Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 109

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж 
           Улсын яллагч: Н.Цогтбаяр 
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Давагдоржийн Цогтбаатарт холбогдох эрүүгийн 201603000368 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 соны 07 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, эхнэр 2 хүүхдийн хамт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 42-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 622 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Сум дундын 1-р шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн Боржигин овогт Давагдоржийн Цогтбаатар /РД:АГ84070314/
 
Шүүгдэгч Д.Цогтбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг, Баян-Улаан хорооллын 2-9 тоотод “Худалдаж авсан адууныхаа мөнгийг нэхлээ, эгч Н.Дэлгэрмааг бүдүүн хэмээн доромжиллоо” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ц.Жигжидсүрэнтэй маргалдан зодож Ц.Жигжидсүрэнгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Д.Цогтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Жигжидсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэв. 
20160300068 тоот эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:     
Хохирогч Ц.Жигжидсүрэнгийн өгсөн: 

“...Би Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Өнөрөө гэдэг хүнээс наймаа хийсэн үлдэгдэл 1.600.000 төгрөгөө авахаар 2016 оны 08 сарын 05-ны өдөр Ихтамир суманд гэрт нь иртэл Өнөрөө байхгүй байсан. Өнөрөөгийнд эхнэр нь байсан. Өнөрөө одоо ирнэ гээд эхнэр нь ажилдаа явсан. Тэгээд байж байтал Өнөрөө мотоцикльтой 2 залуугийн хамт согтуу ирсэн. Тэгээд үлдэгдэл мөнгөө авъя гэхэд онц юм яриагүй намайг ганц шил архи аваач гэсэн. Би Өнөрөөгийн хамт дэлгүүр орж нэг шил архи авсан. Дэлгүүрээс архи автал хамт ойрхон айлд очоод ирье гээд сумын төвөөс ойрхон айлд очиход гэрт нь хүн байхгүй тэгээд ард талд нь байх айлд орж нөгөө шил архиа уусан. Тэгээд эргээд Өнөрөөгийнд ирэхэд Цогтбаатар ирчихсэн байсан. Тэгээд Өнөрөөгийнд ороод эргээд Цогтбаатар, Өнөрөө бид 2 хамт гараад Цогтбаатарын машинтай хамт явсан. Тухайн үед гадаа харанхуй байсан. Нэг газар очоод айлд ороход Цогтбаатарын найзынх нь эхнэрийнх нь төрсөн өдөр болж байх шиг байсан. Тэнд бид 3 бага зэрэг уугаад гарсан. Тэндээсээ гараад ахиад айлд очно гээд нэг хөдөөний айлд ирсэн. Тэр айлын гадаа шөнө ирээд машиндаа унтсан. Тэгээд өглөө нь босоод тэр айлд орсон тэр айл  хүүхдийн үсний найр хийж байсан юм байна лээ. Цогтбаатар энэ айлыг хамаатангийн эгч гэж байсан. Гэрт нь ороход гэрийн эзэн нь нэг шил архи задлаад ууцгаасан. Би хатуу архи уухгүй гээд монгол архи уусан. Тэгээд байж байтал Өнөрөөгийн эхнэр ирээд бид нар буцаад Ихтамир сумын төв рүү явсан. Тэгээд машинд суугаад явж байтал Өнөрөө чи муу хомоол авчирч өгчихөөд эхнэр хүүхдээрээ яриулаад байхдаа яадаг юм, арчаагүй эр гээд хоёулаа над руу дайраад Өнөрөө миний хоолойг багалзуурдаж барьж аваад байсан. Тэгээд Өнөрөөгийн гэрт ирээд байшинд ороод байж байтал Цогтбаатар нь би барилддаг гээд хувцасаа тайлаад чи муу адууны хомоол авчирчихаад гээд байсан. Тухайн үед надтай хамт явсан найз Давааням Цогтбаатарыг салгаад гаргасан. Тэгээд би сууж байтал гаднаас Цогтбаатар орж ирээд босох завдалгүй намайг цохиод унагаасан. Би энэ үед нь биеэ хамгаалж зөрүүлээд нэг цохьсон. Энэ үед би ухаан алдсан байсан. Намайг сэрэхэд манай найз Давааням намайг машинд суулгаж байсан. Тэгээд Архангай аймгийн эмнэлэгт ирсэн. Цогтбаатар намайг цохиж унагаагаад зодсон. Би тэгээд ухаан алдсан байсан. Би тухайн үед найз Давааням, Бууяа гээд ахын хамт гурвуулаа очсон. Тухайн үед Өнөрөөгийн байшинд Өнөрөө би, Цогтбаатар бид 3 байсан. Эхнэр нь ирчихээд хүүхдийн хамт гараад явсан байсан. Бууяа ах байшингийн сүүдэрт согтуу унтаж байсан гэсэн. Намайг зодуулж байх үед Давааням гаднаас орж ирсэн. Би адуу зарсан үлдэгдэл мөнгөө авахаар анх ирсэн цагаас нь Өнөрөө согтуу дарамтлаад байсан. Тэгээд л энэнээсээ л хэрүүл маргаан хийсэн. Би архи уусан байсан гэхдээ их согтоогүй байсан. Өнөрөө согтуу байсан. Цогтбаатар Өнөрөөгөөс арай гайгүй байсан. Би Цогтбаатарыг биеэ хамгаалж нэг цохьсон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардал болон замын зардалаа нэхэмжилнэ. Хэдэн төгрөг болсонг сайн мэдэхгүй байна. Надад нэхэмжлэлтэй холбоотой баримт байгаа.
Д.Цогтбаатарыг танина, ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй. Би Д.Цогтбаатараас нэхэмжилсэний дагуу 1.200.000 төгрөг авсан. Би өмнө 1.000.000 төгрөг нэхэмжилж байсан ба сүүлд Архангай аймагт ирсэн зардал болох 200.000 төгрөгөө нэмж нэхэмжилж байна. Надад одоо ямар нэгэн гомдол санад, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Цогтбаатараас бүх зардлаа авсан. Миний ярьсан зүйлс үнэн зөв. Цогтбаатар бид 2 адилхан эр хүмүүс хоорондоо маргалдсан. Цогтбаатарт одоо ямар ч гомдол санал байхгүй тул хөнгөн ял шийтгэж өгөхийг л хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 18-19 дүгээр тал/

Гэрч Д.Даваанямын өгсөн: 

“...Ц.Жигжидсүрэн бид 2 найзууд байгаа юм. Д.Цогтбаатартай сүүлд танилцсан. Ц.Жигжидсүрэн намайг хамт Архангай аймагт очоод ирье. Хүнээс авлага авах ёстой аваад ирье гэхээр нь зөвшөөрөөд Ц.Жигжидсүрэн бид 2 Ц.Жигжидсүрэнгийн Мазда гэсэн ачааны машинаар Бууяа ахын хамт Архангай аймгийн Ихтамир суманд 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр анх ирсэн. Тэгээд Архангай аймгийн Ихтамир  суманд Өнөрөө гэдэг айлд очиход гэрт нь эхнэр нь байсан. Эхнэр нь Өнөрөөг байхгүй байгаа 2-3 хоногоос ирэх байх гэж хэлсэн. Тэгээд бид нар хөдөө явж байгаад 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр эргээд ирэхэд Өнөрөө наадамд явсан гээд эхнэр нь байж байсан. Эхнэр нь хоол унд хийж өгөөд ажилтай  гээд яваад Бууяа ах, Ц.Жигжидсүрэн бид 3 Өнөрөөгийн гэрт сууж байтал Өнөрөө гэртээ 2 ахын хамт орж ирсэн. Тэр 2 ах удалгүй яваад өгсөн. Өнөрөө Жигжидсүрэн нар гараад удалгүй ирсэн. Удалгүй Өнөрөөгийнд Д.Цогтбаатар орж ирсэн. Тэгээд Д.Цогтбаатар, Өнөрөө, Ц.Жигжидсүрэн 3 Д.Цогтбаатарын давхар кабинтай портер маркийн машинаар айлд очно гэж яваад ирээгүй. Маргааш нь өглөө 10 цагийн үед Өнөрөөгийн эхнэр ажлаасаа тарж ирээд хаашаа явсан юм олж ирэхээс гээд яваад удалгүй бүгдээрээ ирцгээсэн. Ингэж ирэхдээ Ц.Жигжидсүрэн, Д.Цогтбаатар нар хоорондоо маргалдаад байхаар нь би болиулсан. Өнөрөөгийн эхнэр нь хүүхэдтэйгээ хамт дэлгүүр орохоор гараад явсан байх үед би Өнөрөөгийнхөөс гараад хашааны гадаа 5 орчим минут утсаар яриад эргээд ороод иртэл Ц.Жигжидсүрэн, Д.Цогтбаатар нар хоорондоо зодолдоод Д.Цогтбаатар Ц.Жигжидсүрэнг өшиглөөд байсан. Би очоод салгах гэтэл одоо чамайг ална гээд над руу дайраад байсан. Энэ үед Өнөрөөгийн эхнэр орж ирээд Д.Цогтбаатарыг салгаад би Ц.Жигжидсүрэнг тэвэрч аваад машинд нь суулгаад Бууяа ахыг аваад шууд Архангай аймгийн эмнэлэгт ирээд Ц.Жигжидсүрэнгийн эхнэрт хэлсэн. Энийг би мэдэхгүй байна. Өнөрөөгийнд ирэхдээ хоорондоо маргалдсан байдалтай ирсэн. Цогтбаатар, Ц.Жигжидсүрэнг газар унасан байхад өшиглөж байсан. Яг хэдэн удаа яаж зодсонг нь мэдэхгүй байна. Намайг харж байхад лав Ц.Жигжидсүрэн Д.Цогтбаатарыг цохиж зодоогүй. Бага зэрэг архи уусан байх шиг байсан. Гэхдээ их согтоогүй байсан. Ж.Өнөрбаян харин нилээд согтсон бололтой гэртээ ороод унтаад өгсөн. Бууяа ах бас согтсон байдалтай хашаан дотор унтаад байсан. Бууяа ах зодоон болсонг мэдээгүй байх. Архангай аймагт ирсэний дараа сэргэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/

Гэрч С.Буянтогтохын өгсөн:

“...Би Ц.Жигжидсүрэнг танина, Д.Цогтбаатарыг танихгүй, эдгээр хүмүүстэй төрөл садангийн холбоо байхгүй. Ц.Жигжидсүрэн намайг Дарханаас хамт Архангай аймаг ороод хүнээс өрөө аваад ирье гэхээр нь зөвшөөрөөд хамт явсан. Би Ц.Жигжидсүрэнг Архангай аймгийнх болохоор нь таньдаг юм. Тэгээд Ц.Жигжидсүрэнгийн найз Давааням гэдэг залуу бид 3 хамт Архангай аймаг явсан. Архангай аймагт очоод Ихтамир суманд тэр Өнөрөө гэдэг залуугийнд очиход Өнөрөө нь байхгүй байсан. Тэгээд хөдөөгөөрө 2 хоног явчихаад ахиад Өнөрөөгийнд ирэхэд Өнөрөө нь байхгүй эхнэр нь байсан. Эхнэр нь ажилдаа яваад удаагүй Өнөрөө гэдэг залуу бага зэрэг халамцуу орж ирж байсан. Тэгээд тэндээ архи ууцгаасан. Би их ууж чадахгүй, бас замдаа уусан байсан болохоор амархан тасарсан байсан. Маргааш өглөө нь босоход Давааням бид 3 Өнөрөөгийнд байсан. Би өглөө эрт босоод шараа тайлах санаатай ахиад нэг шил архи аваад Даваанямд өгсөн уухгүй болохоор нь өөрөө уучихаад байшингийн сүүдэрт хэвтэж байтал унтаад өгсөн байсан. Нэг сэрсэн Архангай аймгийн төвд ирчихсэн байсан. Жигжидсүрэн зодуулсан гээд эмнэлэгт үзүүлээд явж байсан. Би энийг мэдээгүй. Давааням л намайг машинд суу гээд түшээд суулгаад байх шиг байсан. Би Архангай аймагт ирээд сэрсэн. Юу болсон талаар мэдэхгүй байна. Би сайн мэдэхгүй. Найз нөхөд л бололтой байсан. Би Цогтбаатарыг нь сайн мэдэхгүй. Жигжидсүрэн их ажилсаг, амьдарлынхаа төлөө л гэж явдаг хүн шиг санагддаг. Би хааяа тус дэм болоод л явж байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/

Гэрч Ж.Өнөрбаянгийн өгсөн: 

“...Жигжидсүрэн, Цогтбаатар нартай найз нөхдийн холбоотой. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Жигжидсүрэнгээс би 2016 оны хавар адуу худалдан аваад 1.500.000 төгрөгийг дутуу өгсөн байсан. 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр намайг хүний насны баяр дээр байхад манайд ирсэн байна гэж байсан. Би танихгүй 2 хүнээр хүргүүлээд гэртээ очсон. Тэр 2 хүн ороод идээ амсаад л гарсан. Манайд Жигжидсүрэн 2 хүний хамт ирчихсэн байсан. Удалгүй Цогтбаатар манайд ирсэн. Тэгээд Жигжидсүрэн, Цогтбаатар бид нар хамт Цогтбаатарын машинаар Тамирын голын гүүрний урд нэг айлд очиж хэсэг байж байгаад Давааны ар руу үсний найр хийж байгаа Цогтбаатарын эгчийнд очихоор явсан. Бид нар бага архи ууцгаагаад Цогтбаатарын эгчийнд шөнө очоод айл унтаж байгаа байх гээд гадаа нь машиндаа унтацгаасан. Өглөө нь үсний найр хийсэн айлд ороод хоол, цай идээд ахиад бага зэрэг архи уусан. Тэр айлд байхад үсний найр хийсэн айлын эхнэр Дэлгэрмаа, Цогтбаатарт энэ нэг юм чинь хүн доромжлоод байна гээд Жигжидсүрэнг хэлээд байсан. Энэ үед манай эхнэр ирээд бид нарыг суулгаад Цогтбаатарын машиныг бариад явсан. Тэндээс Ихтамир сум явах замд Цогтбаатар, Жигжидсүрэн нар чи намайг барахгүй гээд л хэрэлдээд явсан. Манай хашаа руу ороод бүгд машинаасаа бууцгаахад Жигжидсүрэн хамт явсан хүмүүсээ хараад улам л их хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан. Намайг эхнэр загнаад би байшиндаа ороод хэвтэж байтал гадаа зодоон болоод байх шиг байхаар нь хартал Жигжидсүрэн, Цогтбаатар нарын хоёулангийх нь нүд ам нь хавдаж хөхрцгөөсөн байсан. Жигжидсүрэнг хамт явсан 2 хүн нь аваад явсан, нэг нь арай хөгшин, нөгөө нь Жигжидсүрэнгийн үеийн хүн байх шиг байсан. Би энэ хүмүүсийг танихгүй. Цогтбаатар бас манайхаас удалгүй явсан. Би бол хэн нэгэнтэй хэрүүл маргаан зодоон хийгээгүй. Бид нар үсний найр хийсэн айлд байхад Дэлгэрмаа гэдэг Цогтбаатарын эгчийг Жигжидсүрэн хэл амаар доромжилсон юм шиг байна лээ. Юу гэж доромжилсон талаар нь бол би мэдэхгүй байна. Тэгээд хоорондоо хэрэлдээд байсан. Үүнээс болоод хоорондоо зодолдсон байх. Би Жигжидсүрэнтэй хэрүүл маргаан хийж зодолдсон зүйл байхгүй. Би өөрөө тухайн үед их согтсон байсан. Цогтбаатар, Жигжидсүрэн нар бага зэрэг согтоцгоосон байсан. Ер нь л согтоцгоосон байсан. Тэр 2 хэрэлдээд барьцалдаж аваад л байх шиг байсан. Би согтсон бас эхнэр загнаад хэвтээд өгсөн байсан. Зодоон хийгээд байгаа бололтой болохоор гартал хоёулаа нүд ам нь хөхөрч, цус гарцгаасан байсан. Хэн нь хэнийгээ яаж цохиж зодсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/ 

Гэрч Ү.Нямсүрэнгийн өгсөн: 

“...Цогтбаатарыг танина. Миний нөхөр байгаа юм. Жигжидсүрэн гэдэг хүнийг танихгүй. Би мэдүүлэг өгнө. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Цогтбаатар 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэртээ орж ирэхдээ нүд хөхөрчихсөн өөрөө хүнд зодуулчихсан ирсэн. Яасан юм бэ гэж асуухад хэлэхгүй байсан. Өмнөх өдөр эгч Дэлгэрмаагийнхаа үсний найранд явна гээд гарсан.. Би тэр найран дээрээ хүнтэй маргалдсан юм байх гэж бодсон. Тэгсэн тэр Жигжидсүрэн гэдэгтэй зодолдсон юм шиг байна лээ. Сайн мэдэхгүй байна. Цогтбаатар бид хоёр 2005 онд гэр бүл болсон. Гэр бүл болоод 11 жил болж байгаа. Бид хоёр 1 хүүхэдтэй. Цогтбаатар архи их уугаад байдаггүй, элдэв муу аашгүй хүн байгаа юм. Ажилсаг мөрөөрөө, хүнд гэм хоргүй л хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/

Гэрч Н.Дэлгэрмаагийн өгсөн: 

“...Цогтбаатарыг танина Цогтбаатар бид 2 төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Их дотно харьцаатай. Жигжидсүрэн гэдэг хүнийг танихгүй. Би мэдүүлэг өгнө. Манайх 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр үсний найр хийсэн юм. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 06-ны өглөө манай гэрийн гэдээ Цогтбаатар, Өнөрбаян нар нэг залуугийн хамт ирээд машиндаа хоносон байсан. Тэр хамт явсан залууг Жигжидсүрэн гэдэг юм байна лээ. Тэгээд манайд орж хоол унд идээд бага зэрэг архи ууцгаасан. Жигжидсүрэн надаас монгол архи өгөөч гээд монгол архи хүртэл өгсөн. Тэгтэл намайг гэрээс дагаж гарч ирээд намайг бүдүүн бөгсөлсөн хүүхнээ, бөгсийг чинь үзье энэ тэр гээд бүүр араас дагаад байсан. Би хүмүүс сонсчихно гэж бодоод чимээгүй бай гэж байтал Цогтбаатар гарч ирэхээр нь энэ хүн чинь намайг доромжлоод байна гэхэд чи зүгээр байгаач болиоч гэж л байсан. Манай гадаа ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй. Энэ үед Өнөрбаянгийн эхнэр ирээд энэ хэдийг аваад явсан. Манай гадаа ямар нэгэн зодоон болоогүй. Жигжидсүрэнг Цогтбаатар болиоч гэж байсан. Сүртэй хэрүүл маргаан болоогүй. Манай дүү их даруухан, хүн өдөж хэрүүл маргаан хийх хүн бол биш. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг сайн залуу гэж боддог. Надаас архи нэхээд байсан. Би уг архийг нь өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/

Гэрч А.Амарсайханы өгсөн: 

“...Цогтбаатарыг нэг нутгийн хүн гэдгээр нь танина. Жигжидсүрэнг манай нөхөртэй наймаа хийж байснаар нь танина. Эдгээр хүмүүстэй төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манайд ирсэн. Жигжидсүрэн манай нөхөртэй наймаа хийгээд үлдэгдэл мөнгөө авахаар ирлээ гээд 2 хүний хамт ирсэн. Гурвуулаа халамцуу байсан. Энэ үед манай нөхөр гэртээ байхгүй байсан. Би босоод хоол унд хийж өгөөд манай нөхөр удахгүй ирнэ. Би гараатай болохоор ажилдаа явлаа гээд үлдээгээд явсан. Тэгээд би ажил дээрээ байж байх үед 22 цагийн үед Жигжидсүрэн, Өнөрбаян 2 хоёулаа согтуу ирсэн. Би гараатай байсан болохоор харь гээд явуулсан. Маргааш өглөө нь ажлаасаа буугаад гэртээ очиход манай гэрт Жигжидсүрэнтэй хамт явсан нэг хүн байж байсан. Би хаашаа явсан юм бэ гэхэд шөнө ирж хоноогүй байна гэж хэлсэн. Тэгээд сумын төвөөр сураад явж байтал Цогтбаатарын эгчийнд үсний найран дээр очсон сураг байсан. Би мотоцикльтой хүн гуйж хүргүүлээд Давааны ар гэдэг газар очсон. Намайг очиход Өнөрбаян, Цогтбаатар, Жигжидсүрэн 3 согтуу машинаа асаах гээд аккумлъятор нь суусан гээд байж байсан. Би машиныг нь чирж асаагаад өөрөө бариад Ихтамир суманд гэртээ ирсэн. Жигжидсүрэн Цогтбаатар 2 хоорондоо маргалдаад л байсан. Манайд ирэхэд Жигжидсүрэн Цогтбаатарыг шууд нүүр рүү нь гараараа цохиод авсан. Тэгээд тэр 2 хоорондоо дээр доороо ороод зодолдоод байсан. Өнөрбаян, Жигжидсүрэнтай хамт ирсэн ах 2 тасраад унтсан байсан. Жигжидсүрэнтай ирсэн залуу бид 2 Жигжидсүрэн, Цогтбаатар хоёрыг салгаад Жигжидсүрэн болон унтаж байсан ах нарыг аваад явсан. Хоорондоо зодолдоод л ноцолдоод байсан. Ямар ч байсан бие биенээ мод чулуугаар лав цохиогүй. Жигжидсүрэн ямар ч байсан Цогтбаатарыг түрүүлээд нүүр рүү нь гараараа цохьсон. Тэгээд барьцалдаж аваад хоорондоо зодолдоод дээр доороо ороод байсан. Намайг үсний найр хийсэн Цогтбаатарын эгчийнд нь очиж авах үед Цогтбаатар чи миний эгчийг доромжилдог хэн юм гээд л хэрүүл маргаан хийгээд байсан. Цогтбаатар тэр 2 хоорондоо л зодолдоод байсан. Өөр хүн Жигжидсүрэнг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/

Сэжигтэн, яллаглагчаар Д.Цогтбаатарын өгсөн: 

“...би 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр би Архангай аймгийн Ихтамир суманд Өнөрбаянгийн гэрч очиход гэрт нь танихгүй хүмүүс байсан. Тэгээд байж байтал Жигжидсүрэн, Өнөрбаян нар согтуу орж ирсэн. Тэгээд хамт дэлгүүр ороод ирье гээд хамт байсан хүмүүсээ орхиод гарсан. Жигжидсүрэн, Өнөрбаян бид 3 хамт Тамирын голын гүүрний доор Содоо гэдэг айлд очиж монгол архи олж ууя гэсэн бодолтой очсон. Тэднийд хүмүүс ирсэн байхаар нь удалгүй гарч ирээд давааны ар гэх газар манай хүргэн ах Санжаагийнд очоод шөнө байсан болохоор гэрийнх нь гадаа машин дотроо унтаад өгсөн. Энэ үед ямар ч хэрүүл маргаан болоогүй. Өглөө нь босоод Санжаа ахынд орсон. Санжаа ахынх хүүхдийнхээ үсийг авч байсан юм. Өнөрбаян, Жигжидсүрэн бид 3 хамт хоол идээд бага зэрэг архи ууцгаасан. Тэгээд явах гэж байтал манай эгч Дэлгэрмааг Жигжидсүрэн хэл амаар доромжлоод байна гээд Дэлгэрмаа эгч надад хэлсэн. Би энэ хүн чинь манай эгч шүүдээ, доромжилж болохгүй шүү дээ гэхэд чи намайг барахгүй гээд байсан. Тэгээд байж байтал Өнөрбаянгийн эхнэр орж ирсэн. Тэгээд Өнөрбаянгийн эхнэр миний давхар кабинтай портер маркийн маршиныг бариад Ихтамир руу явсан. Шууд Өнөрбаянгийн хашаанд орж ирээд зогссон. Замдаа Жигжидсүрэн бид 2 бага зэрэг маргалдаад л ирсэн. Өнөрбаянгийн хашаан дотор орж ирээд машинаасаа буугаад байж байтал Жигжидсүрэн миний араас ирээд миний зүүн нүд рүү 2-3 удаа цохьсон. Тэгээд би Жигжидсүрэнтэй заамдалцах гэхэд гар хүрэхгүй байсах. Тэгэхээр нүүр рүү нь гараараа 1 удаа цохиод газар унасан. Газар унахаар нь нэг удаа өшиглөчихсөн. Тэр үед намайг Жигжидсүрэнтэй хамт явсан залуу араас тэврээд авсан. Тэгэхээр нь би тэр залуутай барьцалдаж аваад салсан. Бид 2 биенээ зодоогүй. Жигжидсүрэн намайг эхэлж цохьсон. Тэгээд би зөрүүлээд цохьсон. 2016 оны хавар Архангай аймгийн Ихтамир суманд ирээд адууны наймаа хийж байхад нь танилцаж байсан. Өнөрбаян адуу худалдан авч байсан. Жигжидсүрэн миний ээжийн ахынх нь хүүхэд Дэлгэрмааг бүдүүн бөгстэй хүүхэн гэж хэлсэн байсан. Тэгээд Жигжидсүрэн бид 2 хоорондоо маргалдсан юм. Би Жигжидсүрэнгийн нүүр рүү гараараа нэг удаа, хавирга руу нэг удаа өшиглөсөн. Жигжидсүрэнг надаас өөр хэн нэгэн цохиж зодоогүй. Тухайн үед Өнөрбаянгийн эхнэр, Жигжидсүрэнтэй хамт явсан залуу байсан. Өнөрбаян түрүүлээд гэр рүү орсон. Жигжидсүрэнтэй хамт яваа бас нэг хүн хашаан дотор нь согтуу унтаж байсан. Бид нарыг хэрүүл маргаан хийхийг мэдээгүй байх.
Би өмгөөлөгчөөр В.Удвалыг сонгон авсан. Өмгөөлөгчийн хамт байцаалт өгнө. Би тогтоолыг уншиж танилцлаа. Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн тайлбар байхгүй. Би мэдүүлэг өгнө. Миний өмнө нь өгсөн байцаалт үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Жигжидсүрэн бид 2 өмнө нь танилцаж байсан. Найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. 2016 оны 8 дугаар сарын 05-нд өдөр Өнөрбаянгийнд тааралдсан. Өнөрбаян, Жигжидсүрэн 2 арххи уучихсан халамцуу байсан. Тэгээд Жигжидсүрэн, Өнөрбаян бид 3 хамт манай эгч Дэлгэрмаагийнд очсон. Дэлгэрмаа эгч хүүхдийн үсний найр хийж байсан. Очсон шөнөө гэрт нь оролгүй гадаа нь хоносон. Өглөө нь буюу 2016 оны 08 дугаар сарын 06-ны өглөө үсний найр хийж байсан айлдаа ороод тэндээ хоол унд идэж бага зэрэг архи ууцгаасан. Тэгээд бид нар явах гэж байтал Дэлгэрмаа эгч надад наад хамт яваа хүн чинь намайг хэл амаар доромжлоод бүдүүн бөгстэй хүүхэн гэж хэллээ, хүмүүс сонсоогүй байгаа дээр наад хүнээ аваад яв гэсэн. Тэгээд би Жигжидсүрэнд хандан энэ хүн чинь манай эгч шүү дээ яагаад хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэхэд миний урдаас хэрүүл хийгээд байсан. Энэ үед Өнөрбаянгийн эхнэр ирчихсэн бид нарыг аваад явсан. Ихтамир сум явах замдаа чи манай эгчийг хэл амаар доромжиллоо гэхэд чи намайг барахгүй энэ тэр гээд доромжлоод байсан. Тэгээд Өнөрбаянгийн хашаанд орж ирж зогсоод би өөрөө машинаа асаах гэтэл асахгүй байсан. Тэгээд бууж ирээд машинаасаа буугаад Өнөрбаянгийнх руу орох гэж байтал намайг нүүр рүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд бид 2 хоорондоо зодолдсон. Би Жигжидсүрэнгийн нүүр рүү гараараа нэг удаа цохиход миний хөл тээглээд унасан. Тэгэхээр нь би нэг удаа ар нуруу руу нь өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Жигжидсүрэн манай эгчийг хэл амаар доромжилхоор нь хэлтэл чи намайг барахгүй шүү, би мөнгөтэй хүн гэсэн юм яриад хэрүүл маргаан хийгээд байсан. Өнөрбаянгийн хашаанд орж ирээд Жигжидсүрэн эхлээд намайг цохьсон. Тэгээд зодоон хийсэн. Би Жигжидсүрэнд 1.200.000 төгрөг төлөөд хоорондоо эвлэрсэн. Одоо ямар нэгэн гомдол саналгүй хоорондоо эвлэрсэн. Надад өөр ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйлс үнэн зөв. Би Жигжидсүрэнд хохиролыг бүрэн төлсөн. Хоорондоо эвлэрсэн, хийсэн хэрэгтээ их гэмшиж байгаа тул хөнгөн ял шийтгэл өгөхийг л хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85, 87-89 дүгээр тал/
     
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 338 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

Дүгнэлтэд: “...1. Ц.Жигжидсүрэнгийн биед баруун талын 9 дүгээр хавирганы суганы дунд шугамаарх, 11 дүгээр хавирганы суганы дунд шугамаар болон далны шугамаарх зөрөөтэй зөрөөтэй хугарал, тархи доргилт, баруун сүвээнд цус хуралт, зулгаралт, 2 нүдний зохинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар тал/

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 354 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

Дүгнэлтэд: “...1. Д.Цогтбаатарын биед зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зүүн гуяны дотор дунд хэсэгт жижиг цус хуралт, баруун зовхины гадна булан, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Зодуулсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Жижиг цус хуралт, зулгаралт нь 2-6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Д.Цогтбаатар нь зүүн бөөрний үрэвсэл өвчтэй байна. Энэ нь гэмтэлтэй холбоогүй...” гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар тал/

 

* Ц.Жигжидсүрэнд хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 23 дугаар тал/
* Ц.Жигжидсүрэнгийн өвчний түүх /хх-ийн 47-56 дугаар тал/
* Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1909 дугаартай тодорхойлолт /хх-ийн 91 дүгээр тал/
* Д.Цогтбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95, 96 дугаар тал/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн бичгийн нотлох баримт зэргийг шинжлэн судлав. 
 
Шүүгдэгч Д.Цогтбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг, Баян-Улаан хорооллын 2-9 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ц.Жигжидсүрэнтэй маргалдан зодож түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Ц.Жигжидсүрэнгийн “...Цогтбаатар орж ирээд босох завдалгүй намайг цохиод унагаасан. Би энэ үед нь биеэ хамгаалж зөрүүлээд нэг цохьсон. Энэ үед би ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Даваанямын “...Цогтбаатар, Жигжидсүрэнг газар унасан байхад өшиглөж байсан. Яг хэдэн удаа яаж зодсонг нь мэдэхгүй байна. Намайг харж байхад лав Жигжидсүрэн Цогтбаатарыг цохиж зодоогүй. Бага зэрэг архи уусан байх шиг байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Амарсайханы “...барьцалдаж аваад хоорондоо зодолдоод дээр доороо ороод байсан. Намайг үсний найр хийсэн Цогтбаатарын эгчийнд нь очиж авах үед Цогтбаатар чи миний эгчийг доромжилдог хэн юм гээд л хэрүүл маргаан хийгээд байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Цогтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Жигжидсүрэнгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан талаар гарсан шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 338 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон,  шүүгдэгч Д.Цогтбаатарын санаатай үйлдлийн улмаас хохирогч Ц.Жигжидсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан байх тул түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогч Ц.Жигжидсүрэн нь “...Надад одоо ямар нэгэн гомдол санад, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Цогтбаатараас бүх зардалаа авсан....” гэж мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Цогтбаатарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  
Шүүгдэгч Д.Цогтбаатар нь 2014 оны 06 дугаар сарын 05-ны Монгол Улсны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийгэгдэж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болохоор заасан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаантай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогтбаатарын ялтай байдал нь өршөөгдөж байгаа болно. 

Иймд түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон, хохирлыг нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэв. 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Д.Цогтбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдан шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298, 303, 304 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Давагдоржийн Цогтбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Д.Цогтбаатарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Цогтбаатар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
    4.  Шүүгдэгч Д.Цогтбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Цогтбаатар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 6. Шийтгэх тогтоол уншиж танилцуулсанаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цогтбаатарт урьд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Д.Цогтбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    П.ГАНДОЛГОР