Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1645

 

 

 

 

 

 

  2022         11          08                                      2022/ШЦТ/1645

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхзул,

Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мт холбогдох 2206 04090 2889 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Урлан хороолол, 106 байрны 29 тоотод оршин суух хаягтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Иовогт Аийн М /РД:/.

Хэргийн товч агуулга:

А.М нь 2022 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Имарт худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах “Технозони” ХХК-й Имарт-1 салбарт хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байгууллагаас итгэмжлэн хариуцуулж өгсөн 14 ширхэг гар утсыг өөртөө завшиж, бусдад нийт 24.876.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхзул өгсөн мэдүүлэгтээ: “... Наадмын амралтын дараа манай нягтлангууд тооллого хийхэд ерөнхийдөө утаснууд байхгүй байгаа нь илэрсэн. Тухайн үед Мтай уулзаж асуухад утас авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч утаснуудыг авч ломбардуудад тавьсан талаараа үнэнээ хэлсэн. Би ойрын хугацаанд хохирлыг барагдуулж өгнө гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр тухайн үедээ тооллого хийгээд гарын үсэг зуруулж аваад одоо байгаа дансны үлдэгдэлд нь тааруулж 3 ширхэг утсыг тавьсан ломбардаас нь буцааж авсан. Энэ утаснууд нь А 33 загварын гар утас 2 ширхэг, А 13 загварын гар утас 1 ширхэг зэрэг нийт 3.317.000 төгрөгийн үнэтэй утаснуудыг надад буцааж авч өгсөн. Тэгээд хамтдаа цагдаа дээр очиж гомдол мэдээллээ гаргаж, улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү шилжсэн. Энэ хугацаанд Мтай холбоогүй байж байгаад одоо шүүх хурал дээр уулзаж байна...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.04/,

“Технозони” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан гомдол /хх.06/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхзулын өгсөн: “... Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Сансарын Имарт худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах “Технозони” ХХК-й Имарт-1 салбарт 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр худалдааны зөвлөх Мын ээлж дээр бараа материалын тооллого хийхэд худалдааны зөвлөх М болон Бямбадэлгэр нарын итгэмжлэн хариуцуулсан 14 ширхэг гар утас дутсан байсан. Уг гар утаснуудын хайрцаг лац нь задарсан бөгөөд доторх гар утаснууд нь байхгүй байсан. Тэгээд энэ талаар Маас асуухад М өөрөө эдгээр гар утаснуудыг хувьдаа ашиглахын тулд байгууллагаас авч ломбардад тавьсан гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.206-207/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Сансарын Имарт худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах “Технозони” ХХК-й Имарт-1 салбарт 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр борлуулагч албан тушаалаар ажилд орсон. Дараа нь би 2022 оны 06 дугаар сарын Пэёон аппликейшнээр 3.000.000 төгрөгийн зээл авч койн худалдаж авсан. Тэгээд миний авсан койн хувьцаа унасны улмаас алдагдалд орж би өрөнд орсон. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын дундуур Самсунг Эс 22 Ультра 128 GB-ийн гар утас 1 ширхгийг байгууллагын шүүгээнээс авсан. Дараа нь уг гар утсаа Хүнсний 4-т байрлах найман Хад гэсэн нэртэй ломбардад 2.400.000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлж тавьсан. Дараа нь Самсунг галалкси А53 загварын гар утсыг ажлын шүүгээнээс аваад улмаар Хүнсний 4-ийн ЭФ-1 гэх нэртэй ломбардад 500.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь хоёр дахь Самсунг галалкси А53 загварын гар утсыг бас Хүнсний 4-ийн ЭФ-1 гэх нэртэй ломбардад 500.0000 төгрөгөөр тавьсан. Дараа нь Хуавей Нова-9 загварын гар утас 1 ширхэг ажлын шүүгээнээс авч хүнсний 4-д байрлах нэрийг нь мэдэхгүй ломбардад 700.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь гурав дахь Самсунг галалкси А53 загварын гар утсыг ажлын шүүгээнээс аваад улмаар сансарт байрлах нэрийг нь ломбардад 500.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь 1 дэх Самсунг галакси-АЗЗ загварын цэнхэр гар утсыг ажлын шүүгээнээс аваад хүнсний 4-ийн Эф 1 ломбардад 350.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь Самсунг галакси-АЗЗ загварын цэнхэр өнгөтэй гар утсыг ажлын шүүгээнээс аваад Хүнсний-4-ийн Альфа гэх нэртэй ломбардад 350.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь Самсунг галакси-АЗЗ загварын ягаан гар утсыг ажлын шүүгээнээс аваад Хүнсний Найман Анд ломбардад 300.000 төгрөгөөр тавьсан Дараа нь 1 дэх Самсунг галакси-АОЗ Коор загварын гар утсыг ажлын шүүгээнээс аваад сансрын Банбан ломбардад 80.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь 1 дэх Самсунг галакси-А13 загварын гар утсыг ажлын шүүгээнээс аваад Сансарын нэрийг нь мэдэхгүй ломбардад 200.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь Самсунг галакси-А13 загварын гар утсыг ажлын шүүгээнээс аваад Сансарын Банбан ломбардад 200.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь 2 дахь Самсунг галакси-АОЗ Коор загварын гар утсыг ажлын шүүгээнээс аваад сансрын нэрийг нь мэдэхгүй ломбардад 100.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь 2 дахь Самсунг Эс 22 Ултра 128 ОВ-ийн гар утсыг ажлаас аваад Сансарын Банбан ломбардад 2.200.000 төгрөгөөр тавьсан. Би нэрийг мэдэхгүй ломбардууд дээр очвол байршлыг нь сайн зааж өгч чадна. Би эдгээр гар утаснуудаас Самсунг галакси-АЗЗ загварын 2 ширхэг цэнхэр өнгийн гар утас, Самсунг галакси-А13 цэнхэр өнгийн 1 ширхэг гар утас өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр буцаан өгсөн. Бусад үлдсэн гар утаснуудыг удаахгүйгээр 8 сардаа багтаагаад өгөх болно. Би хүлээн зөвшөөрч байгаа ...”,

“... би энэ үйлдэл ээ хүлээн зөвшөөрч байгаа мөн тухайн байгууллагаас авсан гар утаснуудын хохирлыг буцаан 2-3 сарын дотор бүрэн барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх.12, 203/,

Шүүгдэгч А.Маас “Технозони” ХХК-д төлбөр барагдуулахаар гаргасан баталгаа /хх.14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Төмөрчөдөрийн өгсөн: “... Надад тухайн байгууллагын ажилтан надад хэлсэн, тэгээд би хүүхдээсээ асуусан чинь манай хүүхэд надад хандаж хэлэхдээ “тиймээ би 10 гаран гар утсыг нь авсан юмаа” гэж хэлсэн, “тухайн гар утаснуудыг ломбардуудад тавиад мөнгө болгоод компьютероор тоглоод алдсан юмаа, уучлаарай” гэж надад хэлсэн. Тэгээд би хүүхдээсээ аль ломбардад тавьсан талаар асуухад “хаа сайгүй тавьсан, нэг гар утсыг 300.000 төгрөгөөс 500.000 төгрөгийн хооронд тавьсан” гэж хэлсэн, тэгээд би хүүхдэдээ хандаж хэлэхдээ “миний цалин буухаар 2-лаа зах зухаас нь гар утаснуудыг авах уу” гэж хэлсэн чинь манай хүүхэд надад хандаж хэлэхдээ “тухайн гар утаснууд одоо зарагдсан байх, би 7 сараас хойш тухайн гар утаснуудыг ломбардад тавьсан, одоо байхгүй зарагдсан байх” гэж, мөн надад хандаж хэлэхдээ “манай хүүхдийн байгууллагын хүмүүс өөрсдөө наадмын амралтаар амралтад яваад өөрийг нь ажил дээр нь үлдээгээд 2 хүний ажил хийлгэсэн, тэрэнд нь манай хүүхдийн уур нь хүрээд гар утаснуудыг хулгай хийгээд ломбардад тавсан” гэж надад манай хүүхэд М надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.18/,

“Дамно” ХХК-й 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн БЗД2-22-1718 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.22-23/,

“Дамно” ХХК-й 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БЗД2-22-1823 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.211-212/,

Ломбардын барьцааны хуудас /хх.29-30/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх.31-39/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.40/,

Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.41-64/,

Шүүгдэгчийн ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.65-192/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.194-193/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.199-201/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.1.118-119/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.215-216/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.41-64/ зэрэг болно.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

А.М нь 2022 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Емарт худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах “Технозони” ХХК-ний Имарт-1 салбарт хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байгууллагаас итгэмжлэн хариуцуулж өгсөн 14 ширхэг гар утсыг өөртөө завшиж, бусдад нийт 24.876.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.04/,

“Технозони” ХХК-й 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан гомдол /хх.06/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхзулын өгсөн: “... Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Сансарын Имарт худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах “Технозони” ХХК-й Имарт-1 салбарт 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр худалдааны зөвлөх Мын ээлж дээр бараа материалын тооллого хийхэд худалдааны зөвлөх М болон Бямбадэлгэр нарын итгэмжлэн хариуцуулсан 14 ширхэг гар утас дутсан байсан. Уг гар утаснуудын хайрцаг лац нь задарсан бөгөөд доторх гар утаснууд нь байхгүй байсан. Тэгээд энэ талаар Маас асуухад М өөрөө эдгээр гар утаснуудыг хувьдаа ашиглахын тулд байгууллагаас авч ломбардад тавьсан гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.206-207/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мын яллагдагчаар өгсөн: “... би энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, мөн тухайн байгууллагаас авсан гар утаснуудын хохирлыг буцаан 2-3 сарын дотор бүрэн барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх.203/,

Шүүгдэгч А.Маас “Технозони” ХХК-д төлбөр барагдуулахаар гаргасан баталгаа /хх.14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Төмөрчөдөрийн өгсөн: “... манай хүүхэд надад хандаж хэлэхдээ “тиймээ, би 10 гаран гар утсыг нь авсан юмаа” гэж хэлсэн, “тухайн гар утаснуудыг ломбардуудад тавиад мөнгө болгоод компьютероор тоглоод алдсан юмаа, уучлаарай” гэж ... М надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.18/,

“Дамно” ХХК-й 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн БЗД2-22-1718 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.22-23/,

“Дамно” ХХК-й 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БЗД2-22-1823 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.211-212/,

Ломбардын барьцааны хуудас /хх.29-30/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхзулын өгсөн: “... Наадмын амралтын дараа манай нягтлангууд тооллого хийхэд ерөнхийдөө утаснууд байхгүй байгаа нь илэрсэн. Тухайн үед Мтай уулзаж асуухад утас авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч утаснуудыг авч ломбардуудад тавьсан талаараа үнэнээ хэлсэн. Би ойрын хугацаанд хохирлыг барагдуулж өгнө гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр тухайн үедээ тооллого хийгээд гарын үсэг зуруулж аваад одоо байгаа дансны үлдэгдэлд нь тааруулж 3 ширхэг утсыг тавьсан ломбардаас нь буцааж авсан. Энэ утаснууд нь А 33 загварын гар утас 2 ширхэг, А 13 загварын гар утас 1 ширхэг зэрэг нийт 3.317.000 төгрөгийн үнэтэй утаснуудыг надад буцааж авч өгсөн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг тусган хуульчилж, 1 дэх хэсэгт нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэж завших гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

 “Итгэмжлэн хариуцуулсан этгээд гэж” аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмлөгчид тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож завшсан байдлыг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Завших гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Нөгөөтээгүүр завших гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.

А.М нь нийт 14 удаагийн үйлдлээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдлүүд нь “Завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 10.000.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч А.М нь 14 гар утас завшиж нийт 24.876.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулжээ.

Шүүгдэгч А.Мын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.М нь хохирогч “Техно зон” ХХК-д учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

          Шүүгдэгч А.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхзулд 3.317.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг ширхэг гар утсыг биет байдлаар буцаан хүлээлгэж өгсөн байх тул хохирлын үлдэх 21.359.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч “Техно зон” ХХК-д олгохоор тогтоов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

А.М гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.Мын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

          А.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч А.Мт хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг шүүгдэгч болон хохирогч хүссэн боловч гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, үлэмж хэмжээнээс дээш хохирол төлбөр барагдуулаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд дээрх хүсэлтүүдийг хангах үндэслэлгүй юм.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, А.М урьд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Шүүгдэгч А.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Иовогт Аийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч А.Мт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Шүүгдэгч А.Мт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч А.Маас 21.359.000 төгрөг гаргуулж хохирогч “Техно зон” ХХК-д олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР