Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
Хэргийн индекс | 105/2022/1596/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1718 |
Огноо | 2022-11-21 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | М.Оюунбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1718
2022 11 21 2022/ШЦТ/1718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
Улсын яллагч М.Оюунбат,
Насанд хүрээгүй хохирогч С.Нандин-Эрдэнийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа /ҮД:0257/,
Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Б.Мандхай /ҮД:0102/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эт холбогдох 2206 04078 2788 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 142 дүгээр ангид радио телеграфчин ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 103/1 дүгээр байрны 57 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Цийн Э /РД. /.
Хэргийн товч агуулга:
Ц.Э нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 103/1 дүгээр байрны 57 тоотод гэртээ байх үедээ гэр бүлийн хамаарал бүхий гишүүн болох, төрсөн охин С.Нандин-Эрдэнийг “гэртээ оройтож орж ирлээ” гэх шалтгаанаар загнаж, улмаар хуванцар савны таглаагаар цохисны улмаас биед нь баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,
Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх.06/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч С.Нандин-Эрдэнийн өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай найз гэрийн гадаа ирээд “юм ярьж сууя” гээд би ээжээс гарах зөвшөөрөл аваад гадаа гарсан. Тэгээд гадаа байж байгаад гэртээ ороод гал тогооны өрөөнд дүү нартайгаа чикен идээд зогсож байтал ээж хажуугаар “яагаад муухай хараад байгаа юм, яагаад хэгжүүрхээд байгаа юм” гээд зүүн гарын шуу хэсэгт хэд хэдэг удаа /4-5/ цохисон. Над руу уурлаж, “яасан уддаг юм, алнаа чамайг” гэх мэтээр хараагаад тэгээд над руу хуванцар савны таглаагаар нүүрэн хэсэгт цохисон... ээж намайг 5 настай байхаас хүчирхийлдэг байсан. Байнга зоддог...” гэх мэдүүлэг /хх.08-09/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Эийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 11-ний орой 17 цагийн орчим манай том охин Нандин-эрдэнэ /14 нас, эм/, Хөхсаран /9 нас, эм/, Сондоо /1 нас, 6 сар/, манай ахын хүү Эрдэнэбилэг /13 нас/ дүү нараа аваад гадаа гарахаар нь би “за миний охин дүү нараа 16 цаг гээд аваад ороод ирээрэй, хоолоо хийгээд дүүд нь бантанг нь хийгээд байж байя” гэсэн чинь за гээд гараад явсан 1 цагийн дараа орж ирээгүй. Залгасан чинь утсаа аваагүй, тэгээд 19 цагийн үед 4-үүлээ орж ирсэн, бага хүү Сондор уйлчихсан. Тэгээд “за хоол ундаа и”д гээд хэрүүл маргаан болоогүй, ширээнд хоол идэх гээд ирэхээр нь “чи яагаад орж ирсэнгүй вэ” гэсэн чинь үл тоомсорлоод байхаар нь “яагаад ингээд хэнэггүй царайлаад яваад байна вэ” гээд хэлсэн чинь үл тоогоод үг хэлж байна, чимээгүй асуухаар өөдөөс хараад л тэгээд байхаар нь нүүр хэсэгт нь нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь уйлаад цаад өрөө лүү ороод явчихаар нь “хоолоо ид” гэхэд гарч ирээгүй, өрөөнд нь араас хоол оруулж өгсөн. Тэгээд дүүг нь хооллочхоод өрөө лүү нь орсон чинь хоолоо идээгүй байхаар нь 2-лаа ярилцъя гэсэн чинь ярилцахгүй хоолоо хөргөгч рүү хийчхээд яваад өгсөн. Тэр мөчид манай салсан нөхрийн дүү л дуудлага өгсөн юм байна лээ. Удалгүй цагдаа ирсэн...”,
“... миний үгэнд орохгүй, дүүгээ хооллохгүй учир уурлаж түүнийг цохисон...” гэх мэдүүлэг /хх.17, 89/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11404 дугаартай:
“1. С.Нандин-Эрдэнийн биед баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт /хх.23-24/,
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээ /хх.29-30/,
Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх.34-36/,
Хамтарсан багын хурлын тэмдэглэл /хх.42-44/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх.60-62/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.81-83/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.86-87/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ц.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.64-79/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Ц.Э нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 103/1 дүгээр байрны 57 тоотод гэртээ байх үедээ гэр бүлийн хамаарал бүхий гишүүн болох, төрсөн охин С.Нандин-Эрдэнийг “гэртээ оройтож орж ирлээ” гэх шалтгаанаар загнаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хуванцар савны таглаагаар цохисны улмаас биед нь баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,
Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх.06/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч С.Нандин-Эрдэнийн өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ... ээж ... зүүн гарын шуу хэсэгт хэд хэдэг удаа /4-5/ цохисон... над руу хуванцар савны таглаагаар нүүрэн хэсэгт цохисон... ээж намайг 5 настай байхаас хүчирхийлдэг байсан. Байнга зоддог...” гэх мэдүүлэг /хх.08-09/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Эийн яллагдагчаар өгсөн: “... миний үгэнд орохгүй дүүгээ хооллохгүй учир уурлаж түүнийг цохисон...” гэх мэдүүлэг /хх.17, 89/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11404 дугаартай:
“1. С.Нандин-Эрдэнийн биед баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт /хх.23-24/,
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээ /хх.29-30/,
Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх.34-36/,
Хамтарсан багын хурлын тэмдэглэл /хх.42-44/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх.60-62/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Эийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, 2 дахь хэсэгт нь “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж, тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Насанд хүрээгүй хохирогч С.Нандин-Эрдэнийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, баруун шуунд цус хуралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүс хамаарна. Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг ойлгоно.
Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг хэлнэ.
Шүүгдэгч Ц.Э нь насанд хүрээгүй хохирогч С.Нандин-Эрдэнийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангажээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Ц.Э нь насанд хүрээгүй хохирогч С.Нандин-Эрдэнийн эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ц.Эийн гэмт үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Иймд шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.
Насанд хүрээгүй хохирогч С.Нандин-Эрдэнэ нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.Эийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Ц.Э гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Ц.Эийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ц.Эт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай дүгнэлтийг улсын яллагч гаргасан боловч өрх толгойлсон, бага насны 3 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал зэргээс үзэхэд дээрх дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй юм.
Шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, түүний ар гэрийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй, Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Ц.Эт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Цийн Эийг “Хүний эрүүл мэндэд гэр хүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Эт сануулсугай.
5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Эт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР