Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1566

 

 

 

 

 

 

 2022         10          27                                        2022/ШЦТ/1566

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Төд холбогдох 2206 04305 3144 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг шүүх 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 397в тоотод оршин суух хаягтай,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1314 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Б овогт Жы Т /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ж.Т нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 71-87 УНГ улсын дугаартай Тоёота Приүс-30 маркийн автомашинтай, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа “Эрдэм транс” ХХК-й 07-16 УБМ улсын дугаартай, Хьюндэй СТ-5-40 маркийн автобусны жолооч болох Х.Ядамсүрэнтэй “автобустайгаа замын хөдөлгөөнд оролцохдоо 1 дүгээр эгнээгээрээ явахгүй, 2 дугаар эгнээ рүү шахлаа, мөн миний автомашины хаалгыг автобусаараа мөргөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй буюу өндөр настай болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Тийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Ядамсүрэнгийн өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажлаа хийгээд Офицероос Налайхын чиглэлд автобусаа бариад явж байхад Хангамжийн цаад талд байх бензин клонкын хажуугаар явж байхад 71-87 УНГ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгслийн жолооч миний автобусны шилийг цохиод “хөгшин төгцөг минь чамайг ална тална” гэж, гэрэл дохио дээр зогсож байхад машиныхаа хаалгыг онгойлгоод сандал дээрээ зогсоод намайг цохих гээд байсан. Тэгээд би замын хөдөлгөөнд оролцоод явж байхад түгжрэл дунд машиныхаа хаалгыг онгойлгоод миний урд зогсчихсон. Тэгээд манай автобусанд орж ирээд намайг зодох гээд дайраад байсан чинь зорчигч нар нь тухайн хүнийг түлхэн хөөж буулгасан. Би 102 дугаарт дуудлага өгсөн. Дуудлага өгөөд машиных нь хаалгыг харах гээд буугаад машины хаалгыг нь харж байхад миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Миний хөл рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Автобусанд зорчиж явсан хүмүүс салгасан...” гэх мэдүүлэг /хх.08/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Саранчимэгийн өгсөн: “... Би 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүү Төөр Гацууртад байх гэр лүүгээ хүргүүлэхээр 17 цагийн орчимд Амгалан захын ойролцоо машинтай явж байтал автобус урдуур орох гээд шахаад байсан. Тэгтэл манай хүү уг автобусыг оруулаагүй шахалцсан. Уг автобусны жолооч нь дахин дахин шахаад урдуур орох гээд байхаар нь би машиныхаа цонхоор гараа гаргаад автобусны жолоочид хандаж “би нялх хүүхэдтэй явж байна, чи аятайхан яваад өгөөч” гэж гуйсан. Миний гуйж байгааг уг автобусны жолооч тоолгүй хэрүүл хийгээд амандаа үглээд байсан. Манай хүү Т уг автобусны хаалга руу нь гараараа цохитол автобусны жолооч манай хүү Тийн машин руу ус цацсан. Манай хүү машинаасаа буугаад уг автобусны жолоочтой маргалдаж байгаад салцгаасан...” гэх мэдүүлэг /хх.14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Долгормаагийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11898 дугаартай:

“1. Х.Ядамсүрэнгийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэстэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Тийн яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн Х.Ядамсүрэн гэх хүнтэй маргалдаж биед нь гэмтэл учруулсан маань үнэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.32/,

Хохирлын баримт /хх.23/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.25-27/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх.31-32/,

Шүүгдэгч Ж.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх.33-34/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх.36-40/,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх.46/,

Хохирогч Х.Ядамсүрэнгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.47/,

Шүүгдэгч Ж.Тийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.48/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.49/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ж.Т нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 71-87 УНГ улсын дугаартай Тоёота Приүс-30 маркийн автомашинтай, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа, “Эрдэм транс” ХХК-й 07-16 УБМ улсын дугаартай, Хьюндэй СТ-5-40 маркийн автобусны жолооч болох Х.Ядамсүрэнтэй “автобустайгаа замын хөдөлгөөнд оролцохдоо 1 дүгээр эгнээгээрээ явахгүй, 2 дугаар эгнээ рүү шахлаа, мөн миний автомашины хаалгыг автобусаараа мөргөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй буюу өндөр настай болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Ядамсүрэнгийн өгсөн: “... 71-87 УНГ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгслийн жолооч ... миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Миний хөл рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.08/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Саранчимэгийн өгсөн: “... Манай хүү Т уг автобусны хаалга руу нь гараараа цохитол автобусны жолооч манай хүү Тийн машин руу ус цацсан. Манай хүү машинаасаа буугаад уг автобусны жолоочтой маргалдаж байгаад салцгаасан...” гэх мэдүүлэг /хх.14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Долгормаагийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11898 дугаартай:

“1. Х.Ядамсүрэнгийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэстэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Тийн яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн Х.Ядамсүрэн гэх хүнтэй маргалдаж биед нь гэмтэл учруулсан маань үнэн...” гэх мэдүүлэг /хх.32/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Ж.Тийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Тийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Тийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ж.Т нь хохиролд 200.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Х.Ядамсүрэн гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Ж.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Ж.Тийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Төд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ж.Төд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Жы Тийг “Хүний эрүүл мэндэд хохирогчийн бие ээ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Төд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Төд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.            

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Төд сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 200.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Ядамсүрэн гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР