Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1652

 

 

 

 

 

 

 2022         11          09                                       2022/ШЦТ/1652

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч У.И, түүний өмгөөлөгч М.Батмөнх /ҮД:1828/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “­Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн У.Иэд холбогдох 2206 04926 3406 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер ажилтай, “Бест Титан” ХХК-д барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 9-349 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Новогт Уын И /РД:/.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

У.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Интер сеарч” ХХК-й Их тэнгэр клуб хаус нэртэй караокены 1 тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа Финлакс брэндийн 50 инчийн зурагтыг аяга шидэн хагалж, гараар ширээ цохиж, хөлөөрөө хаалга өшиглөж нийт 1.057.740 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг устгаж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Иийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.05/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхтулгын өгсөн: “... барилгачдын баяр тэмдэглэж манайхаар үйлчлүүлж 1 тоот өрөөнд орж баяраа тэмдэглэж байгаад хоорондоо маргалдаж караокены өрөөний зурагт, ширээ, хаалга, аяга, тавгийг шидэж сүйтгэж байгууллагад хохирол учруулсан... манай байгууллагад эд зүйл бүрэн төлж барагдуулсан тул гомдолгүй... манай байгууллагад нийт 4.880.000 төгрөгийн эд зүйл эвдсэн ба задаргааг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.10, 18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч У.Иийн гэрчээр болон яллагдагчаар  өгсөн: “... Би хамт ажилладаг хүмүүстэй 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Их тэнгэр караокед орж үйлчлүүлж байгаад хамт ажилладаг хүнтэй үл ялих зүйлээр маргалдаж байгаад үйлчлүүлж байсан байгууллагын эд зүйлийг эвдэж сүйтгэсэн нь үнэн...гэх мэдүүлэг /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мөнхтулгын өгсөн: “... 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр барилгачдын баяр тэмдэглээд Их тэнгэр караокед орж үйлчлүүлж байтал И гэнэт уурлаж босож ирээд ширээн дээрээс аяга аваад хана руу шидэж аяганы хагархай нь караокены зурагтын дэлгэцийг хагалчихсан. И бид 2 зодолдоогүй...” гэх мэдүүлэг /хх.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ёндонровзогын өгсөн: “... Их тэнгэр караокед ажлын хамт олонтойгоо үйлчлүүлж байтал И согтсон, гэнэт агсарч босож ирээд аяга авч шидээд зурагт хагалчихсан...” гэх мэдүүлэг /хх.23/,

Шүүгдэгч У.Иийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /хх.14-16/,

“Дамно” ХХК-й 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн БЗД3/22/677 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх.24-25/,

Хохирогч “Интер сеарч” ХХК-й хохирол төлбөр барагдуулсан, гомдолгүй тухай бичгээр ирүүлсэн албан тоот, гүйлгээ хийсэн дансны хуулбар /хх.28-29/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.35-36/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.41/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхтулгын гомдол санал байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх.43/,

Шүүгдэгч У.Иийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.44/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.48/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

У.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Интер сеарч” ХХК-й Их тэнгэр клуб хаус нэртэй караокены 1 тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа Финлакс брэндийн 50 инчийн зурагтын аяга шидэн хагалж, гараар ширээ цохиж, хөлөөрөө хаалга өшиглөж нийт 1.057.740 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.05/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхтулгын өгсөн: “... караокены өрөөний зурагт, ширээ, хаалга, аяга, тавгийг шидэж сүйтгэж байгууллагад хохирол учруулсан... манай байгууллагад нийт 4.880.000 төгрөгийн эд зүйл эвдсэн ба задаргааг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.10, 18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд У.Иийн яллагдагчаар  өгсөн: “... Би хамт ажилладаг хүмүүстэй 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Их тэнгэр караокед орж үйлчлүүлж байгаад хамт ажилладаг хүнтэй үл ялих зүйлээр маргалдаж байгаад үйлчлүүлж байсан байгууллагын эд зүйлийг эвдэж сүйтгэсэн нь үнэн...гэх мэдүүлэг /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мөнхтулгын өгсөн: “... И гэнэт уурлаж босож ирээд ширээн дээрээс аяга аваад хана руу шидэж аяганы хагархай нь караокены зурагтын дэлгэцийг хагалчихсан...” гэх мэдүүлэг /хх.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ёндонровзогын өгсөн: “... И согтсон, гэнэт агсарч босож ирээд аяга авч шидээд зурагт хагалчихсан...” гэх мэдүүлэг /хх.23/,

“Дамно” ХХК-й 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн БЗД3/22/677 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх.24-25/,

Хохирогч “Интер сеарч” ХХК-й хохирол төлбөр барагдуулсан, гомдолгүй тухай бичгээр ирүүлсэн албан тоот, гүйлгээ хийсэн дансны хуулбар /хх.28-29/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Иийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

У.Иийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Иийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.Иийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд шүүгдэгч У.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

У.И нь хохирлын 4.880.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогч байгууллага нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч У.Иэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

У.Иийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Иэд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

У.Иэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Новогт Уын Иийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Иэд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч У.Иэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.Иэд сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Иэд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР