Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/390

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0362/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ц- овогт Э-ын Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000439 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц- овогт Э-ын Б- /РД:/,

Э.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б- нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Х.А-д вон хямд үнээр худалдана хэмээн 2022 оны 03 дугаар сарын 13-наас 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд нийт 9 удаагийн гүйлгээгээр 16,724,500 төгрөг өөрийн ХХХ- дугаарын дансанд шилжүүлэн авсан, байрны урьдчилгаанд утас оролцуулах хэрэгтэй болоод байна хэмээн итгүүлж 5,800,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утсыг тус тус залилж нийт 22,524,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” төвд хувиараа гар худалдан борлуулдаг юм. Надтай хамт ажиллаж байсан П- гэх хүний төрөл садангийн хүн болох Б- гэх залуутай би одоогоос 5-6 жилийн өмнө танилцсан юм. Б- нь надаас 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд манай ээжтэй хамт ажилладаг хүн Солонгос Улсаас “вон” зарах гэж байна, та авах уу, эсхүл манай ээж Солонгос Улсад байдаг юм та гар утас авч ч болно, би танаас авсан мөнгөө ээж рүү хийнэ гэж хэлж байсан. Би тухайн үед “вон” аваад ханш нь өсөхөөр буцааж эргэлдүүлж ашиг олж болох юм байна гэж бодоод зөвшөөрсөн. Ингээд Б-ы надад өгсөн ХХХ- дугаарын данс руу 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1,398,000 төгрөг өөрийн ХХХ дугаарын данснаас..., 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг..., 2022 оны 03 дугаар сарын 25-ны орой 2,176,500 төгрөг..., 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,950,000 төгрөг..., 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг..., 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1,190,000 төгрөг..., 2022 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр 310,000 төгрөг..., 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг..., 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг... тус тус шилжүүлсэн, энэ мөнгийг авснаас хойш надад нэг ч удаа “вон” эргүүлэн өгч байгаагүй, утсаар холбогдохоор утсаа ч авахаа больсон... Мөн надтай анх уулзахдаа энэ манай ээжийн фейсбүүк хаяг гээд “Т-” гэсэн хаягийг надад үзүүлж байсан ингээд тухайн өдрөөс хойш уг хаягаас надруу “Би *******гийн ээж байна” гээд чат бичсэн, ингээд л би итгээд уг хаягтай харилцаад дээрх мөнгийг Б-ы өгсөн дансанд шилжүүлж байсан юм. Б- нь надаас мөнгө авахын өмнө би Улаанбаатарт нисэхэд байр захиалсан байгаа барилгын менежер нь надад байрны урьдчилгаанд гар утас оролцуулж болно гээд байна, та надад 2 гар утас зээлчих гээд нийт 7,000,000 төгрөгийн хоёр ширхэг гар утас буюу нэг нь “I phone 12 pro max”, “iphone 11 pro max” гар утсыг 2022 оны 03 дугаар сарын эхээр зээлээр аваад мөнгийг нь одоо хүртэл эргүүлэн өгөөгүй байгаа, надад Б- нь гар утас авахаас өмнө надад ээж гэж үзүүлж байсан фейсбүүк хаягаас “чи *****д утас зээлчих ээ, эгч нь цалин буухаар өгнө” гэж чат бичсэн байсан учир би итгээд Б-д хоёр гар утсыг нь зээлчихсэн, одоог хүртэл мөнгө өгөөгүй байгаа. Би Б-д нийтдээ дансаар 16,724,500 төгрөг өгсөн мөн гар утасны 5,800,000 төгрөг нийт 22,524,500 төгрөг өгчхөөд одоог хүртэл аваагүй байгаа юм. ...Э.Б- нь Улаанбаатар хотод захиалсан байрны гэрээг миний нэр дээр шилжүүлэн өгсөн. Уг байрандаа Э.Б- 35,000,000 төгрөг төлсөн. Би гэрээг өөр дээрээ авч зөрүү мөнгийг нь эргүүлэн Б-д өгөхөөр болсон, одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-18 дугаар тал/,

Гэрч *****ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Э.Б- гэх хүний нагац ах нь байгаа юм. Б-ы ээж Г.П- нь одоо Монгол Улсад байдаггүй Солонгос улсад 2020 оноос хойш ажил хөдөлмөр эрхэлж байгаа юм. Э.Б-ы үйлдсэн гэмт хэргийн талаар би өөрөөс нь сонссон, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол толбөрөө бүрэн төлж барагдуулсан байгаа. Э.Б-ы ээж Г.П- нь фейсбүүк цахим орчинд ***** Б- гэх цахим хаяг ашигладаг юм Тэрнээс өөр ямар нэгэн хаяг байдаггүй, уг хаягаараа л бид нартай харилцдаг юм... Б-ы хувьд А-гаас авсан мөнгийг интернэт орчинд мөрийтэй тоглоом тоглоод алдсан гэж надад хэлж тайлбарлаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

Э.Б-ы Самсунг Галакси-8 маркийн гар утсанд үзлэг хийсэн: “... фейсбүүк чат цэсийн “Switch account” буюу ашиглах боломжтой бүртгэлтэй хаягуудыг орж шалгахад хохирогч Х.А-тай харилцсан гэх “Т-” гэх хаяг бүртгэлтэй байлаа, уг хаяг руу орж шалгахад хохирогч Х.А-тай харилцсан чат зурвас байсныг тус тус гэрэл зургаар бэхжүүлэн авав” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 23-28 дугаар тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 30 дугаар тал/,

Э.Б-ы Х- банкны ХХХ- дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 31-91 дүгээр тал/,

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн "...i phone-12 pro max маркийн 256GB багтаамжтай шинэвтэр хар саарал өнгийн гар утас 1 ширхэг, I Phone-11 pro max маркийн 64GB багтаамжтай шинэвтэр цагаан өнгийн гар утас 1 ширхэг 5,800,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 95 дугаар тал/,

Х.А-гийн Х- банкны ХХХ дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 3-9 дүгээр тал/,

Яллагдагч Э.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би Х.А- эгчид учруулсан хохирлоо барагдуулж бид хоорондоо тохиролцсон, миний хувьд Улаанбаатар хотод байр захиалахаар болж урьдчилгаа 35,000,000 төгрөг өгчихөөд байсан уг байр захиалсан компанитай хийсэн гэрээг Х.А- эгчид шилжүүлэн өгч зөрүү мөнгөө гаргуулан авахаар болсон, би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Шүүгдэгч Э.Б-ы үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Хэрэгт авагдсан Э.Б-ы дансны хуулгаас үзэхэд шүүгдэгч нь хохирогчоос авсан мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан, “вон” авч өгөхөөр гүйлгээ хийсэн байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Э.Б- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан прокурорын санал болгосон ялын хэмжээнд, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шйитгэж, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Х.А- гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс  гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг Ноте-8 маркийн, хар өнгийн 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Б-д буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ц- овогт Э-ын Б-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг Ноте-8 маркийн, хар өнгийн 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Б-д буцаан олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД