Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 05-ны өдөр       Дугаар 2019/ДШМ/22                        Баруун-Урт

 

Ц.Чт холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор Э.Хосбаяр,

шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Т.Хүдэр, 

нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Чт холбогдох эрүүгийн 1830003020223 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн харьяат, 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг Хашаат гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, Ц.Ч 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ц.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр А гэх газраас хохирогч Л.Бын 79 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 6,860,000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр нь шүүгдэгч Ц.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор:  шүүгдэгч Ц.Чийг олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Ц.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичгийн баримт үгүй, ялтнаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Чоос 5,900,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Бт олгож, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/13, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 5/02 дугаартай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Нотлох баримтаар авагдсан баримт нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт болж чадахгүй байхад ялласан, зүйлчлэл нь буруу, анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь: Ц.Ч нь 2019.09.22-нд өөрийнхөө хонийг ачиж, Замын-Үүд сум руу явсан болох нь гэрч Б, Ц нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч Л.Б нь 2018.09.21-нээс 22-нд шилжих шөнө 150 тооны хонио алдсан ба 79 тооны хониноос бусдыг нь олсон. Шүүгдэгч Ц.Чийн хувьд 2018.09.22-наас 23-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу өөрийн хонийг борлуулахаар хамаатны хүүхэд Ц.Бтэй хамт явсан. Гэрч Ц.Б нь “Ц.Ч ах намайг машины тэвшин дээр гараад хонио босгочихоод ир гэсэн. 10 тооны хонь нь Ц.Ч ахын имтэй хонь байсан. Бусад хонь нь өөр өөр имтэй байсан.” гэж мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Ц.Чийн аав Ц нь тэднийг Замын-Үүд суманд тосож авсан. Тухайн үед өөрийнхөө хонийг хэр тарга тэвээрэгтэй байгааг харах гэж машины тэвш рүү гарч харсан гэж гэрчээр мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Чийг 79 тооны хонийг хулгайлсан гэж үзээд ял шийтгэл оногдуулсан. Гэтэл тухайн 79 тооны хонийг хэдэн удаагийн үйлдлээр ямар тээврийн хэрэгсэл ашиглаж, хаана борлуулсан гэдгийг нотлоогүй байж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хохирогч Л.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн хүсэлтээ шүүх хуралдааны өмнө авчирч өгсөн байна. Иймд Ц.Ч нь Л.Бын 79 тооны хонийг хулгайлаагүй гэдэг нь тогтоогдож байх тул холбогдох зүйл ангийг өөрчилж өгнө үү гэж хүсэж байна. Л.Бын 16 тооны хонийг хулгайлсан гэдгээ Ц.Ч хүлээн мэдүүлж байгаа. 16 тооны хонийг хохирогчид хүлээлгэн өгсөн. Иймд шүүгдэгч Ц.Чт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч Ц.Ч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Л.Бын 16 тооны хонийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед манай эхнэр төрчихөөд удаагүй, ажилд орохын тулд хэргийг чинь хурдан шийдэж өгнө гэж хэлсэн учраас Л.Бт хохирол төлөх баталгаа бичиж өгсөн. Замын-Үүд рүү 2 удаа хонь ачиж явсан гэв. 

Прокурор тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Ч нь Сүхбаатар аймгийн иргэн Л.Бын 79 тооны хонийг хулгайлж, 6.860.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Б, түүний хүү Б.Ц нарын мэдүүлгээр нотлогдож байна. Тэдгээр хонийг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан гэдгийг тогтоогоогүй. Тийм учраас анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан гэж шийтгэх тогтоолд дурдаагүй. Мөн хохирогчтой уулзаад 79 тооны хонийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас хохирлыг нь барагдуулна гэж баталгаа хийж өгсөн. Хохирогч ямар учраас хохирол барагдсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж хүсэлт бичсэн өгсөнийг мэдэхгүй байна. Хаанаас яаж хонио олсон талаараа хүсэлтдээ бичээгүй байна. Хохирогчийн бичиж өгсөн хүсэлтэнд итгэхгүй байна. Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас 79 тооны хонь хулгайд алдагдсан учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Ц.Чт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

 

Шүүгдэгч Ц.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “А” гэх газраас хохирогч Л.Бын 16 хонийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

 

-Шүүгдэгч Ц.Чийн  “Би 16 хонь авсан. Би эхлээд Бтэй өөрийнхөө эзэмшлийн 20 хонийг ачиж, Замын-Үүд рүү явсан. Тэр хониноос хөгшин гээд 6 хонь нь зарагдаагүй үлдсэн. Дараа нь 2018.09.24-ний өдөр эзэнгүй яваад байсан 16 хонийг ачиж явсан. Би энэ хэний хонь юм бэ гэж асуухад “Л.Б гэдэг хүн хонио эрээд явж байсан. Манай хониор орсон. Юм хэлэхгүй байсан“ гэхээр нь Л.Б ахын хонь юм байлгүй гэж бодоод авчихсан. Замын-Үүд сумаас 150 орчим километр газарт Даваадорж гэдэг хүнийд тавьсан. Хоёр хоноод ирж авна гэж хэлсэн. Би тэдгээр хонийг хавар нь Л.Б ахад өгсөн. Би ажилд орох гэж яарч байсан учраас хэргээ хурдан шийдвэрлүүлэх гэж хохирол төлөх баталгааг бичиж өгсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.”/хх 28-38, 124-126, 163-167/, 

 

- Хохирогч Л.Бын  “Би Онгон сумын 2 дугаар багийн “А” гэх газар нутагладаг. 2018.09.21-нээс 2018.09.22-нд шилжих шөнө гэрийн гадаа байсан хониноосоо 200 гаруй хонио алдсан. Ц.Чийнх манайхаас хойш 10 шахуу км-т байдаг. 2018.09.22-ны өглөө гэрээсээ хойш, энэ айлын наад талд 6-7 км газраас 130 гаруй хонио олсон. Манай хонь баруун чих шоргоолж, зүүн чих эрхий имтэй. Мөн зарим нь зүүн чих нь шоргоолж, баруун чих нь эрхий имтэй. Манай хониноос эр хонь 27, эм хонь 31, төлөг 16, хурга 5, нийт 79 хонь дутсан. 2018.09.22-ны өдөр тэр хавийн айлын хониор яваад хонио эрсэн. 2018.09.23-ний өдөр хонио эрж байгаад Чинзоригийн хониор орж үзсэн. Тэгэхэд манай хонь байгаагүй. Хонь алдсан өглөө буюу 2018.09.22-нд Ц.Ч нь машинтай хонь тээгээд Замын-Үүд явсан. Мөн 2018.09.23-нд гэртээ ирээд 24-ний өдөр манай хониноос ачаад Замын-Үүд сум руу явсан байсан. Манай хүүхэд араас нь яваад Эрдэнэ суманд айлын хонинд манай 16 хонийг тавьсан байсныг харсан. Ц.Ч өөрөө надаас уучлалт гуйж ”Хонийг чинь авсан. Би буруу зүйл хийсэн. Таны хохирлыг төлье“ гээд ирсэн. Би орой хонио хотлуулахдаа содон зүстэй хонинууд байна уу, үгүй юу гэж бүртгэж хотлуулдаг. Тэр орой нь хонь хотлуулахад байсан хув чихтэй бор алаг бүдүүн эр хонь, хөх алаг эр хонь маргааш өглөө нь тоолоход байхгүй байсан. 2019 оны 04 дүгээр сард манай 16 хонийг авчирч өгсөн.” гэх /хх 10-12, 123, 142, 167-169/, 

-Гэрч Б.Цын “Мал дээр аав үлдсэн юм. 2018.09.21-нээс 22-нд шилжих шөнө хонио алдчихлаа гэж ярьсан. Манай хонь, ямаа нийлээд 850 орчим байсан. 2018.09.25-ны өдөр ирээд хонио тоолоход 79 тооны хонь дутсан. Би сүүлд Замын-Үүд сум руу айл дээр байгаа хонийг үзэхээр явсан. Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас наашаа 20 орчим км-ын зайд байсан. Очоод үзэхэд манай хонь зүсээрээ байсан. Чинзориг 16 тооны хонь авчирч өгсөн.” гэх /хх 22, 169-170/,  

-Гэрч М.Дийн “Би Ц.Чийг танихгүй. 2018.09.24-ний өдөр манайд машин дээрээ хонь ачиж ирээд: -Миний машин халаад явж болохгүй байна, хонио түр орхиод, 2 хоноод эргэж ирнэ гэж хэлсэн. Тэгээд би хонийг нь авч үлдсэн. Нийт 16 тооны хонь тавьсан.” гэх /хх 20-21/

-Гэрч Х.Цын “Ц.Ч нь манай том хүү байгаа юм. 2018.09.20-ны үед Чинзориг нь утсаар яриад Бтэй хамт хонь ачаад Замын-Үүд сум орж байна гэсэн. Тэгэхээр нь би мотоциклтой амдаж очсон. Би ачааг нь харахаар өнгийхөд манай имтэй хонь харагдаж байсан. Би нэг бүрчлэн гарч үзээгүй. Ойролцоогоор 20 шахуу хонь байсан.” гэх /хх 17-18, 78-79/,

-Гэрч Ц.Үгийн “Ц.Ч нь миний төрсөн ах юм. 2018.09.22-ны орой би ажлаа тараад гэр рүүгээ явахад Чинзориг ах ирчихсэн, манай хашаанд авч ирсэн хонио буулгасан байсан. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөн өөрийн машинтай ирсэн байсан. Харин энэ үед машин нь хоосон байсан. 2018.09.22-нд ачиж ирсэн хонийг манай хашаанд байлгаж байгаад зарсан. Сүүлд сонсоход 6 хонь үлдсэн гэж дуулдаж байсан.” гэх /хх 19, 76-77/

-Гэрч Ц.Бяын “Ц.Ч нь миний төрсөн ах юм. 2018.09.22-нд манай ах Замын-Үүд рүү хонь тээж явна гэж байсан. Өөрийнхөөсөө хонь аваад явсан гэсэн. Мөн угаалганд ирсэн хэдэн хонь авч явсан. Тухайн үед би байгаагүй. 2018.09.24-ний өглөө гэрээсээ хонь ачаад явсан. Чухам хэдэн хонь ачсан талаар мэдэхгүй.” гэх /хх 23-24, 116-117, 122/

-Гэрч Ц.Бийн “2019.09.21-ний өдөр Чинзориг ах намайг Замын-Үүд яваад өг гэж гуйсан. Тэгээд 2019.09.22-ны өглөө 08 цагийн үед миний машиныг Чинзориг ах унаад явсан. Намайг гэрт нь очиход миний машин дээр хонь ачсан байсан. Замд явж байхдаа Чинзориг ах машин дээр байгаа хонь хэвтсэн байна гарч босго гэхэд нь машин дээр гарч босгоход өөрийнх нь имтэй буюу баруун чих цэцэг, зүүн чих араас ганзага имтэй 10 хонь, өөр имтэй буюу баруун чих сам имтэй зүүн чинь урдаас хэрчим имтэй 5, баруун чих хулгар, зүүн чих цуулбар 4-5 хонь, зүүн чих урдаас хэрчим баруун чих имгүй 4 хонь байсан. Тэгээд Ц ах намайг мотоциклтой тосож аваад Чинзориг цааш хонио айлын гадаа буулгана гээд явсан. Чинзориг ахаас ижил буруу имтэй хонь байгаа талаар асуухад энэ зун хүний хонь угааж өгөөд хөлсөнд нь өгсөн хонь гэж байсан.” гэх /хх 26-27, 112-115/

-Гэрч Ө.Мгийн “Чинзоригийн ээж манай хадам аавын төрсөн дүү юм. 2018.09.22-ны өглөө Чинзориг манайд ирээд: Миний машин асахгүй байна, чи машинаараа Замын-Үүд рүү яваад өгөөч гэж гуйсан. Манай нөхөр Б зөвшөөрч, Чинзоригийнх руу хамт явсан. Маргааш орой нь Б мотоциклтой ирсэн. Бийг Замын-Үүд явсан хойгуур Л.Б хонио сураглаад ирсэн.” гэх /хх 13-14, 118/ мэдүүлгүүд,

-Онгон сумын үнэлгээний комиссын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээ /хх- 57/,

-Х.Цын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллогын баримт /хх 55-56/, 

-Л.Бын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллогын баримт /хх 82-84/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-105-108/ зэрэг болно.  

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

Харин хохирогч Л.Бын хониноос дутсан гэх 79 хониноос үлдэх 63 хонийг шүүгдэгч Ц.Чийг хулгайлсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан болохыг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Л.Б, түүний хүү Б.Ц нарын “манай хониноос 79 хонь дутсан” гэх мэдүүлэг, мөн шүүгдэгч хохирогчид 5900000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна гэсэн баталгаа бичиж өгсөн нь шүүгдэгчийг 79 хонийг бүгдийг нь хулгайлсныг нотлох хангалттай баримт гэж үзэхгүй. Иймд шүүгдэгч Ц.Чийн хохирогч Л.Бын 63 хонийг хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Ц.Ч нь 16 тооны бог мал хулгайлсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд энэ нь “олон тооны мал” гэх ойлголтонд хүрэхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгов. 

Мөн гэмт хэрэг үйлдсэн болон хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

        Түүнчлэн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүх хуралдааны оролцогч хохирогч Л.Б, гэрч Б.Ц нарын нэрийг орхигдуулсан, мөн шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох хэсгүүдэд гэмт хэрэг үйлдэгдсэн оныг “2019” гэж ташаарч бичсэн болохыг залруулав. 

Шүүгдэгч Ц.Ч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш нийт 59 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасна.” гэж зааснаар тооцоход тус шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биеэр эдэлсэн байх тул түүнийг шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдсан гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулж, бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй:

 

1.Тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Чт холбогдох хохирогч Л.Бын 63 тооны хонь хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмсүгэй. 

 

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Ц.Чийг олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Ц.Чийг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

  

3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чийг 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй. 

 

4.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 6 дахь заалтуудыг хүчингүй болгосугай.  

 

Хоёр. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Чийн цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай. 

 

Гурав. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

                ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

         

С.ОЮУНТУНГАЛАГ