Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1588

 

 

 

 

 

 

 2022         10          31                                       2022/ШЦТ/1588

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

Хохирогч П.Оюунчулуун,

Шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “­А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Өд холбогдох 2206 03812 3135 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, буриад, эрэгтэй, 54 настай, бүрэн бус дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, “ТЭЦ-4” ХК-д механикч ажилтай, ам бүл 3, 2 охины хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 11 хороо, Мөнх зайсангийн 1-4 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Гын Ө /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Ө нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 21 дүгээр гудамжны 986 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Оюунчулууныг дэгээдэж унагаан, зүүн өвдөгний тойг ясны хугарал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Өы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Оюунчулууны өгсөн: “... Би ажлаа тараад гэртээ орж ирчхээд байж байсан чинь зурагтын дуу чанга байхаар нь би Өы дээгүүр нь алхаж гараад дууг нь сулласан. Би тэгээд буцаж дээгүүр нь алхаж гарах гэтэл хөлд нь дэгээдүүлээд уначихсан. Тэгээд би тухайн үед босох гэсэн боловч босож чадахгүй байсан. Тухайн үед өмдөө тайлаад хартал миний хөл битүү хавдсан байсан. Тэгээд дүү нараа дуудаж гэмтлийн эмнэлэг орсон... Хүн алхаад гарч байхад хөлөө өргөхгүй байж болно шүү дээ. Гэтэл хэргээр өргөж санаатайгаар намайг дэгээдсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Оюунчулууны өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байхад хамтран амьдрагч Г.Ө зурагт чангалаад байхаар нь “толгой өвдөөд байна, дууг нь суллачих” гэхэд юу ч хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би хажуугаар нь явах гэхэд хөндлөн хэвтчихсэн байсан болохоор гарч чадахгүй хөл дээгүүр нь давж гараад зурагтын дууг суллачхаад буцаад гарах гэтэл намайг дэгээдэж унагаасан. Тэгээд босох гэтэл хөл өвдөөд байхаар нь дүүдээ хэлээд Гэмтлийн эмнэлэг ороод нарийн шинжилгээ хийлгэхэд тойгийн яс хугарсан байсан. Өтай 20 жил хамт амьдарч байна. Дундаасаа хүүхэдгүй... Г.Ө өдөр болгон архи уудаг, ажлаа тараад гэртээ ирээд шууд архи уудаг... Надад эмнэлгийн байгууллагаар үзүүлсэн баримт бичиг байхгүй. Бид хоёрын хувьд хоорондоо учир зүйгээ олсон учир Г.Өд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.10-11, 13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Өы гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монелын 05 дугаар гудамжны 486а тоотод хамтран Д.Оюунчулууны хамт оршин суудаг юм. Намайг 2021 оны 37 дугаар сарын 10-ны 22 цагийн орчимд нэлээн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зурагт үзээд газар хэвтэж байхад хамтран амьдрагч Д.Оюунчулуун миний хөл дээгүүр давж гараад зурагтын дууг суллачхаад буцаж хөл дээгүүр давж гарах үед нь хөлөө өргөхөд миний хөлд тээглэж унаад хөлөө эвгүй болчихлоо гэхэд нь тоолгүй унтаж амарсан. Тухайн үед би хамтран амьдрагчийнхаа биед халдаж зодож цохисон зүйл байхгүй. Уг асуудал болох үед гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй...”,

“... Миний гаргасан үйлдлийн улмаас гэмтэл учирсан учир хүлээн зөвшөөрч байна. Д.Оюунчулуунтай учир зүйгээ олсон тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх.19, 49/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Баяртогтохын  2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9863 дугаартай:

“1. Д.Оюунчулууны биед зүүн өвдөгний тойг ясны хугарал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.21-22/,

Шүүгдэгч Г.Өы иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.25-43/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.45-46/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.48/,

Хохирогч Д.Оюунчулууны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.53/,

Шүүгдэгч Г.Өы хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.54/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.56/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Ө нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 21 дүгээр гудамжны 986 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Оюунчулууныг дэгээдэж унагаан, зүүн өвдөгний тойг ясны хугарал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Оюунчулууны өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байхад хамтран амьдрагч Г.Ө зурагт чангалаад байхаар нь толгой өвдөөд байна дууг нь суллачих гэхэд юу ч хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би хажуугаар нь явах гэхэд хөндлөн хэвтчихсэн байсан болохоор гарч чадахгүй хөл дээгүүр нь давж гараад зурагтын дууг суллачхаад буцаад гарах гэтэл намайг дэгээдэж унагаасан. Тэгээд босох гэтэл хөл өвдөөд байхаар нь дүүдээ хэлээд Гэмтлийн эмнэлэг ороод нарийн шинжилгээ хийлгэхэд тойгийн яс хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.10-11, 13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Өы яллагдагчаар өгсөн: “... Миний гаргасан үйлдлийн улмаас гэмтэл учирсан учир хүлээн зөвшөөрч байна. Д.Оюунчулуунтай учир зүйгээ олсон...” /хх.19, 49/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Баяртогтохын  2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9863 дугаартай:

“1. Д.Оюунчулууны биед зүүн өвдөгний тойг ясны хугарал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.21-22/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Оюунчулууны өгсөн: “... Би тэгээд буцаж дээгүүр нь алхаж гарах гэтэл хөлд нь дэгээдүүлээд уначихсан. Тэгээд би тухайн үед босох гэсэн боловч босож чадахгүй байсан. Тухайн үед өмдөө тайлаад хартал миний хөл битүү хавдсан байсан... Хүн алхаад гарч байхад хөлөө өргөхгүй байж болно шүү дээ. Гэтэл хэргээр өргөж санаатайгаар намайг дэгээдсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Өы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Г.Өы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Өыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Өы гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд шүүгдэгч Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.Ө нь хохиролд 300.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч П.Оюунчулуун нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Гэвч хохирогч П.Оюунчулуун нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Өаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Г.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Г.Өы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Өд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Г.Өд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Гын Өыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Өд 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Өд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Өд сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 300.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч П.Оюунчулуун нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Өаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Өд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР