Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 141/ШШ2020/00435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хас банк ХХК-ний нэхэмжлэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багт оршин суух Ц овогт Д.А холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 17.124.193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б овогтой М болон хамтран зээлдэгч Д А нар нь Хасбанктай 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1400011418 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20,000,000 /хорин сая/ төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар, хашаа байшин, амины орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Банк нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч Б М-ын Хасбанк дахь 5001441867 дугаартай дансанд 20,000,000 /хорин сая/ төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 4,766,402.04 төгрөг, зээлийн хүүд 16,519,638,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 232.02 төгрөг нийт 21,286,273 төгрөгийг төлсөн. Зээлдэгч ******* нь 2016 онд нас барсан бөгөөд үүнээс хойш хугацаанд хамтран зээлдэгч Д.А нь зээлийн төлбөрийг төлж байсан боловч 2020 оны 3 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн төлөлгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 169 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг хамтран зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж, утсаар холбогдож, биечлэн уулзаж байсан хэдий ч хамтран зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж зээлийн төлбөрийг төлөөгүй. 1400011418 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1400011418-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээний дагуу Бгийн Мын эзэмшлийн нэгж талбарын дугаар 17447401049804, ГД-000531995 дугаартай Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 8-2 гудамжны 06 тоотод байрлалтай 953 мкв талбайтай ахуйн зориулалттай газар, Бгийн М, Дүгэрээ А нарын өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0905001000, ГД-0002391 дугаартай, Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 8-2 гудамжны 06 тоотод байрлах 64 мкв талбайтай сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1400011418 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр 15,233,597.96 /арван таван сая хоёр зуун гучин гурван мянга таван зуун дөчин ерэн долоон төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн хүүгийн төлбөр 1,540,054.16 /нэг сая таван зуун дөчин мянга тавин дөрвөн төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,725.19/есөн мянга долоон зуун хорин таван төгрөг арван есөн мөнгө/ төгрөг, нотариатын зардал 4,760 /дөрвөн мянга долоон зуун жаран/ төгрөг, нийт 16,788,137.31/арван зургаан сая долоон зуун наян найман мянга нэг зуун гучин долоон төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийг хамтран зээлдэгч Д.Аээс гаргуулах, зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч М болон хамтран зээлдэгч А нар нь Хасбанктай зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг хашаа байшин, амины орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Зээлдэгч ******* нь 2016 онд нас барсан үүнээс хойш хугацаанд хамтран зээлдэгч Д.А нь зээлийн төлбөрийг төлж байсан боловч 2020 оны 3 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлээд байна. Хас банк өнөөдрийн байдлаар зээлдэгч Д.Аээс зээлийн гэрээний үүрэг болох 17.124.193 төгрөгийг нэхэмжилж байна... гэв.

Хариуцагч Д.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай талийгаач нөхөр бид хоёр 2015 онд хашаа байшин худалдан авах зориулалтаар Хас банкнаас 20.000.000 төгрөгний зээл авч хашаа байшин авсан. Одоо уг хашаа байшинд манай хүүгийнх амьдардаг юм. Бид нар зээлээ хэвийн төлж байсан. 2016 онд нөхөр маань нас барсан, 2020 оны 3 сараас эхлээд зээлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Миний бие нэхэмжлэгч талын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 17.124.193 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа, төлөхөд татгалзах зүйлгүй, зээлийн гэрээтэй холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлнө. Харин одоогоор тухайн зээлийн төлбөрийг мөнгөөр төлөх ямарч боломж бололцоо надад байхгүй байгаа учраас зээлд барьцаалсан барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрөө төлөх хүсэлттэй байна... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хас банк ХХК нь Д.Ат холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 16,788,137.31 гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, мөн багасгах эрхтэй., Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт .. гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна... гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ тус шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан, уг маргааныг ерөнхий харьяаллын шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй, нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлэн зээлээ төлөөгүй, энэ талаар шаардаж мэдэгдэж байсан боловч үүргээ биелүүлээгүй учраас гэрээнд зааснаар банк санаачилгаараа гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардаж байсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших гэрчилгээний хуулбар, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Өнөөдрийн байдлаар анх нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 17.124.193 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа учраас өөр санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэж,

 

мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зээлийн гэрээний барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг бусдад өвлүүлсэн эсэх талаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээсээ татгалзаж, нэхэмжлэлээ Д.Ат холбогдуулан гаргасан талаараа тайлбарлажээ.

 

Харин хариуцагч Д.А нь зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 17.124.193 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Цаашид зээлийг хуваарийн дагуу төлөх бололцоо байхгүй байгаа учраас зээлийн төлбөрийг барьцааны хөрөнгөөр хангуулах саналтай байна... гэж тус тус тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК-тай *******, Д.А нар нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1400011418 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20,000,000 /хорин сая/ төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар, хашаа байшин, амины орон сууц худалдан авах зориулалтаар авсан байх ба зээлийн барьцаанд Бгийн Мын эзэмшлийн нэгж талбарын дугаар 17447401049804, ГД-000531995 дугаартай Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 8-2 гудамжны 06 тоотод байрлалтай 953 мкв талбайтай ахуйн зориулалттай газар, Бгийн М, Дүгэрээ А нарын өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0905001000, ГД-0002391 дугаартай, Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 8-2 гудамжны 06 тоотод байрлах 64 мкв талбайтай сууцыг тус тус барьцаалсан байна.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна, 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан байх тул Хас банк ХХК хариуцагч Д.Аээс шаардаж байгаа нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1400011418 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20,000,000 /хорин сая/ төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар, хашаа байшин, амины орон сууц худалдан авах зориулалтаар авсан зээлийн үлдэгдэл төлбөр болох 17.124.193 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 17.124.193 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөрийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн талаараа тайлбарласан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт ...Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй..., 72.3 дахь хэсэгт ... Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ... гэж заасан бөгөөд хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гардан авсан боловч хуульд заасан дээрх хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдаанд гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт ...хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана... гэж хуульчилжээ.

Түүнчлэн хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар зээлийн барьцаанд тавьсан Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 8-2 гудамжны 06 тоотод байрлалтай 953 мкв талбайтай ахуйн зориулалттай газар, эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0905001000, ГД-0002391 дугаартай, Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 8-2 гудамжны 06 тоотод байрлах 64 мкв талбайтай сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

Иймд Хас банкны нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ат холбогдох 1400011418 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 17.124.193 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч тал анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 16,788,137.31 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 312.091 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Аээс 312.091 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн түүнчлэн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 336.055 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 10732 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.4, 106.5 хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар Хас банк ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Ат холбогдох зээлийн гэрээний үүрэг 17.124.193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.А бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банк хязгаарлагдмал хариуцлагатай компаний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312.091 /гурван зуун арван хоёр мянга ерэн нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Аээс 312.091 /гурван зуун арван хоёр мянга ерэн нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 336.055 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 10732 /арван мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг хариуцагч Д.Аээс гаргуулж улсын орлого болгосугай.

 

3. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ