Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2021/0370

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн гуравдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ЦГ ХХК

Хариуцагч: Б дүүргийн Татварын хэлтсийн татвар, хяналт шалгалтын улсын байцаагч Г.Э, Т.Э нар

Нэхэмжлэлийн шаардлага: Б дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Э, Т.Э нарын үйлдсэн ****378 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Н.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, Н.У, хариуцагч Г.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Батаа нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч ЦГ ХХК-ийн захирал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Татварын улсын байцаагч нарын актыг танилцуулсан болон гардуулсан тэмдэглэл дээр хяналт шалгалт дууссаны дараа ямар татвар, торгууль, алданги нөхөн төлөх тухай эцсийн байдлаар танилцуулдаг. Энэ талаарх тэмдэглэлтэй танилцаад нөгөө тал хариу няцаах баримтаа гаргаж өгөөгүй тохиолдолд татварын улсын байцаагч татвар төлөхийн зөвшөөрсөн эсэх дээр үндэслэж акт гаргадаг. Нөхөн төлөх татварыг 959,000,000 төгрөг гэж бичсэн байсан. Гэтэл яг актаа гаргахдаа 1,072,000,000 сая гэж мөнгөн дүнг бичсэн байсан. 120,000,000 төгрөгийн зөрүүтэй дүнг судлаад үзэхээр үндэслэл тодорхой бус байсан. Би ногдуулсан татваруудыг хооронд нь нэмээд үзэхээр шийтгэлийн хуудас дээр бичсэн дүнтэй таарахгүй байсан. Шийтгэлийн хуудсыг маргаан таслах зөвлөл засаж гаргах байх гэж бодтол үндэслэлгүй, мөн ойлгомжгүй дүгнэлт гаргасан. Хэдэн төгрөгийн татварыг албан ёсоор төлөх нь тодорхойгүй ЦГ ХХК-ийн эрх ашгийг хохироосон гэж үзэж байна гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, Н.У нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЦГ ХХК нь ХМ ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үйлчилгээний 160 айлын орон сууц барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу*******цогцолборын барилгын ажлыг амжилттай гүйцэтгэж 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэн өгсөн. Б дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Г.Э, Т.Э нар нь манай компанид 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 26****378 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тэмдэглэл үйлдэж, нийт 12,156,990,455 төгрөгийн зөрчил илрүүлж 1,547,183,348 төгрөгийн төлбөр ногдуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгч талаас дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэл гаргасан. Шийтгэлийн хуудас дээр 1,402,000,000 гэж заасан. Гэтэл хялбаршуулсан журмаар зөрчил хянан шалгах ажиллагааны тэмдэглэл дээр нийтдээ 1,547,000,000 төгрөг гэж зөрүүтэй тоо бичсэн. Шийтгэлийн хуудас, тэмдэглэл дээр бичсэн зөрүүтэй үнийн дүнгийн алийг баримтлах эсэх нь тодорхой бус байна. Иймд эдгээр үндэслэлийг харгалзан үзэж шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Гурав. Хариуцагч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилд 5,053,920,202 төгрөг нь зөвхөн нөхөн татвар юм. Өршөөлийн тухай хуульд үндэслэж торгууль алданги тооцогдоогүй. 2016 оны аж ахуй нэгжийн албан татварын 1,267,076,429 төгрөгийн зөрчил дээр тухайн оны алдагдал 680,298,596 төгрөгийг хасаад хассан дүнг зөрчил гэж үзсэн. 58,667,780 төгрөгийн нөхөн төлбөрийг ногдуулсан. Холбогдох торгууль, алдангийг нэмж ногдуулаад 2016 онд аж ахуй нэгжийн орлогын албан татварын төлбөр болох 88,016,675 төгрөгийн төлбөр ногдуулсан. 2014 онд яагаад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан гэхээр ТЗ/2 тайлангаар эдийн засгийн ил тод тайлангаар өршөөлд хамрагдах боломжгүй байна гээд НӨАТ тавьсан. 2015 онд 1,871,363,637 төгрөгийн зөрчилд нөхөн татварын 187,136,363 төгрөгийг, торгуулийн 54,077,111 төгрөг, тухайн үеийн НӨАТ-ын хэмжилт хийгээд хүү ногдож байсан 318.342 төгрөгийн хүү ногдсон, алданги байгаагүй. Тухайн оны аж ахуй нэгжийн борлуулалтын албан татвар дээр ижил дүнгээр нөхөн татвар 187.136.363 төгрөг, торгууль 56.140.909 төгрөг, алданги 93.567.181 төгрөг нийтдээ 336.845.454 төгрөгийн зөвхөн аж ахуй нэгжийн орлогын албан татварын төлбөр ногдуулсан. Зөвхөн 2014 оны татвар дээр хүү алдангийг тооцоогүй. Тухайн үед татварын тайлангаа тайлагнаагүй байсан учир өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй байсан.

Маргаан таслах зөвлөлийн тогтоол дээр шийтгэлийн хуудасны дугаарыг буруу бичсэн байсан. Тийм учраас шийтгэлийн хуудас дээр байгаа үнийн дүн бүгд зөрүүтэй байсан. Бидний гаргасан шийтгэлийн хуудас дээр байгаа үнийн дүн хэвээрээ, өөрчлөгдсөн зүйл байхгүй гэв.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЦГ ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ХМ ХХК-ийн захиалгаар үйлчилгээтэй 166 айлын орон сууцны Баяжих цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу тус барилгын ажлыг гүйцэтгэн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын шийдвэрээр ашиглалтад оруулсан.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 5.3-д чөлөөлөгдөх албан татварт доор дурдсан албан татвар хамаарна: 5.3.1-т аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, 5.3.4-т нэмэгдсэн өртгийн албан татвар гэж заасан. ЦГ ХХК нь орлого дутуу тайлагнасан болох нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинээр гаргасан тайлан ТТ-02 маягаар мэдүүлсэн боловч, Нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргасан тайлан ТТ-0З маягтаар мэдүүлээгүй байгаа нь НӨАТ-с чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

ХМ ХХК нь харилцах дансаар 2014 онд 4,840,720,000.00 төгрөг, 2015 онд 10,525,753,504.00 төгрөг, 2016 онд 673,244,072.00 төгрөг нийт 16,039,717,576.00 төгрөг шилжүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Ү-22******* тоот гэрчилгээтэй 720,540,000.00 төгрөгийн бартераар шилжүүлсэн байна. 2014 оны орлогыг ЭЗИТБТХ-ийн дагуу ТТ-02 маягтаар тайлагнасан, 2015 оны орлогоос 8,467,253,504.05 төгрөгийн орлогыг ТТ-02, ТТ-03 /а/ маягтаар тайлагнасан байдаг.

ЦГ ХХК-ийн хяналт шалгалтын үйл ажиллагаа хийгдэж зөрчлийг илрүүлэх үед Татварын ерөнхий хууль, Зөрчлийн хууль зэрэгцэн үйлчилж байсан тул Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 07/2859 тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэлийн хуудас үйлдсэн. Энэ нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хууль буруу хэрэглээгүй, үйлдэх бичиг баримт өөрчлөлт орсон. Иймд ****378 тоот шийтгэлийн хуудсыг хууль бус бичигдсэн гэж үзэх, хүчингүй болгох ямар нэгэн үндэслэл байхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: Б дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Э, Т.Э нарын үйлдсэн ****378 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

 

Б дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Г.Э, Т.Э нар Татварын ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 07/3328 тоот албан бичиг, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон ***********686 томилолтын дагуу Б дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй ******* регистрын дугаартай ЦГ ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн иж бүрэн татварын шалгалтаар 12,156,990,455.88 төгрөгийн зөрчил нь нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр тус компанийн захирал Г.Н*******г оролцуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан оролцогчийн эрх, үүрэг тайлбарлан өгч хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна.

ЦГ ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай ****378 дугаартай шийтгэлийн хуудсаар 1,072,183,845.90 төгрөгийн нөхөн татвар, 189,092,785.50 төгрөгийн торгууль, 141,100,677.90 төгрөгийн алданги, 318,342.70 төгрөгийн хүү нийт 1,402,695, 652.00 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Нэхэмжлэгч ЦГ ХХК нь ...2014 оны борлуулалтын орлого болох 148,131,344.10 төгрөг үүн дээр урьдчилсан орлого болох дансанд бүртгэлтэй НӨАТ шингэсэн дүн 5,410,391,873.14 төгрөгийг нэмж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу 2015 онд ТТ-2 маягтаар 5,558,523,217.24 төгрөгийг, ХМ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2016 оны байдлаар 16,036,502.576 төгрөгийн санхүүжилт дансаар орж ирсэн боловч бүрэн дуусгавар болоогүй, урьдчилан орж ирсэн 2,850,604,071.95 төгрөгийг борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрөөгүй гэж нөхөн татвар, хүү, торгууль тавигдсан нь буруу гэж, хариуцагчаас ...тус компани 2014 онд 5,053,202,924.76 төгрөг, 2015 онд 1,871,363,636.32 төгрөг, 2016 онд 1,267,076,429.09 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн тайланд тусгаагүй, албан татвар төлөөгүй, 2017 онд 720,540,000.00 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийг албан татвар ногдуулж, 63,982,448.60 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, 42,384,951.70 төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт шилжүүлээгүй хугацаа хожимдуулсан гэж маргаж байгаа болно.

ЦГ ХХК-ийн татвар төлөгчийн 2013-2017 онуудад татвар төлөгч өөрөө тайлагнаж, цахимаар ирүүлсэн тайлан, хариуцагчийн баримт материал, журналд тусгасан гүйлгээний нэгтгэлээс үзвэл 2015 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 1,871,363,636.32 төгрөгийн борлуулалтын орлогын дутуу тусгасан зөрчилд 187,136,363.60 төгрөгийн нөхөн татвар, 56,140,909.10 төгрөгийн торгууль, 93,568,181.80 төгрөгийн алданги, 2016 онд 1,267,076,429.09 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тусгаж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчлийг алдагдал 680,298,596.02 төгрөгөөр бууруулж үлдэх 586,777,833.07 төгрөгийн зөрчилд 58,677,783.30 төгрөгийн нөхөн татвар, 17,603,335.00 төгрөгийн торгууль, 11,735,556.70 төгрөгийн алданги ногдуулж, 2016 онд ногдох нөхөн татвар 126,707,642.90 төгрөгөөс тухайн оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар илүү төлөлт 35,124,250.00 төгрөгийг хасаж, 91,583,392.90 төгрөгийн нөхөн татвар, 27,475,017.90 төгрөгийн торгууль, 18,316,678.60 төгрөгийн алданги ногдуулж шийдвэрлэсэн улсын байцаагчийн акт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1-д албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.1-т үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна, 16.2-д энэ хуулийн 8.1.1, 8.1.6-8.1.11, 9.1.1 болон албан татвар ногдох орлогын нийт дүнгээс хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно гэж заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгчийн ХМ ХХК-аас гэрээт ажлын гүйцэтгэлд нийт 16,036,502,576.00 төгрөг хүлээн авснаас 8,467,253,504.05 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд, 5,558,523,217.24 төгрөгийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тусгасан байх тул зөрүү 2,058,499,999.95 төгрөгөөс албан татвар ногдуулах орлогыг 1,871,363,636.32 төгрөг гэж тооцсон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө, 4.1.1 дэх заалтад санхүүгийн тайлагналын олон улсын стандарт гэж заасан мөн хуулийн 6 дугаар зүйл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 21 дүгээр зүйлийн 21.1-т албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккурэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад гэж зааснаар улсын комисст хүлээлгэн өгснөөр урьдчилж орсон орлогыг борлуулалтад тусган тайлагнах гэж заасныг зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч компани үүргийн гүйцэтгэлд ХМ ХХК-аас үлд хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авч, 2016 онд тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж, 720,540,000.00 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгөд 2017 онд албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд үл хөдлөх эд хөрөнгийн татвар 7,205,400.00 төгрөгийн нөхөн татвар, 2,161,620.00 төгрөгийн торгууль, 1,152,864.00 төгрөгийн алданги ногдуулсан нь Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хөрөнгө, 5 дугаар зүйлийн 5.1-т газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлно гэж заасантай нийцэж байна.

ЦГ ХХК нь 2016 онд 42,384,951.70 төгрөгийн, 2017 онд 42,384,951.70 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг, 2017 онд 63,982,448.60 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 43 дугаар зүйлийн 43.5-д татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 21 дүгээр зүйлийн 21.1-т албан татвар төлөгч нь улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт суутгагч нь хуулийн ... заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ гэж заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгчээс ...улсын байцаагч нар маргаан бүхий актаар нийт 1,402,695,652.00 төгрөгийн төлбөр ногдуулахаар заасан атлаа, тухайн актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл дээр төлбөрийг 1,547,183,348.30 төгрөг гэж мөнгөн дүнг зөрүүтэй бичсэн тул аль дүнгээр төлбөр төлөх нь тодорхойгүй байна гэж тайлбар гаргаж байгаа боловч хариуцагчаас төлөх дүн нь шийтгэлийн хуудсан дээр бичигдсэн 1,402,695,652.00 төгрөгийн, харин тухайн актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл дээр төлбөрийг 1,547,183,348.30 төгрөг гэж андуурч бичсэн гэж тайлбарлаж байх тул актын үнийн дүн дээр маргаагүй гэж үзлээ.

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЦГ ХХК-ийн гомдлыг тухай 86 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн сүүлийн хэсэгт улсын байцаагчийн шийтгэлийн хуудсын дугаар, ногдуулсан үнийн дүнг зөрүүтэй бичсэн байх боловч маргаан бүхий актыг урьдчилан шийдвэрлэж гаргасан буюу маргаан бүхий акт биш тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ****378 дугаартай шийтгэлийн хуудсаар 1,072,183,845.90 төгрөгийн нөхөн татвар, 189,092,785.50 төгрөгийн торгууль, 141,100,677.90 төгрөгийн алданги, 318,342.70 төгрөгийн хүү, нийт 1,402,695,652.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1. 106.3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 43 дугаар зүйлийн 43.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 28 дугаар зүйлийн 28.1, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 5 дугаар зүйлийн 5.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг тус тус баримтлан ЦГ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б дүүргийн Татварын хэлтсийн татвар, хяналт шалгалтын улсын байцаагч Г.Э, Т.Э нарт холбогдуулан гаргасан Б дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Э, Т.Э нарын үйлдсэн ****378 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ