Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1739

 

 

 

 

 

 

 

   2022         11          25                                      2022/ШЦТ/1739

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Б.Энхбат,

Шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан /ҮД:2173/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Эд холбогдох 2202 00000 0247 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, усан хангамж, ариутгах татуургын инженер мэргэжилтэй, “Олл инженеринг сервис” ХХК-й захирал ажилтай, ам бүл 7, эх, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 20/2 дугаар байрны 20 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Иовогт Аийн Э /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

А.Э нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 20/2-20 тоотод үйл ажиллагаа явуулах “Олл инженеринг сервис” ХХК-й захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “Суран гоёл”, “Алтангадас майнинг”, “Мөрөнгийх”, “Мөнх тэнгэр констракшн”, “Мон росс апартмент”, “Цахирхүү”, “Ди ди стандарт”, “Стандарт-Эндорфин”, “Эвт дөрвөн багана”, “Нью автоком групп” ХХК-уудаас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн падаан буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 1.730.652.327.28 (Нэг тэрбум, долоон зуун гучин сая, зургаан зуун тавин хоёр мянга, гурван зуун хорин долоон төгрөг, хорин найман мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 38 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 173.065.232.72 (Нэг зуун далан гурван сая, жаран таван мянга, хоёр зуун гучин хоёр төгрөг, далан хоёр мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний орлого бууруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх.1.01-03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очрын өгсөн: “...“Олл инжернеринг сервис” ХХК-й хувьд 2016-2018 оныг дуустал хугацаанд зөрчилтэй НӨАТ-ын падаан худалдан авалт хийж, улсын төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнасан. Энэ компанийн хувьд 173.065.232.72 төгрөгийн татварыг бууруулж улсад хохирол учруулсан байгаа. “Олл инженеринг сервис” ХХК-й хувьд улсын төсөвт төлөх татварын өрийг төлж барагдуулсан, улсад төлөх хохирол байхгүй, тайлангаа залруулсан, төлбөл зохих татварыг төлсөн байна. Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуйн нэгжүүдээс нийт 173.065.232.72 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт татварын ерөнхий газрын мэдээллийн санд “Олл инженеринг сервис” ХХК нь илгээсэн байдаг. “Олл инженеринг сервис" ХХК нийт 11 аж ахуйн нэгжээс 38 падаанаар 173.065.232.72 төгрөгийн падаан бичүүлэн авч, төсөвт төлөх татварын хэмжээг буруулсан байна... “Олл инженеринг сервис" ХХК тайлангаа залруулсан нь дээрх дүнгээр бууруулсан гэдэг ээ хүлээн зөвшөөрч хохирол оо төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.1.20-21/,

Татварын Ерөнхий Газраас ирүүлсэн “Олл инженеринг сервис” ХХК нь 2022 оны 10 дугаар 18-ны өдрийн байдлаар Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ-ын 173.065.232.72 (Нэг тэрбум, долоон зуун гучин сая, зургаан зуун тавин хоёр мянга, гурван зуун хорин долоон төгрөг, хорин найман мөнгө) төгрөгийн үнэ бүхий 38 ширхэг хуурамч НӨАТ-ын падааныг “Суран гоёл”, “Алтангадас майнинг”, “Мөрөнгийх”, “Мөнх тэнгэр констракшн”, “Мон росс апартмент”, “Цахирхүү”, “Ди ди стандарт”, “Стандарт-Эндорфин”, “Эвт дөрвөн багана”, “Нью автоком групп” гэсэн нэр бүхий 10 аж ахуйн нэгжүүдээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд авч харьяа Татварын хэлтэс тайлагнаж, 2018 оны 08 дугаар сарын 09, 2018 оны 11 дүгээр сарын 08, 2019 оны 01 дүгээр сарын 10, 2019 оны 10 дугаар сарын 08, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус тус тайлангаа буцааж залруулсан, татвараас зайлсхийсэн өр төлбөрөө барагдуулсан талаарх баримт /хх.1.23-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Очир-Пүрэвийн өгсөн: ”... Татварын ерөнхий газрын мэдээллийн сан 3 сангаас бүрддэг:

  1. Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан:
  2. Цахим татварын мэдээллийн сан:

3. Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн 3 төрөлд авч үздэг.

- Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан Е-баримтын мэдээллийн сан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр НӨАТ-ын тухай хуулийн 4.1.14-т заасан “төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгоно. Цахим төлбөрийн баримтад үндэслээд НӨАТ-ын падаан үүсэж байгаа гэж ойлгож болно. Байгууллага хоорондоо тус тусдаа падаан үүсдэг, харин эцсийн хэрэглэгч болохоор бөөн дүнгээр үүсдэг.

-Цахим татварын мэдээллийн сан энэ болохоор Е-баримт, энэ сан татвар төлөгч нь татвар төлөгчтэй тайлан тушаахтай холбоотой мэдээллийн сан,

-Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн: Энэ сан болохоор Татварын албаны ажилчдын татвар төлөгчид үйлчлэх систем,

Кассын төхөөрөмж гэдэг НӨАТ-ын тухайн хуулийн 4.1.11-т зааснаар “бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийн төлбөр тооцооны бүрдлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг ойлгоно.

Харин 4.1.18 “Бүртгэлийн систем” гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг хэлнэ.

Татварын ерөнхий газрын нэгдсэн систем нь 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Татварын 32 албаны тус тусдаа байсан өгөгдлийн санг нэгтгэж нэгтгэсэн. өгөгдлийн сан үүссэн. Нэгдсэн сантай болсноор ААН-ын бүртгэл, мэдээллийн зөрөөгүй болж өөрчлөгдсөн. ААН-ын тайлангаа Татварын ерөнхий газрын удирдлагын системд илгээдэг. Үүнийг татварын улсын байцаагч хянаад баталгаажуулдаг. Ингээд зөрчилтэй хуурамч падааныг худалдан авалттай ААН-ыг хянах боломжтой. Татварын улсын байцаагчаас гаргасан ААН-тай холбоотой тайлан мэдээлэл, ААН-аас ирүүлсэн мэдээлэл хоорондоо ямар нэгэн зөрүү байхгүй таарч байдаг” гэх мэдүүлэг /хх.1.31-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Сугармаагийн (“Олл инженеринг сервис” ХХК-й нягтлан бодогч) өгсөн: “... “Алтангадас майнинг” ХХК-й талаар мэдэхгүй, анх удаа сонсож байна. Энэ компани 369,711,925 төгрөгийн НӨАТ-ийн падааныг манай аж ахуйн нэгж дээр шивсэн байсан. Манайх уг компанитай гэрээ байгуулсан байсан. Бараа бүтээгдэхүүн аваагүй бөгөөд одоо бодоход хуурамч гэрээ байсан. “Аптангадас майнинг” ХХК-с ямар нэгэн бараа материал аваагүй.” гэх мэдүүлэг /хх.1.71-72/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.1.73-74/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Эийн яллагдагчаар өгсөн: “... Өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 07 дугаар сард тайлангаа залруулга хийж “Алтангадас майнинг”, “Мөнхтэнгэр констракшн” ХХК-уудаас худалдан авсан падаануудаа буцаалт хийсэн. Энэ худалдан авалтыг 2019 оны 6 дугаар сард төлж дуусгасан. Ямар нэгэн дээрх худалдан авалттай холбоотой төлбөр байхгүй, тиймээс хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна”,

Олл инженеринг сервис” ХХК-й удирдах гүйцэтгэх албан тушаалтан миний бие юм. Надаас өөр ямар нэгэн удирдах гүйцэтгэх албан тушаалтан байхгүй. Манай компани У.Алтанзаяа гэгч хүний компаниас шивэгдэж орсон НӨАТ-ын баримтуудын буцаалтыг 2017 онд тайлангаа залруулж зөвтгөсөн. Одоо манай компани улсад ямар нэгэн хохирол учруулсан зүйл байхгүй, улсад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх.1.81-82, 85 /,

“Олл инженеринг сервис” ХХК-й улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанитай холбоотой баримтуудын хуулбар /хх.1.89-196/,

“Олл инженеринг сервис” ХХК-ийн захирал шүүгдэгч А.Эийн хувийн байдалтай холбоотой баримтуудын хуулбар /хх.1.198-211/,

“Их наяд Аудит” ХХК-й 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ш-29 дугаартай “Олл инженеринг сервис” ХХК-д хийсэн аудитор Х.Ариунзул, М.Мөнхзул, М.Энхтуул нарын шинжээчийн дүгнэлт /хх.1.218-223/,

“Олл инженеринг сервис” ХХК-с Их наяд Аудит ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх.1.224/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.2.86-88/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан тухай баталгаа /хх.2.89-90/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайханы хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.2.92/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.2.93-94/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

А.Э нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 20/2-20 тоотод үйл ажиллагаа явуулах “Олл инженеринг сервис” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “Суран гоёл”, “Алтангадас майнинг”, “Мөрөнгийх”, “Мөнх тэнгэр констракшн”, “Мон росс апартмент”, “Цахирхүү”, “Ди ди стандарт”, “Стандарт-Эндорфин”, “Эвт дөрвөн багана”, “Нью автоком групп” ХХК-нуудаас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн падаан буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 1.730.652.327.28 (Нэг тэрбум, долоон зуун гучин сая, зургаан зуун тавин хоёр мянга, гурван зуун хорин долоон төгрөг, хорин найман мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 38 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 173.065.232.72 (Нэг зуун далан гурван сая, жаран таван мянга, хоёр зуун гучин хоёр төгрөг, далан хоёр мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний орлого бууруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх.1.01-03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очрын өгсөн: “... “Олл инжернеринг сервис” ХХК-ийн хувьд 2016-2018 оныг дуустал хугацаанд зөрчилтэй НӨАТ-ын падаан худалдан авалт хийж, улсын төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнасан. Энэ компанийн хувьд 173.065.232.72 төгрөгийн татварыг бууруулж улсад хохирол учруулсан байгаа... Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуйн нэгжүүдээс нийт 173.065.232.72 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт татварын ерөнхий газрын мэдээллийн санд “Олл инженеринг сервис” ХХК нь илгээсэн байдаг. “Олл инженеринг сервис" ХХК нийт 11 аж ахуйн нэгжээс 38 падаанаар 173.065.232.72 төгрөгийн падаан бичүүлэн авч, төсөвт төлөх татварын хэмжээг буруулсан байна...” гэх мэдүүлэг /хх.1.20-21/,

Татварын Ерөнхий Газраас ирүүлсэн “Олл инженеринг сервис” ХХК нь 2022 оны 10 дугаар 18-ны өдрийн байдлаар Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ-ын 173.065.232.72 (Нэг тэрбум, долоон зуун гучин сая, зургаан зуун тавин хоёр мянга, гурван зуун хорин долоон төгрөг, хорин найман мөнгө) төгрөгийн үнэ бүхий 38 ширхэг хуурамч НӨАТ-ын падааныг “Суран гоёл”, “Алтангадас майнинг”, “Мөрөнгийх”, “Мөнх тэнгэр констракшн”, “Мон росс апартмент”, “Цахирхүү”, “Ди ди стандарт”, “Стандарт-Эндорфин”, “Эвт дөрвөн багана”, “Нью автоком групп” гэсэн нэр бүхий 10 аж ахуйн нэгжүүдээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд авч харьяа Татварын хэлтэс тайлагнаж, 2018 оны 08 дугаар сарын 09, 2018 оны 11 дүгээр сарын 08, 2019 оны 01 дүгээр сарын 10, 2019 оны 10 дугаар сарын 08, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус тус тайлангаа буцааж залруулсан, татвараас зайлсхийсэн өр төлбөрөө барагдуулсан талаарх баримт /хх.1.23-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Сугармаагийн (“Олл инженеринг сервис” ХХК-ийн нягтлан бодогч) өгсөн: “... “Алтангадас майнинг” ХХК-ийн талаар мэдэхгүй, анх удаа сонсож байна. Энэ компани 369.711.925 төгрөгийн НӨАТ-ийн падааныг манай аж ахуйн нэгж дээр шивсэн байсан. Манайх уг компанитай гэрээ байгуулсан байсан. Бараа бүтээгдэхүүн аваагүй бөгөөд одоо бодоход хуурамч гэрээ байсан. “Аптангадас майнинг” ХХК-аас ямар нэгэн бараа материал аваагүй...” гэх мэдүүлэг /хх.1.71-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Эийн яллагдагчаар өгсөн: “... учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.1.81-82, 85 /,

“Олл инженеринг сервис” ХХК-й улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанитай холбоотой баримтуудын хуулбар /хх.1.89-196/,

“Олл инженеринг сервис” ХХК-й захирал шүүгдэгч А.Эийн хувийн байдалтай холбоотой баримтуудын хуулбар /хх.1.198-211/,

“Их наяд Аудит” ХХК-й 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ш-29 дугаартай “Олл инженеринг сервис” ХХК-д хийсэн аудитор Х.Ариунзул, М.Мөнхзул, М.Энхтуул нарын шинжээчийн дүгнэлт /хх.1.218-223/,

“Олл инженеринг сервис” ХХК-с “Их наяд Аудит” ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх.1.224/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

А.Эийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Эийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд шүүгдэгч А.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийх”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир нь хохирол төлбөрөө нөхөн төлсөн, цахим санд НӨАТ-ын буцаалт хийсэн, гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн учир шүүгдэгч А.Эийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч А.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

А.Эийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

А.Эд оногдуулсан 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Иовогт Аийн Эийг “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Эд оногдуулсан 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Эд сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР