Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 0003

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Ө, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц нарыг оролцуулан хийсэн  хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1278  дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Д.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.С-т холбогдох гэм хорын хохирол 4 060 000 /дөрвөн сая жаран мянга/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Д.С нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг Сод Монгол шатахуун түгээх станцын хойд замд миний унаж явсан Allion маркын ХӨВ 54-51 улсын дугаартай автомашиныг мөргөсний улмаас би нөгөө эгнээнд явж байсан машиныг мөргөж, миний машины хоёр тал гэмтсэн. Миний машинд хадам аав, таваас доош насны 3 хүүхэд, жирэмсэн эхнэр маань сууж явсан. Д.С-ын буруутай үйлдэл болохыг Цагдаагийн газар тогтоож, зөрчлийн хэрэг үүсгэн, түүнд торгуулийн арга хэмжээ авч, намайг учирсан хохирлоо иргэний журмаар шүүхээр нэхэмжлэх эрхтэй гэж хэлсэн. Миний машины ар талын хаалга, кузов, салхины шил, хойд гэрэл, гэрэл, хойд тэвш, хойд гуферт гэмтэл учирч бүгдийг солих шаардлагатай болсон. Д.С учруулсан хохирлоо нөхөн төлнө гэсээр намайг Тосонцэнгэл сумаас байнга нааш цааш явуулж их хэмжээний зардал гаргасан бөгөөд тэрээр мөнгөө өгөөгүй. Машинд их хэмжээний хохирол учирсан гэдгийг Д.С өөрөө мэдэж байгаа. Тэр миний машины гэмтэлд 2 525 000 төгрөгийн үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан байсан. Би тэр үнэлгээг зөвшөөрөхгүй. Улаанбаатар хотод миний машины эвдрэлийг засах боломжтой гэсэн тул аргагүйн эрхэнд 2017 оны 08 сарын сүүлээр өөрийн зардлаар машинаа ачуулж, засварын газраар засвар үйлчилгээ хийлгэж, сэлбэг эд анги худалдан авч тавьсан. Тэнгэрийн шугам хязгаарлагдмал хариуцлагатай компаниар машинаа ачуулж, төлбөр 500 000 төгрөг өгсөн, кузов засварын ажлын хөлс 2 000 000 төгрөг, Да хүрээ захаас машины эд анги болох салхины шил 160 000 төгрөг, хойд гэрэл 180 000 төгрөг, гэрэл 160 000 төгрөг, хойд хаалга 180 000 төгрөг, хойд тэвш 150 000 төгрөг, хойд гуфер 300 000 төгрөгөөр тус тус авч тавьсан. Мөн Д.С одоо хүрээд ир, хоёулаа тохиръё гэж олон удаа нааш цааш явуулж байсан шатахууны үнэ 310 000 төгрөг, машинаа үзэхээр Улаанбаатар хот хоёр удаа явсан, ирэх очих зардал 120 000 төгрөг надаас гарсан. Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 4 060 000 төгрөгийг Д.С-аас гаргуулж авна гэсэн боловч зарим баримтууд шаардлага хангахгүй байгаа тул шатахууны үнээс 33 000 төгрөгийг хасч тооцоод, нийт 4 027 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч Д.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлд дурдагдсан засварын хөлс, сэлбэгийн үнэ, нааш цааш явсан, машин ачуулсан, хот хооронд явсан гэх мэт дурдагдсан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй мөнгө нэхэж байна. Иймд хариуцагч Д.С би Д.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр би Д.Б-ын машиныг мөргөж осол гаргасан нь үнэн. Тус машины эвдрэл гэмтлийн талаар үнэлгээ тогтоолгоход Д.С би хамт явсан ба энэ талаар мэдэж байсан. Хохирол төлбөрийг барагдуулахаар түүнтэй ярилцахад надаас их хэмжээний мөнгө нэхэж, эвлэрэх боломж өгдөггүй. Машинд хохирол учирсан тул тодорхой хэмжээний хохирол төлнө. Хэдий хэмжээний хохирол төлөхийг мэдэхгүй байгаа тул шүүхийн шийдвэрээр гарах төлбөрийг төлж барагдуулна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 12-ны  өдрийн 1278  дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.С-ас гэм хорын хохирол 3 630 000 /гурван сая зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 397 000 /гурван зуун ерэн долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 73 030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.С, түүний өмгөөлөгч Л.Ц нар давж заалдах гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Д.С “Соната” маркын 98-81 ХӨА улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн нутаг “Сод монгол” шатахуун түгээх станцын  хойд замд Д.Б-ын эзэмшлийн “Аллион” маркын 54-51 ХӨВ улсын дугаартай автомашиныг мөргөж эд зүйлд гэмтэл учруулсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн  замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчийн хариу мэдэгдэх хуудас, зам тээврийн осол болсон үеийн авто машины гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтаар тогтоогдлоо гэжээ. Үүний тухайд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Б-т нь уг осол болсон зам тээврийн улсын байцаагчийн дүгнэлтийг шүүхэд гаргаж өгөөгүй, хэзээ хэдэн онд, хэдний өдөр зам тээврийн ямар дүрмийг хэн зөрчиж осол гаргасан баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, зам тээврийн осол болсон үеийн автомашины гэрэл зураг нь хэрэгт ач холбогдол бүхий биш баримт бөгөөд уг осолд дахин нэг машин мөргөлдсөн, түүний зураг гэж зохигч нар тайлбарлаж байгаа нь хэрэгт ач холбогдолтой гэж нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрлэснийг гайхаж байна.  Шүүх нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна.

Зам тээврийн ослын улмаас Д.Б-н автомашинд эвдрэл гэмтэл учирч түүнийг Улаанбаатар хотод засч янзлуулсан нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 4125967 дугаар регистртэй, Тэнгэрийн шугам ХХК-ийн 2017 оны 8 сарын 22-ны өдрийн “1.Хөв 54-51 Аллион маркын автомашиныг Мөрөнгөөс Улаанбаатар хот хүртэлх ачаа тээвэрлэлтийн хөлс 500 000” төгрөг гэх бичилттэй зарлагын баримт, 2017 оны 8-р сарын 24-ний өдрийн “Хан мандал” кузов засварын газрын ХӨВ 54-51 Аллион маркын авто машины ажлын хөлс 1 ширхэг 2 000 000 төгрөг” гэх бичилттэй баримт зэргийг шүүх үнэлсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Д.Б  нь Да хүрээ №41 дугаартай контейнерээс салхины шил 1 ширхэг 160 000 төгрөг, хойд гэрэл 1 ширхэг 180 000 төгрөг, гэрэл 1 ширхэг 160 000 төгрөг, хойд хаалга 1 ширхэг 180 000 төгрөг, хойд тэвш 1 ширхэг 150 000 төгрөг, хойд гуфер 1 ширхэг 300 000 төгрөг нийт 1 130 000 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх кузов засварын ажлын хөлс 2 сая төгрөг гэдгийг баримтаар нотлогдож байна гэж үзсэнд гомдолтой байна.

... Мөн Улаанбаатар хот руу уг автомашиныг 500 000 төгрөгөөр ачиж тээвэрлэсэн гэсэн баримтын тухайд: Тэнгэрийн шугам гэдэг компаниар тээвэрлүүлсэн бол заавал ажил гүйцэтгэх гэрээ, эсвэл хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх ёстой. Гэрээнд ачаа тээвэрлэлтийн хөлс, бензин гэх мэтээр тусгайлан зааж тээвэрлэгдэх ёстой. Гэтэл огт тийм зүйл байхгүй бас л тамгатай бичилттэй зарлагын баримт гаргаж ирсэн. Мөн уг машинийг миний бие журмын хашаанаас унаад явсан бөгөөд журмын хашааны мөнгийг төлсөн. Машиныг зүгээр унаад явсан байхад чухам яагаад Улаанбаатар луу ачаад явдгийг зөвшөөрөхгүй, үүнийг шүүх үнэлсэнд гомдолтой байна. Хариуцагч би нэхэмжлэгчийг учир шалтгаангүй өндөр үнэ нэхэж байсанд гомдож байсан бөгөөд шүүх бодитой үндэслэлтэй шийдвэр гаргавал түүнийг төлөхөд бэлэн гэдгээ шүүх хуралдаанд хэлж байсан. Намайг ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж шүүх үзсэн бөгөөд надад угаасаа тийм хугацаа ч олдоогүй юм.

Нэхэмжлэгчийн автомашиныг зөрчлийн хэргийн үед зохих байгууллагаар үнэлүүлсэн бөгөөд албан ёсны байгууллагын үнэлгээгээр 6 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан. Гэтэл 6 сая төгрөгөөр үнэлэгдсэн машиныг 4 сая гаран төгрөгөөр засуулдагыг би гайхаад шүүхэд ханд гэсэн. Гэтэл уг авто машинд ямар гэмтэл учирсан гэж шүүх үзээд намайг төл гээд байгааг би ойлгохгүй байна.

Иймд миний хүлээн зөвшөөрөхгүй байгаа машин ачсаны хөлс, кузов засварын хөлс 2 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, бодитойгоор үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас 3,630,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбацогтод олгож, үлдэх 397,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.С т холбогдуулан гэм хорын хохирол 4,060,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч зам тээврийн осол гаргасан талаараа маргаагүй, харин нэхэмжлэлийн шаардлагын талаар “нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэдий хэмжээний хохирол төлөхийг мэдэхгүй байгаа тул шүүхийн шийдвэрээр гарах төлбөрийг төлж барагдуулна” гэж тайлбарлажээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн ослын улмаас Д.Бямбацогтын автомашинд эвдрэл гэмтэл учирч түүнийг Улаанбаатар хотод засуулсан нь Тэнгэрийн шугам хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Мөрөнгөөс Улаанбаатар хот хүртэл ачих тээвэрлэлтийн хөлс 500,000 төгрөг төлсөн баримт, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хан мандал кузов засварын ХӨВ 54-51 Allion авто машины кузов засварын ажлын хөлс 2,000,000 төгрөг төлсөн баримт, сэлбэгийн үнэнд 1,130,000 төгрөг төлсөн баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч гэм буруугүй болохоо нотлоогүй байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх үүрэгтэй тул дээрх хохирлыг хариуцагч Д.С-аас гаргуулах нь үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч  өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Иймд хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд иргэн Д.П-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчөөр оролцуулсан байх бөгөөд шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт түүний нэрийг дурьдаагүй орхисныг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1278 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт “өмгөөлөгч Л.Ц” гэсний дараа “иргэдийн төлөөлөгч Д.П” гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ                                                               

                                    ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ                                                                     

                                                                                      Т.ГАНБАТ