Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 141/ШШ2020/00370

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 141/ШШ2020/00370

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сумын засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А овогт Д.Б нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын ******* баг хаягаар оршин суудаг Б овогт Б.Б холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 9,900,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх ба хариуцагч Б.Б шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар зохигч талуудын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Б.Б нь 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 10,000,000 төгрөгийн зээл авсан. Үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийлээд 11,880,400 төгрөг болсон. Тэрээр 1,980,000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба 9,900,400 төгрөгийн төлбөр хүлээгдэж байна. Үлдэгдэл нь үндсэн зээл 8,170,000 төгрөг, хүүгийн төлбөр 750,000 төгрөг, алданги 980,400 төгрөг байна. Б.Б нь эвлэрлийн гэрээнээс татгалзсан учир шүүхэд хандаж байна... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д.Б  нь ******* аймгийн Б овогт Б.Б  холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 9,900,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж хуульчилсан ба хариуцагч Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан аваад, шүүхээс тогтоосон хугацаа болох 14 хоногийн хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэл болон хавсарган ирүүлсэн баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүхээс хариуцагчид эрхийнх нь дагуу нэхэмжлэлийн шаардлагын талаар маргах боломжийг олгосон хэдий ч хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүнээс ирүүлсэн баримтуудыг үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

******* аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн иргэн Б.Б 10,000,000 төгрөгийн зээлийг блок үйлдвэрлэх зориулалтаар зээлдүүлж, зээлдэгч Б.Б нь зээл, зээлийн хүүд 1,980,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги 9,900,400 төгрөг үлдсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ-ний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульчилсан.

Талууд гэрээ байгуулахдаа үүрэг гүйцэтгэж дуусах хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр тохиролцож, зээлдэгч үүргээ бүрэн гүйцэтгээгүй учир уг өдрөөс зээлдүүлэгчид шаардлага гаргах эрх үүссэн байх бөгөөд зээлдүүлэгч нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч зээлдэгч эвлэрлийн гэрээ байгуулахаас татгалзсан учир шүүхэд хандсан байна.

Иймд нэхэмжлэгч талыг гэрээний үүрэгтэй холбогдох шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй ба хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь хэн нэгэн этгээдийн бус нийтийн хэрэгцээнд зориулагддаг учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Б 9,900,400 төгрөгийг гаргуулан ******* аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх санд олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт Төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэж тус тус хуульчилсаны дагуу нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Харин хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтгүй учир хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлэж буй 9,900,400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Б.Б гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйд нийцнэ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 231 дүгээр зүйлийн 231.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар ******* аймгийн ******* сумын ******* багийн иргэн Б. овогт Б.Б 9,900,400 /есөн сая есөн зуун мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан ******* аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх санд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б 173,356 /нэг зуун далан гурван мянга гурван зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН