Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 141/ШШ2020/00373

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 141/ТМ2020/00365

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,

Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П, хариуцагч Д.М нарыг оролцуулан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулсан шүүх хуралдаанаар Хаан банкны нэхэмжлэлтэй, Завхан аймгийн ******* сумын Хөдрөг баг хаягаар оршин суудаг Т овогт Д.М холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,587,024 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Завхан аймгийн Нөмрөн сумын 1-р баг, Хөдрөг, лагерь 6 гудамж 3 тоот харьяалалтай иргэн Товогт Д.М нь ХААН банкны ******* тооцооны төвөөс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3,500,000 төгрөгийн малчны зээлийг ИИ81052614 тоот регистрийн дугаартай Д.Т хамтран үүрэг гүйцэтгэгчээр жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн.

Зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч Д.Т 2018 оны 11 сарын 14-ний өдөр нас барсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасан зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,431,537 төгрөг, зээлийн хүүд 650,397 төгрөг, хүүгийн төлбөрт 26,593 төгрөг тус тус төлсөн.

Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний 2.4.1, 4.2, 4.2.8, 4.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд 2020 оны 8 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,068,463 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 509,321 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,240 төгрөг, нийт 2,587,024 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний 2.4.1-д заасан нөхцөлийг зөрчин 2020 оны 3 сарын 05-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, 174 хоногийн хугацаа хэтэрсэн. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээний 4.2.11 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймд банк зээлийн гэрээний 4.3, 6.1, 6.1.1, 6.1.9, 6.1.11, 7.1, 7.3, 7.5 дугаар зүйлийг үндэслэн зээлийн гэрээг цуцлах, зээлийн төлбөр 2,587,024 төгрөг төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

Хариуцагч Д.М нь Хаан банкны нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гардан аваад 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие Завхан аймгийн ******* сумын иргэн Д.М. Миний хүү Т ******* суманд ажиллаж, амьдарч байгаад Хаан банкнаас малчны зээл авсан. Урьд өмнө зээл аваад миний оролцоогүйгээр өөрөө төлж барагдуулдаг байсан болохоор би хоёрдугаар гарын үсэг зурсан. 2018 оны 10 дугаар сарын 02-нд зээл аваад хөдөө айл амьтнаар явж төлөг, ямаа авна гээд явж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 14-нд нас барсан. Ингээд 2019 оны 4 дүгээр сард Хаан банк надаас мөнгө нэхээд, би бүх зүйлээ шавхаж чадлынхаа хэрээр 1,431,537 төгрөг барагдуулсан. Одоо үлдэгдэл 2,587,024 төгрөгийг нэхэмжилж байна. Би түүнийг төлж чадахгүй. Өөрөө орон гэргүй айлаар амьдардаг. Өр зээлтэй. Түүнийгээ ч өгч чадахгүйд хүрч шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр тэтгэврийн хэдэн төгрөгөө хураалгасан байдаг. Биеийн байдал тааруу, даралт өндөр, эмнэлгийн хяналтад байдаг учраас би төлж чадахгүй. Жагараар дамжуулан Хүрэлсүх сайдад захидал явуулсан. Одоо надад ямар ч төлөх боломж байхгүй учраас төлж чадахгүй... гэжээ.

Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П, хариуцагч Д.М нар нь хэрэгт нэмж гаргаж өгөх нотлох баримтгүй, санал хүсэлтгүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн хувьд зээлийн болон барьцааны гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан. Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байгаа учраас зээлийн гэрээний үүргийг хариуцагчаар хариуцуулж, үлдэгдэл төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна... гэв.

Хариуцагч Д.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хүү Д.Т нь төлөг, ямаа авах зорилгоор Хаан банкнаас 3,500,000 төгрөгийн зээлийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр авсан нь үнэн. Миний хүү өмнө нь банкнаас зээл аваад миний оролцоогүйгээр өөрөө төлчихдөг байсан болохоор нь би Хаан банкнаас авсан зээлийн гэрээнд нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, гарын үсэг зурсан нь үнэн. Хүү маань банкнаас зээл авсныхаа дараа төлөг, ямаа цуглуулж яваад гэнэт бие нь муудаж ирээд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан. Зээлд авсан мөнгөө төлөг, ямаа авахаар хүмүүст тараасан гэж байсан. Хэн хэнд хэчнээн төгрөг тараасан талаар хэлээгүй, бичиж үлдээсэн зүйл байхгүй болохоор би хөөцөлдөж олж авч чадахгүй байгаа. Хүүгийнхээ нэрийг гаргаад яах вэ гэж бодоод өөрийн чадах хэмжээгээр зээлийг нь төлсөн. Одоо зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2,587,024 төгрөг үлдсэн гэдэгтэй маргахгүй. Харин би өөрөө орох оронгүй, айлаар амьдардаг, биеийн байдал тааруу, эмчийн хяналтад байдаг, өөрөө өр зээлтэй учраас хүүгийнхээ зээлийн үлдэгдлийг төлж чадахгүй гэж байгаа юм...гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Д.Мт холбогдуулан Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2,587,024 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хаан банк болон зээлдэгч Д.Т, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.М нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дахь хэсгийн 6.5-д Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болно гэж заасан байна.

Нэхэмжлэгч Хаан банкны зүгээс хариуцагч Д.Маас зээлийн гэрээний үүрэгт гаргуулахаар нэхэмжилж буй 2,587,024 төгрөгийн асуудал шийдвэрлэгдсэнээр зээлийн гэрээ дуусгавар болох ба шүүх зээлийн гэрээг цуцлах асуудлыг шийдвэрлэснээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал үүсэхгүй тул Хаан банкны нэхэмжлэлтэй, Д.Мт холбогдох иргэний хэргийг Зээлийн гэрээний үүрэгт 2,587,024 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хаан банк нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлдэгч Д.Т, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.М нартай 201843946195 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Д.Тд 3,500,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай, малчны зээлийн зориулалтаар зээлдүүлж, зээлдэгч Д.Т болон хамтран үүрэг гүйцэтгэгч Д.М нар нь гэрээнд заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байна.

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дууссан хэдий ч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дахь хэсгийн 2.4.4-т Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зааснаас үзвэл Хаан банк нь төлөгдөөгүй үндсэн зээл болон шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчээс нэхэмжлэх үндэслэлтэй байна.

Гэвч зээлдэгч Д.Т нь гэрээний хугацаанд нас барж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж хуульчилсан байх ба Хаан банк, Д.Т, Д.М нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Хаан банк нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Д.Т, Д.М нарын хэн хэнээс нь шаардах эрхтэй байхаар тусгасан учир Д.Мыг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй юм.

Тодруулбал, Д.Т нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй бодит нөхцөл бий болсон тул түүний гүйцэтгэх ёстой байсан үүргийг Д.Маар гүйцэтгүүлэхээр шаардах эрх Хаан банканд үүссэн байна.

Хамтран үүрэг гүйцэтгэгч Д.М нь зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийг банкны шаардсанаар биелүүлэх талаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс одоо:

1.    Үндсэн зээлийн үлдэгдэл 2,068,463 төгрөг,

2.    Зээлийн хүүгийн төлбөр 509,321 төгрөг,

3.    Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,240 төгрөг,

нийт 2,587,024 төгрөгийг Хаан банканд төлөхөөр байгаа нь Хаан банк болон зээлдэгч Д.Т, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.М нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан, Хаан банкнаас Д.Тд нийт 3,500,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч Д.Т болон хамтран үүрэг гүйцэтгэгч Д.М нар нь гэрээнд заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээний хуулбар, барьцааны гэрээний хуулбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П, хариуцагч Д.М нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Хаан банк нь Банкны зээл олгох гэрээгээр зээлдэгч Д.Тд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, тодорхой хугацаатайгаар шилжүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд Д.Т нь үүрэг гүйцэтгэх хугацаанд нас барж гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон ба зээлийн гэрээнд заасны дагуу банк нь хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Маас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болсон байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж хуульчилсны дагуу Хаан банк нь зээлдэгч Д.Тд олгох 3,500,000 төгрөгөөсөө жилийн 24 хувиар хүү тооцож авахаар тохиролцсон байна.

Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлж болохоор гэрээнд зааж болно гэж хуульчилсан ба үүнийг үндэслэн Хаан банкнаас Д.Тд зээл олгох гэрээний 2 дахь хэсгийн 2.1.6-д Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж заажээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж хуульчилсан ба үүнийг үндэслэн гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байхаар зээлийн гэрээнд тусгагдсан байна.

Иймд Хаан банк нь зээлдэгч Д.Т үндсэн зээлийн үлдэгдэл 2,068,463 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 509,321 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,240 төгрөг, нийт 2,587,024 төгрөгийг хариуцагч Д.Маас нэхэмжлэх нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Д.М нь зээлийн гэрээний талаар болон зээлд авсан мөнгөний дүн, эргэн төлөлтийн талаар маргаагүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж 2,587,024 төгрөгийг хариуцагч Д.Маас гаргуулан Хаан банканд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

7.1.1.эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх:

Нэхэмжлэлийн үнийн дүн /төгрөгөөр/

Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/

0-130 000

4550 төгрөг.

130 001-650 000

4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ.

650 001-1 300 000

20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ.

1 300 001-13 000 000

35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ.

13 000 001-ээс дээш

222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ.

гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч Хаан банк нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 56,342 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул уг мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас 56,342 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банканд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Тайж овогт Догсомжавын Мөнхбаяраас 2,587,024 /хоёр сая таван зуун наян долоон мянга хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банканд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,342 /тавин зургаан мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас 56,342 /тавин зургаан мянга гурван зуун дөчин хоёр/төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банканд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.УРТНАСАН