| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00394/И |
| Дугаар | 500 |
| Огноо | 2018-07-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 500
2018 оны 07 сарын 30 өдөр Дугаар 153/ШШ2018/00500 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Х аймгийн Ж сумын Ц багийн ..... тоотод оршин суух, ......... тоот регистрийн дугаартай, Б овогт Р-ийн Э-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Р. Э, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р. Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт төрсөн. 1974 онд Ховд аймгийн Зэрэг сумын сургуульд элсэн орж, 1978 онд 4 дүгээр ангиа төгссөн. Улмаар Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд эцэг эхийн хамт малчин болж байсан. 1984 онд 16 нас буюу хөдөлмөрийн насанд хүрч Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажилд орж, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан.
Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй, архивын лавлагаагаар шүүлгэхэд 70 дугаар данс миний хоч нэр буюу Тунгалаг нэрээр гарч ирсэн учраас миний бие хохироход хүрээд байна.
Миний нэр Р. Э бөгөөд намайг байхад манай өвөө, эмээ Тунгалаг, Тунгаа гэж дууддаг байсан. Миний гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа Тунгалаг нэрээр байна. Би эхээсээ тавуулаа бөгөөд эгч Р.Энхтуяа, дүү Р.Алтантуяа, Мөнхчулуун, Азжаргал нар төрсөн. Би 1986 онд Батхүү гэдэг хүнтэй гэр бүл болсон.
Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслээд намайг 1984 оны 01 дугээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р. Э нь 1984 оны 01 дугээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 806 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн, Бураа бригадын 1984, 1985, 1986-1992 оны Э, Тунгалаг, Батхүү нарын нэр дээрх 70-р дансны хуулбарууд,
-0561312 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Р. Э ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Л.Рагчаагийн хүүхдүүд болох Р. Э, Р.Д, Р.М, Р.А нарын төрсний бүртгэлийн лавлагаанууд,
-Р. Э ийн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд,
-Гэрч Р.Мөнхчулууны “Р. Э нь намайг 1988 онд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд ирэхэд малчнаар ажиллаж байсан. Бид 1990 онд нэгдэл тарах хүртэл хамт ажилласан” гэх мэдүүлэг,
-Гэрч Т.Дамирангийн “Р. Э нь 1984 онд намайг цэрэгт явахын өмнө Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд илгээлтээр ирж байсан. Би хамт нэгдэл тарах хүртэл ажилласан бөгөөд нэгдлийн суурь дээр байгуулагдсан Хөдөлмөр компанид мөн хамт ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан баримтыг үндэслэн Р. Э ийн 1984 оны 01 дугээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Р. Э ийг “Тунгалаг” гэж нэрлэдэг байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх тул Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн, Бураа бригадын 1984, 1985, 1986-1992 оны Тунгалагийн нэр дээрх 70-р дансны хуулбарыг хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ. Мөн Рагчаагийн гэр бүлд Тунгалаг гэдэг хүүхэд байгаагүй болох нь Л.Рагчаагийн хүүхдүүд болох Р. Э, Р.Д, Р.М, Р.А нарын төрсний бүртгэлийн лавлагаануудаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Р. Э ийн нөхрийг С.Батхүү гэдэг нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 806 дугаартай лавлагаагар ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн, Бураа бригадын Батхүү нарын нэр дээрх 70-р дансны хуулбарууд, Р. Э ийн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаануудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Р. Э ийн 1984 оны 01 дугээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бухаанхан овогт Рагчаагийн Э ийн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА