| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2018/00556/И |
| Дугаар | 156/ШШ2019/00093 |
| Огноо | 2019-02-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 156/ШШ2019/00093
| 2019 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 156/ШШ2019/00093
| Хэнтий аймаг
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00556/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, тоотод оршин суух, Ё.Х. (РД: ...........)-ын нэхэмжлэлтэй,
.......................-т холбогдох,
худалдах, худалдан авах гэрээний 12 333 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагч А.Д, Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн Ё.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:... Хариуцагч Хэнтий аймгийн ............. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар түүний удирлагууд болон ....... ХХК-ийн удирдлагууд хамтран 2013 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд харцага цолны болзол хангасан бөхөд бэлэглэхээр 38 000 000 төгрөгийн үнэ бүхий Ланд круйзер Прадо маркийн авто машиныг надаас худалдан авсан. .....ХХК нь автомашины үнийн дүнгийн 23 000 000 төгрөгийг, ......15 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохирсон юм.
........ХХК нь 23 000 000 төгрөгийг төлсөн. Хэнтий аймгийн .......... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар түүний удирдлагууд 2 667 000 төгрөгийг төлсөн. Үүнээс 12 333 000 төгрөгийг төлөөгүй. Би Хэнтий аймгийн ...... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар түүний удирдлагуудтай 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр тооцоо барагдуулах гэрээ байгуулан уг гэрээгээр 12 333 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр улиралд багтаан бүрэн барагдуулахаар тохирсон. Гэтэл Хэнтий аймгийн ........сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар түүний удирдлагууд гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүйгээс гадна уг хугацаа дуусаад 2 жил өнгөрсөн байхад өнөөдрийг хүртэл өр төлбөрийг барагдуулахгүй байна.
Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т төр, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг нийслэл сум дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно гэж зааснаар талууд иргэний эрх зүйн харилцаанд оролцсон гэж үзэх бүрэн үндэслэл байна.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл гэж тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд Хэнтий аймгийн ......... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар нь 12 333 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр улиралд төлж барагдуулах үүрэг хүлээсэн болох нь талуудын хооронд байгуулсан төлбөр тооцоо барагдуулах гэрээнээс тодорхой харагдаж байна. Иймд Хэнтий аймгийн .............. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас төлбөр тооцоо барагдуулах гэрээний үүрэгт 12 333 000 төгрөгийг гаргуулан иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ. (хх-ийн 1-2 тал)
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Х нь Хэнтий аймгийн .......... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газартай төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ байгуулсан юм.
Хэнтий аймгийн ............ сумын удирдлагуудаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад тодорхой хариу өгөөгүй учраас шүүхэд өгч шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь иргэний эрх зүйн харилцаанд оролцоод эд хөрөнгө, арилжаад асуудлыг шийдсэн байдаг. Тухайн үеийн удирдлагууд Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд түрүүлж, харцага цолны болзол хангасан О.Х оруулж ирсэн Land 120 prado маркийн автомашиныг худалдан авч бэлэглэсэн. (Одоо тухайн нь машин нь яг хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй байна).
....... ХХК нь 23 сая төгрөгийг хугацаандаа төлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Харин нөгөө тал болох ............ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ................ сумын Засаг даргын тамгын газрын удирдлагууд 15 000 000 төгрөгийг хамтраад төлөх ёстой байтал төлөөгүй 2 жил болсон.
Гэрээ байгуулснаас хойш сумын Засаг даргын тамгын газраас 2.667.000 төгрөг төлөгдсөн байдаг. Манай талаас төлбөр тооцоо болон гэрээ хэлцэл дээр талууд маргалдахгүй байгаа. Гол нь гэрээний үүргийн гүйцэтгэлийн хувьд үүргээ гүйцэтгэхгүй, төлбөр нь хагас дутуу төлөгдсөн учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд шүүхэд хандах зайлшгүй шаардлага гарсан. Хариуцагч тал нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхгүй байгаа учраас Хуягбаатарын эрх ашиг нь зөрчигдөж байна гэж үзэж байна. Энэ хэрэгт 2 хариуцагч байгаа учраас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т зааснаар хариуцагч нар тэнцүү хувааж төлөх нь зүйтэй гэж үзэж байна.
Хариуцагч нар Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т зааснаар хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй гэж байна. Энэ хэргийг иргэний эрх зүйн хүрээнд шийдвэрлүүлж байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т зааснаар ямар нэгэн зөрчил байна гэж эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр байгаа бол түүнийгээ нотлох баримтаар хэрэгт хавсаргах хэрэгтэй. Гэтэл ийм баримт байхгүй байна. Тийм учраас хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байна. Мөн бусад тайлбар нь үйл баримтаар нотлогдохгүй байгаа учраас үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Хболон хариуцагч Хэнтий аймгийн ........... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хэнтий аймгийн ...............сумын Засаг даргын тамгын газар нарын хооронд байгуулсан төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээний 12.333.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Хэнтий аймгийн ........... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... би 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар уг албан тушаалд томилогдсон юм.
2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний тухай ярьж байна. Тухайн үед сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Д.Б гэдэг хүн ажиллаж байсан. Гэрээнд Б гарын үсэг зурж, тамга дарсан байдаг. Намайг ажил хүлээж авахад энэ мөнгийг яаж төлөх талаараа албан бичиг үлдээгээгүй. Энэ талаар надад бичгээр болон амаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй.
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсөв нь үйл ажиллагааны зардлаас өөр санхүүжилт байхгүй. Тухайн үед сумын хурлын дарга байсан Батболд нь эргэж төлөх ямарч үндэслэлгүй гэрээнд гарын үсэг зурж, шийдвэр гаргасан байна.
............. сумын Засаг дарга У.Н, Засаг даргын тамгын газрын дарга Л.Б, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Б нарын иргэн Ё.Х нартай 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан төлбөр тооцоолох барагдуулах гэрээ-д тусгагдсан 12 333 000 төгрөгийг төлөх эх үүсвэр нь улсын болон орон нутгийн төсөвт тусгагдаагүйгээс гадна Монгол улсын Төсвийн тухай хуулийн 6.4.2, 6.4.8, 16.5.5, 58.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан тул Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь заалтыг үндэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...гэв. (хх-ийн 57 тал)
Хариуцагч Хэнтий аймгийн .......... сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч Х.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс .......... сумын Засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн ажлыг хийж байна.
Өмнө нь ажиллаж байсан дарга нь надад 12 сая төгрөгийн өр төлбөр байгаа гэж амаар болон бичгээр өгсөн зүйл байхгүй. Ямарваа нэгэн гэрээ хэлцэл хүлээлгэж өгөөгүй. Сумын төсөв болон сум орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөс ямар нэгэн байдлаар шагнал урамшуулал, дэмжлэгийн мөнгөн төлбөр төлөх хуулийн үндэслэл байхгүй. Тухайн үед буруу гэрээ байгуулсан албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн дагуу мөнгөн төлбөрийг төлнө.
.......... сумын Засаг даргын тамгын газрын дарга Л.Б, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Б нарын иргэн Ё.Х-тай 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан төлбөр тооцоо барагдуулах гэрээ-д тусгагдсан 12 333 000 төгрөгийг төлөх эх үүсвэр нь улсын болон орон нутгийн төсөвт тусгагдаагүйгээс гадна Монгол улсын Төсвийн тухай хуулийн 6.4.2, 6.4.8, 16.5.5, 58.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан тул Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь заалтыг үндэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...гэв. (хх-ийн 154 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ё.Х нь хариуцагч Хэнтий аймгийн .............. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас худалдах, худалдан авах гэрээгээр буюу Ланд крузер прадо маркийн автомашины үнийн дутуу 12 333 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Хэнтий аймгийн .......... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Д, Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч Х.С нар нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2, 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.5, 58 дугаар зүйлийн 58.4 дүгээр заалтуудыг зөрчиж тухайн үед ажиллаж байгаа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Б, Тамгын газрын дарга Л.Б нар гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч Хэнтий аймгийн ........... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Б, тус сумын Тамгын газрын дарга Л.Б нар нь харилцан тохиролцож 2013 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 6 давж улсын харцага цолны болзол хангасан ******* сумын харъяат Э.О-ын цолны мялаалганд бэлэглэхээр Тоёото Ланд крузер прадо маркийн автомашиныг нэхэмжлэгч Ё.Х-аас 38 000 000 төгрөгөөр буюу зээлээр худалдан авч 23 000 000 төгрөгийг ......... ХХК төлөхөөр, үлдэх 15 000 000 төгрөгийг хариуцагч нар төлөхөөр амаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. (хх-ийн 20, 55-57, 58-59, 154 тал)
Хариуцагч тал нь 2 667 000 төгрөгийг төлж барагдуулжээ. (хх-ийн 5 тал)
Нэхэмжлэгч тал нь хариуцагч нарыг машины үлдэгдэл төлбөр 12 333 0000 төгрөгийг төлөөгүй тул 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр барагдуулах тухай бичгээр гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч Ё.Х нь хариуцагч талд өөрийн эзэмшлийн Тоёото Ланд крузер прадо маркийн автомашиныг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар худалдан авагч талд шилжүүлэн өгч, үнийг хэсэг хугацааны дараа авахаар тохиролцсон байв.
Хариуцагч (худалдан авагч) нь нэхэмжлэгчид (худалдагч) машины үнийн зөрүү 12 333 000 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан гэрээ, (хх-ийн 5 тал) талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 20, 55-57, 58-59, 154 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогддог.
Талууд гэрээ болон үнийн талаар маргаагүй болно. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар хариуцагч талаас худалдсан машины үнийн зөрүү 12 333 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: ...нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага...түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэгчийн улсын төсөвт төлсөн 212 280 төгрөгийг хэвээр үлдээж хариуцагч талаас 212 280 төгрөгийг гаргуулахаар тогтов.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Хэнтий аймгийн ............. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас 12 333 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Х-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 280 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч байгууллагуудаас 212 280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ