Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1662

 

 

 

 

 

 

2022         11          10                                        2022/ШЦТ/

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Б.Эрдэнэбаяр /томилолтоор/,

Шүүгдэгч А.Ч, түүний өмгөөлөгч Б.Мандхай /ҮД:0102/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Чд холбогдох 2206 00000 2521 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байрны 212 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Ш овогт Аийн Ч /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

А.Ч нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны шөнийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кимбаб Чонгуг” гэх хоолны газрын дэргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчиж, хохирогч Б.Наранбаатар, М.Мөнгөнцэцэг нартай маргалдаж, улмаар Б.Наранбаатарын нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь баруун хөмсөгний язарсан шарх, баруун хөмсөг, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, М.Мөнгөнцэцэгийн толгойн тус газарт нь гараараа алгадах, цохих, гараараа зуурах зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь зүүн чихний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Чандмань-Эрдэнийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Наранбаатарын өгсөн: “... 2022 оны 07 сарын 22-ны өдөр 12 цагийн үед ажилдаа яваад 14 цагт ажил дээрээ очин ажлаа хийж байгаад 22 цагт эгчийн хамт ажлаа дуусган хаагаад явж байхад ул таних 3 залуу хажуугаар зөрөхдөө намайг “яасан ал минь” гэж надад хэлсэн. Тэгэхэд нь би “яасан бэ” гэж асуусан, тэгэхэд үгийн зөрүүгүй намайг цохисон, цохиход нь би бултсан... би зугтаасан, араас хөөж ирээд дахин цохих гэтэл би бас бултарсан... манай эгч тэд нарыг “та нар яах гээд байгаа юм бэ” гэхэд эгчийг шууд чих рүү нь цохиод авсан. Цаад талаас нь хоёр ах гарч ирээд “та нар яагаад эмэгтэй хүнийг цохиж байгаа юм бэ” гэхэд манай эгч тэр өндөр залууг бариад зогсож байхад хоёр найз нь манай эгчийн гарыг салгаад өндөр найзыгаа зугтаа гэж хэлсэн. Би араас нь хөөх гэтэл миний цүнхнээс барьж аван найзыгаа дахин зугтаалгах гэж завдсан... би цүнхээ тайлаад ардаас нь хөөсөн. Би тухайн үед ах руу залгасан байсан. Би тэр залуучуудыг зугтаалгахгүйг хичээн “та нар байж бай” гэтэл нөгөө өндөр залуу миний ардаас дахин хөөсөн. Кола кибаб, Золо супер маркетын хажуугаар зугтаан 38 дугаар байр руу зугтаасан. Тэгтэл ах гарч ирэн “юу болсон бэ, яасан бэ” гэж надаас асуухад нөгөө өндөр залуу намайг шууд цохиод авсан... Өндөр залуу цохисон. Нүүрэн хэсэгт буюу хөмсгөн дээр цохисон. Нүдээ барин доош суухад 2-3 удаа дагз, нуруу луу цохисон...” гэх мэдүүлэг /хх.6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнгөнцэцэгийн өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед хамт ажлаа хааж, түгжээд явсан. Тэгтэл Дунер Кибабын хажуугаар залуу зөрж явсан. Тэгээд намайг зүгээр л явж байхад “ал минь” гэж дуудсан. Гэтэл манай дүү “яагаад манай эгчийг тэгж дуудаж байгаа юм бэ” гэхэд, нөгөө өндөр залуу манай дүүг “хүүе банди минь, үзэх юм уу” гэж хэлж байсан. Тэгээд нөгөө залуу манай дүүг хөөж байх үедээ манай дүүг хоёр удаа цохих гэж дайрсан. Тэгэхээр нь нөгөө залууг би түлхсэн. Тэгээд би кибабын хажуу талд “хөөе чи намайг таньж байна уу, би усчин эгч чинь байна” гэж хэлэхэд шууд намайг алгадсан. Намайг алгадлаа гэж орилсон чинь цуг явж байсан 2 залуу нь “чи эмэгтэй хүн алгадлаа, зугтаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2 найзыг нь бариад байж байсан... манай дүү тэр өндөр залууг барих гэж араас нь гүйсэн. Байрны гол руу хөөгөөд алга болсон. Тэгээд удалгүй би хоёр найзыг нь дагуулаад очсон. Тэгэхэд манай дүү нүд рүүгээ цохиулсан уйлсан байдалтай байсан... бид хоёр маргалдах шалтгаан байхгүй, зүгээр л зөрж явсан...” гэх мэдүүлэг /хх.8/

Мөрдөн шалгах ажиллагаанд Гэрч Г.Жавхлангийн өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 22-ы өдөр ... 18 цагийн үед гэрээс гараад найз Ч найзтайгаа уулзаж, Чандмань-Эрдэнийн ахын гэрт ороход 4 залуу байсан. Гэхдээ би тэд нарыг уриагүй, тэгээд би 2 литрийн том пиво хувааж уусны дараа манай найз Тэлмэн орж удаагүй гэрээс нь гарсан, тэгээд Халдвартын урдуур алхаж явж байсан чинь Чандмань урд хүнтэй муудалцаж байсан. Тэгээд муудаад байж байтал Чандмань алга болсон. Тэгээд тэр эгч намайг бариад байж байсан. Тэгсэн чинь тэр дүү нь намайг цохиод, тэгээд тэр дунд хэрүүл болоод байсан... би гар утсаар Чандмань руу яриад “чи хүрээд ирээ” гэж хэлсэн. Тэгээд Чандмань ирсэн... тэр эмэгтэйг Чандмань цохисон байсан. Тэлмэн бид хоёр нэг ч гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх.11/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Г.Тэлмэний өгсөн: “... 2022 оны 7 сарын 22-ны өдөр ... халдварт руу явж байх замд Ч таксины жолоочийн машины цонхыг тогшсон, цаашаа явж байхад өөдөөс ирж байсан 2 хүнийг мөрлөсөн. Тэгээд би мөрлөсөн 2 хүнээс уучлалт гуйгаад Чд “чи зүгээр яваач, яах гээд байгаа юм” гэж хэлээд дахин цаашаа явж байхад Чандмань урд ганцаараа явж байгаад нэг эгч, дүү хоёр өөдөөс ирж байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо мөргөлдсөн. Тэгээд эгч нь уурласан, “замаа харахад яадаг юм бэ” гэж хэрэлдээд жаахан маргалдаан үүссэн. Чандмань согтуу байсан, эгч, дүү хоёртой хэрэлдсэн. Тэгээд Чандмань тэр эгчийг алгадсан байх гэж бодсон. Тэгээд би Чандманийг хүн амьтан цохих гэж байсан учраас Чандманийг тэр эгчийн гараас нь салгаад зугтаа гэж хэлсэн. Чандмань зугтаагаад тэр эгч Жавхланг бариад авсан, дүү нь над руу дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10278 дугаартай:

“1. Б.Наранбаатарын биед баруун хөмсөгний язарсан шарх, баруун хөмсөг, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.24-25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10276 дугаартай:

“1. М.Мөнгөнцэцэгийн биед зүүн чихний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.29-30/ ,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

А.Ч нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны шөнийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кимбаб Чонгуг” гэх хоолны газрын дэргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчиж, хохирогч Б.Наранбаатар, М.Мөнгөнцэцэг нартай маргалдаж, улмаар Б.Наранбаатарын нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь баруун хөмсөгний язарсан шарх, баруун хөмсөг, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, М.Мөнгөнцэцэгийн толгойн тус газарт нь гараараа алгадах, цохих, гараараа зуурах зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь зүүн чихний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Наранбаатарын өгсөн: “... үгийн зөрүүгүй намайг цохисон... эгчийг шууд чих рүү нь цохиод авсан... нөгөө өндөр залуу намайг шууд цохиод авсан... Нүүрэн хэсэгт буюу хөмсгөн дээр цохисон. Нүдээ барин доош суухад 2-3 удаа дагз, нуруу руу цохисон...” гэх мэдүүлэг /хх.6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнгөнцэцэгийн өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед хамт ажлаа хааж, түгжээд явсан... нөгөө залуу ... шууд намайг алгадсан... манай дүү нүд рүүгээ цохиулсан уйлсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.8/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Жавхлангийн өгсөн: “... Халдвартын урдуур алхаж явж байсан чинь Чандмань урд хүнтэй муудалцаж байсан... тэр эмэгтэйг Чандмань цохисон байсан...” гэх мэдүүлэг /хх.11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Тэлмэний өгсөн: “... Чандмань тэр эгчийг алгадсан байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10278 дугаартай:

“1. Б.Наранбаатарын биед баруун хөмсөгний язарсан шарх, баруун хөмсөг, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.24-25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10276 дугаартай:

“1. М.Мөнгөнцэцэгийн биед зүүн чихний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.29-30/ ,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Чандмань-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

А.Чандмань-Эрдэнийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.Чандмань-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Шүүгдэгч А.Чандмань-Эрдэнийн ар гэрээс хохирогч М.Мөнгөнцэцэгийн нэхэмжилсэн 2.258.000 төгрөгийг, мөн хохирогч Н.Наранбаатарын нэхэмжилсэн 224.400 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хохирогч нар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Гэвч хохирогч М.Мөнгөнцэцэг, Н.Наранбаатар нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Чэс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Иймд А.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

А.Чандмань-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, мөн хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэн, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалгахаар шийдвэрлэв.

А.Чд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч А.Чд оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          А.Чд торгох ял оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсэж байх боловч шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй учир тэдгээр хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, А.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ш овогт Аийн Чандмань-Эрдэнийг “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чд  2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Чд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 2 сарын хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэн, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Чд сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч М.Мөнгөнцэцэг, Н.Наранбаатар нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Чэс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Чд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР