Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 504

 

2018 оны 08 сарын 02 өдөр               Дугаар 153/ШШ2018/00504                 Ховд аймаг

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн Ж сумын Х багийн ... тоотод оршин суух, ......... регистрийн дугаартай, Б овогт Б-ын Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Борхүү, Б.Ган-Очир, Хас банкны Ховд салбарт холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1-10б тоот гэр бүлийн хэрэгцээний газрыг Хас банкны барьцаалбараас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлд 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б.Борхүү, Б.Ган-Очир нартай аман хэлцэл хийж тухайн газрыг 2015 онд шинээр орж ирсэн 10,000,000 төгрөгийн үнэ бүхий приүс 11 маркын автомашинаар солилсон авч, өөрийн тээврийн хэрэгслийг Б.Борхүүгийн нэр дээр шилжүүлж өгсөн. Гэвч тус машиныг Б.Борхүүгийн эхнэр Б.Ган-Очирын төрсөн дүү нь худалдаж авсан байдаг. 2015 оноос хойш миний бие тус хашаанд нөхөр, 3 хүүхдийн хамт өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд 2016 оны 03 дугаар сард Б.Борхүү, Б.Ган-Очир нарыг гэрлэлтээ цуцлуулж байгааг мэдээд хашаагаа өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлт гаргасан боловч миний худалдаж авсан хашааг ХАС банкны бизнесийн зээлийн барьцаанд тавьсан байна. Би Б.Борхүүд өөрийн хашааг банкнаас чөлөөлж өг гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч орлогын эх үүсвэрүүд болон эд хөрөнгүүд нь эхнэр Б.Ган-Очирын эзэмшилд орсон болохоор ямар нэгэн орлогын эх үүсвэргүй болж, манай хашаанд өөрийн төрсөн эцэг Баянбатын гэрт амьдарч байгаа учраас шүүхэд хандаж, хашааг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Х нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд хариуцагч Б.Ган-Очир, Б.Борхүү, Хас банкад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, миний гэр бүлийн хэрэгцээний газрыг Хас банкны барьцаалбараас чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б.Борхүү, Б.Ган-Очир, Хас банкны Ховд салбарт холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1-10б тоот гэр бүлийн хэрэгцээний газрыг Хас банкны барьцаалбараас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Х Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар биелүүлсэний улмаас нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг төрийн сангийн 100160000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг баримтлан

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б.Борхүү, Б.Ган-Очир, Хас банкны Ховд салбарт холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1-10б тоот гэр бүлийн хэрэгцээний газрыг Хас банкны барьцаалбараас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн 50 хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг төрийн сангийн 100160000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн  асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МАРИНА