Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0657

 

 

 

 

 

 

 

 

 

“ВФЧ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М

Нэхэмжлэгч: “ВФЧ” ХХК

Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 618 дугаартай Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх зориулалттай Салхин цахилгаан станц барих 24/2011 дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 619 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 471 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М , өмгөөлөгч Г.Ж, Г.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Х.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0078/З

ТОДОРХОЙЛОХ нь:        

1. Нэхэмжлэгч “ВФЧ” ХХК-аас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдууланЭрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 618 дугаартай Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх зориулалттай Салхин цахилгаан станц барих 24/2011 дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 619 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 471 дүгээр шийдвэрээр:  “...Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт, 9.2, 22 дугаар зүйлийн 22.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ВФЧ” ХХК-ийн гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны /цаашид Зохицуулах хороо гэх/ 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 618 дугаар Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх зориулалттай Салхин цахилгаан станц барих 24/2011 Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 619 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 618 дугаартай “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд:

 

3.1.1. Маргаан бүхий “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай” 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 618 дугаар тогтоолоор хариуцагч нэхэмжлэгчийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар тогтоолын хавсралтын 4 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн биелүүлээгүй гэж дүгнэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчим болон мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах” гэж тус тус заасныг зөрчсөн болно.

 

         3.1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 1.4.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар, түүний байр сууриас өөрөөр дүгнэжээ. Нэхэмжлэгч нь шинэчлэн боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлийг 95 хувь гэж үнэлсэн хариуцагчийн үнэлгээтэй маргаагүй байтал шүүх дээрх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна.

 

          3.1.3. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 1.4.2 дахь хэсэгт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзнэ. Учир нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хавсралт болох “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын 4.2-д “Үнэ тарифын саналаа дахин боловсруулж ирүүлэн 2021 онд багтаан хянуулж батлуулах” гэсэн шаардлагын дагуу Тарифын тооцооллыг дахин боловсруулан Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлэхэд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/198 дугаар “Тарифын саналыг буцаах тухай” хариу албан бичгээр /хх-ийн 19 дүгээр тал/ “Эрчим хүчний зохицуулах хорооноос 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай” 626 дугаар тогтоолоор “ВФЧ” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоосон. ...) Үүнд: 1. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын дагуу 4.1-д Эрчим хүчний барилга байгууламж барих техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж ирүүлэх шаардлагатай, 2. Техник эдийн засгийн үндэслэл тооцоо, жил бүрийн цахилгааны эрчим хүч үйлдвэрлэлт, дотоод хэрэгцээнд зарцуулах хувь хэмжээ болон нэгдсэн сүлжээнд нийлүүлэх эрчим хүчний тоо хэмжээ, үндэслэл тайлбар” зэрэг баримт шаардан үнэ тарифын саналыг хянан баталж өгөөгүй. Хэдийгээр Эрчим хүчний яам нэхэмжлэгчийн шинэчлэн боловсруулж хүргүүлсэн Эрчим хүчний барилга байгууламж (Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц) барих техник, эдийн засгийн үндэслэлийг хянаж батлаагүй боловч нэхэмжлэгч Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын Хавсралт болох “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын 4.2-д заасан шаардлагыг биелүүлж үнэ тарифын тооцооллыг дахин боловсруулан хариуцагчид хүргүүлсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байхад шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж дүгнэлт өгөлгүйгээр дээрх дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

 

           3.1.4. Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хавсралт болох “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын 4.3-д “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг 2021 онд багтаан “Д” ХХК-тай шинэчлэн байгуулах” шаардлагыг нэхэмжлэгчид тавьсан. Уг шаардлагыг нэхэмжлэгч биелүүлэхийн тулд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Энэ хуулийн 10.1-д заасан гэрээнд үйлдвэрлэн нийлүүлэх цахилгааны чадал, чанарын үзүүлэлт, хэмжээ, тариф, хугацаа, төсөл хэрэгжүүлэх баталгаа, цахилгааны тоолуур, хэмжих хэрэгслийн байршил, түүний төрөл, загвар, нарийвчлал, итгэлцүүрийн хэмжээ, дугаар, цахилгааны төлбөр, тооцооны нөхцөл, гэрээг цуцлах үндэслэл, талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тусгана” гэж заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороогоор батлуулсан үнэ тарифыг “Д” ХХК-тай байгуулах Цахилгааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд тусгах ёстой гэвч тариф батлагдаагүйн улмаас “Д” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

 

          3.1.5. Түүнчлэн нэхэмжлэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооны 626 дугаар тогтоолын 4.3-д заасны дагуу цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг “Д” ХХК-тай байгуулах гэсэн боловч Эрчим хүчний яамны 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн а/1728 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр тогтоолын үндэслэл болсон Эрчим хүчний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан “Тусгай зөвшөөрөл олгосон нөхцөл өөрчлөгдсөн” гэдэгт тусгай зөвшөөрөл авах үед Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан баримт бичгээр тогтоогдсон үндэслэл, нөхцөл, үзүүлэлтүүд өөрчлөгдсөнөөс шалтгаалан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийг шинэчлэх, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсныг хамруулан ойлгох тул компани тусгаарлах хэлбэрээр өөрчлөн зохион байгуулагдсаныг “тусгай зөвшөөрөл олгосон нөхцөл өөрчлөгдсөн” гэж үзэх үндэслэлгүй байна. ...Иймд “Д” ХХК-тай цахилгааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна”, Эрчим хүчний яамны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1/2443 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр “тусгай зөвшөөрөл шилжүүлсэн талаар хууль хэрэглээний асуудал дээр төрийн байгууллагууд зарчмын зөрүүтэй байр суурьтай байна. Иймээс тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэсний дараа ТЭЗҮ хэлэлцэх, ЦЭХХХАГ байгуулах асуудлыг авч үзэх болно” гэх хариуг ирүүлсэн тул гэрээг “Д” ХХК-тай 626 дугаар тогтоолд заасан хугацаанд гэрээ байгуулж чадаагүй. Энэхүү алба бичгүүдээр ЦЭХХХАГ нэхэмжлэгч “Д” ХХК-тай байгуулж чадаагүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй гэдгийг нотолж байгаа болно.

 

           3.1.6. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.4.3-д “... Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь тухайн мэдэгдлийн хууль зүйн үндэслэлийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй, энэ тохиолдолд өөр захиргааны байгууллагаас гаргасан өөр үр дагавар бүхий захиргааны актыг үндэслэл болгон хариуцагч хороог буруутгах боломжгүй, түүнчлэн гэрээ байгуулагдаагүйг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа нөхцөлд үнэлгээ буруу биш гэж үзэхээр байна.. гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байгаа болно. “Д” ТӨХК нь Эрчим хүчний яамны харьяа байгууллага бөгөөд тус компанийн 70 хувийн хувьцааг Эрчим хүчний яам эзэмшдэг учир дээд шатны удирдлагын шийдвэрээс хамаарч нэхэмжлэгчтэй цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулах боломжгүй болсон мөн дээр дурдсанчлан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасны дагуу гэрээнд үнэ тарифыг заавал тусгах үүрэгтэй. Гэвч гэрээнд тусгах үнэ тариф нь Эрчим хүчний яамны буруугаас болж батлагдаагүй байна. Энэ нь анхан шатны шүүхийн 1.4.3 дахь дүгнэлт үндэслэлгүй болохыг илтгэж байна.

         

          3.1.7. Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хавсралт болох “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын 4.4-д “Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хугацаанд барьж байгуулан, ашиглалтад оруулах, холбогдох акт баримт бичгийн баталгаажуулсан хувийг ирүүлэх” тухай шаардлагыг нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барих буюу биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Учир нь Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Улсын хилийг дайран өнгөрөх шугам, 5 МВт-аас дээш хүчин чадалтай эрчим хүчний барилга байгууламж барих, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр Зохицуулах хороо олгоно” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд эрчим хүчний барилга байгууламж барих зөвшөөрлийг, Эрчим хүчний сайдын зөвшөөрлийг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хороо олгодог. Гэтэл Эрчим хүчний сайд хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасан зөвшөөрлийг мөн л техник эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжсэн тохиолдолд олгодог. Энэ нь Эрчим хүчний яамны (хуучин нэрээр Монгол улсын Эрдэс баялаг, Эрчим хүчний) сайдын 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн а/4059 дугаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, Эрчим хүчний сайдын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн а/658 дугаар “Тусгай зөвшөөрлийн тухай” албан бичгүүдээр тус тус тогтоогдож байгаа болно.

 

          3.1.8. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан дээрх нотлох баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг огт хийлгүйгээр шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 1.4.4-д “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл тухайн төслийн талбай дээр харуулын байр 5 ширхэгийг барьсан гэж тайлбарласан боловч эдгээр нь төслийн барилга байгууламжийн угсралтын ажлыг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан улмаар ашиглалтад оруулсан байх нөхцөл шаардлагыг хангаагүй, нөгөө талаар нэхэмжлэгч нь нэр бүхий компаниудад мөнгө олгосон банкны гүйлгээний баримтуудыг ирүүлсэн боловч эдгээр нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим зөрчсөн гэж үзэх үндэслэл болохооргүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн үнэлгээ хууль зүйн үндэслэлтэй” гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ.

Учир нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Эрчим хүчний яамны (хуучин нэрээр Монгол улсын Эрдэс баялаг, Эрчим хүчний) сайдын 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн а/4059 дугаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай” албан бичигт “ ... 50 МВт-н салхин парк байгуулах судалгаа, техник эдийн засгийн үндэслэл”-ийг манай яамны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэгдэж дэмжсэн шийдвэр гаргасан. Иймд Эрчим хүчний тухай хуулийн дагуу дээрх төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай “Эрчим хүчний барилга байгууламж барих” тусгай зөвшөөрлийг “АГ” ХХК-д олгоно уу” гэж тусгагдсан байх бөгөөд тухайн албан бичгийг Эрчим хүчний яамны (хуучин нэрээр Монгол улсын Эрдэс баялаг, Эрчим хүчний) сайдаас Эрчим хүчний зохицуулах газрын дарга Н.М д хүргүүлж байсан. Эл албан бичиг болон мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан Эрчим хүчний сайдын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/658 дугаар “Тусгай зөвшөөрлийн тухай” албан бичгүүдээр ТЭЗҮ батлагдсаны дараа албан шаардлагын 4.4-д заасан барилга байгууламж барих зөвшөөрөл олгогддог болох нь тогтоогдож байхад шүүх бодит нөхцөл байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна.

 

         3.1.9. Учир нь Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Улсын хилийг дайран өнгөрөх шугам, 5 МВт-аас дээш хүчин чадалтай эрчим хүчний барилга байгууламж барих, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр Зохицуулах хороо олгоно” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд эрчим хүчний барилга байгууламж барих зөвшөөрлийг, Эрчим хүчний сайдын зөвшөөрлийг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хороо олгодог. Гэтэл Эрчим хүчний сайд хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан зөвшөөрлийг мөн л техник эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжсэн тохиолдолд олгодог. Энэ нь Эрчим хүчний яамны (хуучин нэрээр Монгол улсын эрдэс баялаг, Эрчим хүчний) сайдын 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн а/4059 дугаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, Эрчим хүчний сайдын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн а/658 дугаар “Тусгай зөвшөөрлийн тухай” албан бичгүүдээр тус тус тогтоогдож байгаа болно.

         

          3.1.10. Эрчим хүчний яамны ШУТЗ-өөс нэхэмжлэгчийн ТЭЗҮ-ийг батлаагүй байхад техникийн нөхцөл авах хүсэлт гаргах боломжгүй юм. Гэтэл шүүхээс “Эрчим хүчний барилга байгууламж барих ажлын журам”-ын 2.1.3 дахь хэсэг, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2.2 дахь хэсэгт заасныг анхаарч үзэлгүйгээр ийнхүү шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдалд нийцээгүй төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

          3.1.11. Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хавсралт болох “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын 4.7-д “Эрчим хүчний барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагч талуудтай гэрээг 2021 онд багтаан эцэслэн байгуулж, баталгаажуулсан хувийг ирүүлэх” гэсэн шаардлагыг нэхэмжлэгч бүрэн биелүүлсэн байдаг. Гэтэл хариуцагч “ВФЧ” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийн дүгнэлтэд 2022 оны тухайд ЦЭХХХГэрээ байгуулсан 20%, Филиппин улсын Аяала корпорацийн охин компани болох АС  Ltd хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн нөхцөлийг тохирч байгаа. Үнэлгээ 0% гэж үнэлсэн нь бодит нөхцөл байдалд тохироогүй үнэлгээ болсон. Нэхэмжлэгч нь хөрөнгө оруулагчтай 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөрөнгө оруулах санал илэрхийлсэн санамж бичгийг албажуулсан бөгөөд тухайн албан бичгийг хариуцагчид болон шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус албан бичигт Ю болон А компанийн хувьцаа эзэмшигчид ЭХЗХ-ны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын дагуу цэнэг хураагуур нэмэн шинэчилсэн ТЭЗҮ батлагдаж, Д-тэй ЭХХХАГэрээний нөхцөлүүд баталгаажсаны дараа хөрөнгө оруулалтын гэрээгээ эцэслэн баталгаажуулахаар хүлээж байна. Ю Монголиа болон А-аас Чойрын СЦС-ын төсөлд оруулах хөрөнгө оруулалтаа төслийн нэгж болох “ВФЧ” ХХК-д өөрийн хөрөнгө хэлбэрээр 22 сая ам.доллар байршуулах болон АНУ-ын хөгжлийн санхүүгийн корпорацаас 66 сая ам.долларын зээлийн санхүүжилт авахаар тохиролцоонд хүрсэн. Ю Монголиа болон А -аас Чойрын шинэчилсэн ТЭЗҮ, шатлан бууруулсан тариф, техникийн нөхцөл, ЭХХХА Диспетчерийн зохицуулалтын гэрээ болон бусад холбогдох зөвшөөрөл гарсны дараа ээлийн санхүүжилтийн гэрээг эцэслэн баталгаажуулах хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж байна” гэж тусгаснаас үзэхэд нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

          3.1.12. Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хавсралт болох “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын 4.8-д “Барилга байгууламжийн угсралтын ажлыг энэхүү тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.7-д заасан нөхцөл биелэгдсэнээс хойш буюу 10 сарын дотор эхлүүлсэн байх” гэсэн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь өөрөөс шалтгаалах зүйл болох Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын газрын зөвшөөрлийг авсан болно. Харин Эрчим хүчний яам нэхэмжлэгчийн шинэчлэн боловсруулсан техникийн нөхцөлийг хянан баталгаажуулж өгөөгүйн улмаас нэхэмжлэгч барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авч чадаагүй, зөвшөөрөлгүй учир барилга угсралтын ажлыг эхлүүлж чадаагүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргасан гэвч шүүх уг асуудлаар огт дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан байна.

 

          3.1.13. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хавсралт болох “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын 4 дүгээр зүйлд заасан шаардлагыг бүрэн сайн биелүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүхийн 1.4.7-д дэх хэсэгт “...нийт дүнгээр тусгай зөвшөөрлийн 2022 оны нөхцөл шаардлагын биелэлт хангалтгүй буюу 46.3%, 2023 оны нөхцөл шаардлагын биелэлт мөн хангалтгүй буюу 41.7% гэж үнэлж, улмаар ...“ВФЧ” ХХК-д олгосон дугаартай эрчим хүчний барилга байгууламж (Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.8.3-д заасны дагуу дүгнэхэд 41.7 хувьтай “Хангалтгүй” үнэлгээ авсан тул тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэсэн, эдгээр нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна...” гэж нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүйн дээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг зөрчжээ.

 

          3.2. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх зориулалттай “Салхин цахилгаан станц” барих 24/2011 дугаартай “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай” Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 619 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

          3.2.1. Маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 619 дүгээр тогтоол гаргах үндэслэл нь мөн хорооны 618 дугаар тогтоолтой шууд холбоотой болно. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 2.1-д “Дээрхи маргаан бүхий тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 9.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 5.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 346 дугаар тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 618 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар “ВФЧ” ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж (Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц) барих дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгож, 2 дахь заалтаар Тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгож байгаатай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Тариф батлах тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна” гэж дүгнэсэн. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 618 дугаар тогтоол нь хууль бус болох нь дээр дурдсан үндэслэл болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байхад шүүх “хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв” гэж дүгнэсний улмаас 619 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

           3.2.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.5, 2.7-д үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 50/23 дугаар Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хорооны Тусгай зөвшөөрлийн газрын дарга Х.Н т хандаж гаргахдаа Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хавсралт болох “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын 4 дүгээр зүйлд заасан шаардлагыг бүрэн биелүүлсэн баримт, холбогдох тайлбарыг гаргаж өгсөн. Мөн шүүхэд тухайн баримтуудыг бүрэн гүйцэд гаргаж өгсөн хэдий ч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөний улмаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0471 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

         

          Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 471 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

         4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Шүүх гомдлыг дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “ВФЧ” ХХК-аас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 618 дугаартай Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх зориулалттай Салхин цахилгаан станц барих 24/2011 дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 619 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.2. Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай” 626 дугаар тогтоолоор “АГ” ХХК өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан эрчим хүчний барилга байгууламж (Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц) барих 24/2011 дугаартай тусгай зөвшөөрлийн эзэмшигчийг “ВФЧ” ХХК болгон өөрчилж, хавсралтаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг шинэчлэн тогтоосон байна.

 

2.3. Харин Эрчим хүчний зохицуулах хорооны маргаан бүхий 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 618 дугаартай тогтоолоор “ВФЧ” ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж барих 24/2011 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэхдээ Тусгай зөвшөөрлийн шаардлагын

- 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Эрчим хүчний барилга байгууламж /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц/ барих техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, 2021 онд багтаан Хороонд ирүүлэх” ажлын хүрээнд Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулаагүй боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2022/0949 дугаартай шийдвэрийг үндэслэн харгалзах 100 хувиас 95 хувийн үнэлгээтэй,

- 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “Үнэ тарифын саналаа дахин боловсруулж ирүүлэн 2021 онд багтаан хянуулж батлуулах” ажлын хүрээнд тарифыг шинэчлэн батлуулаагүй тул 0 хувиар,

- 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг 2021 онд багтаан Д ХХК- тай шинэчлэн байгуулах” ажлын хүрээнд Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг 2021 онд багтаан “Д” ХХК-тай шинэчлэн байгуулаагүй тул 0 хувиар,

- 4 дүгээр зүйлийн 4.4-д заасан “Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан, ашиглалтад оруулах, холбогдох акт баримт бичгийн баталгаажуулсан хувийг ирүүлэх” ажлын хүрээнд Барилга угсралтын ажил эхлээгүй тул 0 хувиар,

- 4 дүгээр зүйлийн 4.5-д заасан “Зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, батлах дүрэм /БНбД 11-01-98/ болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, баталгаажуулсан хувийг ирүүлэх” ажлын хүрээнд “Б” ХХК-иар 110/35 кВ-ын дэд станц, 110 кВ-ын ЦДАШ-ын зураг төслийг гүйцэтгүүлэн магадлалын дүгнэлт гаргуулсан тул харгалзах 100 хувиар,

- 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан “Зураг төсөл, хайгуул, судалгааны ажилд улсын экспертиз хийх дүрэм /БНбД 11-203-04/-ийн дагуу барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэсэн хувийг ирүүлэх” ажлын хүрээнд барилга байгууламжийн зураг төслийг Зам тээврийн хөгжлийн төв, Барилгын хөгжлийн төв, “Эрчим хүчний хөгжлийн төв”-д магадлал хийлгэн дүгнэлт гарсан тул 100 хувиар,

- 4 дүгээр зүйлийн 4.7-д заасан “Эрчим хүчний барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагч талуудтай гэрээг 2021 онд багтаан эцэслэн байгуулж, баталгаажуулсан хувийг ирүүлэх” ажлын хүрээнд цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг “Д” ТӨХК-тай байгуулах ёстой боловч 2014 онд “ЦДҮС” ТӨХК-тай байгуулсан гэрээг үндэслэн харгалзах бүтэн оноо буюу 20 хувиар, хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн байгуулаагүй тул 0 хувиар,

- 4 дүгээр зүйлийн 4.8-д заасан “Барилга байгууламжийн угсралтын ажлыг энэхүү тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.7-д заасан нөхцөл биелэгдсэнээс хойш буюу 10 сарын дотор эхлүүлсэн байх” ажлын хүрээнд Эрчим хүчний яамнаас барилгын ажил эхлүүлэх тусгай зөвшөөрөл аваагүй, барилга угсралтын ажил эхлээгүй, газрын гэрчилгээтэй тул 10 хувиар,

- 4 дүгээр зүйлийн 4.9-д заасан “Барилга байгууламжийн барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хийлгэх гэрээ байгуулж, баталгаажуулсан хувийг ирүүлэх” ажлын хүрээнд Эрчим хүчний яамнаас олгосон техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дууссан, Эрчим хүчний үндэсний төв ТӨХК-тай техникийн хяналт тавих гэрээний хүрээнд байгуулах урьдчилсан гэрээ байгуулсан тул 50 хувиар тус тус дүгнээд, нийт нөхцөл, шаардлагын биелэлтийг 41.7 хувиар “Хангалтгүй” гэж дүгнэж,

Мөн хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 619 дугаар тогтоолоор “...“ВФЧ” ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж барих 24/2011 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгож” тус тус шийдвэрлэсэн байна.

 

2.4. Нэхэмжлэгчээс дээрх тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Манай компанийн зүгээс 626 дугаар тогтоолын хавсралтад заасны дагуу Эрчим хүчний барилга байгууламж барих техник, эдийн засгийн үндэслэлийг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” УТҮГ-тай хамтран шинэчлэн боловсруулж, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлд хүргүүлсэн боловч, тус ТЭЗҮ-г ...хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан, ... Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Эрчим хүчний яам манай компанийн шинэчлэн хүргүүлсэн Эрчим хүчний барилга байгууламж  барих техник, эдийн засгийн үндэслэлийг яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүй өнөөдрийг хүрсний улмаас ...техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, 2021 онд хороонд ирүүлэх, ...Үнэ тарифын саналаа дахин боловсруулж ирүүлэн 2021 онд багтаан хянуулж батлуулах гэж заасан шаардлагыг манай компани биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэж, хариуцагчаас “...“ВФЧ” ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг 2021, 2022 онуудад “Хангалтгүй” гэж дүгнэгдэж байсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 50/23 дугаартай, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 72/23 дугаартай, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 74/23 дугаартай албан бичгүүдээр холбогдох өргөдөл, материалыг ирүүлсэн ба уг материалыг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 7-т заасны дагуу магадлан шалган тус Хорооны 2023 оны 618 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг “Хангалтгүй” гэж дүгнэсэн тул Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 618, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 619 дүгээр тогтоол гарсан” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

 

2.5. Анхан шатны шүүх “...хариуцагчийн гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 618 дугаар тогтоол нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээ, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хянах чиг үүрэгт нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох боломжгүй, ... хариуцагч нь “ВФЧ” ХХК-ийн ...тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох, тус компанийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгохтой холбогдуулан Хорооны 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Тариф батлах тухай 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох дүгнэлт гаргасны дагуу уг маргаан бүхий тогтоол гаргасан нь хууль болон дүрмийн заалтад нийцсэн” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

2.6. Учир нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 9.1.2-т “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 9.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” гэж тус тус зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг дүгнэх, түүний үндсэн дээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх нь Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрх буюу түүнд хуулиар олгогдсон сонгох боломж нь боловч энэ хэргийн тохиолдолд хариуцагч ийнхүү эрхээ хэрэгжүүлэхдээ бодит нөхцөл байдлыг харгалзан үзсэний эцэст холбогдох шийдвэрийг гаргах боломжтой байжээ.

 

2.7. Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгч компанийн Эрчим хүчний барилга, байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг мөн хорооны 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Эрчим хүчний шинэ эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн цахилгаан эрчим хүчний үнэ тариф, бие даасан цахилгаан (дулаан) эрчим хүч үйлдвэрлэгчийн гэрээний гарааны үнийг тогтоох аргачлалын дагуу дүгнэж, дээрх байдлаар үнэлснийг буруутгах боломжгүй боловч тухайн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасанд нийцэхгүй байна.

 

2.8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компаниас 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 19/01 дугаартай албан бичгээр тарифын тооцооллыг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн байх бөгөөд хариуцагчаас уг хүсэлтэд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/198 дугаартай албан бичгээр 6 төрлийн материалыг Эрчим хүчний шинэ эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн цахилгаан эрчим хүчний үнэ тариф, бие даасан цахилгаан (дулаан) эрчим хүч үйлдвэрлэгчийн гэрээний гарааны үнийг тогтоох аргачлалын дагуу хавсарган ирүүлэх шаардлагатай гэж буцаасан байх бөгөөд ингэхдээ Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу “Эрчим хүчний барилга байгууламж барих техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах шаардлагатай” талаар дурджээ.

 

2.9. Гэтэл “ВФЧ” ХХК-аас Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлд холбогдуулан гаргасан “Эрчим хүчний Яамны Шинжлэх Ухаан, Технологийн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит хуралдааны 15 дугаар тэмдэглэлийг хууль бус болохыг тогтоолгож, “ВФЧ” ХХК-ийн хэрэгжүүлж буй Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах 50.4 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 949 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байхад захиргааны байгууллага шүүхийн энэхүү хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэлгүйгээр нэхэмжлэгч компанийг Эрчим хүчний барилга байгууламж барих техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах шаардлагатай гэж буцаасан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн байна.

 

2.10. Өөрөөр хэлбэл, шүүхийн дээрх шийдвэр биелэгдээгүйн улмаас нэхэмжлэгч нь Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шаардлагаас гадна 4.2-т заасан үнэ тарифын саналаа дахин боловсруулж батлуулах, 4.3-д заасан Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг “Д” ТӨХК-тай байгуулах шаардлагуудыг хангах боломжгүйд хүрсэн бодит нөхцөл байдлыг хариуцагч маргаан бүхий актуудыг гаргахдаа харгалзан үзэх шаардлагатай байжээ. Түүнчлэн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас холбогдох шаардлагуудыг биелүүлэх боломжгүй байсан тухайн тохиолдолд өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдал үүссэнийг харгалзалгүйгээр нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй юм.

 

2.11. Мөн хэрэгт авагдсан А ХХК болон Ю  болон Р ХХК-иудын хооронд байгуулагдсан “Хөрөнгө оруулах санал илэрхийлсэн санамж бичиг”-ээс үзэхэд “...Ю  болон А  2019 оны 8 дугаар сараас эхлэн Монгол Улсын Говьсүмбэр аймагт 50.4 МВт-ын Чойрын салхин эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулахаар зарчмын хувьд тохиролцож хөрөнгө оруулалтынхаа талаар идэвхитэй хэлэлцэж  байна, Ю  болон А  компанийн хувьцаа эзэмшигчид Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын дагуу цэнэг хураагуур нэмэн шинэчилсэн ТЭЗҮ батлагдаж, Д-тэй ЭХХХАГ-ний нөхцөлүүд баталгаажсаны дараа хөрөнгө оруулалтын гэрээгээ эцэслэн баталгаажуулахаар хүлээж байна” гэж дурдсаныг Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.7-д заасныг дүгнэхдээ харгалзан үзсэн эсэхийг тодруулах шаардлагатай.

 

2.12. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 9.1.2-т “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 9.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах”, 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ...” гэж, 22 дугаар зүйлийн 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана” хэмээн тус тус заасан.

 

2.13. Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг тогтоосон үзүүлэлтийн дагуу жил бүр дүгнэсэн тайланг голлох үзүүлэлт болгон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн эсэх, техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой эсэхийг хурлаараа хэлэлцэж, тогтоол гарган шийдвэрлэх эрхтэй тул дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу “ВФЧ” ХХК-ийн шинэчлэн боловсруулсан Эрчим хүчний барилга байгууламж барих Техник, эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дахин дүгнэх нь зүйтэй гэж үзлээ

2.14. Өөрөөр хэлбэл, тухайн тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигч цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой эсэхийг дүгнэж хянах шатандаа тус тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хэрэгжүүлэхэд шууд нөлөөлөх нөхцөл байдлыг дутуу үнэлж, бодитой хийгдсэн ажлуудыг хангалтгүй гэж дүгнэснээр нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул дээрх асуудлуудыг шийдвэрлэж бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийж, хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт явуулсны үндсэн дээр дахин шийдвэр гаргах шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.

 

2.15. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна”, 8.2-т “Зохицуулах хороог орон тооны гурав, орон тооны бус хоёр, нийт таван гишүүний бүрэлдэхүүнтэй зохицуулагчид удирдана”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө” гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэхээр байх тул шүүхээс сунгахыг шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

2.16. Тиймээс хариуцагч дээр дурдсан зүйлүүдийг тодруулж, бодит нөхцөл байдлыг тогтоож, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл Эрчим хүчний зохицуулах хорооны маргаан бүхий 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай” 618 дугаартай тогтоол, мөн хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай” 619 дугаар тогтоолуудын биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2.17. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэгэнт тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагууд бүрэн хангагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт маргаан бүхий актыг дахин хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулав.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 471 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2, 9.1.3, 9.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай” 618 дугаартай тогтоол, мөн хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай” 619 дугаар тогтоолуудыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд Эрчим хүчний зохицуулах хорооноос шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий тогтоолууд хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.хОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА