Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2024/0664

 

 

 

 

 

 

   Ж.Б ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ж.Б

Нэхэмжлэгч: Ж.Б

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01-A/182 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Н.Л, Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг

Хэргийн индекс: 114/2024/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б аас хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01-A/182 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б ын Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/182 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ж.Б аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.А  2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн иргэдийн хурлын үеэр хэсэг бүлэг иргэдийн үндэслэлгүй, нотлох баримтгүй мэдээлэл дээр тулгуурлан мод бэлтгэлийн үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэрийг амаар гаргасан. Үүний дараагаар нийтийн аюулгүй байдлын хүрээнд мод бэлтгэлийн ажиллагаа түр хугацаанд зогсож, улмаар 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар мод бэлтгэлийг түлээний модны зориулалтаас бусад байдлаар 5 жилийн хугацаанд бүрэн зогсоосон. Энэ нь тухайн бүс нутгийн хэмжээнд мод бэлтгэдэг аж ахуй нэгжүүдэд эдийн засгийн хувьд маш хүндрэлтэй нөхцөлийг бүрдүүлсэн. Учир нь мод бэлтгэлийн байгууллагууд нь тус нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа маш олон шалгуурыг давж, хөлс хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зориулдаг. Гэтэл Засаг даргын захирамжид “сүүлийн жилүүдэд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх, асуудал удаа дараа гарч байгаатай холбогдуулан түлээний модноос бусад зориулалтаар ойгоос мод бэлтгэх үйл ажиллагааг энэхүү шийдвэр гарсан өдрөөс хойш 5 жилийн хугацаанд зогсоосугай" гэсэн нь хууль ёсны дагуу зохих бүхий л шаардлагыг ханган эрсдэл үүрч, энэхүү ажлыг эхлүүлсэн албан байгууллагуудын эрх ашиг, хөлс хөдөлмөрийг ноцтойгоор зөрчсөн.

3.2. Өөрөөр хэлбэл хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэж буй этгээдүүдтэй тэмцэх санаачилга нь зөв боловч цар тахал болон эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийг даван туулахаар эцсийн боломж дээрээ тулгуурлан, өр зээлийн журмаар санхүүжилт босгож зохих ёсны дагуу ажлаа эхлүүлсэн мод бэлтгэлийн албан байгууллагуудын эрхийг хязгаарласан нь туйлын буруу шийдвэр юм. Энэхүү нөхцөл байдлын хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс 2022 оны 07 сарын 05-ны өдөр ирүүлсэн албан хариу тайлбарт “....үйл ажиллагааны явцад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулан, эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн цаг үед аж ахуй нэгж байгууллагуудыг дэмжин, мод бэлтгэлийн ажлыг хэвийн явуулах нөхцөлийг ханган, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллана уу” гэсэн ч өнөөдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Засаг даргын зүгээс тухайн асуудлаар огт уулзахгүй, ямар ч арга хэмжээ авахгүй байна. Үүний улмаас бизнес эрхлэгчид эд хөрөнгө болон эрх зүйн байдлын хувьд асар их хэмжээний хохирлыг амссан. Энэ нь одоо ч эдийн засгийн хүндрэлийг үүсгэж модны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бүгд их хэмжээний өр төлбөрт орж дампуурлын зэрэгт хүрсэн.

3.3. Захиргааны актыг гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүйн улмаас эрх зүйн үндэслэлгүй болох тухай: Захиргааны байгууллага аливаа нэгэн асуудлыг зохицуулахаар захиргааны актыг гаргахдаа “Захиргааны ерөнхий хууль”-д заасан сонсох ажиллагааг хийж гүйцэтгэн эрх нь зөрчигдөж болох иргэд, хуулийн этгээдээс санал авах бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйл 24.1, 24.2-д заасныг удирдлага болгон захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй. Гэвч Дархан- Уул аймгийн Засаг дарга нь тухайн хэрэглээний мод бэлтгэлийн үйл ажиллагааг 5 жилийн хугацаанд зогсоох захирамжийг гаргахдаа хууль бус болон хулгайн мод бэлтгэлийн холбогдох этгээдүүд, зогсоохоос өөр аргагүй болж байгаа сөрөг нөхцөл байдал, эрх зүйн үр дагавар зэргийг бүрэн тогтоогоогүй болно. Үүний улмаас өөрсдийн боломжоороо зохих журмын дагуу төрөөс тогтоосон хэмжээгээр мод бэлтгэл болон түүний нөхөн сэргээлтийг хийж байсан хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаа, эдийн засагт хүндрэлтэй нөхцөлийг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл захиргааны актыг зайлшгүй гаргах шаардлага бүхий нөхцөл байдлаа бүрэн бодитойгоор тогтоогоогүйн улмаас тус хууль бус, хулгайн мод бэлтгэлд хамааралгүй хуулийн этгээдүүдийн эрхийг зөрчсөн эрх зүйн сөрөг үр дагавартай захиргааны актыг гаргасан.

3.4. Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглаж эрх зүйн үндэслэлгүй захирамж гаргасан тухай: Дархан-уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал “Ойн тухай хууль’’-ийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар жил бүрийн мод бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу түлээний, хэрэглээний гэх мэт мод бэлтгэлийн дээд хязгаарыг баталдаг. Үүний хүрээнд 2022 оны мод бэлтгэлийн дээд хэмжээг Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг даргын саналыг харгалзаж баталсан боловч тодорхой бодит нөхцөл байдлыг тогтоосон үндэслэлгүйгээр Дархан-Уул аймгийн Засаг дарга нь мод бэлтгэлийн үйл ажиллагааг зогсоосон. Ингэхдээ тухайн жилийн мод бэлтгэлийн үйл ажиллагааг баталсан Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай санал солилцохгүйгээр өөрийн санаачилгаар хэрэглээний мод бэлтгэлийг 5 жилийн хугацаанд зогсоосон нь эрх хэмжээгээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлтэй юм. Тодруулбал маргаан бүхий захирамжийг гаргахдаа Засаг дарга нь “Ойн тухай хууль”-ийн 17 дугаар зүйл 17.2.6-д заасныг үндэслэсэн байдаг. Ингэхдээ хэрэглээний мод бэлтгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн ямар үйлдэл сөрөг нөлөө үзүүлж буй талаар огт тодорхойлоогүй, үүний талаар Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай санал солилцохгүйгээр дангаараа захирамж гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй билээ.

3.5. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл анхнаасаа 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01А/182 дугаартай захирамжийг гаргах эрх зүйн орчин бүрдээгүй, хэрвээ бүрдсэн бол шаардлагатай процессын ажлуудыг захиргааны байгууллага хийгээгүйн улмаас иргэдийн эрх ашгийг зөрчсөн, түүнчлэн Засаг дарга захирамж гаргахдаа мод бэлтгэлийн төлөвлөгөөг баталж буй Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралтай санал солилцоогүй нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй илт хууль бус акт болохыг баталж байна.

Иймд 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 114/ШШ2024/0020 дугаартай Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, Дархан Уул аймгийн Засаг даргын анх 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/182 дугаартай захирамж буюу сүүлд 2024 оны 01 дүгээр сард өөрчлөн баталсан захирамжийг илт хууль бус актад тооцож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч Ж.Б-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/182 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, энэхүү шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж маргажээ.

2.2. Дархан-Уул аймгийн Засаг даргын маргаан бүхий 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/182 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх, асуудал удаа дараа гарч байгаатай холбогдуулан түлээний модноос бусад зориулалтаар ойгоос мод бэлтгэх үйл ажиллагааг энэхүү шийдвэр гарсан өдрөөс хойш 5 жилийн хугацаанд зогсоохоор шийдвэрлэсэн байх бөгөөд үүний дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01-А/49 дүгээр захирамжаар уг захирамжийн 1 дэх заалтыг “түлээний болон хус модны” зориулалтаар гэсэн нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна.

 

2.3. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг “...энэ маргааны тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааны явцад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай бол ойн санд сөргөөр нөлөөлж байгаа үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, зогсоох эрх хэмжээ нь аймгийн Засаг даргад нарийвчилсан хууль буюу Ойн тухай хуулиар олгогдсон байх бөгөөд улмаар Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор тухайн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар ханган ажиллахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн заалтын дагуу өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд холбогдох байгууллагуудын судалгаа, зөрчлийг арилгуулах болон зөрчлийн материал, тайлан, шийдвэрүүдийг үндэслэн хариуцагч аймгийн Засаг дарга нь мод бэлтгэх үйл ажиллагааг зогсоосон нь хуульд нийцсэн” гэж дүгнээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцжээ.

 

2.4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд анх 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Хавчуугийн ам нэртэй 6000 га талбайн байгалийн дагалт баялаг нөөцийг зохистой ашиглах эрхийн 88 дугаартай гэрчилгээг “З” нөхөрлөлд 1 жилийн хугацаатай, мөн оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус газрын 3700 га талбай бүхий ой санг “ЗХ” нөхөрлөлд 10 жилийн хугацаатай гэрээгээр эзэмшүүлэх №********  дугаартай гэрчилгээ, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А-59 дугаартай тушаалыг үндэслэн “ЗХ ЗГБХ нөхөрлөл”-д Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийн №2015/О-020 дугаартай гэрчилгээг 3 жилийн хугацаатай тус тус олгосон байх бөгөөд улмаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 140 дугаартай захирамжаар Ойн нөөцийг түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, хууль бус бэлтгэл, тээвэрлэлтээс хамгаалах, ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, ойн санг хамгаалах, нөхөрлөлд ойн дагалт баялгийг зохистой ашиглуулах зорилгоор тус сумын 1 дүгээр багийн нутаг “Хавчуугийн ам” гэх газрын орчимд ойн сан бүхий 6000 хүртэл га газрыг “З” нөхөрлөлд 10 жилийн хугацаатай сунган эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

2.5. Нэхэмжлэгч Ж.Б ын тухайд “ЗХ ЗГБХ нөхөрлөл”-ийн гүйцэтгэх захирлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд маргаан бүхий актаар мод бэлтгэх үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан иргэний хувиар тухайн актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.   

2.6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан бөгөөд захиргааны акт “илт хууль бус” байх үндэслэл нь “дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй гэж үзэхээр байх шаардлагатай” гэж онолын хувьд үздэг бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуулийн зүйл заалтыг илт буруугаар хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

2.7. Тодруулбал, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас тус аймгийн нутаг дэвсгэрт түлээний болон хус модноос бусад зориулалтаар ойгоос мод бэлтгэх үйл ажиллагааг 5 жилийн хугацаанд зогсоохоор шийдвэрлэсэн нь Засаг даргын чиг үүрэгт огт хамаарахгүй, тухайн аймгийн нутаг дэвсгэрт ойгоос мод бэлтгэхийг аливаа байдлаар хориглох ямар ч хууль зүйн үндэслэл байгаагүй нь илэрхий тохиолдол тухайн акт нь илт хууль бус захиргааны актад хамаарч, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүйд тооцогдох учиртай.

 

2.8. Анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Засаг даргын маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэнд хамаарах эсэх талаар үндэслэлтэй дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн “...Захиргааны актыг гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүйн улмаас эрх зүйн үндэслэлгүй болсон, ... Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглаж эрх зүйн үндэслэлгүй захирамж гаргасан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

 

2.9. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 17.2.6-д “ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааны явцад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай бол ойн санд сөргөөр нөлөөлж байгаа үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, зогсоох” эрхтэй гэж тус тус заажээ.

 

2.10. Хариуцагч нь дээрх хуульд заасан эрхийн хүрээнд тухайн аймгийн ойн сангийн нөөцийн тоо баримт, нөхцөл байдлын судалгааг үндэслэн маргаан бүхий захирамжаар түлээний болон хус модноос бусад зориулалтаар ойгоос мод бэлтгэхийг зогсоохоор ийнхүү шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

 

2.11. Түүнчлэн “...нэхэмжлэгч Ж.Б аас нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдан маргасан цөөхөн хуулийн этгээдүүдээс урьдчилан саналыг сонсож, сонсох ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэх зэрэг захиргааны актыг хүчингүй болгуулах агуулга бүхий үндэслэлүүдэд дүгнэлт өгөх шаардлагагүй” талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.12. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...Дархан Уул аймгийн Засаг даргын анх 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/182 дугаартай захирамж буюу сүүлд 2024 оны 01 дүгээр сард өөрчлөн баталсан захирамжийг илт хууль бус актад тооцож өгнө үү” гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж дурдсан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд ихэсгэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж үзэх, уг гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

2.13. Мөн Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх эрхийг “З” нөхөрлөлд олгосон байх боловч иргэн Ж.Б-ын энэ нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх нэгэнт бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул иргэний хувиар нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Б ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА