Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1639

 

 

 

 

 

 

 2022         11          07                                       2022/ШЦТ/1639

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Э.Оюунтунгалаг, Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Ээ,

Улсын яллагч К.Чимгээ,

Иргэдийн төлөөлөгч М.Отгончимэг,

Хохирогч С.Болормаа,

Шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа /ҮД:3216/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “­Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Гт холбогдох 2206 00000 2900 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг гэх, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өврийн 8 дугаар гудамжны 3444 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад тус тус зааснаар Э.Гт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж тэнсэн, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 742 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ялаас өршөөн хэлтрүүлсэн, Б овогт Эийн Г /РД:/.

Хэргийн товч агуулга:

Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өврийн 8 дугаар гудамжны 3444 тоот буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч С.Болормааг хардсаны улмаас түүний нүүр, хэвлий, хөл хэсэгт олон удаа цохиж, өшиглөж, биед нь давсгийн урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1.600 мл/ зүүн эгэм яс, хамар яс, хоншоор ясны хугарал, дух, баруун зүүн хацар, зүүн алганд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун шуу, зүүн тохой, зүүн ташаа, зүүн гуя, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гийн өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Болормаагийн өгсөн мэдүүлэгтээ: “... Би ажлын газрын хүмүүстэйгээ өдрийн амралтад яваад орой ажил дээрээ 21 цагийн үед ирсэн. Ажил дээрээ ирээд би Гийг намайг ирээд аваач гэж хэлсэн. Г намайг авах гэж ирээд ажил дээр юм ярьж суугаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд гэртээ хариад Г намайг ажлын залуутай хардаж намайг зодсон. Г эмчилгээний зардал баримттай баримтгүйгээр өгсөн байгаа. Одоо надад гомдол санал байхгүй, хөнгөн ял шийтгэж өгөхийг хүсэж байна...” гэв.

Хэргийн үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.01-03/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.06/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.08-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Болормаагийн өгсөн: “... 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө ажил дээрээ цуглараад ажлын 1 эмэгтэй, 4 залуугийн хамт амралтад явчхаад буцаад ажил дээрээ ирээд ажлынхаа хүмүүстэй пиво ууж байгаад харихаар болж Гийг дуудсан. Г удалгүй машинтайгаа ирээд ажлын хүмүүстэй танилцаж пиво уусан. Тэгээд шөнө 02 цагийн үед бид хоёр таксигаар харьсан. Э.Г нь намайг ажлынхантай хардаж нүүр хэсэг рүү алгадаж унагаагаад миний хэвлий хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд би Э.Гоос “болиоч ээ, үхлээ” гэж хэлсэн чинь гараад явсан. Харин би орон дээр гараад унтаад өглөө 09 цагийн үед сэрээд ажилдаа явах гэсэн чинь цээж хэсгээр хөндүүрлээд байхаар нь Э.Гийн утсаар ажил руугаа очиж чадахгүй гэж хэлээд 00 ороод бие засах гэсэн чинь шээс гарахгүй байсан. Тэгээд гэрт орж ирээд хувинд бие засах гэсэн чинь цус гарсан... тэгээд эмнэлэг дээр ирээд хагалгаанд орсон... Э.Г нь миний нүүр лүү гараа атгаж байгаад хүчтэй 1-2 удаа цохисон, тэрнээс цааш ухаан балартаад газарт унасан. Газарт унасны дараа миний хэвлий хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэрнээс цааш ухаан алдаад юу болсныг сайн мэдэхгүй байгаа... Э.Г нь намайг эмнэлэгт байхад манай ээж Н.Ганчимэгийн данс руу эмчилгээний зардал гээд 1.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гаргаж өгөх баримт байхгүй, цаашид эмчилгээний мөн сувилалд амрах зардал Э.Г гаргана гэж хэлсэн. Надад одоо гомдол алга, биеийн байдал хэвийн байгаа...” гэх мэдүүлэг /хх.17-19, 21, 23/,

Эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн тухай бүртгэл /хх.31-33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... үүрээр 5 цагийн үед гэр лүүгээ такси бариад С.Болормаа бид хоёр хариад унтаж байгаад 9 цагийн үед сэрээд гэрт байсан 1 шил архийг хувааж уусан, тухайн архийг ууж байхдаа л бага зэргийн маргалдаж байсан, тэгээд бид хоёр юм ярьж сууж байгаад өдөр болсон, улмаар гэрийн гадна талд байсан Хово маркийн машинд салхилахаар сууж, үлдсэн архиа уусан. Тэгээд буцаад гэр лүүгээ орох гэж байгаад С.Болормаа нь хий гишгээд унасан, би нөгөө талаар нь очиж босгосон, тэр үед С.Болормаагийн биед гэмтэл учраагүй, зүгээр босоод гэр лүүгээ орсон. Харин гэр лүүгээ ороод би С.Болормааг нөгөө залуучуудтай нь хардаад маргалдаж бүсэлхий хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн, газар унахаар нь 2-3 удаа өшиглөсөн, би яг хаашаа нь өшиглөсөн талаараа бол санахгүй байна, тэгээд л дахиж зодоогүй эвлэрээд С.Болормаа нь орон дээр хэсэг хэвтэж байгаад надад “миний цээж хөндүүрлээд нэг биш байна аа, түргэн дуудъя” гэж хэлэхээр нь би өөрийн 96101722 дугаараас 103 дугаар руу түргэн дуудаж, түргэний эмч ирээд бид хоёрыг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэж С.Болормааг хүлээн авах авч ороод, тэгээд л аваад явсан, ардаас Цагдаа нар орж ирээд намайг эрүүлжүүлэх байр луу хүргэсэн юм. Би тухайн үед согтолттой байсан юм. Гэхдээ болсон асуудлаа ерөнхийд нь санаад байгаа юм. Би хардсандаа л өөрийн мэдэлгүй 2-3 удаа өшиглөсөн, тэр үедээ би Тemberland загварын хар өнгөтэй, хоншоор нь хатуу гуталтай байсан. Хатуу гуталтайгаа мэдэхгүй өшиглөчихсөн байсан юм. Би энэ үйлдэлдээ маш их харамсаж байна, би эхнэртээ хайртай учраас бусдаас харамлаж өөрийн мэдэлгүй 2-3 удаа өшиглөсөн юм...”,

“... Би маш их харамсаж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...”  /хх.45, 100/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Мягмарсүрэнгийн өгсөн: “... Би ер нь бол хамт амьдардаггүй урчаас нарийн зүйлийг нь мэдэхгүй, 2022 оны хавар С.Болормаа эгчийн ажил дээр 2 сарын хугацаанд цагийн ажил хийж байхад Э.Г, С.Болормаа нар нь гар утсаар ярих үед байнга хэрэлдэж, Э.Г нь байнга согтуу залгаж эгчийг уурлуулдаг, харддаг байсан юм. Тэрнээс би яг гэрт нь хонож өнжөөд байдаггүй, хааяа ганц нэг удаа очиход гэрээсээ Э.Г нь гараад явчихдаг байсан юм. Мөн 2022 оны 06 сард эгчийг маань Э.Г зодож нүүрэнд нь гэмтэл учруулсан байсан, өөр гэмтэл учруулсан талаар нь мэдэхгүй байна, тэр үед бид нар Э.Гоос салгах талаар л ярилцаж байсан болохоос Цагдаагийн байгууллагад хандах талаар бодоогүй юм. Э.Г нь миний сонссоноор байнга л архи уусан гэж сонсогддог, харин С.Болормаа нь бид нарын хажууд архи уудаггүй, согтуу байж үзээгүй, Э.Гтой л хамт хааяа уудаг юм шиг байна лээ. Одоо бол Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Цээж, хэвлийн тасгийн 7 дугаар палатад хэвтэн эмчлүүлж байгаа, өчигдөр орой 22 цагийн үед хагалгаанд орсон, гэхдээ яг нэрлэж хэлж чадахгүй байна, ерөнхийдөө хэвлийн хагалгаанд орсон. Мөн ярьж чадахгүй, ганц нэг үг хэлдэг, тухайн үгийг нь ойлгохгүй байгаад байгаа юм. Манай гэр бүл, ах дүү нарын зүгээс маш их гомдолтой байгаа ...” /хх.47/,

Шүүгдэгч Э.Гийн хувийн байдлыг тодорхойлох цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх.35-43/,

Шүүгдэгч Э.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх.50, 55, 58-62/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Долгормаагийн  2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн12309 дугаартай:

“1. С.Болормаагийн биед давсгийн урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1600 мл/ зүүн эгэм яс, хамар яс, хоншоор ясны хугарал, дух, баруун зүүн хацар, зүүн алганд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун шуу, зүүн тохой, зүүн ташаа, зүүн гуя, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх.67-68/,

Хохирогч С.Болормаагийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн Өвчний түүх /хх.72-88/,

Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан тухай баримт /хх.90-91/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч А.Маралын өгсөн: “... Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл эндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгчээр оролцож байна... хохирогч С.Болормаад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламж 214.000 төгрөг, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ойрын дуудлага 48.000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын 1.939.700 төгрөг, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэг 15.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэг 15.000 төгрөгийг тус тус эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг... Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлж өгнө үү. Учир нь энэ мөнгө Монгол улсын нийт иргэдээс Эрүүл мэндийн Даатгалын тухай хуулийн дагуу, албан журмаар хуримтлуулсан төрийн мөнгөн хөрөнгө юм...” /хх.94-95/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.98/,

Шүүгдэгч Э.Г болон түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.107/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.108/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Хохирлоос төлсөн баримтууд /шинээр гаргасан 3 хуудас/ зэрэг болно.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өврийн 8 дугаар гудамжны 3444 тоот буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий. хамтран амьдрагч С.Болормааг хардсаны улмаас түүний нүүр, хэвлий, хөл хэсэгт олон удаа цохиж, өшиглөж, биед нь давсгийн урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1600 мл/ зүүн эгэм яс, хамар яс, хоншоор ясны хугарал, дух, баруун зүүн хацар, зүүн алганд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун шуу, зүүн тохой, зүүн ташаа, зүүн гуя, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.01-03/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.06/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.08-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Болормаагийн өгсөн: “... 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө ... Э.Г нь намайг ажлынхантай хардаж нүүр хэсэг рүү алгадаж унагаагаад миний хэвлий хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд би Э.Гоос “болиоч ээ, үхлээ” гэж хэлсэн чинь гараад явсан... цээж хэсгээр хөндүүрлээд байхаар нь ... 00 ороод бие засах гэсэн чинь шээс гарахгүй байсан. Тэгээд гэрт орж ирээд хувинд бие засах гэсэн чинь цус гарсан... тэгээд эмнэлэг дээр ирээд хагалгаанд орсон... Э.Г нь миний нүүр лүү гараа атгаж байгаад хүчтэй 1-2 удаа цохисон, тэрнээс цааш ухаан балартаад газарт унасан. Газарт унасны дараа миний хэвлий хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.17-19, 21, 23/,

Эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн тухай бүртгэл /хх.31-33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Гийн яллагдагчаар өгсөн: “... Би маш их харамсаж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...”  /хх.100/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Мягмарсүрэнгийн өгсөн: “... 2022 оны хавар С.Болормаа эгчийн ажил дээр 2 сарын хугацаанд цагийн ажил хийж байхад Э.Г, С.Болормаа нар нь гар утсаар ярих үед байнга хэрэлдэж, Э.Г нь байнга согтуу залгаж эгчийг уурлуулдаг, харддаг байсан... 2022 оны 06 сард эгчийг маань Э.Г зодож нүүрэнд нь гэмтэл учруулсан байсан... Э.Г нь миний сонссоноор байнга л архи уусан гэж сонсогддог... өчигдөр орой 22 цагийн үед хагалгаанд орсон... хэвлийн хагалгаанд орсон...” /хх.47/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Долгормаагийн  2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн12309 дугаартай:

“1. С.Болормаагийн биед давсгийн урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1600 мл/ зүүн эгэм яс, хамар яс, хоншоор ясны хугарал, дух, баруун зүүн хацар, зүүн алганд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун шуу, зүүн тохой, зүүн ташаа, зүүн гуя, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх.67-68/,

Хохирогч С.Болормаагийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн Өвчний түүх /хх.72-88/,

Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан тухай баримт /хх.90-91/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч А.Маралын өгсөн: “... С.Болормаад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламж 214.000 төгрөг, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ойрын дуудлага 48.000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын 1.939.700 төгрөг, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэг 15.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэг 15.000 төгрөгийг тус тус эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг... Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлж өгнө үү...” /хх.94-95/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Болормаагийн өгсөн: “... Тэгээд гэртээ хариад Г намайг ажлын залуутай хардаж намайг зодсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Э.Гийг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад нь “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж, тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч С.Болормаагийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “давсгийн урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1600 мл/ зүүн эгэм яс, хамар яс, хоншоор ясны хугарал, дух, баруун зүүн хацар, зүүн алганд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун шуу, зүүн тохой, зүүн ташаа, зүүн гуя, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт” гэмтэл нь нийтдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Г нь хохирогч С.Болормаагийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Гэм буруугийн талаар:

Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч болон иргэдийн төлөөлөгч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Шүүгдэгч Э.Г гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Э.Г нь иргэн С.Болормаагийн эрүүл мэндийн эсрэг халдсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Э.Гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч С.Болормаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Энь хохирогч С.Болормаагийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч Э.Г нь хохиролд 2.300.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч С.Болормаа нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Гэвч хохирогч С.Болормаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Гоос жич нэхэмжлэх эрхтэй юм.

 Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч С.Болормаагийн эмчилгээний зардалд төлсөн 2.231.700 төгрөгийг шүүгдэгч Э.Гоос гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Э.Г гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Э.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг танилцуулж, яллагдагч тус саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно: ...

1.4.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” гэж заасан байна.

Э.Гт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчоос баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй ч шүүгдэгчийн зүгээс 2.300.000 төгрөг төлсөн, мөн иргэний нэхэмжлэлийн 2.213.700 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

          Э.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Э.Г урьд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Э.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь: 

          1. Шүүгдэгч Б овогт Эийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Гт 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Э.Гт оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Э.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г урьд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар, шүүгдэгч Э.Гоос 2.231.700 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

        7. Хохирогч С.Болормаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Гоос жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                           Э.ОЮУНТУНГАЛАГ

                                       ШҮҮГЧ                             Д.ШИНЭХҮҮ