Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1721

 

 

 

 

 

 

2022         11          21                                        2022/ШЦТ/1721

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Н.Ганчимэг

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Мд холбогдох 2206 04395 3515 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Гурван булаг суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Гурван булаг сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11 дүгээр гудамжны 4506 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,Бовогт Гийн М /РД:

Хэргийн товч агуулга:

Г.М нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Поларис хотхоны 57-Б байрын гадна талын автомашины зогсоол дээр байрлуулсан байсан В.Батцэцэгийн эзэмшлийн 34-93 УЕВ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мын өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.09-12/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.13-18/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.20-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.Батцэцэгийн өгсөн: “... Би Г.М гэх хүнтэй 2022 оны 5 сарын дундуур танилцсан. Г.М надад “та эдийн засгийн боломжтой юм чинь би танд 5 сая төгрөг бэлэн өгье, та надад машин лизингээр аваад өгөөч, би сар бүр найдвартай төлнө” гэж хэлсэн. М нь надад өөрийгөө “Би өргөмөл, эгчийнхээ гэрт байдаг” гэж хэлсэн. Би өөрийн 34-93 УЕВ улсын дугаартай машиныг 17 сая төгрөгөөр 2022 оны 07 дугаар 09-ний өдөр худалдаж авсан. Тэгээд энэ машиныг Мд өгөх талаар хэлж “5 сая төгрөгөө надад аваад ир, тэгвэл би машинаа өгье, чи сар болгон лизингээ төлж яваад дуусгавал чиний нэр дээр шилжүүлж өгье” гэж хэлсэн. Гэтэл М “эхлээд та надад машинаа өгчих, дараа нь 5 сая төгрөг өгье” гэж хэлсэн. Би чадахгүй гэж хэлсэн. Би 2022 оны 08 дугаар сарын 19-ний Хонконг луу нислэгтэй, тэнд очоод 4 хоноод ирэх талаараа Мд утсаар ярьж хэлсэн. Өнөөдөр миний нислэг хойшлогдоод 11:00 цагт машинаас юм аваад 19:00 цагийн үед гэрээсээ гарч дэлгүүр орох замд миний машин байхгүй байгааг анзаарсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандчихаад байрны зогсоол руу харсан камерын бичлэгийг харахад М Prius машинтай нэг залуутай ирээд миний машиныг онгойлгоод дотор нь орж асаагаад унаад явсан байсан. Цагдаад хандсаны дараа 20:52 цагт миний утсанд Маас “машиныг бол би авсан. Та цагдаад өгсөн өргөдлөө авчих. Би Хялганатад ирчихсэн байна. Та санаа зовоод хэрэггүй. Би 5 сая төгрөгийг чинь 1 сарын дотор ахад хэлээд аваад өгье” гэж мессеж бичсэн байсан. Энэ дугаар луу залга гээд 95282633 дугаарыг өгсөн... Би М гэх хүнтэй 2022 оны 05 дугаар сард Болороо гэх дүүтэйгээ хамт УБ паласын тэнд байдаг бааранд байж байгаад танилцаж байсан. Тухайн үед Мөнхгэрэл гэж танилцуулж байсан. Бид хоорондоо эгч дүүгийн харилцаатай, утсаар байнга ярьдаг, “би өнчин, айлын өргөмөл хүүхэд байгаа юм, гэрээсээ хөөгдчихсөн” гээд ярихаар нь би өрөвдөөд гэртээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Поларис хотхоны 576 байрны 1403 тоотод 2022 оны 06 сарын сүүлээс 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл М бид 2 манай гэрт амьдарсан. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш М Дархан луу ажил хийхээр яваад манайд ирэхээ больсон. Тэгээд миний машиныг надад хэлж, зөвшөөрөл авалгүйгээр 19-ний өдөр 19:00 цагийн орчимд хулгайлаад унаж яваа нь камерын бичлэгт бичигдсэн байсан. Бид 2022 оны 07 дугаар сарын дундуур тухайн машиныг наймаалахаар аман хэлбэрээр тохиролцсон байсан боловч М нь мөнгөө өгөхгүй машиныг аваад унаж байгаад, дараа нь мөнгийг нь өгөх утгатай зүйл ярихаар нь би зөвшөөрөөгүй. Би тэр хүнд машин өгөх талаар огт хэлээгүй. Би машинаа түгжээд түлхүүрээ өөрөө аваад явсан. Тэр хүн миний машиныг нарийн урт зүйлийг цонхны завсраар оруулаад хаалгыг онгойлгоод унаад явж байгаа нь камерын бичлэгт бичигдсэн байсан. Тэр залууд би машиныхаа түлхүүрийг үлдээгээгүй...” гэх мэдүүлэг /хх.26-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхцолмонгийн өгсөн: “... Би “Их Тугтан хүү“ ХХК-д авто инженерээр 2022 оны 05 дугаар сарын 20-ны үеэс эхлэн ажиллаж байгаа. Миний чиг үүрэг манай байгууллагад ирсэн дуудлагын дагуу хаясан гээсэн автомашины түлхүүр тааруулах ... зэргийг хийдэг. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 14:00 цагийн орчимд 89118650 дугаараас Приус 30 маркийн машины түлхүүр хийлгэх дуудлага ирсэн. Тэгэхээр нь тэр хүнээс дуудлага өгсөн 99619425 дугаарыг авч холбогдоод Баянзүрх дүүрэгт байдаг Цэргийн музейн ертөнцийн зүгээр зүүн талд нь байрлах Поларис хотхонд ганцаараа очиход 20-25 насны эрэгтэй “Приус 30 машины түлхүүр хийлгэнэ” гэж хэлээд хотхон дотор байрлах авто зогсоолд очиход хар бараан өнгийн Приус 30 маркийн автомашин дээр очсон. Тэр машиныг үзэхэд хаалга нь түгжээтэй байсан бөгөөд тэр залуу “өмнөх өдөр ууж яваад машиныхаа түлхүүрийг гээсэн” гэж хэлсэн. Би тэр хүнд машины бичиг баримтыг шалгадаг талаар хэлэхэд тэр залуу яараад байгаа бололтой байсан, надад ямар нэгэн хариулт хэлээгүй... зориулалтын багажаар хаалгыг онгойлгоод дотор нь орж сууж байгаад түлхүүр тааруулдаг багажаар тааруулан тэр хүнд тааруулсан түлхүүрээ өгсөн. Тэгээд үйлчилгээний хөлс болох 130.000 төгрөгийг би өөрийн Хаан банкны 5077464989 тоот дансаар авсан... өөр нэг эмэгтэй хүнтэй утсаар ярьж байгаад хийлгүүлж байсан. Тэр залуу надад мөнгө шилжүүлчхээд тэр машиныг унаад хотхоноос унаад гараад явсан. Улсын дугаарыг санахгүй байна, хар хөх өнгийн Приус 30 байсан. Дотор талын араа сольдог режакны эргэн тойрон жижиг дөрвөлжин шоо хээтэй байсан...” гэх мэдүүлэг /хх.33-34/,

“Дамно” ХХК-й 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн БЗ1-22-1237 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.37-38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Мын яллагдагчаар өгсөн: “... сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би В.Батцэцэг эгчийн 34-93УЕВ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр унаж явсан нь үнэн. Тухайн өдөр В.Батцэцэг эгчийг машинаа гэрийнхээ гадаа үлдээсэн байхаар нь хаалгыг нь татаж үзэхэд нэг хаалга нь онгорхой байхаар нь машинд нь нэг хоносон. Тэгээд явахдаа хаалгыг нь дотор талаас нь дараад хаалгыг нь түгжсэн. Маргааш нь би машин онгойлгодог хүнд дуудлага өгөөд машиныг нь онгойлгуулаад түлхүүр тааруулаад унаад явсан. Би машиныг В.Батцэцэг эгчийг гадаадаас иртэл нь унаж байя гэж бодоод унаад явсан. Хулгайлах болон зарж ашиг олох сонирхол байгаагүй. В.Батцэцэг эгч надад машинаа зарах талаар ярьж байсан боловч бид хоёрын хооронд ямар нэгэн наймаа, гэрээ хийгээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.88/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.82-84/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.87/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн хүсэлт /хх.96/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол, санал /хх.101-102/.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.42/,

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх.43/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.45/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Г.М нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Поларис хотхоны 57-Б байрын гадна талын автомашины зогсоол дээр байрлуулсан байсан В.Батцэцэгийн эзэмшлийн 34-93 УЕВ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.09-12/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.13-18/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.20-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.Батцэцэгийн өгсөн: “... гэрээсээ гарч дэлгүүр орох замд миний машин байхгүй байгааг анзаарсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандчихаад байрны зогсоол руу харсан камерын бичлэгийг харахад М Prius машинтай нэг залуутай ирээд миний машиныг онгойлгоод дотор нь орж асаагаад унаад явсан байсан... Тэр залууд би машиныхаа түлхүүрийг үлдээгээгүй...” гэх мэдүүлэг /хх.26-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхцолмонгийн өгсөн: “... Поларис хотхонд ганцаараа очиход 20-25 насны эрэгтэй “Приус 30 машины түлхүүр хийлгэнэ” гэж хэлээд хотхон дотор байрлах авто зогсоолд очиход хар бараан өнгийн Приус 30 маркийн автомашин дээр очсон. Тэр машиныг үзэхэд хаалга нь түгжээтэй байсан бөгөөд тэр залуу “өмнөх өдөр ууж яваад машиныхаа түлхүүрийг гээсэн” гэж хэлсэн... зориулалтын багажаар хаалгыг онгойлгоод дотор нь орж сууж байгаад түлхүүр тааруулдаг багажаар тааруулан тэр хүнд тааруулсан түлхүүрээ өгсөн...” гэх мэдүүлэг /хх.33-34/,

“Дамно” ХХК-й 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн БЗ1-22-1237 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.37-38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Мын яллагдагчаар өгсөн: “... Би В.Батцэцэг эгчийн 34-93УЕВ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр унаж явсан нь үнэн. би машин онгойлгодог хүнд дуудлага өгөөд машиныг нь онгойлгуулаад түлхүүр тааруулаад унаад явсан. Би машиныг В.Батцэцэг эгчийг гадаадаас иртэл нь унаж байя гэж бодоод унаад явсан... В.Батцэцэг эгч надад машинаа зарах талаар ярьж байсан боловч бид хоёрын хооронд ямар нэгэн наймаа, гэрээ хийгээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.88/,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1596 дугаартай: “...Дурдсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, Г.М нь танил эгч В.Батцэцэгийн эзэмшлийн 34-93 УЕВ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Поларис хотхоны 576 байрын гадна талын автомашины зогсоол дээр байрлуулсан байхад нь автомашины засвар үйлчилгээ үзүүлдэг “Их тугтан хүү” ХХК-д дуудлага өгч, улмаар дуудлагаар ирсэн компанийн авто инженер Э.Энхцолмонгоор онгойлгуулж, түлхүүр хийлгэн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нөхцөл байдал тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хохирогчид буцаан олгосон байх ба Г.Мын үйлдэлд хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэлээ.” гэх Яллах дүгнэлт /хх.103-105/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт нь “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байх” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тусгажээ.

Г.М нь иргэн Б.Батцэцэгийн өмчлөлийн 34-93 УЕВ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Г.Мын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” буюу 10.000.000 төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч Г.М нь хохирогч Б.Батцэцэгийн 16.903.409 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.

Г.Мын үйлдсэн дээрх   гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.  

          Иймд шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Хохирогч Б.Батцэцэгт нь хохирлын эд зүйлийг биет байдлаар хүлээн авсан байх тул шүүгдэгч Г.Мыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Г.М гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Г.Мын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Шүүгдэгч Г.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Г.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хавтаст хэрэг хадгалж дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Г.Мд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. ШүүгдэгчБовогт Гийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Мд сануулсугай.

          5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Мд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР