Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Ө.Мөнхнавч    

                                 Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

Эрүүгийн 201610000287 дугаарт хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд 1989 оны 04 дугаар сарын 18-нд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Монос Улаанбаатар ХХК-ний Монос Дорноговь салбар эмийн санд жор баригчаар ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр баг Аюушийн 6-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Гомбо овогт Төмөрчөдөрийн Наранчимэг /РД: ЕЗ89041801/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Наранчимэг нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монос эмийн санд жор баригчаар ажиллаж байхдаа 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 7 154 982 төгрөгийг хувьдаа завшиж хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Наранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Монос эмийн санд ажиллаж байхдаа эм болон бэлэн мөнгийн дутагдал гаргасан. Үүнээс 3 600 000 төгрөгийг цалингийн зээл төлөх гээд аваад хэрэглэсэн, 800 000 гаран төгрөгийг хуучин эмийн сангаас шинэ эмийн сан руу нүүж орохдоо тариа унагаж хагалсан. Мөн 400 000-аад төгрөг нь болохоор хугацаа дууссан эмийг төлсөн, 500 000 төгрөгийг хүнээс хүүтэй зээлсэн байж байгаад аваад өгчихсөн. Бусдыг нь юунд хэрэглэснээ сандраад хэлж чадахгүй байна. Би дутагдсан мөнгөнүүдээ цувруулаад төлчихсөн байгаа. Ажилдаа хариуцлагагүй хандсанаас болоод ийм асуудалд орсон, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм асуудалд орохгүй гэв.

Шүүгдэгч Т.Наранчимэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016.09.12-ны өдөр Монос эмийн сангийн эм барааг тоолох ажил явагдаж шөнө 03:00 цагт дуусан ба үүнээс 7 154 982 төгрөгний эм бараа дутсан. Манай хуулийн зөвлөх Азжаргал цагдаад хандсан юм. Би энэ дутаасан 7 154 982 төгрөгөө барагдуулна байгууллагыг хохиролгүй болгоно. Би 2016.09.30-нд 3 000 000 төгрөг төлөөд мөн хуримтлалаас 538 000 төгрөгийг бас төлсөн, одоо 3 616 572 төгрөг төлөх үлдээд байгаа. Энэ эм бараа дутах асуудал сар сард л бага багаар гарсаар байгаад ийм болчихсон. Нийт 5 сарын тооллогоор дутсан эм бараа нийлээд ийм болсон. Миний хариуцлагагүй байдлаас болоод гарсан асуудал гэдгээ ухамсарлаж ойлгож байна гэсэн мэдүүлэг /хх 70-71/,

Иргэний нэхэмжлэгч Б.Азжаргалын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016.09.12-ны өдөр Монос эмийн санд санхүүгийн шалгалт хийхээр ирж тус газар ажилладаг жор баригч Т.Наранчимэг нь тус байгууллагад 7 154 982 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдож, мөн өөрөө үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Манай байгууллагыг хохиролгүй болгохоор Т.Наранчимэг нь 2016.09.30-нд Монос Улаанбаатар ХХК-ний орлогын дансанд 3 000 000 төгрөг хийж хохирол төлбөрөөс хасуулсан. Мөн Моносын ажилчиддаа хуримтлал үүсгэх зорилгоор Монос дэлгэрэх хадгаламж зээлийн хоршоонд Т.Наранчимэгийн нэр дээр 538 410 төгрөгний хуримтлал үүссэн байсан. Уг хадгаламжинд байгаа 538 410 төгрөгийг Т.Наранчимэг нь хохирол төлбөрт суутган авахыг зөвшөөрсөн. Иймд бид Т.Наранчимэгээс нэхэмжилж буй хохирол төлбөрөөс 3 538 410 төгрөгийг хасч 3 616 572 төгрөгийг нэхэмжилж байна. Т.Наранчимэг нь манай байгууллагад учруулсан хохирлоо бүрэн төлчихвөл манай байгууллагаас ямар нэг гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 61-62/,

Гэрч Ж.Шинэбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд Монос ХХК-ний салбар Монос эмийн сангийн ажилтан Т.Наранчимэг нь манай эм ханган нийлүүлэх төв дээр ирээд манай эмийн санд шалгалт ирэх гээд байна, та надад хэдэн төрлийн эм зээлчих гэсэн би мөнгийг нь 2016.07.15-ны дотор бэлэн өгнө гэж хэлээд эм авсан. Тэр эмнүүд нь бөөний үнээр 3 343 650 төгрөгний эм болсон юм. Би амарч орж ирээд Наранчимэгээс нөгөө эмнийхээ мөнгийг авахаар хэлэхэд мөнгө байхгүй гэхээр нь би эмийн сангаас нь өгсөн эмнүүдээ авсан. Миний хувьд ямар нэг алдагдал байхгүй болсон. Ямар нэг гомдол, санал хүсэлт байхгүй гэсэн мэдүүлэг /хх 63/,

Гэрч Б.Батзаяагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Т.Наранчимэг нь 2015 оны 07 дугаар сарын эхээр Монос эмийн санд жор бичигчийн ажилд орсон тэрнээс хойш манай Сайншанд дахь Монос эмийн сангийн салбараас сар болгон мөнгө дутдаг байсан. Тухайн үед бид анзаардаггүй байсан энэ талаар Улаанбаатар хотоос шалгалт ирж Т.Наранчимэг нь 8 036 951 төгрөгний хохирол учруулснаас 848 490 төгрөгийг буцаан төлж одоо үлдэгдэл 7 154 982 төгрөгний хохирлоо төлөөгүй байна. Т.Наранчимэг нь өр гаргаж нөхөн төлж барагдуулна гэж явснаас энэ их хэмжээний мөнгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн. Энэ зөрчлийг би тайлангаа явуулах хугацаандаа илрүүлж дээд байгууллагадаа мэдэгдсэн. Т.Наранчимэг нь өөрийн зөрчил дутагдлаа хүлээн зөвшөөрч, ажлын хариуцлага алдаснаас болж өрөнд орсон гэж тайлбарлаж байсан гэсэн мэдүүлэг /хх 64/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Наранчимэг нь Монос Улаанбаатар ХХК-ний Монос Дорноговь салбар эмийн санд жор баригчаар ажиллаж байхдаа 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 7 154 982 төгрөгийг хувьдаа завшиж хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч Т.Наранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Монос эмийн санд ажиллаж байхдаа эм болон бэлэн мөнгийн дутагдал гаргасан. Үүнээс 3 600 000 төгрөгийг цалингийн зээл төлөх гээд аваад хэрэглэсэн, 800 000 гаран төгрөгийг хуучин эмийн сангаас шинэ эмийн сан руу нүүж орохдоо тариа унагаж хагалсан. Мөн 400 000-аад төгрөг нь болохоор хугацаа дууссан эмийг төлсөн, 500 000 төгрөгийг хүнээс хүүтэй зээлсэн байж байгаад аваад өгчихсөн … гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Т.Наранчимэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн 2016.09.12-ны өдөр Монос эмийн сангийн эм барааг тоолох ажил явагдаж шөнө 03:00 цагт дуусан ба үүнээс 7 154 982 төгрөгний эм бараа дутсан. ... Би 2016.09.30-нд 3 000 000 төгрөг төлөөд мөн хуримтлалаас 538 000 төгрөгийг бас төлсөн, одоо 3 616 572 төгрөг төлөх үлдээд байгаа. Энэ эм бараа дутах асуудал сар сард л бага багаар гарсаар байгаад ийм болчихсон. Нийт 5 сарын тооллогоор дутсан эм бараа нийлээд ийм болсон гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Азжаргалын хэрэг бүртгэлтэнд өгсөн 2016.09.12-ны өдөр Монос эмийн санд санхүүгийн шалгалт хийхээр ирж тус газар ажилладаг жор баригч Т.Наранчимэг нь тус байгууллагад 7 154 982 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдож, мөн өөрөө үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. ... бид Т.Наранчимэгээс нэхэмжилж буй хохирол төлбөрөөс 3 538 410 төгрөгийг хасч 3 616 572 төгрөгийг нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг /хх 61-62/, гэрч Ж.Шинэбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн ... Т.Наранчимэг нь манай эм ханган нийлүүлэх төв дээр ирээд манай эмийн санд шалгалт ирэх гээд байна, та надад хэдэн төрлийн эм зээлчих гэсэн би мөнгийг нь 2016.07.15-ны дотор бэлэн өгнө гэж хэлээд эм авсан. Тэр эмнүүд нь бөөний үнээр 3 343 650 төгрөгний эм болсон юм. Би амарч орж ирээд Наранчимэгээс нөгөө эмнийхээ мөнгийг авахаар хэлэхэд мөнгө байхгүй гэхээр нь би эмийн сангаас нь өгсөн эмнүүдээ авсан ... гэсэн мэдүүлэг /хх 63/, гэрч Б.Батзаяагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн ... Улаанбаатар хотоос шалгалт ирж Т.Наранчимэг нь 8 036 951 төгрөгний хохирол учруулснаас 848 490 төгрөгийг буцаан төлж одоо үлдэгдэл 7 154 982 төгрөгний хохирлоо төлөөгүй байна. Т.Наранчимэг нь өр гаргаж нөхөн төлж барагдуулна гэж явснаас энэ их хэмжээний мөнгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн ... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Наранчимэгийг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Монос Улаанбаатар ХХК-иас ирүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 469 дугаарт албан бичигт Ч.Наранчимэг нь компанид учруулсан хохирол болох 8 036 951 төгрөгийг бүрэн төлж барагдуулан учруулсан гэм хорыг бүрэн арилгасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч нь хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.Наранчимэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн ба хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Наранчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч Т.Наранчимэгийн эм барих эрхийн зөвшөөрлийн 0002168 дугаартай гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Гомбо овогт Төмөрчөдөрийн Наранчимэгийг бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээгээр завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Наранчимэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Т.Наранчимэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Т.Наранчимэгийн эм барих эрхийн зөвшөөрлийн 0002168 дугаартай гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                  

       ДАРГАЛАГЧ                                    Х.ГАНБОЛД