| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1561/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1591 |
| Огноо | 2022-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1591
2022 11 01 2022/ШЦТ/1591
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Н.Өнөрбаяр,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох 2206 00000 3076 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн Номгон гэх газар оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 4а-1827 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Н Б /РД/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Н.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний орой 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Сургуулийн гудамжны 1684 тоотод Х.Бат- Амгалантай “эхнэрээ зодсон” гэх шалтгааны улмаас нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өвдөг хэсэгт өшиглөж, хоолойг боож, уруулын дотор салстад шарх, зүүн дээд 1-р шүдний хугарал, дагзанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүү, цээж, хэвлий, нуруу, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Бат-Амгалангийн өгсөн: “... манай эхнэрийн талын хүргэн ах Б манай хашаанд орж ирээд Лхамааг ажилдаа яв гэж хэлсэн, намайг эхнэрээ зодсон байна гэж хэлээд, намайг түлхэж газар унгаагаад хоолойг хоёр гараараа боосон, миний зүүн өвдөг дээр хөлөөрөө 2 удаа дэвсэлж өшиглөсөн, дараа нь би газраас босож ирээд уур хүрээд салаавч гаргасан чинь миний уруул хэсэгт 1 удаа баруун гараараа цохисон тэгээд би цагдаад дуудлага өгсөн....Миний хүзүү улайсан, үүдэн шүд хугарсан, зүүн өвдөгний үеэр өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх.06/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Э.Эрхэмбаярын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 12704 дугаартай:
“1. Х.Бат-Амгалангийн биед уруулын дотор салстад шарх, зүүн дээд 1-р шүдний хугарал, дагзанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүү, цээж, хэвлий, нуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх.09-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Лхамдэгдийн өгсөн: “... хүргэн ах Б орж ирсэн, тэгээд Х.Бат-Амгаланд архи дарс уулаа, нэг нь ажил хийж байхад гэж хэлээд маргалдаад Б шууд Бат-Амгалангийн хоолойг нь боогоод газар унагаагаад хөл рүү өшиглөсөн, тэгээд дараа нь уруул руу нь гараараа цохиж шүдийг нь хугалсан...” гэх мэдүүлэг /хх.14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Бы гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн ажил болох “Болор” дэлгүүр дээр байж байхад 17 цагийн манай эхнэрийн дүү Лхамдэгдийг нөхөр болох Бат-Амгалан нь гэртэй зодоод байна гэхээр нь би Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах гэрт нь ганцаараа яваад очтол гэрийнхээ гадаа гудамжинд эхнэрийн дүү Лхамдэгдийг нөхөр Бат-амгалан зодох гээд хөөгөөд явж байснаа намайг хараад хашаа руугаа ороход нь би араас нь ороод “чи яагаад эхнэрээ зодоод байгаа юм” гэхэд Бат-Амгалан “та нарт хамаагүй, чи миний хашаанд орж ирээд надад томордог хэн юм бэ” гэхэд нь “чи эмэгтэй хүнд гар хүрч болохгүй” гэж хэлээд Бат-Амгаланг гараараа 2 удаа баруун хацарт нь алгадаад, боож унагаагаад “чи эмэгтэй хүн зодож болохгүй” гэж хэлээд яваад өгсөн. Бат-Амгалан эхнэрээ удаа дараа зодоод байхаар нь би “эмэгтэй хүнд гар хүрлээ” гэж хэлэхэд маргалдаж гар хүрэх болсон...”,
“... Би хүний биед санаатай гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.16, 30/,
Шүүгдэгч Н.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар /хх.18-19/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.23-24/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.54/,
Хохирогч Х.Бат-Амгалангийн эмчилгээний төлбөр 550.000 төгрөг бэлнээр авсан, гомдол, хүсэлт байхгүй тухай бичгээр ирүүлсэн тайлбар /хх......./ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Н.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний орой 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Сургуулийн гудамжны 1684 тоотод Х.Бат- Амгалантай “эхнэрээ зодсон” гэх шалтгааны улмаас нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өвдөг хэсэгт өшиглөж, хоолойг боож, уруулын дотор салстад шарх, зүүн дээд 1-р шүдний хугарал, дагзанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүү, цээж, хэвлий, нуруу, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Бат-Амгалангийн өгсөн: “... Б ... намайг түлхэж газар унгаагаад хоолойг хоёр гараараа боосон, миний зүүн өвдөг дээр хөлөөрөө 2 удаа дэвсэлж өшиглөсөн... миний уруул хэсэгт 1 удаа баруун гараараа цохисон... Миний хүзүү улайсан, үүдэн шүд хугарсан, зүүн өвдөгний үеэр өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх.06/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Э.Эрхэмбаярын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 12704 дугаартай:
“1. Х.Бат-Амгалангийн биед уруулын дотор салстад шарх, зүүн дээд 1-р шүдний хугарал, дагзанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүү, цээж, хэвлий, нуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх.09-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Лхамдэгдийн өгсөн: “... Б шууд Бат-Амгалангийн хоолойг нь боогоод газар унагаагаад хөл рүү өшиглөсөн, тэгээд дараа нь уруул руу нь гараараа цохиж шүдийг нь хугалсан...” гэх мэдүүлэг /хх.14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Бы яллагдагчаар өгсөн: “... Би хүний биед санаатай гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх.16, 30/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Н.Бы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хохирогч Х.Бат-Амгалан нь эмчилгээний төлбөрт 550.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Иймд Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Н.Бы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж, 1.4 дэх заалтад “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Н.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, бага насны 2 хүүхэдтэй шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Т овогтой Н Бд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Бд сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 550.000 нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Бат-Амгалан нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР