Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0405

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ЛМДШ ХХК

Хариуцагч: С дүүргийн Татварын хэлтсийн татвар, хяналт шалгалтын улсын байцаагч Р.Б, Ц.З

Нэхэмжлэлийн шаардлага: С дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Б, Ц.З нарын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Р.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхжин нар оролцлоо.з

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч ЛМШД ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнө нь С дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Э, Ц.З нар ЛМДШ ХХК-ийн 2009-2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, тус компани нь ДНС ХХК-аас *****817, *****820,*****420 дугаартай падаануудаар 2012 оны 8, 11 дүгээр саруудад, ЦР ХХК-аас *****973, *****954 дугаартай падаануудаар 2012 оны 8, 9 дүгээр саруудад, Д ХХК-аас *****843, *****680, *****842 дугаартай падаануудаар 2012 оны 6, 9 дүгээр саруудад, АХ ХХК-аас *****265 дугаартай падаанаар 2012 оны 7 дугаар сард, ГХО ХХК-аас *****760, *****068, *****069 дугаартай падаанаар нийт 1,073,409.00 төгрөгийн бараа материал дотоодоос худалдан авсан гэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулж тайлагнасан зөрчлийг татвар төлөхөөс зайлсхийсэн эсэх асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж шилжүүлсэн. Учир нь тухайн хий бичилттэй падаануудыг зориудаар тухайн компаниудаас авч, орлогоо өсгөж бууруулсан зүйл байгаагүй. Хяналт шалгалт хийсэн актын үндэслэл нь энэхүү компани бодитоор үйл ажиллагаа явуулсан эсэх, хэрэв бодитоор үйл ажиллагаа явуулаагүй ч бусад компаниудаас хий бичилттэй падаан авсан эсэхийг тодруулсны үндсэн дээр тус актыг тавих ёстой байсан. Өнөөдөр актаа тайлбарлахдаа бид бодит үйл ажиллагаа явуулсан эсэх дээр шийдвэр гаргаагүй, анхан шатны баримтуудыг харж байгаад акт тавьсан гэж хэлдэг ч, актын үндэслэл нь акт ногдуулж байгаа компани үйл ажиллагаа явуулаагүй байж хий бичилттэй падаан бичиж байгаа эсэхийг шалгасан. Энэ асуудлыг шалгаж тогтоогоогүй байж энэ актыг тавьсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн нийт 15 аж ахуй нэгжийн татварын улсын байцаагчийн 16 дүгнэлтээс нэр бүхий 14 компанийн татварын улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн. Уг 14 компанид нь нэхэмжлэгч байгууллагатай хариуцсан 5 компани багтсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна гэж гарсан. Гэтэл шинжээчийн дүгнэлт нь татварын улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэж гарсан байдаг. Татварын улсын байцаагч тухайн дүгнэлтийг гаргахдаа анхан шатны баримт, санхүүгийн тайлан тэнцэл, албан татварын тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримтыг үндэслэж тухайн хяналт шалгалтыг хийж дүгнэлтийг гаргасан гэсэн байдаг. Хөндлөнгийн мэдээлэл гэдэг нь тухайн байгууллагын бусад байгууллагатай харилцаж байсан гэрээ, үүний дагуу мөнгө шилжүүлсэн эсэх баримтууд байгаа юу гэдэг баримтуудыг харгалздаг. ЛМДШ ХХК-ийн дансны хуулга, бусад компаниудтай хийж байсан гэрээний дагуу мөнгө шилжсэн эсэхийг тогтоох ач холбогдолтой нотлох баримтууд хэрэгт одоогоор тогтоогдохгүй байгаа учир улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж гарсан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэгч компанийг бодитоор ажил үйлчилгээ эрхлээгүй учир хий бичилттэй падааныг бусад байгууллагаас авсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг ч гэтэл энэ эрүүгийн хэрэг нь ЛМДШ ХХК-д биш н.Ө гэх хүнд холбогдуулж үүссэн байгаа. Тухайн хэргийн материалаас харахад н.Өын гаргаж байсан тайлбар мэдүүлэг, ярилцлагын тэмдэглэл авагдсан. Үүнд тухайн компаниудаас авсан падааныг хуурамч гэж мэдэхгүй, уг падааныг программ дээр шивж үзэхэд хуурамч гэх баримт харагддаггүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч гэж харагддаг байсан. Ямар нэгэн алдаагүй падааныг бүртгэж тайландаа тусгаснаар ЛМДШ ХХК хохирох ёсгүй. Тухайн падаанууд хуурамч гэдэг нь тогтоогдвол тухайн компаниудад акт тогтоох байсан.

Иймд С дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Б, Ц.З нарын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Б, Ц.З нарын гаргасан татварын актыг эс зөвшөөрч маргаж байгаа. Үндэслэл нь ЛМДШ ХХК нь тухайн үед тайлант хугацаандаа татвараа тайлагнаж байсан, маргаан бүхий компаниудад олгосон падаануудын хувьд гэвэл бид тухайн үедээ тухай бүрд нь падаан бүртгэдэг программд шивэхэд ямар нэгэн алдаа заалгүй тухайн компаниуд нь татвар төлөгчөөр бүртгэгдсэн гэх мэдээлэл гарч ирж ямар нэгэн алдаа зааж байгаагүй. Гэтэл С дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Б, Ц.З нараас үндэслэлгүйгээр 107,340,900 төгрөгийн татварын акт ногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь бид тайлант хугацаандаа тухайн падаануудыг бүртгүүлж байсан. Хэрэв тэр падаанууд хуурамч байсан бол бид түүнийг нь мэдэхгүйгээр системд бүртгүүлэхэд ямар нэгэн алдаа заадаггүй байсан. Иймд нөхөн татварын оногдуулалт тавьсан падаануудын татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн татварын актад нийт нэр бүхий таван компаниас тодорхой үнийн дүнгүүд тавигдсан байгаа. Жишээ нь ДНС ХХК-иас 83,636,300 төгрөгийн падаан авсан гэх мэт байгаа. Нийлбэр дүнг нь бодож үзвэл тухайн татварын актад тавьсан шиг 1,073,408,700 төгрөгийн падаан биш, 1,059,742,400 төгрөгийн падаан болдог. Нэгдүгээрт татварын актыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаарт татварын акт нь алдаатай байгаа учир хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн татварын актыг хүчингүй болгож өгнө үү. н.Ө гэх хүн энэ актыг хүлээн зөвшөөрч, өөрт ногдох хэргээ хэрэгсэхгүй болгосон учир хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэж байна гэж хариуцагч нар тайлбарладаг. Гэтэл тухайн татварын актад, Захиргааны ерөнхий хуульд хэрэв татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргах эрх нь байгаа. Тухайн үед н.Ө нь актыг яагаад хүлээн зөвшөөрсөн бэ гэхээр компани дээр биш н.Ө гэх хүн дээр эрүүгийн хэрэг үүссэн учир үүнийг хэрэгсэхгүй болгох зорилгоор хүлээн зөвшөөрч байсан. Гэхдээ тухайн үед хүлээн зөвшөөрсөн гэдэг нь гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй учир бид гомдол гаргасан гэв.

Гурав. Хариуцагч Р.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ЛМДШ ХХК-д татварын улсын байцаагчдын дүгнэлтийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан гэдэг дээр хэсэгчилсэн хяналт шалгалт хийгдсэн. Падаануудын хувьд хуурамч падаан биш хий бичилттэй падаан гэдэгт тооцогдоно. Падаан нь албан ёсны батлагдсан үнэт цаас байгаа. ДНС ХХК, Д ХХК, ХХ ХХК, ЦР ХХК, ГХО ХХК гэх таван татвар төлөгчөөс хий бичилттэй падаан байсан. Хий бичилттэй падаан гэдэг нь албан татварын падаан гарах үнэт цаасан дээр бодит үйл ажиллагаа явуулаагүй ч үнийн дүн бичүүлж авахыг ойлгоно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар улсад төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж бууруулсан худалдан авалтад нь татварын улсын байцаагчийн акт тавигдсан. Уг хэрэгт татварын улсын байцаагчийн дүгнэлт бичигдсэн байгаа бөгөөд дүгнэлт гэдэг нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж магадгүй гэж үзсэн. Ингээд цагдаагийн байгууллагаас прокурорын тогтоолын дагуу хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэг нь компани дээр биш тухайн хувь хүн буюу иргэн дээр үүсдэг. Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн нь захиргааны хяналт шалгалтаас чөлөөлөгдөхгүй гэсэн заалтын дагуу улсад төлөх ёстой татварыг төлүүлэх зорилгоор үндэслэлгүйгээр хасалт хийсэн падааны төлөлт дээр акт тавигдсан. Прокурорын тогтоол, тухайн үеийн эрүүгийн хэргийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт гэх мэт холбогдох бүх баримтууд ирсэн байгаа гэв.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЛМДШ ХХК нь н.Өын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани учир н.Ө нь шалгагдсан. Шалгалтын явцад нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай дүнгүүдийг нэмж тооцоолол хийсэн. Тооцооллын алдаа гараагүй. 107,304,700 төгрөгийн хий бичилттэй байгаа. ЛМШД ХХК нь үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагаа явуулсан онуудад нь татварын төлөлтийн байдалд нь татварын хяналт шалгалт хийсэн. Татварын хяналт шалгалт хийхдээ анхан шатны баримтад үндэслэж хийдэг. Анхан шатны баримтыг тухайн үедээ нягтлан бодогч нарт нь хандаж, хүлээж авсан. Тухайн үед ажил үйлчилгээ явсан мэтээр дансаар мөнгө нь гарсан, бэлэн мөнгөний эргэлтээр тухайн үйл ажиллагаа явсан мэтээр үйл ажиллагаа процесс явагдсан байдаг учир бид үүнийг нь нотлуулахаар дүгнэлт бичиж цагдаа руу шилжүүлсэн байсан. Ингээд прокурорын дүгнэлтээр хий бичилттэй падаан байна гэдэг нь нотлогдож ирсэн. Хөрөнгө оруулагч нь тухайн хэргээ хүлээн зөвшөөрч нөхөн төлбөрөө урьдчилан төрийн сангийн дансанд байршуулсан байдаг. Үүн дээр татварын улсын байцаагчийн акт тавьсан. Бид татварын хяналт шалгалтыг анхан шатны баримт, нотлох баримтад тулгуурлан хийдэг учир үүн дээр үндэслэлгүйгээр, хараагүй ямар нэгэн акт тогтоогоогүй гэдгийг хэлмээр байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: С дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Б, Ц.З нарын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

Маргаан бүхий С дүүргийн Татварын улсын байцаагч нарын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот актаар ДНС ХХК, ЦР ХХК, Д ХХК, ХХ ХХК, ГХО ХХК-аас 2012 онд нийт 1,073,409,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий 12 ширхэг хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган хяналт шалгалтаар илэрсэн 1,073,409,000.00 төгрөгийн зөрчилд 107,340,900.00 төгрөгийг нөхөн татвар, 0 төгрөгийн торгууль, 0 төгрөгийн алданги, нийт 107,340,900.00 төгрөгийн төлбөрийг ЛМДШ ХХК-аар төлүүлэхээр акт тогтоосон байна.

Улмаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор Татварын улсын байцаагч нарын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот актыг хэвээр үлдээжээ.

Өмнө нь С дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Э, Ц.З нар ЛМДШ ХХК-ийн 2009-2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, тус компани нь ДНС ХХК-аас *****817, *****820,*****420 дугаартай падаануудаар 2012 оны 8, 11 дүгээр саруудад, ЦР ХХК-аас *****973, *****954 дугаартай падаануудаар 2012 оны 8, 9 дүгээр саруудад, Д ХХК-аас *****843, *****680, *****842 дугаартай падаануудаар 2012 оны 6, 9 дүгээр саруудад, ХХ ХХК-аас *****265 дугаартай падаанаар 2012 оны 7 дугаар сард, ГХО ХХК-аас *****760, *****068, *****069 дугаартай падаанаар нийт 1,073,409.00 төгрөгийн бараа материал дотоодоос худалдан авсан гэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулж тайлагнасан зөрчлийг татвар төлөхөөс зайлсхийсэн эсэх асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж шилжүүлсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасан ба уг хуулийн зохицуулалтаас үзвэл хий бичилттэй падааныг үндэслэн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх нь хууль зөрчсөн үйлдэл байна.

Нэхэмжлэгч ЛМДШ ХХК нь ДНС ХХК-аас *****817, *****820,*****420 дугаартай падаануудаар 2012 оны 8, 11 дүгээр саруудад, ЦР ХХК-аас *****973, *****954 дугаартай падаануудаар 2012 оны 8, 9 дүгээр саруудад, Д ХХК-аас *****843, *****680, *****842 дугаартай падаануудаар 2012 оны 6, 9 дүгээр саруудад, ХХ ХХК-аас *****265 дугаартай падаанаар 2012 оны 7 дугаар сард, ГХО ХХК-аас *****760, *****068, *****069 дугаартай падаанаар 2012 оны 10, 11 дүгээр саруудад худалдан авалт хийсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт тусгасан болох нь цахим тайлангийн системд шивж илгээсэн нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, тайлангаар нотлогдож байна.

Гэвч бодит байдал дээр ЛМДШ ХХК нь дээрх нэр бүхий таван компаниудаас бодит худалдан авалт хийгээгүй, уг компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй болох нь ******* дугаартай эрүүгийн хэрэгт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт,нэр бүхий таван компанийн НӨАТ-ын борлуулалтын нэгтгэл, 2012 оны борлуулалтын мэдээ, ЛМДШ ХХК-ийн захирал н.Өыг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд гэх мэт Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн ******* дугаар бүхий эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 01 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгох тухай дугаар 05 тоот прокурорын тогтоолд: ЛМДШ ХХК-ийн захирал н.Ө нь ... дээрх компаниудын НӨАТ-ын падаан дээр онц их хэмжээний хохирол учруулж татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд сэжигтнээр татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад улсад төлөх ёстой төлбөрөөс 40 сая төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрөө төлөх талаар сэжигтэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байна гэж зааснаас үзвэл маргаан бүхий падаанууд хий бичилттэй, бодит байдал дээр худалдан авалт бодитоор хийгдээгүй болох нь нотлогдож байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай 2001 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог, 7 дугаар зүйлийн 7.1-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно, 7.6-д Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна, 7.7-д анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл анхан шатны баримтын буюу падааны үнэн зөвийг зөвхөн бэлтгэн нийлүүлэгч буюу худалдагч тал бус шалгаж хүлээн авсан буюу худалдан авагч тал мөн давхар хариуцахаар хуульчилсан байх тул падаан хий бичилттэй эсэхийг урьдчилан мэдэх боломжгүй, буруутай этгээдийг ололгүйгээр ЛМДШ ХХК-д акт тогтоосон нь буруу, нэхэмжлэгч огт мэдээгүй, мэдэх боломжгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг хуульчилсан ба 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, 18.1.2-т татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх, 18.1.3-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй, 18.1.13-д татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах гэж заасан ба энэхүү хуулийн заалтууд болон хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ЛМДШ ХХК нь татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаар татвар төлөгч нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, нотлох баримтын шаардлага хангасан анхан шатны баримтуудыг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах үүрэгтэй байх тул ЛМДШ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өнөөдрийг хүртэл явагдсан бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас эхлэн гаргасан өмгөөлөгч авах болон нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг найман удаа хойшлуулсан байна.

Гэвч нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргаж, удаа дараа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биечлэн оролцоогүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийг 30.4.7-д хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаан хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй, мөн хариуцагч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасан хүсэлт гаргасан тул эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.7, Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д заасныг тус тус баримтлан С дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч байцаагч Р.Б, Ц.З нарын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай ******* тоот актыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий ЛМДШ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ЛМДШ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ