Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2021/0427

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дүгнэлт гаргагч: С дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны хяналт тавих албаны хяналтын прокурор Э.Ч

Хариуцагч: С дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б,

Прокурорын дүгнэлт: С дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны улсын байцаагч Д.Бгийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ****715 дугаартай шийтгэлийн хуудасны 1 ширхэг тарваганы мах худалдсан, 1 ширхэг тарвага зөвшөөрөлгүй худалдсан гэснийг 1 ширхэг тарваганы мах тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдан авсан гэж тус тус өөрчлөлт оруулахыг хүссэн, зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч хяналтын прокурор Э.Ч, хариуцагч улсын байцаагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

С дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны хяналт тавих албаны хяналтын прокурор Э.Ч шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Т.Б нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дагалдах баримт бичиг, зөвшөөрөлгүйгээр тарвага худалдаж авсан нөхцөл байдал тогтоогддог бөгөөд эрх бүхий мэргэжлийн хяналтын байцаагч хууль буруу хэрэглэж, буруу дүгнэлт өгч, Зөрчлийн тухай хуулийн 7.6.1-д зааснаар худалдсан гэж дүгнэсэн. Худалдсан гэж тухайн үйлдэл хийж дууссан байхыг ойлгодог. Худалдах талаар зар байршуулах, худалдахаар очсоныг тухайн үйлдэл төгссөн гэж үзэхгүй. Иймд хэрэгт авагдсан баримтаар худалдан авсан баримт тогтоогдож байх тул худалдсан биш худалдан авсан гэж өөрчлүүлэхээр дүгнэлт бичсэн гэжээ.

С дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн иргэн тарвага зарах зорилгоо биелүүлж, үйлдэл гаргасан. Тухайн үед цагдаа байсан учир зорилгоо биелүүлээгүй. Гуравдагч этгээд би тарвага зарах гэж байсан, цагдаа байсан учир мөнгөө авч чадаагүй, миний зорилго биелсэн гэж хэлсэн болохоор прокурорын дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, дүгнэлт гаргагч, хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүнд хавсаргасан бичгийн нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр С дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны улсын байцаагч Д.Бгийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ****715 дугаартай шийтгэлийн хуудасны 1 ширхэг тарваганы мах худалдсан, 1 ширхэг тарвага зөвшөөрөлгүй худалдсан гэснийг 1 ширхэг тарваганы мах тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдан авсан гэж тус тус өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хангаж шийдвэрлэлээ.

С дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны улсын байцаагч Д.Бгийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ****715 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Т.Бг 1 ширхэг тарвага зөвшөөрөлгүй худалдсан гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5-д зааснаар 300,000 төгрөгөөр торгож, нөхөн төлбөрт 340,000 төгрөг гаргуулж нийт 640,000 төгрөгийн шийтгэл ногдуулжээ

Прокурор дүгнэлтийн үндэслэлдээ ... хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Т.Бгийн гараар бичсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар Т.Б нь 1 ширхэг тарваганы махыг худалдаж борлуулаагүй, харин худалдан авсан болох нь тогтоогдож байна... гэж тайлбарлан маргажээ.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчилд үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж, хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл зөрчил гаргагчийг фэйсбүүкт хаягтаа тарваганы мах зарна гэсэн зар байршуулж, цагдаад баригдсан үйдлээр зөрчил гаргагчийг 1 ширхэг тарваганы мах зарсан гэж үзсэн улсын байцаагчийн шийтгэл зөрчлийн шинжтэй тохирохгүй байна.

Учир нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл Т.Бгийн тайлбар зэрэг баримтуудаар зөрчил гаргагч 1 ширхэг тарваганы мах худалдсан үйлдэл тогтоогдохгүй, харин худалдан авсан гэдгээ зөрчил гаргагч хүлээсэн байх тул прокурорын дүгнэлт зөв байна.

Улсын байцаагч зөрчил гаргагчийг ...цагдаад баригдаагүй бол худалдах байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч дээрх хуульд заасан худалдсан гэдэг үгийг иргэний эрх зүйн талаас нь тайлбарлавал Т.Бн зарын группэд зар тавьж цагдаад баригдсан үйлдэл нь худалдахыг завдсан байх ба, харин 1 ширхэг тарваганы махыг бусдад бэлэн мөнгөөр, зээлээр, өөр эд зүйлээр сольсон зэрэг үйлдэл тогтоогдоогүй байх тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд Улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчилд үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг үндэслэн иргэн Т.Бг 1 ширхэг тарваганы мах худалдсан, 1 ширхэг тарваганы мах зөвшөөрөлгүй худалдсан зөрчил үйлдсэн гэж үзэж торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна. гэж заасантай нийцээгүй байна гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу С дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаар дүгнэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн С дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн С дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны улсын байцаагч Д.Бгийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ****715 дугаартай шийтгэлийн хуудасны 1 ширхэг тарваганы мах худалдсан, 1 ширхэг тарвага зөвшөөрөлгүй худалдсан гэснийг 1 ширхэг тарваганы мах тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдан авсан гэж тус тус өөрчлөлт оруулахыг хүссэн дүгнэлтийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар С дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ