Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лодойн Цэрэндулам |
Хэргийн индекс | 156/2019/00009/И |
Дугаар | 156/ШШ2019/00098 |
Огноо | 2019-02-22 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 156/ШШ2019/00098
2019 оны 02 сарын 22 өдөр | Дугаар 156/ШШ2019/00098 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00009/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: ..............тоотод оршин суух, Г.Н (РД: ...............)-д холбогдох,
Нэхэмжлэгч: ............. тоотод оршин суух, Г.У (РД: ............)-гийн нэхэмжлэлтэй,
эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.У, хариуцагч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...би 2016 онд Г.Н-тэй танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүү У.Г төрсөн юм.
Бид тодорхой шалтгааны улмаас албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Бид зан харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оноос салж, Г.Н нь эхнэр, хүүхэдтэй болж, тус тусын амьдралтай болсон.
Тэр үеэс хойш хүү У.Г маань миний асрамжид өсч торниж байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул Г.На-г хүү Г-ын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...
Энэ хэрэгт нэмж гаргах нотлох баримтгүй, өмгөөлөгч авахгүй... гэв. (хх-ийн 1, 22 тал)
Хариуцагч Г.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:...би У-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. 2017 онд У-тэй танилцаж, 1 жил гаруй хугацаанд хамтран амьдарсан юм.
Бид хоёрын дундаас хүү Г төрсөн. 2018 онд тодорхой маргааны улмаас хамтран амьдрахаа больсон. Хүү Г миний хүү болох нь үнэн учраас эцэг тогтоолгох шаардлагагүй. Хүү Г-д тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Энэ хэрэгт маргаангүй тул нэмж гаргах нотлох баримтгүй, өмгөөлөгч авахгүй... гэв. (хх-ийн 21 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Г.Н-г хүү У.Г-ын эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.У, хариуцагч Г.Н нар нь 2016 онд танилцаж, улмаар хамтран амьдарч эр, эмийн харьцаатай болж, 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүү У.Г-ыг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 21, 22 тал) хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 8 тал) Хэнтий аймгийн ............ сумын Засаг дарга Ц.И-ын тодорхойлолт (хх-ийн 4 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь 2017 оноос тус тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү У.Г нь эхийнхээ асрамжинд байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.У нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү У.Г-ын эцэг нь Г.Н мөн болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байна. (хх-ийн 22 тал)
Иймд хариуцагчийг насанд хүрээгүй хүү У.Г-ын эцэг мөн болох, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Г.Н нь шүүхэд өгсөн тайлбартаа:... хүү У.Г-ийн төрсөн эцэг нь мөн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. (хх-ийн 22 тал)
Иймд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү У.Г-ын эцэг Г.Н мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасныг баримтлан 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү У.Г-ын эцэг хариуцагч Г.Н мөн болохыг тогтоож, Г.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү У.Г-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Г.Н-гийн сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү Н.Г-ыг тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.У-т даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох...зэрэг эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүү Н.Г-ыг эцэг Г.Н-тэй уулзуулж байхыг эх Г.У-т даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Унь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Н-оос 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ