Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 05-ны өдөр       Дугаар 2019/ДШМ/23                        Баруун-Урт

 

А.Эид холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг  даргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор Л.Мөнхбаяр

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг

нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлоор Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Эид холбогдох эрүүгийн 1930001960128 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг “Бадрахын гол” гэх газар оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнсэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, А.Э 

 

   Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр  “Ч” дэлгүүрийн хойд талд байх өөрийн гэртээ хохирогч У.М руу бензин цацаж,  шүдэнзээр гал асаан шатааж улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч А.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор:  Шүүгдэгч  А.Эийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хүний эрүүл мэнд бие махбодь сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч А.Эийг 1 /нэг/ жил 8/ найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Эид оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, ялтан А.Эид энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч У.М өөрт учирсан хүндэвтэр хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч У.Мын юүдэнтэй саарал өнгийн цамц, улаан өнгийн эмэгтэй футболкийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, А.Эийн эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” 5/15 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, ялтан А.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч А.Э нь хэдийгээр залуу хүн боловч, 2014 оноос нуруу нь өвдөж, онош тодруулах шинжилгээ, эмчилгээ хийлгэж, 2015 онд онош нь тогтоогдож, нурууны хагалгаанд орсон байдаг. Хагалгааны дараах үед биеийн байдал нь сайнгүй байсан учир эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тооцож, 1 жилийн хугацаагаар группэд байсан. Хүнд хүчир ажил хийх, хэт ядрах, хүнд зүйл өргөх, тээврийн хэрэгсэлд удаан хугацаагаар зорчих зэрэгт өвдөлт өгдөг. Одоо цагдан хоригдсоноор амьдрах орчин, хоолны дэглэм өөрчлөгдөж нар, салхи орохгүй, агаар муутай, чийгтэй газар удаан хугацаагаар байсны улмаас өвчин нь сэдэрч, өвдөлт өгөөд байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3-т “шүүх энэ хуульд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан бөгөөд А.Э нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Түүнчлэн шүүх “хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж дүгнэсэн тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой юм. Иймд дээрх хуулийн заалт, миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлоор шүүгдэгч А.Эид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан тогтоохын зэрэгцээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тус шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч А.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 04-05 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ч”  дэлгүүрийн хойд талд байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч У.М руу бензин цацан шүдэнз зурж шидсэнээс шатаж,  эрүүл мэндэд нь “зүүн гар, нүүр болон хэвлийн хэсгийн биеийн 15-20 орчим хувийг хамарсан хоёрдугаар зэргийн түлэгдэлт”  бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Э, хохирогч У.М, гэрч С.Г, Э.Э, Б.Б нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 213,  мөн оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10  дугаар дүгнэлтүүд, яаралтай тусламжийн хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу  хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох арга гэх ойлголтод: түргэн шатамхай зүйл буюу бензиныг хамааруулж авч үзнэ. Үүнийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тохиолдолд өндөр хэмийн хүчин зүйлийн үйлчлэл буюу гал гарсны улмаас  хүний бие махбодь, сэтгэл санаанд онцгой нөлөөлөх өвдөлт, шаналал, зовиур, зовлон зүдгүүр, хүндрэл бэрхшээл бий болгодог. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Э нь согтуурсан үедээ “ гэрт архи асгалаа, шүлс, нусаа хаялаа “ гэх зүйлээр шалтаглан хохирогч У.Мын бие рүү  20 литрийн ногоон төмөр савны дунд хэсгээр байсан бензинээс цацаж, шүдэнз зурж шидсэний улмаас түүнд зүүн гар, нүүр болон хэвлийн хэсгийн 15-20 орчим хувийг хамарсан хоёрдугаар зэргийн түлэгдэлт үүссэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн  гэмт хэргийн ойлголт болон эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч А.Э нь хохирогчийн хувцсан дээрээ асгасан архинд шүдэнз зурж шидэх улмаар асахгүй болохоор нь гэрийн гаднаас савтай бензин авчирч,  хохирогчийн бие рүү бензин цацаж байгаа үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа  түүнийг хүсч, шүдэнз зурж шидсэний улмаас шатаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Эийн гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бие махбодь, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хуульд заасан төрөл,  хэмжээний ял оногдуулсан байна.

 

Шүүгдэгч А.Эид шүүхээс хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.  Энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Эийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон нийт 73 /далан гурав/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         С.ОЮУНТУНГАЛАГ 

 

                            ШҮҮГЧИД                    Д.БАЙГАЛМАА    

 

                                                                                    О.БААТАРСҮХ