| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1652/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1701 |
| Огноо | 2022-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1701
2022 11 17 2022/ШЦТ/1701
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Хохирогч Б.Ганболд,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 2206 00000 3146 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 04-нд Орхон аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, 31 настай, эрэгтэй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5 дугаар гудамжны 309 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Говогт Бын Б /РД: /.
Хэргийн товч агуулга:
Б.Б нь согтуурсан үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 8-143 тоотод, иргэн Б.Ганболдтой үл ялих зүйлээр шалтаглан, улмаар түүний нүүр хэсэгт заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн шанаа, хацрын зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ганболд өгсөн мэдүүлэгтээ: “... Гэрчийн хэлж байгаа мэдүүлэг үнэн зөв. Би тэнд очоод 2 шил архи уучхаад ирэхэд шүүгдэгч хоол хийгээд сууж байхаар нь би өшиглөх гэхэд миний нүүр лүү заазуураар зүссэн юм шиг байна лээ. Би тухайн үед согтуу байсан болохоор яг юу болсныг сайн санахгүй байна. Баримтаар гаргаж өгөх баримт байхгүй. Харин хацар хэсэгт заазуураар зүсүүлсний улмаас үүссэн сорвио багасгамаар байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй. Гомдол санал байхгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.05-08/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ганболдын өгсөн: “... 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би найз Бадамцэрэнгийн гэрт, Ганбаатарын хамт очоод 2 шил 0.75 граммын Хараа нэртэй архи хувааж уугаад унтах гээд байтал Б гаднаас орж ирсэн. Б хоол хийж байхаар нь би “миний дүү хоолыг ингэж хийдэггүй юмаа” гэж хэлсэн чинь шууд миний зүүн талын хацар хэсэгт заазуураар 1 удаа зүссэн... ******* гэх хүнийг би зүс л мэднэ, өнөөдөр л анх удаа таарсан... Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Эмчилгээний зардал 10.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.15, 17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ганбаатарын өгсөн: “... 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт тоотыг нь мэдэхгүй байна, манай хүргэн ах Бадамцэрэнгийн гэрт Б, Ганболд нарын хамт 0.75 граммын Хараа нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Тэгээд Б ногоон өнгийн иштэй заазуураар хоол хийх мах хэрчиж байсан. Ганболд орон дээр хэвтэж байснаа босож ирээд Бн толгой руу нь хөлөөрөө өшиглөсөн чинь ******* заазуураараа Ганболдын нүүр хэсэгт нь зүссэн, өөр зодоон болоогүй. Тухайн үед бид нар бүгдээрээ нэлээн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бн яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би Бадамцэрэнгийн гэрт Ганболд, Ганбаатар нарын хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг тоотыг нь мэдэхгүй байна, бид 4, 2 ширхэг 0,75 граммын Хараа нэртэй архи хувааж уусан, архиа ууж дуусаад 16:00 орчим цагийн үед байх шиг санаж байна, би хоол хийх гээд мах өшиглөж байсан чинь Ганболд намайг өшиглөсөн, тэгэхээр нь миний уур хүрээд мах өшиглөж байсан заазуураар нүүрний зүүн талын хацар хэсэгт зүссэн цус тогтохгүй байхаар нь түргэн дуудсан даараа 2 цагдаа орж ирээд намайг аваад явсан. Тухайн үед бид нар нэлээн согтсон байсан болохоор сайн санахгүй байна. Жижиг зүйлээс болж маргалдаад байх шиг байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.25,
Яаралтай тусламжийн хуудас /хх.31-32/,
Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээч эмч Д.Мөнх-Оргилын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаартай:
“1. Б.Ганболдын биед зүүн шанаа, хацрын зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир, ир бүхий үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдуулахгүй” гэх дүгнэлт /хх.33-34/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.01-03/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.39/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Бн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэсхийг шалгах хуудас /хх.43-44/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Б.Б нь согтуурсан үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 8-143 тоотод, иргэн Б.Ганболдтой үл ялих зүйлээр шалтаглан, улмаар түүний нүүр хэсэгт заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн шанаа, хацрын зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.05-08/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ганболдын өгсөн: “... 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ... Б хоол хийж байхаар нь би “миний дүү хоолыг ингэж хийдэггүй юмаа” гэж хэлсэн чинь шууд миний зүүн талын хацар хэсэгт заазуураар 1 удаа зүссэн...” гэх мэдүүлэг /хх.15, 17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ганбаатарын өгсөн: “... Ганболд орон дээр хэвтэж байснаа босож ирээд Бн толгой руу нь хөлөөрөө өшиглөсөн чинь ******* заазуураараа Ганболдын нүүр хэсэгт нь зүссэн...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бн яллагдагчаар өгсөн: “... Ганболд намайг өшиглөсөн, тэгэхээр нь миний уур хүрээд мах өшиглөж байсан заазуураар нүүрний зүүн талын хацар хэсэгт зүссэн...” гэх мэдүүлэг /хх.25/,
Яаралтай тусламжийн хуудас /хх.31-32/,
Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээч эмч Д.Мөнх-Оргилийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаартай:
“1. Б.Ганболдын биед зүүн шанаа, хацрын зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир, ир бүхий үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдуулахгүй” гэх дүгнэлт /хх.33-34/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ганболд өгсөн: “... шүүгдэгч хоол хийгээд сууж байхаар нь би өшиглөх гэхэд миний нүүр лүү заазуураар зүссэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч Б.Ганболдын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “зүүн шанаа, хацрын зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Ганболдын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангажээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Б.Б нь иргэн Б.Ганболдын эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Б.Бн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Ганболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.Баярсайханы эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогч Б.Ганболд нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гэхдээ цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэх тайлбар өгсөн байх бөгөөд тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Бгээс жич нэхэмжлэх эрхтэй юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Б.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Б.Бн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Б.Б зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахыг хүссэн боловч тэрээр гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ огт аваагүй байх тул шүүгдэгчийн хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Б.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Говогт Бын Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бд сануулсугай.
4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн заазуур 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Хохирогч Б.Ганболд нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Бгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР