Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/383

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0325/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Э.Э- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б- овогт Э-ын Э-эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218003310374 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай,

Урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгөөс 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 05 жил 03 сарын хугацаагаар хорих ял, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаатай баривчлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 06 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, тус ялыг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан үндэслэлээр ялыг өршөөн хэлтрүүлж, Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 83 тоот магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хугацаатай хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12- ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаатай хорих ял шийтгуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 06 сар 15 хоногийг хорих ялын зарим хэсэг болох 02 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 01 жил 02 сар хорих ял,

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар баривчлах ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 216 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 01 жил, 01 сарын хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Э-ын Э- /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э- нь согтуурсан үедээ, 2022 оны 07 дугаар сарын 24-ний шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Эрдэнэтийн гүүрний орчим, мөн Дархан сумын ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан О.Т-ийг үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч О.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Э.Э-тэй 2016 онд анх танилцаад нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. Тэгээд бид хоёр дундаасаа 2017 онд нэг хүүтэй болсон. Хүү маань одоо 5 настай, Э- гэдэг. Надтай амьдарч байгаа...Э- манай хүү болон гэрийнхэн Эрдэнэтийн гүүрний ойролцоо гол дээр амарч байгаа хоёулаа цуг хамт очъё гэж хэлээд намайг дагуулаад явсан. Тэгээд тухайн газар очиход манай хүү болон Э-ийн ээж, эгч, дүү нар нь хамт байсан. Тэнд очоод хэсэг сууж юм ярьж байснаа Э- над руу чи манай найзтай явалддаг гэж ирээд дайраад байсан. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ гэж хэлэхэд миний толгой руу гараараа нэг удаа, нүүр рүү нэг удаа цохисон, ...тэгэхээр нь би хоёулаа М- эгчээр гэртээ хүргүүлье гэж хэлээд хүргүүлсэн. Тэгээд Э- бид хоёр манай гэрт орсон, ... Тэгээд нөгөө архиа Э- бид хоёр уугаад сууж байгаад мөн л надаас хэрүүл хайж байснаа миний гэдэс рүү өшиглөөд шалан дээр унагаасан. Тэгэхээр нь би манай гэрээс гарч яв гэж хэлэхэд Э- гараад яваад өгсөн. Би гэртээ ганцаараа унтаж байхад орой 23 цагийн орчимд манай том өрөөний цонхыг нүдээд байхаар нь сэрээд хэн бэ гэхэд Э- байсан. Тэгэхээр нь би цонхоор чи яах гээд байгаа юм бэ цонх хагаллаа гэж хэлэхэд намайг гараад ир гээд гуйгаад байхаар нь би орцны үүдэнд гарсан. Тэгэхэд машиндаа суулгаад Ц- гэх найзынхаа гэр рүү дагуулж явна гээд байхаар нь би явахгүй гэж хэлэхэд миний үгийг сонсохгүйгээр аваад явсан. Ц-гийн эхнэрийнх нь эгч Ж-гийнд ороод архиа уусан...тэгээд байж байснаа Э- намайг дахиад л хардаж хэрүүл хийгээд байснаа миний толгой, нүүр рүү гараараа нэлээд хэдэн удаа цохисон. Тухайн үед Ж- гэх эмэгтэй хамт байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

 

Гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Э- чи миний найзын гэр орныг доромжиллоо гэж хэлээд Т-ийн нүүр рүү 2-3 удаа гараараа алгадсан. Нэг сэрсэн чинь А- гэх эмэгтэй Х- гэх эрэгтэй нар ирээд Т-ийг аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

 

Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг гэрт орох үед Т- зодуулсан шинжтэй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 757 дугаартай "... О.Т-ийн биед тархи доргилт, дух, зүүн гуя, баруун өвдөг, зүүн сарвуунд зулгаралт, баруун зүүн шанаа, цээж, бүсэлхий, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

 

Шинжээч П.Одмаагийн “... тухайн хүний биед үзлэг хийх үед өөрийн зовуурь ба үзлэгийн явцад дагзны булчингийн хөшилттэй байсан ба энэ нь тархи доргилттой байхыг харуулж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-18 дугаар тал/,

 

Яллагдагч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би Т-ийн толгой руу 2-3 удаа цохисон, манай найзын гэр орныг нь доромжлоод байсан намайг мал минь гэхээр нь би уурлаад цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Э.Э-, хохирогч О.Т- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах, гэр бүлийн харилцан хамааралтай байсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Э.Э- нь согтуурсан үедээ, үл ялиг зүйлээр шалтаглан хамтран амьдарч байсан О.Т-ийн биед тархи доргилт, дух, зүүн гуя, баруун өвдөг, зүүн сарвуунд зулгаралт, баруун зүүн шанаа, цээж, бүсэлхий, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт үүсгэж зодсон үйлдэл нь хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд Э.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирол төлбөрт 600,000 төгрөг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд Э.Э-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна” гэж амлалт өгсөн ба өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан байдалдаа дүгнэлт хийх шаардлагатайг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон 23 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, 345,000 төгрөгийг торгох ялаас хасаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Э-ын Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Э-эд 1000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 23 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 345,000 төгрөгийг торгох ялаас хасаж, Э.Э-ийн төлөх торгох ялын хэмжээг 655,000 /зургаан зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Э-ийн эдэлбэл зохих 655,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 131,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД