Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/257

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2225005910280 дугаартай, 163/2022/0252/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Баяуд овогт Авидын Цогмөнх, Увс аймгийн Улаангом суманд 1984 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, Орхон аймаг, ** сум, ** багийн ** тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ** ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 38 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ОЮ84021171.

Монгол Улсын иргэн, Ханхөхийд овогт Мэндбаярын Мөнх-Эрдэнэ, Сүхбаатар аймгийн ** суманд 1997 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Орхон аймаг, ** сум, ** багийн *** тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, 25 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ЛЮ97081534.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ, А.Цогмөнх нар нь бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Батхүүгийн бие, эрх чөлөөнд халдаж биед нь эрүүний зүүн булангийн зөрүүтэй далд хугарал, нэг шүдний булгарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215005910280 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нар нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эмээ өвөө” амралтын газарт ажлын хамт олонтойгоо салхинд гарах зорилгоор ирж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд энэ үед Т.Батхүүг н.Амарбаясгалантай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцад А.Цогмөнх нь Т.Батхүүгийн нүүрэн тус газарт нь цохиж алгадсан, М.Мөнх-Эрдэнэ нь Т.Батхүүг газарт хэвтэж байх үед нүүрэн дээр нь дэвсэх зэргээр бие биенийхээ хууль бус үйлдлийг дэмжиж бүлэглэн зодож түүний биед эрүүний зүүн булангийн зөрүүтэй далд хугарал, нэг шүдний булгарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Батхүүгийн өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай хуучин ажлынхан “Эмээ өвөө” амралтын газарт салхинд гарахаар явцгаасан юм. Тухайн үед Цогмөнх багш над руу залгаж салхинд гарах гэж байгаа талаар хэлээд намайг хамт явахгүй юм уу гэж асуухаар нь би зөвшөөрч тэдний араас Батбаяр, Энхтөр, Булганболд нарын хамтаар очсон. Очоод хүмүүстэй мэнд мэдээд явж байтал Амарбаясгалан надад хандаж уур хүргэм үг хэлсэн. Би ер нь Амарбаясгалантай таардаггүй ам зөрөөд байдаг юм. Тэрнээс болоод тэнд байсан хүмүүстэй маргалдаж эхэлсэн. Цогмөнх ах надад хандан намайг боль гэж ахын ёсоор хэлээд алгадсан юм. Тэгэхээр нь би яагаад алгадаж байгаа юм, надад буруу байхгүй гэж хэлтэл бидний хажуу талаас Мөнх-Эрдэнэ та яагаад байгаа юм гэхээр нь би чамд хамаагүй, ахтайгаа юм ярьж байна гэж хэлтэл миний цээж рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд Цогмөнх, Батбаяр, Энхтөр бид дөрөв газарт унасан чинь Мөнх-Эрдэнэ миний нүүрэн дээр дэвсээд явчихсан. Тэгэхээр нь би газраас босч Мөнх-Эрдэнэ дээр очих гэтэл Энхтөр, Цогмөнх, Батбаяр нар намайг бариад явуулахгүй байсан. ...Цогмөнх миний гарыг мушгиад намайг газарт унагаасан. Гар мушгих үед зүүн мөр мултарсан, Цогмөнх нь тохойгоороо эрүүн дээр хүчтэй дараад байсан. Тухайн үед газартай хавсарч их хүчтэй дарсан. Цогмөнх тохойгоороо дарж байхад миний шүд суурьнаасаа уначих шиг болсон. Тэгээд би Цогмөнхөд хандан шүд мултарчихлаа гэж хэлээд болиулсан. Өөр ямар нэгэн байдлаар эрүү, шүд рүү цохисон хүн байхгүй.  Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 8, 10 дахь тал/,

3. Гэрч Х.Дуламсүрэнгийн өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай нөхрийн хуучин ажлын хамт олон Бүрэнбүстийн “Эмээ өвөө” амралтын газарт салхинд гарахаар явсан юм. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай хүлээн авах тасгаас залгасан. Яваад очтол манай нөхрийн эрүүний хоёр яс нь хугарсан, шанааны яс хугарсан, бүх шүд нь байрнаасаа хөдөлсөн байна гэж эмч хэлсэн. Тухайн үед очсон амралтын газартаа Амарбаясгалан, Мөнхтөр, Батбаяр, Цогмөнх, Мөнх-Эрдэнэ нартай маргалдаж зодоон хийсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

4. Гэрч Д.Мөнхтөрийн өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай ажлын хамт олон Бүрэнбүстийн “Эмээ өвөө” амралтын газарт салхинд гарахаар явсан юм. Бидний араас манайд ажилладаг байсан Батхүү нь Булганболд, Батбаяр нарын хамтаар ирсэн. Бид нар очоод хоол унд идэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байтал Батхүү, Амарбаясгалан нар маргалдсан ба Батхүү нь хүн болгонтой хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би Батхүүг тайвшруулах гээд дээр нь дараад газар хэвтүүлчихсэн байж байсан чинь Мөнх-Эрдэнэ багш ирээд нүүр лүү цохиж өшиглөсөн, мөн Цогоо багш нүүр лүү нь цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

5. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 179 дугаартай: Т.Батхүүгийн биед эрүүний зүүн булангийн зөрүүтэй далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, нэг шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэн боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.Цогмөнхийн гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай ажлынхан Булган аймгийн Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эмээ өвөө” амралтын газарт амрах гэж ирсэн. Тухайн үед манай ажпын нийт 17 хүн байсан. Ингээд бид нар амралтын газарт очоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Орой бид нарыг амралтын газарт байж байхад бидний араас өмнө нь хамт ажиллаж байсан Батхүү гэх залуу ирсэн. Батхүү манай ажлын хамт олон дээр ирээд бид нарын ууж байсан архинаас уусан ба Батхүү ирэхдээ бага зэрэг архи уусан байдалтай ирсэн. Ингээд Батхүү манай ажлын Амарбаясгалан багштай өмнө нь болсон зүйлээ ярилцаад хоорондоо хэрэлдээд байсан. Бид нар тэр хоёрыг салгаад Амарбаясгаланг гэрт оруулаад унтуулсан. Амарбаясгаланг унтуулаад удаагүй байж байтал гаднаас Батхүү орж ирсэн. Батхүүг гаднаас орж ирэнгүүт Амарбаясгалан босч ирээд дахиад хэрүүл маргаан хийсэн. Тэгэхээр нь гэрт байсан хүмүүс Батхүүг гэрээс гаргасан, гэрээс гаргатал Батхүү гадаа байсан хүмүүс рүү дайраад болохгүй болохоор нь бид нар Батхүүг хүлчихье гэж ярилцаад Батхүүг газарт унагаад гарыг нь ард нь хүлэх гэтэл миний зүүн гар эвгүй болчихлоо гэж хэлхээр нь тавьсан. Тэгтэл Батхүү босч ирээд хүн, хүн рүү дайраад болохгүй байсан. Тэгээд Батхүү намайг гараараа цохихоор нь би чи намайг цохиж байгаа юм уу, одоо боль гэж хэлэхэд Мөнх- Эрдэнэ чи багшийг яагаад байгаа юм бэ? одоо боль гэж хэлэхэд Батхүү Мөнх-Эрдэнэ рүү дайраад нэг удаа нүүр лүү нь цохиод авсан. Тэгтэл Мөнх-Эрдэнэ Батхүүг зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгэхээр бид нар Мөнх-Эрдэнэ, Батхүү хоёрыг салгаад би Мөнх-Эрдэнийг дагуулаад гэрт орсон. Тэгтэл гаднаас Батхүү гэрт орж ирээд Мөнх-Эрдэнийг цохих гээд гэрт байсан урт бөөрөнхий мод бариад дайрсан. Ингээд цохих гэж байгаад Батхүү газарт ширээ мөргөөд унасан, Батхүүгийн эрүү хугарсан нь миний гэрийн гадаа газарт унагаад дээр нь дарж байхад болон Мөнх-Эрдэнэд цохиулсаны улмаас гэмтэл учирсан. Мөнх-Эрдэнэ бид хоёроос өөр Батхүүг зодсон хүн байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал /,

7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.Мөнх-Эрдэний гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 09-ний орой манай ажлын хамт олон Булган аймгийн Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эмээ өвөө амралтын газарт амрах гэж ирсэн. Бид нарыг амралтын газарт байж байтал бидний араас өмнө нь хамт ажиллаж байсан Батхүү ах ирсэн. Батхүү ах манай ажлын хамт олон дээр ирээд бид нарын ууж байсан архинаас уусан ба ирэхдээ бага зэрэг архи уусан байдалтай ирсэн. Батхүү ах бид нартай жоохон сууж байснаа буцаад гэр лүүгээ явлаа гэж хэлсэн. Тэгээд явах гэтэл машины түлхүүр олдохгүй байна гэж хэлсэн. Ингээд Батхүү ах манай ажлын хамт явсан эрэгтэй хүн болгонтой хэрүүл маргаан хийгээд байсан юм. Тэгэхээр нь би гэрээс гараад яагаад байгаа юм бол гэж бодоод гарахад гэрийн гадаа манай ажлын ах Цогмөнхийг Батхүү ах гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би  Цогоо ахыг та яаж байгаа юм бэ? гээд Батхүү ахыг гараа атгаж байгаад нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгтэл Батхүү ах над руу дайрахаар нь би хөлөөрөө цээж хэсэг рүү нь нэг удаа жийтэл Батхүү ах хойшоогоо газарт унасан. Ингээд манай ажлын хүмүүс салгаад намайг амарч байсан гэрт оруулсан. Намайг гэрт сууж байхад Батхүү ах араас орж ирээд газарт байсан мод бариад намайг цохих гэж байгаад ширээний хажуу руу унасан. Тэгээд манай ажлын хүмүүс Батхүү ахыг гэрээс гаргасан. Цогмөнх ах бид хоёроос өөр хүн Батхүүг зодоогүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.Батхүү, гэрч Х.Дуламсүрэн, Д.Мөнхтөр нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад Т.Батхүүгийн бусдад зодуулж, биедээ эрүүний зүүн булангийн зөрүүтэй далд хугарал, нэг шүдний булгарал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт нь шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нарын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Батхүүгийн бие, эрх чөлөөнд халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нар гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч маргаан болох үед шүүгдэгч А.Цогмөнх нь гарыг нь мушгин хөшиж унагах, эрүүн тус газар нь цохих үед шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь түүний үйлдлийг дэмжиж, хохирогчийн нүүр лүү цохих, цээжин хэсэгт жийж өшиглөх зэргээр үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэв.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 179 дугаартай дүгнэлтээр хохирогч Т.Батхүүгийн бусдад зодуулж, биедээ эрүүний зүүн булангийн зөрүүтэй далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, нэг шүдний булгарал бүхий хүндэвтэр гэмтлийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол гэж ойлгох бөгөөд шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нарын гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, хор уршгийн шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нарын бүлэглэж хохирогч Т.Батхүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Т.Батхүү мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэл гаргаагүй, харин шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нар нь гэм хорын хохиролд тус бүр 2,000,000 төгрөгийг төлж барагдуулснаар /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 34-42 дахь талд авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Цогмөнх нь 38 настай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баруун дэнж 7 дугаар багийн 18-07 тоотод оршин суудаг, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 20 дугаар сургуульд биеийн тамирын багш ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 25 настай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн 7-3-35 тоотод оршин суудаг, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 20 дугаар сургуульд биеийн тамирын багш ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/137 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, хохирлыг төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэний хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч А.Цогмөнхийн хөрөнгө, орлогын байдал болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг 8 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баяуд овогт Авидын Цогмөнх, Ханхөхийд овогт Мэндбаярын Мөнх-Эрдэнэ нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нарыг 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цогмөнхөд оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг сар бүр хувь тэнцүүлсэн хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч А.Цогмөнхөд сануулсугай.

5. Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч А.Цогмөнх, М.Мөнх-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД