бүрэн бүтэн зүгээр явж байсан. Сагс тоглохдоо цагаа авч халаасандаа хийсэн юм. Одоо цаг маань эвдэрсэн тул цагныхаа үнийг авч байгаа юм гэв.

3. Насанд хүрээгүй хохирогч Ч.Ганчулууны “ 2016 оны 08 сарын 19-ний өдрийн орой 19 цагийн үед найз Зориг дээр ирээд бид 2 Уурхайчин баг 3-8-р байрны гадна талын сагсан бөмбөгийн талбайд найзууд болох Тэмүүлэн, Тулгаа нар болон танихгүй хүүхдүүдтэй сагсан бөмбөг тоглосон. 01 цаг болох гэж байхад тоглоомоо дуусгаад харих гээд явсан. Би Баян худалдааны төвийн хажуу талаас гэр хорооллын машинд суухаар Зориг намайг дөхүүлж өгөхөөр хамт явсан. Баян худалдааны төвийн тэнд очиход гэр хороолол руу явах машин байгаагүй. Гэтэл Зориг намайг манай гэрт хонох уу? гэхээр нь тэгье гээд бид 2 эргээд харанхуй байсан болохоор төв замын гэрэл дагаад явсан. Бид 2-ыг 3-17-р байрны хойд талын автобусны буудлын хажууд явж байтал нэг ах бид 2-той зөрөөд өнгөрөх үедээ муухай хараад байсан. Зориг бид 2-ыг цааш явж байхад нэг хүн араас хөөе гээд 2 удаа орилохоор нь эргээд хартал бид 2-той зөрөөд явсан ах байсан. Тэр бид 2-т хүлээж чадахгүй байна уу? пиздануудаа гэж хэлээд бид 2–ын хажууд хүрээд ирсэн. Ирэнгүүтээ Зоригийг барьж аваад цамцны зах руу нь гараа хийх гээд байсан. Миний цамцны зах руу гараа хийх гэсэн чинь гар нь орохгүй миний хоолойг  боосон. Тэгэхээр нь ахаа миний хоолойг боогоод байна гэсэн чинь цамцныхаа захыг суллаач гээд бид 2-ын хүзүүнээс барьж аваад дагаад яв, тэгэхгүй бол цус нөжтэй чинь холино шүү гэхээр нь айгаад чирэгдээд үйлчилгээний төвийн тийшээ явсан. Та 2 зодуулахаасаа өмнө халаасандаа байгаа бэлэн мөнгө болон эд зүйлээ гаргаад ир гэсэн. Ахаа бид 2-т мөнгө байхгүй гэсэн чинь ална шүү та 2 заавал зодуулж байж гаргаж өгөх гээд байгаа юм уу? гээд айлгаад Зоригийн өмдний халаасыг ухаад байсан. Тэр хооронд би гар утсаа гаргаад өмднийхөө хойд тал руу хийсэн. Тэр үед нөгөө ах Зоригийн гэрийн түлхүүр, бугуйн цаг, бутархай мөнгө, үзэг зэргийг өөрөөр нь гаргуулж авсан. Дараа нь миний 9 000 төгрөгийг авсан. Зориг ахаа цагаа авъя гэсэн чинь чаддаг юм бол намайг зодоод ав гэхээр нь бид  2 явчих уу? гэсэн чинь зайл тонил гээд салаад явсан. Тэр ахыг салаад явахаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэр ах зодуулахаасаа өмнө эд зүйлээ гаргаж өг гэж айлгаж байгаад эд зүйлийг маань авсан. Миний 9 000 төгрөгийг өөрөө халааснаас авсан. Тэр ах Зориг бид хоёрыг цохиж зодоогүй ч өмсөж явсан цамцны захаар боогоод байсан. Хоолой бага зэрэг өвдөж байсан. Дээрэмдүүлсэн эд зүйлээ авмаар байна ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-27 талд/

4. Гэрч Г.Долгорсүрэнгийн “ 2016 оны 08 сарын 19-ний өглөө 07 цаг өнгөрч байхад нөхөр маань ажилдаа явсан бөгөөд оройхон ажил тарсны дараа нөхөр лүүгээ залгатал Дэлгэрийнд байна гэж хэлсэн, тэр шөнө би түүн рүү залгаагүй шөнийн 03 цаг өнгөрч байхад хаалга тогшихоор нь очоод тайлтал нөхөр маань ганцаараа орж ирсэн. Бага зэрэг халамцуу байсан. Тэр үед охин маань сэрчихсэн байсан, нөхөр маань охиноо унтуулах гэж байтал дахин хаалга тогшихоор нь Эрдэнэхүү очоод тайлтал нэг цагдаа орж ирээд түүнийг авч явах гэхээр нь манай нөхөр яасан юм бол гэхэд 2 хүүхдийн юмыг дээрэмдсэн гэж хэлсэн. Ногоон оосортой цаг үзүүлэхээр нь ямар учиртай юм бэ? гэхэд олсон гэхээр нь битгий худлаа яриад бай гэхэд 2 хүүхдээс авчихсан юм гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 талд/

5. Гэрч К.Кенжбайгийн “2016 оны 08 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 04 цагийн үед эрүүлжүүлэх байрны цагдаагийн үүрэг гүйцэтгэж байхад эрүүгийн төлөөлөгч ахмад Цасчихэр Батхүүгийн Эрдэнэхүү гэгчийг авч ирсний дагуу биед нь үзлэг хийж эрүүлжүүлэх хэмжээний согтолттой байсан тул эрүүлжүүлсэн ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 талд/

    6.  Гэрч М.Цасчихэрийн “ жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж хоносон. Шөнийн 03 цаг 45 минутанд Ганчулуун гэдэг хүүхэд цагдаагийн газрын 102 дугаарын утсанд найзтайгаа явж байгаад танихгүй согтуу, эрэгтэй хүнд дээрэмдүүлчихлээ бидний юмыг авсан хүн 2-26-р байрны 2-р орцны 2 давхарт нэг айл руу орчихлоо гэсэн дуудлага мэдээллийг өгсөн ба би дуудлагаар очсон. Зааж өгсөн хаалгыг тогштол нэг халамцуу залуу хаалга тайлж өгсөн бөгөөд өөрийгөө Эрдэнэхүү гэж танилцуулсан. Энэ 2 хүүхдийг таних уу? хүүхдүүдээс авсан эд зүйлүүд хаана байна хувцасаа өмсөөд гараад ир гээд цагдаагийн газар очих шаардлагатайг хэлэхэд сүртэй пизда вэ? гэх зэргээр хэгжүүрхэн шаардлага үл биелүүлсэн тул түүнийг шөнийн 04 цагийн үед эрүүлжүүлэхэд хүргэж өгсөн. Маргааш өглөө нь А.Оюунболд байцаагчид дээрх хүүхдүүдээс болон Эрдэнэхүү гэж залуугаас авсан тайлбар, бугуйн цаг задгай 300-400 төгрөгийг материалын хамт хүлээлгэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 талд/

     6. “...бугуйн цаг үзгэн бал 108 000 төгрөг гэсэн Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт” / хх-ийн 49-51-р талд /

      7.  Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 5-р талд/

      8. Бичиг баримтанд үзлэг хийсэн  тэмдэглэл / хх-ийн 6-11 талд/

      9. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12-13-р талд/

      10. Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15-р талд/

      11. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-р тал/

      12. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэхүүд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 болгон өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй, мөн үнэлгээчин цагийг биет байдлаар харж үнэлээгүй учир бодит үнэлгээг тогтоосон гэж үзэх боломжгүй учир хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгана гэж тус тус мэтгэлцэж байх боловч шүүгдэгч насанд хүрээгүй хохирогч нарын эд хөрөнгийг авах зорилгоор ална шүү, заавал зодуулж байж өгөх гээд байгаа юм уу гэх мэт үг хэлээр айлган заналхийлэн довтолж байгаа нь дээрмийн гэмт хэргийн бүрдэл болж байх тул зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй, хавтаст хэргийн 49-р хуудсанд үнэлгээчин цагийг ашигласан хугацаа чанар зэргийг харгалзан үнэлгээний нийтлэг аргыг ашиглан тооцож гаргасан гэж тайландаа тусгасан байх тул үнэлгээг үнэн зөв гэж дүгнэж хэргийг мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэхүүд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр  заналхийлж довтлон  2016 оны 08 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүрэнбулаг худалдааны төвийн урд насанд хүрээгүй хохирогч Б.Зориг, Ч.Ганчулуун нарын эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнийг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бугуйн цагийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдав.

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Нур далай овгийн Батхүүгийн Эрдэнэхүүг /ФБ 88051314/ бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэхүүг  3 /гурав/  жил 1/нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэхүүгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бугуйн цагийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэхүүд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

          7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар ялтан Б.Эрдэнэхүүд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

         8.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9.  Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.