| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2018/00237/И |
| Дугаар | 141/ШШ2018/00263 |
| Огноо | 2018-09-05 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 141/ШШ2018/00263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгч З.Х, хариуцагч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр тэмдэглэл хөтлүүлж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор баг хаягаар оршин суудаг З овогт З.Х-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор баг хаягаар оршин суудаг Х овогт Э.Б-т холбогдох “Үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө буюу 2,300,000 төгрөгийг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Х нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг “Даваатын ам” гэх газар иргэн Э.Б-г мотоциклтой явж байхад нь мотоциклоор дайрч унаган, цохиж зодоод Э.Б-ын биед гэмтэл учруулсан гэх асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгуулсан. ...Намайг 3 шатны Прокурорын шийдвэрээр Э.Б-ын биед гэмтэл учруулаагүй болохыг баталж шийдвэр гаргасан учир Э.Б-ын эмчилгээний төлбөрт өгсөн 2,300,000 төгрөгийг нэхэмжилж байгаа учир намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. ...Нутгийн хүн, өвчтэй зовлонтой байгаа байдлыг нь харгалзан 300,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.
Хариуцагч Э.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч З.Х нь 2,300,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэл гаргасныг миний бие Э.Б зөвшөөрөхгүй байна. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор бригадын нутаг Даваатын ам гэдэг газарт намайг эрүүл саруул явж байхад З.Х нь араас мотоциклтой согтуу ирж, мөргөж унагасны улмаас би мотоциклтойгоо унаж, гэмтэл авч, ухаан алдаад эмнэлэгт хүргэгдсэн. Цагдаагийн байгууллагаас асууж шалгаад ямар ч арга хэмжээ авахгүй болохоор нь би Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасны улмаас З.Х 14 хоног баривчлагдах арга хэмжээ авагдсан юм. Тухайн үед би энэ асуудлаас болоод хүнд гэмтэл авч, 10 хавирга хугарч, уушгиндаа нөлөөлөн 2 удаа Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн бөгөөд З.Х нь өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч надад эмчилгээний зардал 2,300,000 төгрөг өгсөн боловч үүнийгээ буцаан нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...З.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон учир Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан заалттай нийцнэ гэж үзэж байна. Мөн З.Х-ын үйлдэл /эс үйлдэхүй/ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд хамаарна гэж үзэж байна. Тиймээс З.Х-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан болон хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Х нь хариуцагч Э.Б-т холбогдуулан “Үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө буюу 2,300,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 300,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан байна.
Иймд шүүх “Үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө буюу 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Э.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зам тээврийн осолд орж, биедээ хүнд гэмтэл авсан бөгөөд түүний эмчилгээний зардалд зориулж нэхэмжлэгч З.Х 2,000,000 төгрөг өгсөн үйл баримтын талаар зохигч талууд маргахгүй байна.
Харин дээрх 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч З.Х нь хариуцагч Э.Б-т өгөх болсон шалтгааны талаар зохигч талууд маргаж, нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлаж байна.
Хариуцагч Э.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зам тээврийн осолд орж, биедээ хүнд гэмтэл авсан асуудалд нэхэмжлэгч З.Х-ын буруутай үйлдэл нөлөөлөөгүй болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан доорхи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
-Хариуцагч Э.Б-аас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Сансарбаярын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/07 дугаартай :”...Иргэн Э.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг Даваатын ам гэх газарт хар өнгийн Мустанг 5 маркийн мотоциклыг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар зүйлд заасныг зөрчсөний улмаас түүний биед хүнд гэмтэл учирсан болох нь ... баримтуудаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье...” гэсэн мэдэгдэх хуудасны хуулбар, мөн тус Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Цогт-Эрдэнийн: “...Хяналтын прокурор Б.Санбарбаяр нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/14 дугаартай прокурорын тогтоолоор дээрх үйлдлийг шийдвэрлэхдээ материалд авагдсан баримт, сэлт, мэдээлэлд тулгуурлан зөв дүгнэлт хийж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч З.Х нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул тогтоолд өөрчлөлт оруулан материалын хуулбарыг зөрчил шалган шийдвэрлэх албан тушаалтанд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье...” гэсэн хариу мэдэгдэх хуудасны хуулбар, Улсын Ерөнхий Прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатарын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1/743 дугаартай: “...Материалд авагдсан баримтууд болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, З.Х-ын жолоодож явсан улбар шар өнгийн BENYI маркийн мотоциклд үзлэг хийсэн, Э.Б-ын жолоодож явсан хар өнгийн Мустанг 5 маркийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон гэрч нарын мэдүүлгүүдээр З.Х нь өөрийн жолоодож явсан мотоциклоор Э.Б-ын мотоциклын араас нь мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь нотлогдохгүй байна. Мөн З.Х-ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан нь үндэслэлтэй байна. Иймд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын шийдвэр үндэслэлтэй тул таны гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье. ...Энэ шийдвэр нь тус прокурорын газрын эцсийн шийдвэр болно” гэсэн хариу мэдэгдэх хуудасны хуулбар, нэхэмжлэгч З.Х-аас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/14 дугаартай: “...Иргэн Э.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг Даваатын ам гэх газарт хар өнгийн Мустанг 5 маркийн мотоциклыг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар зүйлд заасныг зөрчсөний улмаас түүний биед хүнд гэмтэл учирсан болох нь ... баримтуудаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсугай...” гэсэн прокурорын тогтоолын хуулбар, мөн тус прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5/04 дугаартай: “...Хяналтын прокурор Б.Санбарбаяр нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/14 дугаартай прокурорын тогтоолоор дээрх үйлдлийг шийдвэрлэхдээ материалд авагдсан баримт, сэлт, мэдээлэлд тулгуурлан зөв дүгнэлт хийж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч З.Х нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон ... Э.Б-аас гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсугай. ...Б.Сансарбаярын тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай материалын хуулбарыг зөрчил шалган шийдвэрлэх албан тушаалтанд шилжүүлэхийг мөрдөгч М.Амгаланбаатарт даалгасугай” гэж нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4 болгон өөрчилсүгэй...” гэсэн прокурорын тогтоолын хуулбар, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1/200 дугаартай: “...Нотлох баримтанд дүгнэлт хийж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сансарбаяр, сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Д.Цогт-Эрдэнэ нарын шийдвэр үндэслэлтэй байх тул иргэн Э.Б-ын гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон гомдлыг хүлээн авахаас татгалзсугай...” гэсэн прокурорын тогтоолын хуулбар, /Эдгээр баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд ирүүлэхдээ нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй ирүүлсэн боловч 3 шатны прокурорт Э.Б-аас гаргасан гомдол, түүнийг шийдвэрлэсэн талаар ижил агуулгатай байх бөгөөд зохигчид дээрх баримтуудын талаар маргахгүй байгаа тул шүүх үнэн зөв баримт гэж үнэлсэн болно./
-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаартай: “...Зөрчилд холбогдогч З.Х-т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. ...З овогт З.Х-ыг 16 цагийн албадан сургалтанд хамруулж, 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай...” гэсэн шийтгэврийн хуулбар,
-2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн, Э.Б-ын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр З.Х-ын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар,
-Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Жадамбын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай: “...Иргэн Э.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1,9.2-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан. Осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нөлөөлөөгүй. Тухайн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлтийн хуулбар болон хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүдийн хуулбар зэрэг баримтууд хамаарна.
Хариуцагч Э.Б-ын татгалзал нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч З.Х-т хариуцагч Э.Б осолд орсны улмаас эмчлүүлсэн зардлыг төлөх үүрэг үүсээгүй байна гэж шүүх дүгнэв.
Тиймээс хариуцагч Э.Б-аас үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө буюу 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Х-т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч З.Х нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2,300,000 төгрөгийн нэхэмжлэлийн үнэд бодогдох 51,750 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 300,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-аас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 2,000,000 төгрөгт бодогдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б-аас 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч З.Х-т олгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар
зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-аас 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Х-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН