Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1669

 

2022        11        10                                  2022/ШЦТ/1669

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэр,

улсын яллагч А.Өсөхбаяр,

хохирогч Ж.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч Б.Б, Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, Б.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 04082 3301 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймаг Баянбулаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Ариунбүрд ХХК-д туслах ажилчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт Баянхонгор аймаг Баянбулаг сум 1 дүгээр баг сангийн далай гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо 36 дугаар гудамжны 26 тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Б

Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг Баянбулаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Ариун бүрд ХХК-д туслах ажилчин ажилтай, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч дүү нарын хамт Баянхонгор аймаг Баянбулаг сум 1 дүгээр баг Сангийн далай гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Мандал овоо 36-26 тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Д

Холбогдсон хэргийн талаар:

 

Яллагдагч Б.Б нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүрд ХХК-ны шинээр барьж буй барилгын талбайд 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Ж.Сэргэлэнбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан Б.Дтой үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн зодож Ж.Сэргэлэнбаатарын биед баруун 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн зовхи, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Б.Д нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүрд ХХК-ны шинээр барьж буй барилын талбайд 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Ж.Сэргэлэнбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан Б.Бтой үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн зодож Ж.Сэргэлэнбаатарын биед баруун 6, 7, 8 дугаар хугарал, тархи доргилт, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн зовхи, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохиролд 300.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Бетон зуурмаг аваад, бетоноо буулгамаар байна.  Илүү цагаар ажилламааргүй байна тэргээр ачаагаа зөөе гэхэд буулгахгүй гэсэн. Хатанцоож Мөнх-Эрдэнийг боосон байхаар нь салгах гэхэд футболка нь урагдсан. Тэгтэл Мөнх-Эрдэнэ найзуудаа дуудсан. Гурваас дөрвөн машинтай хүн байсан. Зодоон болоод дууссаны дараа толгой хагарсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Сэргэлэнбаатарын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн “2022 оны  8 дугаар сарын 05 ны өдөр орой 11 цаг өнгөрч байхад “Эвт чулуу” бетон зуурмагийн үйлдвэрт сүүлийн машин орж ирсэн. Би машиндаа засвар хийж байсан. Зуурмаг хийдэг манай найз жолооч руу залгаад 4-5 жолооч машинтай тэдний хашаанд орж зогссон. Машин дотроос буусан дөрвөн хүний нэг нь би байсан. Тухай үед барилгын ажил явагдаж байсан талбай дээр буухад манай найз жолооч Мөнх-Эрдэнийг машин хашаа хоёрын завсар олуулаа шахсан байсан. Хувцас хунар нь урагдсан, маргалдсан, түлхэлдсэн байдалтай байсан. Намайг очиход өөдөөс хоёр гурван хүн ирсэн. Тэд нартай барьцалдаж авсан. Тэр дунд энэ хоёр нөхөр идэвхитэй оролцож байсан. Хоёулаа хувцсаа тайлсан. Орилж чарлаад бусдыг уруу татаад байсан. Нэг нь барилгын төмөр барьсан байж байсан. Тэрүүгээр миний толгойг цохьсон байх. Араас нь олон тооны хүн дайрсан тул газар унасан. Босоод ирэхэд ийм зүйл болсон байсан.  Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст байхад дуудлагаар ирсэн байсан эмч миний толгойд таван  оёдол тавьсан. Хавирга хугарсныг мэдээгүй хөндүүртэй байсан. Маргааш нь шүүх эмнэлэг дээр очиход томограф зураг авахуул гэсэн тул толгойн болон цээжний томографийн зураг авахуулсан. Түүн дээр гэмтлийн зэргүүд нь тодорхой гарч ирсэн. Хувийн эмнэлэгт найман хоног хэвтэж эмчлүүлсэн. Төлбөрт нь 1.217.000 төгрөгийн зардал гарсан. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хойш эдгээр шүүгдэгч нартай нэг ч холбогдоогүй. 2 сарын дараа цагдаагийн хэлтэс дээр Мөнхбаяр дэслэгч намайг шүүгдэгч нартай уулзуулсан. Прокурорт шилжихээс өмнө бас нэг удаа уулзсан. Тэгэхэд чиний гомдлыг барагдуулъя гэж хэлсэн боловч тэр үгэндээ хүрээгүй. Эрүүл мэнд цаг хугацаагаар хохирсон тул гомдолтой байна. Ажилаа хийж чадахгүй байна. Нэг жилийн хугацаанд хүнд зүйл өргөж болохгүй. Гурван хавирга хугарсан. Шүүгдэгч нараас 1.215.000 төгрөг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эмнэлэгт хэвтсэний зардал гэж авсан. Миний үндсэн цалин 2.400.000 төгрөг. Нийгмийн даатгал 1.000.000 төгрөгөөр төлдөг. Одоо ч би ажилгүй байгаа. Ажлаас халагдах дээрээ тулсан байгаа. Том машин барих боломжгүй. Машинаа арчилах чадваргүй зэрэг шалтгааны улмаас ажлаас хавар хүртэл чөлөө авсан. Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал төлсөн  2 сая төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

Хавтаст хэргээс

Яллагдагч Б.Бийн “Тухайн үед манай ажлын ахад муухай зан гаргасан учраас энэхүү үйлдлийг гаргах болсон бөгөөд тэр залуу бидэнд тиймэрхүү авир гаргаагүй байсан бол ийм зүйл болохгүй байх байсан. Би өөрийн үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

Яллагдагч Б.Дийн “Тэр өдөр бетон нийлүүлж байсан байгууллагын ажилчид нь гадаа манай ажилчидтай маргалдаад байхаар нь гарч очтол ажлын ах Алтанцоожийг тэр хүмүүс нь хоолойг нь боосон гэж хэлсэн ба Алтанцоож ахтай маргаан үүсгэсэн байсан. Тухайн залууд учруулсан гэмтлийг нь тухайн үедээ Баасандорж бид нар салгаж байхад бидэн рүү дайраад Баасандоржийн цамцыг нь урчихаар нь бид нар зодолдож асуудлыг үүсгэсэн. Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Хохирогч Ж.Сэргэлэнбаатарын “2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Хурд ХХК-ны оффисын барилга руу бетон зуурмаг нийлүүлсэн. Би тухайн нийлүүлэх ажлаа дуусгачихаад тэндээс гараад явж байтал хамгийн сүүлийн машины жолооч Мөнх-Эрдэнэ нь намайг зодчихлоо, та нар хүрээд ир гэж хэлэхээр нь явж очтол Мөнх-Эрдэнийг бариад авчихсан байсан байхаар нь яаж байгаа талаар асуусан чинь захиалагч Арвин бүрд ХХК-ны 30-40 гаруй ажилчид байсан. Тэгээд яваад очтол хэн гэдэг нь мэдэгдэхгүй үл таних хүн нүүр рүү цохиод газарт унагаасан ба тэдний ажилчид миний дээрээс ирж дэвссэн бөгөөд босоод иртэл миний толгойноос цус гарч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

Гэрч Б.Мөнх-Эрдэний “Тэр байгууллагын үл таних ажилчин нь үлдэгдэл бетоныг тэргээр зөөнө гээд байхаар нь илүү гарчихсан болохоор эндээ асгачихяа ажлаас буух цаг болчихсон байна, илүү цагаар зогсвол цагийн 50.000 төгрөг авдаг шүү дээ гэж хэлтэл миний өөдөөс “би чиний бетоныг худалдаж авсан, чамайг шөнөжингөө зогсоосон ч болно” гэж хэлэхээр нь түүнтэй маргалдсан. Тэгтэл тэр хавьд байсан 3-4 залуучууд хүрч ирээд намай заамдаад подволкноос татаж чангаагаад байхаар нь би хамт ажилладаг менежер болон жолооч нарыгаа дуудсан. Сэргэлэнбаатарыг ирэхэд газарт унагаад дэвсэж байхад нь очиж болиултал Сэргэлэнбаатарын толгой нь хагарч гэмтсэн байсан. Тэнд байсан хүмүүсийн нэг нь хувцасгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Гэрч Б.Бийн “Алтанцоожтой уулзаад байж байтал Алтанцоож ахыг цохих шиг болохоор нь би эхлээд гүйгээд очоод салгатал намайг сүүлд газарт уначихсан байсан залуу нь цохиод тэнд зодоон эхэлсэн. Зодолдоод зууралдаад байж байхад Дэмбэрэлдорж араас ирээд надтай хамт зодолдсон ба нэг залуу нь газарт уначихсан байхад нь Дэмбэрэлдорж бид хоёр хамтдаа очоод тэр залууг зодсон. Тухайн газарт унасан байсан залууг Дэмбэрэлдорж бид хоёр цохиж зодсон өөр хүн гар хүрээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10919 дугаартай “Ж.Сэргэлэнбаатарын биед баруун 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн зовхи, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06-10 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүрд ХХК-ны шинээр барьж буй барилгын талбайд 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Ж.Сэргэлэнбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан Б.Дтой үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн зодож Ж.Сэргэлэнбаатарын биед баруун 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн зовхи, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Д нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүрд ХХК-ны шинээр барьж буй барилын талбайд 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Ж.Сэргэлэнбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан Б.Бтой үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн зодож Ж.Сэргэлэнбаатарын биед баруун 6, 7, 8 дугаар хугарал, тархи доргилт, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн зовхи, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ж.Сэргэлэнбаатар, гэрч Б.Мөнх-Эрдэнэ, яллагдагч Б.Д, Б.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Б.Б, Б.Д нарын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул Б.Б, Б.Д нарыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Хохирогч Ж.Сэргэлэнбаатар нь шүүхийн шатанд гаргаж өгсөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг /хх-ийн 101 дүгээр тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, Б.Б, Б.Д бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б, Б.Д нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Б.Б, Б.Д нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Шүүгдэгч Б.Б, Б.Д нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Б.Б, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Б.Б, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Б, Б.Д нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 120 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.Б, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д, Б.Б нарт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Б.Д, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 120 /нэг зуун хорь/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Д, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ