| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2021/0174/З |
| Дугаар | 128/ШШ2021/0404 |
| Огноо | 2021-06-07 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2021/0404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ЭЖБ ХХК,
Хариуцагч: С дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Б, Д.А
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 250012681 дугаартай актын төлбөр тогтоосон нийт 575,914,644.6 төгрөгийн төлбөрөөс 2013 онд 1,770,791,980.00, 2014 онд 1,650,933,057.90, 2015 онд 1,542,900,373.83, 2016 онд 1,676,262,524.49 нийт 6,640,887,936.00 төгрөгийн жонш борлуулсны орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон гэх зөрчилд ногдуулсан 332,044,396.80төгрөгийн нөхөн татвар, 99,613,319.05 төгрөгийн торгууль,103,982,559.57 төгрөгийн алданги нийт 535,640,275.40 төгрөгийн төлбөрийг, 2015 онд 4,325,610.6 төгрөгийг хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэх зөрчилд ногдуулсан 1,126,580.0 төгрөгийн торгууль, 585,822.0 төгрөгийн алданги, нийт 1,712,403.0 төгрөгийн төлбөрийг, 2016 онд 14,290,065.90 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэх зөрчилд ногдуулсан 1,314,868.3 төгрөгийн торгууль, 696,880.20 төгрөгийн алданги, нийт 2,011,748.00 төгрөгийн төлбөрийг, 2013 онд БЖ ХХК-д 120,000,000 төгрөгийн жонш борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэх зөрчилд ногдуулсан 12,000,000 төгрөгийн нөхөн татвар, 6,000,000 төгрөгийн торгууль, 36,000 төгрөгийн хүү, нийт 18,036,000 төгрөгийн төлбөртэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Ц.Б, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Зургаан зөрчил гаргаснаас 4 зөрчлийнх нь төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 557,400,428 төгрөгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. 557,400,428 төгрөгийн 535,000,000 төгрөгийн төлбөртэй холбоотойгоор дараах тайлбарыг хийх гэж байна. Татварын улсын байцаагч 535,000,000 төгрөгийн төлбөртэй холбогдуулан 13, 14, 15, 16 онуудад нийт 6,640,887,900 төгрөгийн жоншны борлуулалтын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу ногдуулсан. Энэ зөрчил нь Ашигт малтмалын тухайн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3-т заасныг тус тус зөрчсөн гэж тогтоох хэсгээрээ 535,000,000 төгрөгийн төлбөр ногдуулсан байдаг.
2016 онд 14,290,065.9 төгрөгийн тооцооллын 10 дахь хэсэгт 2,101,748 төгрөгийн төлбөр ногдуулсан дүнг тавьсан байна. Уг хугацааны алдангийг Аж ахуй нэгийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тооцоо хийхдээ байцаагч тухайн жилийн татварын ногдлыг дөрвөн улиралд хувааж тооцсон байгаа. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тооцоолол хийхдээ 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хийх ёстой төлбөрийг 1, 2, 3 дугаар улирал гэж тооцож төлсөн байдаг. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 14,290,065.90 мөнгө төлөх ёстой байтал 02 дугаар сарын 05-ны өдөр 7,000,000, 02 дугаар сарын 19-ний өдөр 7,390,000 төгрөг төлж, 02 дугаар сарын 5-ны байдлаар 7,290,065.90 төгрөгийн дутуутай 02 дугаар сарын 19-ний өдөр гэхэд 99000 төгрөгийн илүү төлөлттэй болсон байсан. Татварын улсын байцаагчид тооцоолол хийхдээ алданги торгуулийг хууль зүйн үндэслэлгүйгээр тооцоолж ногдуулсан. 40,000,000 төгрөгийг зөвшөөрч, 535,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн. 557,000,0000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЖ ХХК-тай холбоотой асуудал дээр хөндлөнгийн мэдээллийн 120,000,000 төгрөгийн хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Гэтэл сая тооцоолол буруу байсан 120,000,000 төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татвар орсон үнэ байгаа учир татварыг нь хасаж тооцох ёстой байсан гэж хэлсэн. Бид үүнийг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. 120,000,000 төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татвар, татвар ногдуулсан. Ашигт малтмалыг нөхөрлөлүүдээс буюу хувиараа аж ахуй эрхлэгчдээс худалдаж авсан байснаа Оросын холбооны улсруу экспортод гаргадаг учир үүнд ногдуулсан актын дүнг бид төлөх ёсгүй байсан гэж хэлсэн. Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмал ашигласан, ачуулсан, ачуулахаар бэлтгэсэн тохиолдолд төлнө гэж хуульчилсан байгаа. Тухайн ашигт малтмалыг экспортолж байгаа этгээд төлөх ёстой болохоос зүгээр хувиараа чулуу түүж байгаа этгээд татвар төлөн гэж байхгүй шүү дээ. Үүнийг ачуулж байгаа, тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа этгээдүүд нь татвараа төлөөд экспортлох ёстой. Эрх олгогдсон этгээдүүд мэдээгээ өгөөд экспортод гаргадаг бөгөөд татвараа төлөх үүрэгтэй байгаа. Энэ үүргээ хүлээн зөвшөөрөхгүй гэх зүйл байж болохгүй. 2019 онд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үүнийг илүү нарийвчилж зааж өгсөн байдаг бөгөөд тухайн татварыг төлөх үүрэг нь байсан.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны шүүхийн шийдвэрийн дагуу манай компанийг татвар төлүүлэхгүй гэсэн зүйлийг нэхэмжлэгч хэлсэн. Өмнөх шүүхийн шийдвэр нь 2011, 2012 онд компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр байсан болохоос Ашигт малтмалын тухай хуулийн заалттай холбоотой гэж үзэхгүй байна. Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д татварын тайланг тушаах, төлөх хугацааг яг ижил байхаар зохицуулсан байдаг. Тухайн төрлийн татварын тухайд тайланг гаргаж, татвараа төлдөг. Хугацаандаа төлөөгүй хувь хүний орлогын албан татвар дээр, аж ахуй нэгийн орлогын албан татвар дээр ч тухайн төлөх ёстой хугацаандаа төлөөгүй татвар дээр алданги ногдуулж тооцсон. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цагаас өмнө гарсан акт байх ёстой. Тухайн акт нь 2017 оны 02 дугаар сард гарсан учир өршөөлийн хуульд хамрагдахгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 250012681 дугаартай актын төлбөр тогтоосон нийт 575,914,644.6 төгрөгийн төлбөрөөс 2013 онд 1,770,791,980.00 төгрөг, 2014 онд 1,650,933,057.90 төгрөг, 2015 онд 1,542,900,373.83 төгрөг, 2016 онд 1,676,262,524.49 төгрөг нийт 6,640,887,936.00 төгрөгийн жонш борлуулсны орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон гэх зөрчилд ногдуулсан 332,044,396.80 төгрөгийн нөхөн татвар, 99,613,319.05 төгрөгийн торгууль,103,982,559.57 төгрөгийн алданги нийт 535,640,275.40 төгрөгийн төлбөрийг, 2015 онд 4,325,610.6 төгрөгийг хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэх зөрчилд ногдуулсан 1,126,580.0 төгрөгийн торгууль, 585,822.0 төгрөгийн алданги, нийт 1,712,403.0 төгрөгийн төлбөрийг, 2016 онд 14,290,065.90 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэх зөрчилд ногдуулсан 1,314,868.3 төгрөгийн торгууль, 696,880.20 төгрөгийн алданги, нийт 2,011,748.00 төгрөгийн төлбөрийг, 2013 онд БЖ ХХК-д 120,000,000 төгрөгийн жонш борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэх зөрчилд ногдуулсан 12,000,000 төгрөгийн нөхөн татвар, 6,000,000 төгрөгийн торгууль, 36,000 төгрөгийн хүү, нийт 18,036,000 төгрөгийн төлбөртэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.
С дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Б, Д.А нар нь С дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг ЭЖБ ХХК-ийн 2013.01.01-2016.12.31 дуустал татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 250012681 дугаар актаар шалгалтаар илэрсэн 6,940,124.682.8 төгрөгийн зөрчилд 360,106,503.9 төгрөгийн нөхөн татвар, 110,170,481.2 төгрөгийн торгууль, 105,601,659.5 төгрөгийн алданги, 36,000 төгрөгийн хүү, нийт 575,914,644.6 төгрөгийн төлбөр ногдуулж, төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ЭЖБ ХХК нь дээрх актаар тавигдсан төлбөрийн 2013 онд 1,770,791,980.00 төгрөг, 2014 онд 1,650,933,057.90 төгрөг, 2015 онд 1,542,900,373.83 төгрөг, 2016 онд 1,676,262,524.49 төгрөг, нийт 6,640,887,936.00 төгрөгийн жонш борлуулсны орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон гэх зөрчилд ногдуулсан 332,044,396.80 төгрөгийн нөхөн татвар, 99,613,319.05 төгрөгийн торгууль,103,982,559.57 төгрөгийн алданги нийт 535,640,275.40 төгрөгийн төлбөрийг, 2015 онд 4,325,610.6 төгрөгийг Хувь хүний орлогын албан татварыг хуулийн /2006 оны/ хугацаанд төсөвт төлөөгүй гэх зөрчилд ногдуулсан 1,126,580.0 төгрөгийн торгууль, 585,822.0 төгрөгийн алданги, нийт 1,712,403.0 төгрөгийн төлбөрийг, 2016 онд 14,290,065.90 төгрөгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн /2006 оны/ хугацаанд төсөвт төлөөгүй гэх зөрчилд ногдуулсан 1,314,868.3 төгрөгийн торгууль, 696,880.20 төгрөгийн алданги, нийт 2,011,748.00 төгрөгийн төлбөрийг,
2013 онд БЖ ХХК-д 120,000,000 төгрөгийн жонш борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэх зөрчилд ногдуулсан 12,000,000 төгрөгийн нөхөн татвар, 6,000,000 төгрөгийн торгууль, 36,000 төгрөгийн хүү, нийт 18,036,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч ЭЖБ ХХК нь татварын улсын байцаагчийн актын дээрх хэсгийг эс зөвшөөрч, нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 92 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 250012681 дугаар актыг хэвээр баталжээ.
Нэхэмжлэгч ЭЖБ ХХК нь Д аймгийн Б сумын Н нэртэй газарт орших 25 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал (жонш) олборлох МҮ-010598 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг боловч уг уурхайн талбайд 2013-2016 онд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болох нь Д аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/272 дугаар албан бичиг, Д аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 49 дүгээр албан бичиг, Д аймгийн Б сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/58 дугаартай ЭЖБ ХХК нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй нь үнэн гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч ЭЖБ ХХК нь Д аймгийн Х сумын Т цагаан нэртэй газарт орших жоншны илэрч бүхий талбайгаас орон нутгийн бичил уурхай эрхлэгч нэр бүхий нөхөрлөл, хувь хүнээс жонш худалдан авч, экспортод гаргасан болох нь 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/01 дугаартай, 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/01 дугаартай, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 14/01 дугаартай, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15/06/10 дугаартай Бичил уурхайгаас ашигт малтмал худалдан авах тухай гурвалсан гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2015/01 дугаартай Орон нутгийн хөгжлийг дамжих хамтран ажиллах гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн зохицуулалтын агуулга нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшлийн уурхайн эдэлбэрээс өөрөө болон бусдаар олборлуулж худалдсан, эсхүл уг эдэлбэрээс худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөд орших бөгөөд нэхэмжлэгчийн тухайд Д аймгийн Б сумын Н нэртэй газарт орших 25 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МҮ-010598 дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг боловч уурхайн талбайд 2013-2016 онд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болох нь, мөн тухайн онуудад экспортолсон жоншийг Д аймгийн Х сумын Т цагаан нэртэй газарт орших талбайгаас орон нутгийн бичил уурхай эрхлэгч нөхөрлөл болон хувь хүнээс худалдан авсан болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэггүй. Үүнтэй адил үйл баримтыг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр өмнө нь багагүй гарсан, тухайлбал Улсын Дээд шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 200 дугаар тогтоолд ...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаас үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай, уурхайн эдэлбэрээс ашигт малтмал олборлосон, уг олборлосон ашигт малтмалаа худалдсан, худалдахаар ачуулсан, эсхүл бусдад худалдахгүйгээр өөрөөр ашигласан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр байна. Харин уг хуулийн заалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн өөрөө олборлолт явуулахыг шаардаагүй байх тул өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас бусад этгээдээр ашигт малтмал олборлуулсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөх үүрэгтэй гэж үзнэ.. хэмээн дүгнэжээ. Хариуцагч татварын улсын байцаагчаас ...тус компанийн 2013-2016 онд ОХУ-д жонш экспортолсны борлуулалтын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд 47.1-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл ...бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө, мөн хуулийн 47.2.2-т Дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч ...47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна гэж тайлбарладаг.
Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 12 дугаар зүйлийн 12.2-т тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно гэсний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийг нарийвчлан тогтоосон, уг заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл Д аймгийн Баянжаргал сумын нутагт Н газарт ашигт малтмал ашиглалтын 10598А дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг талбайгаасаа ашигт малтмал олборлоогүй, харин Д аймгийн Х сумын нутагт орших Т цагаан хайлуур жоншны бичил уурхайгаас нөхөрлөлүүдийн олборлосон жоншийг худалдан авч, цааш борлуулалт хийх зорилгоор хамтран ажиллах болон Бичил уурхайгаар ашигт малтмал худалдан авах тухай гурвалсан гэрээ байгуулсан, мөн төлбөр төлсөн талаарх баримтууд хэрэгт авагдсан байна.
Өөрөөр хэлбэл бусдаас ашигт малтмал (жонш) худалдан авч, экспортод гаргасан нэхэмжлэгчийн тухайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг тухайн тохиолдолд үүсээгүй болох нь тогтоогдох тул нэхэмжлэгчийг төлбөрийг дутуу тооцсон гэх үндэслэлээр буруутгах боломжгүй. Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийг 2013 онд 1,770,791,980.00 төгрөг, 2014 онд 1,650,933,057.90 төгрөг, 2015 онд 1,542,900,373.83 төгрөг, 2016 онд 1,676,262,524.49 төгрөг, нийт 6,640,887,936.00 төгрөгийн жонш борлуулсны орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон гэж үзэж ногдуулсан 332,044,396.80 төгрөгийн нөхөн татвар, 99,613,319.05 төгрөгийн торгууль, 103,982,559.57 төгрөгийн алданги нийт 535,640,275.40 төгрөгийн төлбөрийг хууль бус гэж үзэж, түүний улмаас ЭЖБ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий актын энэ хэсгийг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
ЭЖБ ХХК нь 2013 онд БЖ ХХК-тай жонш борлуулсан 120,000,000.0 төгрөгийн /хөндлөнгийн мэдээтэй/ орлогод нэмэгдсэн өртгийн ногдуулаагүй зөрчилд 12,000,000.0 төгрөгийн нөхөн татвар, 6,000,000.0 төгрөгийн торгууль 36.000.0 төгрөгийн хүү, нийт 18,036,000 төгрөгийн төлбөр ногдуулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 5 дугаар зүйлийн 5.1-д тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон ... аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна, 7 дугаар зүйлийн 7.1-д Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон ... орлогод албан татвар ногдоно, 7.1.3-т үйл ажиллагааны орлого гэж, 8 дугаар зүйлийн 8.1-д албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого гэж заасныг зөрчөөгүй байна.
Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ...захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр тогтоогдсон байна гэж заасан хуулийн үйлчлэлд маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид ногдуулсан зөрчлийг хамруулахгүй гэж үзлээ.
Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар татвар төлөгч нь төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлөх-өөр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар албан татвар төлөгч нь улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлөх үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэгчийн жоншны төлбөрүүд нь тус компанийн бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулснаас олсон орлого биш тул татвар ногдох орлогод хамаарахгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр маргаан бүхий татварын улсын байцаагч нарын 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 250012681 дугаартай актаар ЭБЖ ХХК-ийн жонш борлуулсны орлого дутуу тооцсон зөрчилд Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй байх тул маргаан бүхий улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн зургаад заасан 12,000,000.0 төгрөгийн нөхөн татвар, 6,000,000.0 төгрөгийн торгууль 36.000.0 төгрөгийн хүү, нийт 18,036,000 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн маргаан бүхий татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн дөрөв, тавдугаар хэсэгт нэхэмжлэгчийг 2015 онд 4,325,610.0 төгрөгийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ хугацаанд төсөвт төлөөгүй 105 хоногоор хугацаа хэтрүүлсэн, 2016 онд 14,290,065.9 төгрөгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй 198 хоногоор хугацаа хэтрүүлсэн зөрчлийн тухайд нэхэмжлэгчээс ...энэхүү зөрчил нь 2014, 2015 оны жилийн эцсийн тайлангаар гарч ирсэн өр бөгөөд уг төлбөрийг дараа оны 02 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар байхад зөрчил гэж үзсэн гэж тайлбарлаж байгаа нь Татварын ерөнхий хуулийн /2006 оны/ 43 дугаар зүйлийн 43.5-д татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 28 дугаар зүйлийн 28.1-д суутгагч энэ хуулийн 8.1.7, 8.1, 11 дүгээр зүйл, 13 дугаар зүйлийн 13.1.3-13.1.4, 14.1.1,15 дугаар зүйлд заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 21 дүгээр зүйлийн 21.4-д албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ гэж заасантай нийцэхгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 43 дугаар зүйлийн 43.1, 43.5, 57 дугаар зүйлийн 57.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 21 дүгээр зүйлийн 21.4, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 28 дугаар зүйлийн 28.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 250012681 дугаартай актын төлбөр тогтоосон нийт 575,914,644.6 төгрөгийн төлбөрөөс 2013 онд 1,770,791,980.00 төгрөг, 2014 онд 1,650,933,057.90 төгрөг, 2015 онд 1,542,900,373.83 төгрөг, 2016 онд 1,676,262,524.49 төгрөг, нийт 6,640,887,936.00 төгрөгийн жонш борлуулсны орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон гэх зөрчилд ногдуулсан 332,044,396.80 төгрөгийн нөхөн татвар, 99,613,319.05 төгрөгийн торгууль, 103,982,559.57 төгрөгийн алданги нийт 535,640,275.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ЭЖБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох маргаан бүхий актын дөрөв, тав, зургаадугаар хэсэг болох 2015 онд 4,325,610.6 төгрөгийг хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэх зөрчилд ногдуулсан 1,126,580.0 төгрөгийн торгууль, 585,822.0 төгрөгийн алданги, нийт 1,712,403.0 төгрөгийн төлбөрийг, 2016 онд 14,290,065.90 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэх зөрчилд ногдуулсан 1,314,868.3 төгрөгийн торгууль, 696,880.20 төгрөгийн алданги, нийт 2,011,748.00 төгрөгийн төлбөрийг, 2013 онд БЖ ХХК-д 120,000,000 төгрөгийн жонш борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэх зөрчилд ногдуулсан 12,000,000 төгрөгийн нөхөн татвар, 6,000,000 төгрөгийн торгууль, 36,000 төгрөгийн хүү, нийт 18,036,000 төгрөгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ