Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0683

 

 

 

 

 

 

 

      П.Б ы гомдолтой

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М  

Гомдол гаргагч: П.Б

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн *********  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 732 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0579/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч П.Б аас хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М т холбогдуулан “Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн *********  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 732 дугаар шийдвэрээр: “...Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 14.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч П.Б ы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн *********  дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М ээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Хэргийн материалыг хүлээн авч танилцахад холбогдогч П.Б  нь **-** УНА улсын дугаартай Grand bird маркийн тээврийн хэрэгслээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаартай “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалаар Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон ан болох тарвага /нойтон тулам/ 5 бодгалийг (зориулалтын бус шаардлага хангахгүй сав баглаа боодолтой, 2 бодгаль тарвага нь цагаан шуудайд, 2 бодгаль нь ногоон шуудайд, шуудай цоорсон хөл, толгой ил гарсан байдалтай, 1 бодгаль тарвага цаасан хайрцаг дотор) тээвэрлэж явсан үйлдэл нь 2023 оны 08 дугаар сарын 15-нд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруун туруун Автотээвэр шалган нэвтрүүлэх товчоонд Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналтын цагдаа Л.С, Онцгой байдлын газрын дэд ахлагч М.Ө, Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад М.Б-аас шалган тодруулсан баримт, үзлэгийн тэмдэглэл, тайлбар мэдүүлэг, гэрэл зураг зэргээр тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

 

3.2. Жолооч П.Б нь мэдүүлэгтээ: Тус ачаа тээшийг шалгаж авсан. Гэхдээ зорчигч бүрийн ачаа гар тээшийг нэг бүрчлэн задалж шалгах боломжгүй, Тийм эрх байхгүй гэх талаар: П.Б нь зориулалтын бус сав баглаа боодолтой ачаа тээшийг тээвэрлэхдээ Зам тээвэр хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дугаартай “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн 9-д “Зорчигчийн гар тээш, тээш, шуудан, илгээмжийг хүлээн авах, бүртгэх, хадгалах, тээвэрлэх, олгох” хэсгийн 9.7.6 дахь (Зориулалтын бус, шаардлага хангаагүй сав, баглаа, боодолтой тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй. Зорчигчдын амь нас, эрүүл мэнд, эд зүйл болон тээврийн хэрэгсэлд аюул хохирол учруулж болзошгүй химийн болон аюултай бодис, мал, тэжээвэр амьтан, шувуу, амьтны гаралтай түүхий эд авч явахыг зөвшөөрөхгүй), Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх (тарвага, зурам тэдгээрийн түүхий мах нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах)-ыг хориглосон заалтыг баримтлан тээвэрлэх үгүй эсэхээ шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Тухайн хугацаанд хүн малын гоц халдварт тарваган тахлын эрсдэлтэй хугацаа байсан тул Нийслэлийн Засаг даргын А/862 дугаар тоот захирамжаар мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн нийслэл Улаанбаатар хотод оруулж ирэхийг хориглосон байсан/ Жолооч П.Б  уг 5 бодгаль тарвагыг зорчигчийн ачаа байсан, холбогдогчийг олж тогтоох ажиллагаа хийгээгүй гэх талааp: Тус ачааг жолооч П.Б уг тарвагыг өөрийн биш гэх үйл баримтыг нотлохтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, Хөвсгөл аймгийн авто тээврийн төвийн авто вогзал дахь хяналтын камерын бичлэг болон автобусны камерын бичлэгийг өөрөө гаргаж өгөх боломж байсаар байтал гаргаж өгөөгүй, эрх бүхий албан тушаалтанд хүсэлт гаргаагүй байдаг.

 

3.3. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д “агнах, барихыг түр хориглосон ан амьтан” гэж хуулиар агнах, барихыг хориглоогүй ч тархац, нөөц, хэвийн өсөж үржих, амьдрах орчин нөхцөл нь хомсодсон, муудсан, доройтсоны улмаас энэ хуулийн 5.2, 5.3-д заасан эрх бүхий байгууллагаас агнах, барихыг нь тодорхой хугацаагаар хориглосон амьтныг хэлнэ гэж заасан байдаг ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13 дэх хэсэгт “агнахыг хориглосон ан амьтны ангийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон” байдаг. Мөн хуулийн 25 дугаар зүйлд Агнуурын амьтан агнах, барих зөвшөөрөл, 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтад “иргэн, хуулийн этгээд амьтан ашиглах, агнуурын амьтан агнах, барихад төлбөр, хураамж төлөх”, 37 дугаар зүйлийн 37.1-д “амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.2-т “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно”. Энэ хуулийн 25.3-т заасан “тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж зүйлчилсэн байгаа нь тухайн этгээдийн үйлдэлд нөхөн төлбөр оногдуулахыг тус тус тодорхой зааж өгсөн байна.

 

3.4. Зөрчлийн тухай хууль анх (2017 онд) батлагдахад 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тээвэрлэх үйлдэлд арга хэмжээ оногдуулах заалт байхгүй байсан. Үүний улмаас энэхүү хуулийн цоорхойг ашиглаж тухайн жилүүдэд (2017-2019 оны хооронд) энэ холбогдогчийн үйлдэлтэй нэгэн адил асуудал маш ихээр гарах болсон үүнтэй холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тээвэрлэсэн этгээдэд арга хэмжээ оногдуулах заалтыг оруулсан байдаг. Хөвсгөл аймгийн Мөрөн 5 сумаас зорчигчдыг автобусанд суулгах үед зорчигчдын ачаа тээшийг жолооч Б.Р, П.Б нар тус автобусанд ачсан болохыг жолооч нар тайлбарласан, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан фото зургаас үзвэл **-** УНА автобуснаас гарсан шуудайд хийсэн зүйл нь гадна байдлаасаа тарвага болох нь илэрхий байхын зэрэгцээ гэрч Д.С-аас "хөлдөөсөн тарвага нь сарвуу нь ил гарсан тарвага болох нь мэдэгдэхээр зориулалтын бус сав баглаа боодолтой байсан" гэж мэдүүлсэн. Мөн цаасан хайрцагт хийсэн 1 бодгаль тарвага автобусан дотор байсан ба холбогдогчийнх байсан бол автобусны хяналтын камерын бичлэгийг нотлох баримтаар ирүүлэх бүрэн боломжтой байсан.

 

3.5. Энэ тохиолдолд П.Б  нь холбогдогчийн эрх үүргийг танилцуулсаар байтал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.5 дахь (Зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах) заалт, 2.8 дахь (Нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх) заалтад заасан эрхээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлээгүй атлаа “...хэн гэдэг зорчигчийн ачаа тээш болохыг шалгах боломжгүй, би жолоодож яваагүй тарвага байсныг мэдээгүй” зэргээр гомдол гаргах нь үндэслэлгүй байсаар байтал хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлээгүй гэж үзэн нэхэмжлэгч П.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн *********  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 128/ШШ2024/0732 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

 

2.1. Гомдол гаргагч П.Б-аас хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М-т холбогдуулан “Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн *********  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

 

2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл өмнө нь тус маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2024/0232 дугаар магадлалаар хянан хэлэлцээд нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******** дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн уг шийдвэрийн дагуу хариуцагчаас иргэн П.Б  нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр маргаан бүхий 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн *********  дугаартай шийтгэлийн хуудсаар түүнд 300 нэгж буюу 300,000 төгрөгийн торгууль, 4,100,000 төгрөгийн нөхөн төлбөрийг тус тус төлүүлэхээр дахин шийтгэл оногдуулжээ.

 

2.3. Тодруулбал П.Б  нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруун туруун Автотээвэр шалган нэвтрүүлэх товчоогоор **-** УНА улсын дугаартай Grand bird маркийн тээврийн хэрэгслээр нэвтрэхдээ Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон ан болох тарваганы 5 ширхэг нойтон тулам буюу бодгалийг тээвэрлэж явсан хэмээн буруутгаж байна.

 

2.4. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар амьтныг агнахыг хориглосон хугацаанд ... барьсан, агнасан, тээвэрлэсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

 

2.5. Гэтэл хариуцагчаас П.Б-ыг хориглосон амьтны түүхий мах тээвэрлэсэн зөрчил гаргасан гэж шийдвэрлэхдээ тухай нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр шууд буруутгасан нь үндэслэлгүй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

 

2.6. Энэ талаар анхан шатны шүүхээс “...хариуцагч нь давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийгээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг, 4.1 дүгээр зүйлийн 1, 14.15 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй, нотлох баримтыг шалгаагүй, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй” гэж дүгнээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

2.7. Учир нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2024/0232 дугаар магадлалаар ...зөрчлийг хоёр жолооч гаргасан эсэхийг бүрэн шалган тогтоолгүй зөвхөн П.Б-д шийтгэлийн хуудас бичсэн нь ойлгомжгүй байна гэж дүгнээд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад хариуцагч нь зөрчлийг хэн үйлдсэн эсэхийг шалган тогтоогоогүй, шалгах тогтоох тодорхой ажиллагаа явуулаагүй атлаа гомдол гаргагч П.Б-ы тайлбар, мэдүүлгийг харгалзан үзэлгүйгээр зөвхөн гэрч нарын мэдүүлгийг үндэслэн гомдол гаргагчид шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүлйийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна” гээд 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”-ийг тогтооно гэж заасныг зөрчсөн байна.

 

2.8. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 1.5-д “эрх бүхий этгээдийн бүрэн эрхэд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж, мөн зүйлийн 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ” гэж, 3-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж, мөн зүйлийн 5-д “Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасан бөгөөд тухайн тохиолдолд гомдол гаргагч П.Б-аас “... цагдаагийн алба хаагч нар хяналт шалгалт хийх үед би жолоо барьж яваагүй, жолооч Б.Р жолоо барьж явсан. Үүнээс гадна автобусанд байгаа 45 зорчигчийн ачаанд юу байгааг жолооч мэдэх буюу цүнх савыг нээж шалгах боломжгүй байдаг, ...тээвэрлэхэд хориотой эд зүйл байгаа талаар асууж сануулахад бүгд байхгүй гээд суусан, ...тарваганы мах гарч ирсэн хайрцаг нь ямар ч утасны дугаар, нэр хаяггүй байсан, тухайн үед эзнийг нь хайгаад олоогүй, ...би өөрөө хориотой ан агнаагүй, худалдан аваагүй, зарж борлуулаагүй” хэмээн мэдүүлсэн, мөн жолооч Б.Р-гаас мэдүүлэг, тайлбар аваагүй зэргээс дүгнэвэл П.Б зөрчил гаргасан болох нь хангалттай тогтоогдохгүй байна.

 

2.9. Өөрөөр хэлбэл, хориотой эд зүйл тээвэрлэсэн гэх **-** УНА улсын дугаартай Grand bird маркийн тээврийн хэрэгслийг иргэн П.Б, Б.Р нар жолоодож явсан байхад зөвхөн П.Б-д холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэл ногдуулсан нь ойлгомжгүй байна. Хариуцагч нь тус зөрчилд яагаад П.Б-д хариуцлага тооцож, жолооч Б.Р-г хариуцлагаас чөлөөлөх болсон үндэслэл болон үүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2024/0232 дугаар магадлалд дурдагдсан зөрчилд хариуцлага тооцох үүргээ хангалттай биелүүлээгүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

2.10. Хэдийгээр хариуцагч давж заалдах гомдолдоо “...П.Б  уг тарвагыг өөрийн биш гэх үйл баримтыг нотлохтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, Хөвсгөл аймгийн авто тээврийн төвийн авто вогзал дахь хяналтын камерын бичлэг болон автобусны камерын бичлэгийг өөрөө гаргаж өгөх боломж байсаар байтал гаргаж өгөөгүй, эрх бүхий албан тушаалтанд хүсэлт гаргаагүй” гэж тайлбарлаж байх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1-д “зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ”, мөн зүйлийн 2-т “Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, ...гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ...шүүх хуралдааны тэмдэглэл, ...бусад баримтаар тодорхойлогдоно” гэж тус тус заасан тул тус гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

2.11. Анхан шатны шүүх П.Б-ы гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 732 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           А.СаРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА