Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 503

 

2018 оны 08 сарын 01 өдөр               Дугаар 153/ШШ2018/00503                     Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Х... аймгийн Ж... сумын Б. Т .. тоотод оршин суух, ..... регистрийн дугаартай, Ш овогт Г Ний нэхэмжлэлтэй

Хариуцагч:Ховд их сургуульд холбогдох Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалын Г.Нэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, Нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, тус дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Нэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Нэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 онд Ховд их сургуулийн Төрийн захиргааны менежментийн ангийг төгссөн. 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуульд Төрийн захиргааны менежментийн гэрээт багшаар ажилд орсон. Гэрээт гэдэг нь гэрээний хугацаанд магистрын зэрэг хамгаалсан тохиолдолд дадлагажигч багшаар дэвшүүлэн ажиллуулах учиртай.Би гэрээнийхээ хугацаанд багшлахын зэрэгцээ 2017 оны 06 дугаар сарын 09-нд Төрийн захиргааны удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар дадлагажигч багш болсон. Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Сайнбаяр 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалаар Ховд их сургуулийн  захирлын 2017 оны 06 сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалыг хүчингүй болгож миний Монгол улсын үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн.Би тус сургуульд багшлах хугацаандаа багшийн ёс зүй болон Ховд их сургуулийн дотоод дүрэм, журмыг зөрчөөгүй, ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээгээгүй. 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг гаргахдаа намайг Ховд их сургуулийн багшид тавигдах нийтлэг шаардлага хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэлээр  амарч байх хугацаанд ажлаас халсан.Би Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар дадлагажигч багш болсон тул багш сонгон шалгаруулалтад орох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Тус сургуулийн Төрийн захиргааны Менежментийн ангид 4 жил суралцаж төгссөн. Гэрээт багшаар ажиллаж байх хугацаандаа төрийн захиргааны менежментийн магистрын зэрэг хамгаалсан. Ховд их сургуулийн  захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг надад гардуулж өгөөгүй. Би тушаалаа авах гээд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр очиход энэ хүнээс ав, тэр хүнээс ав гээд би ийш тийш маш их хөөцөлдөөд авч чадаагүй. Иймд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, намайг Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх нийгмийн ухааны тэнхимд Төрийн захиргааны менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоолгох , мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч Ховд их сургуулиас  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгүүлэх хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Ховд их сургуулийн захирал В.Сайнбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.Нэ нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/137 дугаартай тушаалаар дадлагажигч багшаар томилогдсон байх бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр магистрийн зэрэг хамгаалсан нь дадлагажигч багшаар томилогдох үедээ магистрийн зэрэг хамгаалаагүй, их дээд сургуулийн багшид тавигдах шаардлага хангаагүй гэж үзэж байна. Их дээд сургуулийн багш нь багшлах эрхийн үнэмлэхтэй, магистраас доошгүй зэрэгтэй байх ёстой. Мөн нэхэмжлэгч нь ямар нэгэн сонгон шалгаруулалтанд орохгүйгээр Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/137 дугаар тушаалаар дадлагажигч багшаар томилогдсон. Хөдөлмөрийн тухай хуульд ажилд авах, сонгон шалгаруулалт явуулах талаар тодорхой заагаагүй учир салбарын яамны сайдын тушаалаар баталсан зааврын дагуу Ховд их сургууль нь өндөр мэргэшил, мэргэжилтэй хүнийг урилгаар, бусад багш ажилтныг Ховд их сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмын дагуу жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхэнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зарын сонин бусад мэдээлэл түгээх хэрэгслээр сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтын дүнг үндэслэн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ажилд авдаг. Нэхэмжлэгч Г.Нэ өөрт ногдох амралтыг эдэлсэн. Багш шинээр авах асуудлыг Ховд их сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д Их дээд сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар магистраас доошгүй зэрэгтэй хүний сонгон шалгаруулалтын оноог үндэслэн, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулдаг онцлог бүхий ажлын байр юм. Гэтэл нэхэмжлэгч Г.Нэ нь дээрхи хуулийн шаардлыг хангаагүй. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага мөн адил үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Нэ нь Ховд их сургуульд гэрээт багшаар 2016 оноос ажилласан. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Ховд их сургуулийн захирлын тушаалаар дадлагажигч багшаар томилогдсон. Дадлагажигч багш гэдэг нь үндсэн ажилтан. Гэрээт багш нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа багшийг хэлнэ. Г.Нийг дадлагажигч багш буюу үндсэн орон тоон дээр авсан тушаал нь Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн. Монгол улсын Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 139 дугаартай тушаалаар их дээд сургууль коллежийн багшийн албан тушаалд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн. Магистрын зэрэггүй, багшлах эрхгүй байхад дадлагажигч багшаар томилсон. Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2007 оны 401 дугаартай тушаалыг зөрчсөн. Ховд их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1, 5.1.2-г зөрчсөн байгаа. Сонгон шалгаруулалт зарлаагүй сонгон шалгаруулалтаар аваагүй. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаал нь Г.Нийг дадлагажигч багшаар томилсон тушаалыг хүчингүй болгосон болохоос ажлаас халаагүй. Дадлагажигч багшаар томилсон тушаал нь Ховд их сургуулийн багшийн ажлын журмыг зөрчсөн. Багшийн ажлын журмын 3.1.1-д Ховд их сургуулийн багшид мэргэжлийн болон тусгай шаардлага хангасан багшийг нээлттэй сонгон шалгаруулж авна гэсэн байгаа. Багшийн ажлын журмын 3.1.2-д Ховд их сургуулийн багш нь холбогдох дүрэм, журам, шийдвэр, стандартыг мөрддөг, сурталчилдаг хэрэгжүүлдэг байхын зэрэгцээ бүтээлч шинэ санаа санаачлага гарган хэрэгжүүлэдэг үйл ажиллагаанд бодитой ханддаг ажил хэрэгч  чанарыг эзэмшсэн байна гэж заасан байгаа. Г.Нэ магистрын зэрэггүй, багшлах эрхийн үнэмлэхгүй байхдаа дадлагажигч багшаар томилогдсон. Энэ нь Ховд их сургуулийн багшид  тавигдах гол хоёр шаардлагыг зөрчсөн. Г.Нэ 2018 онд суралцаж багшлах эрхийн үнэмлэхээ авсан. Ховд их сургуулийн багшийн ажлын журмын 3.3.6-д зааснаар дадлагажигч багш нь мэргэжлээрээ магистр болон түүнээс дээш зэрэгтэй багшлах эрхтэй байна.Ховд их сургуулийн багшид тавигдах дадлагажуулагч сургалт хөтөлбөрт хамрагдаж хангалттай үнэлгээ авсан байна. Ховд их сургуулийн дүрмийн 6.1-д багш эрдэм шинжилгээний ажилтан нар дадлагажигч багш тухайн салбартаа мэргэшсэн магистраас доошгүй зэрэгтэй байна гэж заасан байгаа. Г.Нэ 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэрээний 38 дугаар зүйлд энэхүү гэрээний хугацаа дуусахад түүнийг сунгах буюу дахин шинээр байгуулж болно гэж заасан байгаа.Үргэлжлүүлж гэрээ байгуулаагүй. Г.Ний ажиллаж байсан орон тоон дээр сонгон шалгаруулалтыг нээлттэй хэвлэл мэдээлэл болон сошиалаар зарласан. Г.Нэ сонгон шалгаруулалтад ороогүй. Сонгон шалгаруулалтад оролцоод ажилдаа буцаад томилогдох эрх нь байсан. Дадлагажигч багшаар томилогдохдоо гэрээт багшийн ажлын дүнг тооцоолох тайланг Ховд их сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй байсан. Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-д зааснаар 2016-2017 оны хичээлийн жилийн төлөвлөгөө дуусаад оюутны амралт эхэлсэн байсан тул Г.Нэ ажилласан хугацаандаа ногдох амралтаа эдэлсэн үед дадлагажигч багшаар тушаал гаргаад  хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гүйцэтгүүлэх ажил үүрэг байхгүй байсан тул цалин олгох үндэслэлгүй. Ховд их сургуулийн багшийн ажлын хөдөлмөрийн норм болон хичээл зааж кредит гүйцэтгээгүй учир ажилласан болон ажиллаагүй хугацааны цалин олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөх нь үндэслэлгүй юм. Г.Нийг дадлагажигч багшаар томилсон тушаалыг тушаалаар хүчингүй болгосон. Гэрээт багшаар ажиллуулсан тушаал нь хүчинтэй байсан өөрөө ажлаа хийгээгүй.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Нэ нь хариуцагч Ховд их сургуульд холбогдуулан Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалын Г.Нэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, Нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, тус дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “би ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, намайг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон нь намайг ажлаас халсантай адил байна” гэж, хариуцагч Ховд их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “нэхэмжлэгч Г.Нэ нь дадлагажигч багшаар томилогдох үедээ магистрийн зэрэг хамгаалаагүй байсан, дадлагажигч багшийн сонгон шалгаруулалтад ороогүй” гэж мэтгэлцлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Нэ нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимд гэрээт багшаар ажиллаж, улмаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус тэнхимд дадлагажигч багшаар томилогдсон болох нь Ховд их сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/140 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-54/, хугацаатай хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-55-56/, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/78 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл /106-109/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Улмаар ажилтан Г.Нэг Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн дадлагажигч багшаар томилсон Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалыг тус сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар хүчингүй болгожээ /хх-52/.

Ажил олгогч энэхүү тушаалыг гаргахдаа Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасан “боловсролын байгууллагын багш, ажилтны цалин хөлсний хэмжээг тогтоох, байгууллагын дотоод журам боловсруулж, мөрдүүлэх” тухай заалт, БСШУ-ны сайдын 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 139 дугаартай “нийтлэг шаардлага батлах тухай” тушаал, Ховд их сургуулийн дүрмийн 3.15, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2, 5.1.3-ын “а”, Ховд их сургуулийн багшийн ажлын журмын 3.1.1, 3.5.8, 8.2-д заасан заалтуудыг тус тус үндэслэжээ. 

Гэтэл Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар Г.Нэг Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимд дадлагажигч багшийн ажилд томилсноор ажилтан, ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь тус тушаалаар Г.Нэг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дадлагажигч багшаар ажиллуулж, түүнийг ТҮМБ-4 шатлалаар буюу 841,728 төгрөгөөр цалинжуулсан тушаал гарснаар ажилтан, ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэх хууль зүйн үр дагаварыг бий болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж хуульчилсан байдаг.

Ажилтанг ажилд томилсон тушаал гаргасан ажил олгогч нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, түүний ажиллах ажлын байр, албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, цалингийн хэмжээ зэргийг тохиролцсон хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах буюу ажилтны гүйцэтгэвэл зохих ажил үүргийг тодорхойлж өгөх үүрэгтэй, түүнчлэн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг ажилтнаас шаардах эрхтэй байна. Ийм учраас ажил олгогч хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлэхийг ажилтнаас шаардах зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйд нэхэмжлэгч Г.Нэ буруугүй юм. Өөрөөр хэлбэл Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар Г.Нэг Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимд дадлагажигч багшаар 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ажиллуулах тухай тушаал гарсан тул ажил олгогч ажилтантай тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн шүүх хуралдаанд гаргасан “...ажилтан, ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа тушаал гарснаар үүсэхгүй, харин хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар үүснэ...” гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаал нь Г.Нийг дадлагажигч багшаар томилсон тушаалыг хүчингүй болгосон болохоос ажлаас халаагүй...” гэж тайлбарласан. Гэтэл Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалыг хүчингүй болгосон тус сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар ажилтан Г.Нийг дадлагажигч багшаар томилсон тушаалыг хүчингүй болгосон учир түүнийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн буюу талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаал гарснаар талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа бий болсон тул Г.Нэг ажил олгогчийн санаачлагаар ажлаас нь чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээс аль тохирох заалтыг баримтлан тушаал гаргах, мөн зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан тохиолдолд ажлаас халах тухайгаа ажилтанд мэдэгдэх зэрэг хууль зүйн үр дагавартай байна. Иймд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй тул хууль ёсны зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг гаргаснаар ажилтан Г.Нийг гэрээт багшаар томилсон Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаал хүчин төгөлдөр хэвээр байх боловч “дадлагажигч” багшаар томилогдсон ажилтанг урьд эрхэлж байсан “гэрээт” багшийн ажлыг гүйцэтгээгүйд буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Г.Нэ нь тус сургуулийн дадлагажигч багшаар томилогдсоны дараа төрийн захиргааны удирдлагын магистрын зэрэг хамгаалсан болох нь, мөн дадлагажигч багшийн сонгон шалгаруулалтад ороогүй болох нь хэрэгт авагдсан Ховд их сургуулийн Е20173570 дугаартай магистрын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9/, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тус тус нотлогдох боловч энэ нь талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэнийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Иймд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалын Г.Нэд холбогдох хэсгийг хүчингүй болгож,  урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, Нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, тус дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ховд их сургуульд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Ний ажилгүй байсан хугацааг тооцохдоо нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаал гарсан өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон өдрийг хүртэл буюу 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаагаар тооцох нь үндэслэлтэй байна. Харин нэг сарын цалинг тооцохдоо Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалын 2 дахь хэсэгт заасан 841,728 төгрөгийн цалингаар тооцсон болно.

Ингээд ажилтан Г.Ний ажилгүй байсан хугацаа нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацааг тооцоход нийт 11 сар 14 өдөр байна. Харин нэг өдрийн дундаж цалинг тооцоход 841,728 : 21,5 = 39,150 төгрөг байна. Энэ хугацаа дахь олговрыг тооцвол:

(841,728 х 11)+( 39,150 х 14) = 9,298,158 төгрөгийг хариуцагч Ховд их сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Г.Нэд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Нэ нь шүүх хуралдаанд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацааны олговор 4,841,815 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарласан боловч түүнийг дадлагажигч багшийн ажилд томилсон тушаалд заасан цалингаар нөхөн олговорыг тооцоход 9,298,158 төгрөг гарч байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан ажилтанг ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан хариуцагч Ховд их сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, ажилтанд олгосон олговор болох 9,298,158 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 163,720 төгрөг, нийт 233,920 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулах нь хуульд нийцнэ.

Хавтаст хэрэгт авагдсан Монгол улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын тушаалын хуулбар /хх-125/, Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавих нийтлэг шаардлага /хх-126-129/, Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавих нийтлэг шаардлагын шалгуур /хх-130/-ын хуулбарууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагыг хангаагүй, мөн хавтаст хэргийн 4-д авагдсан Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалын хуулбар нь хэргийн 52 дугаар хуудаст нотлох баримтын шаардлага хангагдаж ирсэн байх тул хавтаст хэргийн 4-д авагдсан Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалын хуулбарыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөн Ховд их сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/131 дугаартай “Багш, ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн сан, сүлжээг шинэчлэн тогтоох тухай” тушаалын хуулбар, түүний 1,2-р хавсралтууд, хариуцагч талын шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн “Багш сонгон  шалгаруулах” тухай зар, Ховд их сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаартай “Багш, ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн сүлжээ, санг шинэчлэн тогтоох тухай” тушаалын хуулбар, түүний 1, 2, 3 дугаар хавсралтуудын хуулбарууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан баримт нь хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтад хамаарахгүй юм. Гэтэл хэрэгт авагдсан дээрх материалуудыг байгуулагын “хуулбар үнэн” дардастайгаар хариуцагч байгууллагаас гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 128.1.11-д зааснаар Ховд их сургуулийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Нэг Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд их сургуулиас нэхэмжлэгч Г.Ний ажилгүй байсан 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх нийт 11 сар 14 өдөрт ногдох олговорт 9,298,158 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Нэд олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажилтан Г.Ний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд их сургуульд үүрэг болгосугай.

4.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд их сургуулиас улсын тэмдэгтийн хураамж нийт 233,920 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА