| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1615/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1654 |
| Огноо | 2022-10-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1654
2022 10 28 2022/ШЦТ/1654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,
Улсын яллагч Н.Ганчимэг,
Хохирогч Т.Уламбаяр, түүний өмгөөлөгч Э.Гомбо /ҮД:3320/,
Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал /ҮД:0491/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Двын Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2413 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Намрын буудай” ХХК-й захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 25 дугаар байрны 155 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Двын Г /РД: /.
Хэргийн товч агуулга:
Д.Г нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Сакура центрийн 6 давхрын коридорт байхдаа Т.Уламбаяртай үл ялих зүйлээс болж маргалдсаны улмаас түүний биед халдан, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г өгсөн мэдүүлэгтээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Ер нь бол бол хохирогч намайг цохисноо санаж байгаа. Шууд намайг цохихоор нь би холдож аван, тэгээд тэврээд авсан. Би нэгэнт энэ хүнийг хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрч учраас надад худлаа яриад байх шаардлага байхгүй. Нэгдүгээрт хохирогч орж ирсэн цагаасаа их авиртай байсан. Тэнд байсан хүмүүс рүү дайрч доромжилсон. Надтай цуг ирсэн залуу бөх хүн биш. Зүгээр барилга, байгууламж барьдаг компанийн барилгын зураг зурдаг залуу юм. Тэр залуугийн хөл рүү нь хүртэл хохирогч наад хөл чинь яасан бүдүүн юм, чи намайг яах гээд байгаа юм гээд гараараа 2,3 удаа цохисон. Намайг зориуд хохирогчид гэмтэл учруулах гэж дуудсан зүйл байхгүй. Би өөрөө хувийн барилгын компанитай, хүн дуудахлаар нь очоод хүнийг гэмтээж, яваад байдаг хүн би биш, надад тийм шаардлага ч байхгүй. Сэргэлэн надад хохирогчтой өр авлага байгаа талаар надад юу ч хэлээгүй. Сэргэлэн болон манай барилгын зураг зурдаг залуу бид гурав барилгын төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм. Тэр талаар ярилцах гэж очиж уулзсан юм. Надад Уламбаярыг тэнд байна гэж хэлээгүй. Тэгээд би ажлынх нь хүн болох Мөнхсайхан гэдэг залуутай хамт сагс тоглодог байсан. Тэгээд бид хоёр сууж байна гэхээр нь би очсон. Би хохирлын хувьд шүүхээс бодит хохирол тогтоосон тохиолдолд заасан хугацаанд нь бүрэн төлж барагдуулна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Уламбаяр өгсөн мэдүүлэгтээ: “... Тухайн өдөр би Сэргэлэн гээд найзаасаа их хэмжээний авлага авах гээд очсон юм. Надад өгөхгүй 2-3 жил болсон юм. Тэгээд сүүлийн 6 сарын дотор авлагаа авах гээд нэлээд ширүүхэн шахаж байгаа юм. Тэгсэн тэр өдөр Сэргэлэн над руу залгаж өнөөдөр, маргаашгүй бүтэх гэж байна чи ажил дээр хүрээд ир уулзъя гэсэн. Тэгээд би ажил дээр нь очихдоо чихэр жимс, архи аваад өдөр 15 цагийн үед очсон. Тэгээд очиход миний авчирсан архинаас Сэргэлэнгийн ажлынхан бүгдээрээ 2 шил архи хувааж уусан. Тэгээд орой 17 цагийн алдад Г бөх барилддаг нэг залуутай хамт ирсэн. Тухайн үед ямар шалтгаантай, яах гэж ирсэн тухайгаа яриагүй. Бид нарыг захирлыг өрөөнд сууж байхад гэнэт л орж ирсэн. Тэгээд л нэг таарамжгүй харьцаа үүсгэсэн. Би одоо бодоход санаатай, дуудагдаж ирсэн байх гэж бодож байна. Намайг хорлоё гэсэн санаатай ирсэн байх гэж бодож байна. Тэгээд 18 цагийн үед миний хөлийг Г хугалсан. Дээрээс дарж хэвтчихээд босохгүй байсан. Босгоод өг гэхэд босгохгүй болохоор нь сүүлдээ нуруу руу нь цохиж байж намайг босгосон. Намайг арай хийж татаж босгоод хана руу налуулж суулгасан. Тэгээд түргэн дуудаад өгөөч, цагдаа дуудаад өгөөч гэсэн ямар нэг арга хэмжээ аваагүй. Би 20 цаг хүртэл тэнд суусан. Тэгээд арга ядаад эхнэрийгээ дуудсан. Удалгүй эхнэр ирээд бид хоёр хамт орой 21 цагийн үед гэмтлийн эмнэлэг дээр очсон. Тухайн үед болсон процессыг би бүрэн мэдэж байгаа. Намайг ямар ч өөрийгөө удирдаж жолоодох чадваргүй гэж байна. Би болсон үйл явдлыг бүгдийг санаж байна. Цэг ариун цэврийн өрөө оръё гэж гарсан. Би Гийн нүүр аманд нь хүрээгүй. Тэр бичлэг дээр бүх зүйл нь байгаа. Тэгээд намайг маш их заналхийлсэн. Миний хөлийг хугалчхаад босгоод оруулчихгүй, зүгээр л шүүх цагдаа бараг л миний талд байна гэсэн заналхийлэл ер нь маш их байсан. Тэр бичлэг дээр та үзсэн бол миний нүүр лүү салаавч өгөөд, хуруугаараа зангаад байгаа. Би энэ хүнд маш их гомдолтой байгаа. Би 2,3 цаг эмнэлгийн тусламж огт аваагүй. Миний хөлийн шилбэ хэсэг нь гуя шигээ бүдүүн хавдчихаад хөдөлж болохгүй байсан. Би энэ маш их гомдолтой гэв. Өнөөдрийн хувьд би нийт 16.118.910 төгрөгийг хохиролд нэхэмжилж байна. Үүнд 3 сарын цалин 9.600.000 төгрөг, өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөг үлдсэн нь эмчилгээний зардал зэрэг орно. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.05/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.07-11/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Ууганбаярын өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 15:00 цагийн үед Сакура центрийн 6 давхарт Сэргэлэнтэй уулзахаар очсон. Тэнд Ж.Сэргэлэнгийн ажлын хүмүүстэй өрөөнд нь тавуулаа 2 ширхэг 0.75 литрийн архи хувааж ууцгаасан. 18:00 цагийн үед Ж.Сэргэлэнгийн танил гэх 2 залуу ирээд дахиад 0.75 литртэй 2 шил архи нэмж ууцгаасан. Сүүлд ирсэн гэх 2 залуугийн хар хөх өнгийн поло футболктой намхан тарган залуутай ариун цэврийн өрөө орох замдаа муудалцаад намайг тэр залуу мушгиж унагаасан. Тэгж унахдаа миний зүүн хөл өвдөгний үе хэсгээрээ хугарсан. Намайг унагаачхаад тэр залуу миний дээр дарж хэвтчихээд босохгүй, заналхийлсэн утгатай үг хэлж эмнэлэг дуудаад өгөөч гэтэл дуудахгүй намайг коридорт орхичихсон... би тэр залууг танихгүй. Сэргэлэнгийн танил юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх.15-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Нямдаваагийн өгсөн: “... 604 тоотод очтол ... манай нөхөр үүдний буйдан дээр ёолоод хөл нь хавдаад зангирчихсан, ганцаараа сууж байсан... Гэмтлийн эмнэлэгт томографын зураг авхуулахад зүүн хөл нь өвдөгний доогуур хугарсан гээд гипс тавиулаад хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Сэргэлэнгийн өгсөн: “... 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр найз Т.Уламбаяр миний ажлын өрөөнд 14:30 минут орчимд хувийн асуудлаар уулзахаар ирсэн... 16:00 цагийн орчимд зүс таних Г найзын хамтаар надтай уулзахаар ажлын өрөөнд ирсэн... бидний ууж байсан архинаас н.Г цуг уусан, хамт явсан найз нь бол архи уугаагүй эрүүл байсан. Тухайн үед байсан хүмүүсээс ... би болон н.Мөнхсайхан, н.Уламбаяр, н.Г нар нэлээн ууж согтоцгоосон...18 цагийн үед манай ажлын хүн гадаа юм болоод байна гээд гартал Уламбаяр газар суучихсан босож чадахгүй, миний хөл гэмтчихсэн... Г “намайг мангасдаад байхаар нь дарж унаад хөлийг нь гэмтээчих шиг боллоо, тайвшруулах гээд дарж хэвтлээ” гэсэн утгатай юм ярьсан...” гэх мэдүүлэг /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Гийн яллагдагчаар өгсөн: “... би Т.Уламбаярын биед хүндэвтэр хохирол учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Түүнд учирсан хохирлоос үүдэн гарсан бодит хохирлыг бүрэн барагдуулах талаар анхны мэдүүлэгтээ дурдсан...” гэх мэдүүлэг /хх.38/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 9511 дугаартай:
1. Т.Уламбаярын биед зүүн шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.28-29/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.33-35/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.37/,
Шүүгдэгч Д.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх.41, 43-47/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Н.Мөнхцэцэгийн өгсөн: “... Иргэн Т.Уламбаяр нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Сакура центрийн 6 давхрын коридорт Д.Гт зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Т.Уламбаяр нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын төвөөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас ор хоногийн болон хагалгааны зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.Гоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү... Дүүргийн Прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу дүүргийн Прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно...” гэх мэдүүлэг /хх.51-52/,
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд эмчлүүлсэн тухай хохирогчийн өвчний түүх /хх.53-64/,
Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх.67-68/
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.79/,
Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн тухай баримт /хх.80/,
Хохирлын баримтууд /шинээр өгсөн 12 хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Д.Г нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Сакура центрийн 6 давхрын коридорт байхдаа Т.Уламбаяртай үл ялих зүйлээс болж маргалдсаны улмаас түүний биед халдан, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.05/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.07-11/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Ууганбаярын өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 15:00 цагийн үед Сакура центрийн 6 давхарт ... хар хөх өнгийн поло футболктой намхан тарган залуутай ариун цэврийн өрөө орох замдаа муудалцаад намайг тэр залуу мушгиж унагаасан. Тэгж унахдаа миний зүүн хөл өвдөгний үе хэсгээрээ хугарсан...” гэх мэдүүлэг /хх.15-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Нямдаваагийн өгсөн: “... манай нөхөр үүдний буйдан дээр ёолоод хөл нь хавдаад зангирчихсан, ганцаараа сууж байсан... Гэмтлийн эмнэлэгт томографын зураг авхуулахад зүүн хөл нь өвдөгний доогуур хугарсан гээд гипспдүүлээд хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Сэргэлэнгийн өгсөн: “... Уламбаяр газар суучихсан босож чадахгүй, миний хөл гэмтчихсэн... Г “намайг мангасдаад байхаар нь дарж унаад хөлийг нь гэмтээчих шиг боллоо, тайвшруулах гээд дарж хэвтлээ” гэсэн утгатай юм ярьсан...” гэх мэдүүлэг /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Гийн яллагдагчаар өгсөн: “... би Т.Уламбаярын биед хүндэвтэр хохирол учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх.38/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 9511 дугаартай:
1. Т.Уламбаярын биед зүүн шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх.28-29/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Уламбаярын өгсөн: “... 18 цагийн үед миний хөлийг Г хугалсан. Дээрээс дарж хэвтчихээд босохгүй байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, үндсэн шинжийг нь тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч Т.Уламбаярын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “зүүн шаант, тахилзуур ясны хугарал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Д.Г нь иргэн Т.Уламбаярын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Гэм буруугийн талаар:
Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Г нь хохирогч Т.Уламбаярын эрүүл мэндийн эсрэг халдсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Д.Гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Т.Уламбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Иймд Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Г нь хохирогч Т.Уламбаярын эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан эмчилгээ үйлчилгээний төлбөр 1.552.100 төгрөгийг шүүгдэгч Д.Г нь нөхөн төлсөн байх бөгөөд үүнээс гадна шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Уламбаяр нь нийт 16.118.910 төгрөг баримтаар нэхэмжилсэн боловч хөдөлмөрийн чадвар түр алдсан 3 сарын цалин 9.600.000 төгрөг, өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөг, эмчилгээний зардал 758.500 төгрөг, нийт 15.358.500 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хангахгүй орхиж, үлдэх 760.410 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Хохирогч Т.Уламбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Гоос жич нэхэмжлэх эрхтэй юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Д.Г гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогч гомдолтой гэсэн зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Д.Гт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэн, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалгахаар шийдвэрлэв.
Д.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Гт оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Д.Гт торгох ял оногдуулахыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч хүсэж байх боловч гэмт хэргийн, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гомдлыг барагдуулаагүй зэргээс үзэхэд тэдгээр хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.
Бусад асуудлаар:
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээвэл зохино.
Д.Гт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Двын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгчид Д.Гт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 6 сарын хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэн, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Гт сануулсугай.
5. Хэрэгт битүүмжилсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүл мэндийн даатгалын санд 1.552.100 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Си-Ди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
7. Хохирогч Т.Уламбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Гоос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Гт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР